Шүүхээр овоглосон бүсгүй

2018 оны 10-р сарын 5 өдөр
 \"\"
Шинэ барга баруун хошуунд ард түмний итгэлийг хүлээж шүүхээр овоглосон нэгэн бүсгүй байх. Анх түүнтэй уулзахад гадна төрх байдал нь сэтгэлд үлдсэнээс биш “дотор” хүнийг нь тандаж амжаагүй хэрэг. Харин ажлын шаардлагаар хэд хэдэн удаа уулзаж, нөхөрлөсний дараа уужуу сайхан сэтгэлтэй, ажилдаа чанд хариуцлагатай, няхуур нямбай занг нь биширч, түүнээс үлгэр дууриал авах болсон. Түүнийг Урьхан гэх. Шинэ барга баруун хошууны Ардын шүүх хорооны “Сайхан тал” шүүх танхимын орлогч дарга. Шүүх дээр нэг өдөр өнжихөд олон хүн түүнийг зорьж ирж, тусламж эрэн зорьсон хэрэг зориг ньбүтсэн бололтой нүүрэндээ инээмсэглэл тодруулан гарч ирэхийг анзаарч зогслоо. Тэрээр 2009 оны 2 дугаар сард Улсын төрийн албаны шалгалтад тэнцсэнээс хойш Шүүх хороонд тасралтгүй ажиллаж байна. Хүн бүр тэгш эрхтэй байж, жирийн иргэн хэн боловч хуулийг ягштал хэрэгжүүлэх ёстойг ойлгуулах гэж зүтгэж яваа эмэгтэй. Өнгөрөгч арав гаруй жилийн турш сэтгэл зүрхээ малчдын эрхийг хамгаалахын төлөө зориулсан гэхэд хилсдэхгүй болов уу.

\"\"
“Сайхан тал” шүүх танхим бол ШББХ-ны Шүүх хорооны чухал нэгэн хэсэг учраас түүнийг Урьханаас салгаж ойлгох учиргүй. Тийм ч учраас тэр өөрийн ажил мэргэжлээр байнга бахархана. Тус Шүүх танхимын харьяа газар нутаг том, хүн амын нягтрал сийрэг, зам харилцаа муу, хэрэг зарга олон биш ч шийтгэх өртөг нь өндөр. Урьхан шүүгч хэргийг газар дээр нь шийдэхээр хөдөө гадаа явах нь их. Үүрийн гэгээтэй уралдан гэрээсээ гарч, үдшийн бүрийгээр гэртээ орохдоо сая л өлсч ундаассанаа, ядарч сульдсанаа анзаарна. Шүүх танхимийн ажил нарийн чимхлүүр ч “Ядарлаа, зүдэрлээ” гэж тэр шантарч няцаж байгаагүй зорьсондоо тууштай зүтгэгч манлайлагч нэгэн.

\"\"
Иргэдийн мэдүүлсэн хэрэг заргыг хурдан шуурхай шийдвэрлэж, аль болох эвлэрүүлэн зохицуулж, яг газар дээр нь очиж хурдтай ажилладгаараа бусдаас ялгардаг. “Хэрэг зарга нь үнэн зөвөөр шийдэгдэж, нааштай хариу сонссон малчдын мишээл тодруулсан царайг харах хамгийн сайхан” гэж ярих нь мэргэжилдээ хичнээн дуртай, гарт нь ажил нь орсон хүн гэдгийг батална.

\"\"
Монгол, Хятад хэлээр түвэггүй ярьж ойлголцож, хөдөө орон нутгийн иргэдийн хэрэг заргыг ганцаараа шүүн шийдвэрлэдгээрээ олон түмний итгэл найдварыг хүлээсэн нэгэн. Өнгөрсөн онд л гэхэд Хөлөнбуйр хотын Шүүх хорооны нээлттэй шүүн таслах үйл ажиллагааг тэргүүлэн шалгарч Хөлөнбуйр хотын Дунд зэргийн ардын шүүх хорооны даргаас өндөр үнэлгээ авсан гээд олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ёстой л шүүхээр овоглосон бүсгүй.

Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн

\"\"
  • Отгонтуяа
  • 454
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313