Хар алтны хар балаг-2 буюу Ашиг сонирхлын зөрчил

2018 оны 10-р сарын 29 өдөр
 \"\"
Халхгол сумын иргэд ѳсч тѳрсѳн нутгаасаа дайжих тухай бодох боллоо. Сэтгэл зүрх нь нутагтаа хоргодовч бодит байдал тэднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн хэрэг. Учир нь газрын тос тээвэрлэх зам баригдана гэсээр хэдийнэ гурван жил ѳнгѳрчээ. Уул уурхайтай байлаа гээд хѳгжсөн юмгүй, ахуй амьдрал нь дэвжиж дээрдэв үү гэтэл огтоос үгүй. Ядаж л байгалийн нѳхѳн сэргээлтээ хийгээсэй билээ гэж ядсан бодолд автах. Ийм нэгэн эмгэнэлтэй дүр зураг газрын тосны 21 дүгээр талбай орших Халхгол суманд бий болсоор удаж буй. Монгол орны зүүн хязгаар энэ нутаг уг нь Монголын үүц газар, үржил шимт хѳрстэй гэж яригддаг ч тэр сайхан газар элсэн цөл болоход ойртжээ. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт орон нутгийн иргэдийн санал хүсэлт, байгаль орчинд учруулж буй хор хөнөөл хамаагүй, зөвхөн улсын төсөвт төвлөрөх ёстой хөрөнгө чухал бололтой.

“Петрочайна Дачин тамсаг” компанийн хариуцлагагүй үйлдлээс болж Дорнод нутгийн иргэдийн ахуй амьдрал, байгаль экологи, дэлхийд цор ганц хялганатхээр тал, зээрийн сүрэг үгүй болж буй тухай “Хар алтны хар балаг” нийтлэлд бид өмнө нь өгүүлсэн. Тэгвэл энэ удаад дээрх асуудлыг шийдвэрлэхэд саад тотгор болж буй системийн алдаа дутагдлын талаар сурвалжиллаа.

\"\"

“Петрочайна Дачин тамсаг” компанийн хууль бус үйлдэлтэй тэмцэхэд хүч дутаж байна


“Петрочайна Дачин тамсаг” компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хор хѳнѳѳл учруулсан нь батлагдсан учраас Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн газрын тосны тээвэрлэлтийг 2017 онд анх түдгэлзүүлсэн. Тухайн үед 10 гаруй хоног шороон замаар газрын тос тээвэрлэлтийг нь түдгэлзүүлснээр Дорнод аймаг, АМГТГ, “Петрочайна Дачин тамсаг” компани гурван талт “Санамж бичиг” байгуулсан юм. Уг санамж бичигт Халхгол суман дахь газрын тосны 21 дүгээр талбайгаас Баянхошууны боомт хүртэлх 68 км хатуу хучилттай замыг 2018 онд барьж, байгалийн нөхөн сэргээлтийг нэн даруй хийнэ гэдгээ амалсан ч урагш ахисан зүйл бараг үгүй явсаар төлөвлөгөөт он дуусах нь. Уг нь хууль журмандаа бол “Хатуу хучилттай авто зам барьсны дараа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг явуулна гэсэн” байдаг ч энэ заалт хэрэгжихгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн жил дээрх газарт ажилласан Дорнод аймгийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг дахин дурдахад, газрын тосыг шороон замаар тээвэрлэснээс 17-35 метрийн өргөнтэй 10 гаруй салаа зам гарсан, хөрс суларч, тоосжилтоос үүдэн хүн амьтан амьдрахад хүндрэлтэй байгаа нь тогтоогдсон байдаг. Энд хүнд даацын олон зуун машин дуртай газраараа зам гарган давхиж байна. Мѳн тус компани газрын гүний усыг хэтрүүлэн ашигласан нь тогтоогджээ. Тэд газрын тос олборлохдоо ус шахалтын аргыг ашиглаж, өдөрт 8 мянга 400 м3 ус хэрэглэж байгаа нь 4 аймгийн төвийн хэрэглээтэй тэнцэнэ гэсэн судалгаа бий. Өнгөрсөн жилд л гэхэд 2 сая 200 мянган м3 гүний ус ашигласан нь зохистой хэмжээнээс хэд дахин хэтэрсэн тоо. Үүний улмаас газрын гүний ус мэдэгдэхүйц доошилж гүний усыг 200 метрээс авдаг байсан бол одоо 400 метрээс авдаг болсоныг үндэслэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнгөрсөн 9 дүгээр сарын 24-нд захирамж гарган “Петрочайна Дачин тамсаг” компанийн шороон замаар газрын тос тээвэрлэлтийг дахин түдгэлзүүлсэн.




\"Засаг

Байгаль орчноо хамгаалах шийдвэрийг харьяа яам дэмжсэнгүй


Дээрх шийдвэрийг уул уурхайн сөрөг нѳлѳѳг бие сэтгэлээрээ мэдэрч буй нутгийн иргэд дэмжиж байгаа ч Улсын нийслэлээс буруутгасан үгс цухалзсаар байна. Тухайлбал, Д.Сумъяабазар сайд УУХҮЯ-аас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр “Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гаргасан нь улс төржсөн шийдвэр. Тэд нараас болж ѳдѳрт 770 сая тѳгрѳг алдаж байна” гэв. Харин үүний хариуд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Энэ бол байгаль эхээ хайрлан хамгаалсан шийдвэр болохоос улстөржсөн шийдвэр биш ээ. Газрын доорхи усыг батлагдсан боломжит нөөцөөс хэтрүүлэн ашигласан, тос тээвэрлэх хатуу хучилттай автозам барихгүй байгаагаас олон салаа зам гарч байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа учраас л түдгэлзүүлэн зогсоох шийдвэрийг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргийнхээ дагуу Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас гаргасан” гэж байр сууриа илэрхийлсэн.

“М.Бадамсүрэнгээс болж ѳдѳрт 770 сая тѳгрѳг алдаж байна” гэсэн сүржин гарчигтай мэдээ цацагдаж, цахим сүлжээнд шуугиан дэгдсэний маргааш буюу 10 дугаар сарын 26-ны баасан гаригт Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяраар ахлуулсан албаны хүмүүс Дорнод аймагт ирсэн нь дахин “Санамж бичиг” байгуулах зорилготой гэсэн. Гэхдээ ѳнгѳрсѳн жилд байгуулсан санамж бичигт саналын зѳрүүтэй зүйлүүд бийг зѳвшилцѳж дахин байгуулах, газрын тосны тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхээр ирсэн тухайгаа тайлбарлав. Дорнод аймгийн удирдлагуудын зүгээс бусад уулзалтуудтай нэгэн адил хурлын танхимд хэвлэл мэдээллийнхний өмнө нээлттэй хэлэлцье гэсэн ч Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн яамныхан зөвшөөрөхгүй нэг хэсэг болов. Тэд Засаг даргын албан өрөөнд тусгайлан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч эцэстээ хурлын танхимд нээлттэй уулзахыг арга буюу зөвшөөрсөн юм.

\"\"

Хариуцлага шаардах боломжтой албан бичиг байгуулъя


Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, орлогч Ш.Ёл, ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энх-Отгон тэргүүтэй албаны хүмүүс нийслэлээс ирсэн төлөөлөгчидтэй шинээр байгуулах гурван талт гэрээнд тусгах заалтуудыг хэлэлцэв. Уг нь аймгийн удирдлагууд “Санамж бичиг” байгуулах хүсэлгүй байгаагүй илэрхийлж, албан ёсны гэрээ байгуулах санал дэвшүүлсэн. Гэрээ бодит, биелэх боломжтой байх ёстой. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээхийг хатуу заахгүй бол “Петрочайна Дачин тамсаг” компани хэлсэн амлалтандаа хүрэхгүй олон жил болсныг анхааруулж байв. Харин хотоос ирсэн ажлын хэсэг “Санамж бичиг” байгуулах сонирхолтой байгаагаа нуусангүй. Тэд хэлэлцүүлгийг шууд “Петрочайна Дачин тамсаг” компанийнхантай хамт эхлүүлье гэсэн санал тавихад аймгийн удирдлагууд тѳрийн байгууллагууд эхлээд зѳвшилцих ёстой гэв. Үүний цаана Монгол Улсын төрийн байгууллагууд нэг бодолтой байж, “Петрочайна Дачин тамсаг” компанид ижил шаардлага тавих ёстой гэсэн санаа байсан болов уу.

\"\"

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй бол компанийн үйл ажиллагаа эхлэх учиргүй


“Петрочайна Дачин тамсаг” компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө хангалтгүй байсаар ирсэн. Ѳнгѳрсѳн онд л гэхэд тѳлѳвлѳгѳѳгѳѳ 8 дугаар сард батлуулж, хэрэгжүүлэх компаниа сонгон шалгаруулсаар байтал ѳвѳлтэй золгосон. Дорнод аймгийн удирдлагуудаас энэ асуудлыг цэгцлэх ёстой гэсэн үүднээс шинээр байгуулах гэрээнд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэд хэдэн заалт оруулна гэдгээ илэрхийлсэн ч Ашигт малтмал газрын тосны газрынхан дэмжих хүсэлгүй байгаа нь харагдсан. Тухайлбал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй бол тухайн жилийн ажлын төсөв төлөвлөгөөг батлахгүй гэсэн утгатай заалт. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цаг хугацаанд нь харъяа яамнаас баталдаггүйгээс энэ чиглэлийн ажил чанаргүй болдог гэдгийг аймгийн удирдлагууд хатуу сануулж байв. Эндээс уул уурхайн компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны яамнаас оройтож баталж, нөхөн сэргээлт хангалтгүй байсаар байхад үл тоон өөгшүүлдэгээ батлан харуулсан гэж хэлж болно. Уг нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 5.6 –д “Өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хүлээн авч дүгнэх, дараа жилийн төлөвлөгөөг хянан батлах асуудлыг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага материал хүлээн авсанаас хойш ажлын 21 хоногт багтааж, шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Энэ нь тухайн компанийн байгаль орчны төлөвлөгөөг 1 дүгээр сард багтаан батлах ёстойг харуулж байгаа аж. Аймгийн удирдлагууд уг нь хуулинд заасан зүйлийг дээрх гэрээнд дахин баталгаажуулахыг хичээж байгаа юм.

Ашигт малтмал газрын тосны газрынханд байгаль орчны менежментийн тѳлѳвлѳгѳѳ хамаагүй зѳвхѳн улсын тѳсѳвт тѳвлѳрѳх мѳнгѳ л чухал юм шиг аяглаж байна. Гэтэл “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны олборлолтын орлогоос Монгол Улс 24 хувийг л авдаг шүү дээ. Газрын тосны орлогын 40 хувийг Петрочайна хѳрѳнгѳ оруулалтын зардал хэмээн шууд хүртэж, үлдсэн хувийн 45-55 хувийг Монгол улс хүртдэг гэхээр ердөө 24-хөн хувийн ашиг хүртдэг гэсэн үг.


Удирдлагууд үл ойлголцлоо цэгцлээгүй цагт газрын тосны ирээдүйг эерэгээр төсөөлөхөд бэрх


Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт баригдаж буй. Дэд бүтцийн ажил 40 хувьтай явж байгаа тухай Ерөнхий сайдын айлчлалын үеэр саяхан мэдээлсэн. Энэ үйлдвэр ашиглалтад орвол жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах юм. Гэтэл манай улс жилдээ 1.1 сая тонн газрын тос олборлож, түүнийгээ өмнөд хөрш руу экспортлодог. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангахын тулд хүссэн хүсээгүй шинэ төслүүдийг эхлүүлэх шаардлага гарна. Дорнод аймагт л гэхэд ганц байгаа томоохон төсөл нь хариуцлагагүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, орон нутагт үр өгөөжгүй байгаа учраас нутгийн иргэд уул уурхайг хүлээн зөвшөөрөхгүй, бухимдаж байна. Иргэдийн хүчтэй эсэргүүцлээс Цагаан-овоо суман дахь “Степ голд” компани, газрын тосны 17-р талбайд “Магнай трейд” компани үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй. Одоо байгаа төслүүдээ ил тод шударга болгохгүй л юм бол дараагийн шинэ төслүүдийг иргэд хүчтэй эсэргүүцнэ гэдгийг бид харлаа. Хариуцлагатай уул уурхайг ард иргэд шаардаж байна.

Үйл явдал ийн өрнөсний эцэст энэ сарын 26-нд эхэлсэн гурван талт уулзалт гурван өдөр үргэлжилж өчигдөр шийдэлд хүрч хэлцэл байгуулахаар болсон тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Харин одоо дээрх хэлцэл Дорнод аймгийн ИТХ-аар батлагдах ёстой. Бид цаашид дээрх хэлцэлд ямар зүйл заалтууд тусгагдсан, орон нутгийн иргэд уул уурхайд хэрхэн хяналт тавих боломжтой болон газрын тос олборлох технологи, “Петрочайна Дачин тамсаг” компанийн бодит байдалтай газар дээр нь очиж танилцаж цуврал сурвалжлага хүргэх болно.



Э.ОТГОНТУЯА

Дээрх нийтлэлийн мультимедиа загварыг энд дарж үзнэ үү. 
  • Отгонтуяа
  • 1280
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313