“Баргажин” наадам хэрхэн төрөв

2018 оны 8-р сарын 3 өдөр
 \"\"
~Дурсамж~

Б.Өлзийбаян “Баргажин” анхдугаар наадмыг зохион байгуулах хорооны дарга

Буриадууд урлаг, соёлын “Алтаргана” наадмыг хийж эхэлсэн тэр үеэс манай аймгийн урлаг соёлын зүтгэлтний нэг, саяхан Оросын Холбооны Буриад Улсын соёлын гавьяат ажилтан болсон Д.Сэндэр “Танай баргууд ийм нэг наадам хийх нь зүйтэй, тэгвэл би хүчин зүтгэж тусална шүү” гэж надад байнга сануулж эхэлсэн юм.
Үнэхээр ч баргууд маань урлаг соёлоо гаргаж ирэх болсон гэж боддог миний бие үүнийг дотроо ихэд дэмживч гарч ирэх олон бэрхшээлийг урьдчилан тооцож нилээд цаг хугацаа алдсан нь үнэн билээ. Энэ хооронд аймгийн маань үзэмчин ястнууд “Алтан дөрөө” наадмаа хийж бас нэгийг бодогдууллаа.
Хэрвээ та баргын наадам хийхгүй бол өөр хэн ч хийхгүй өнгөрнө шүү гэж Сэндэр маань сануулах нь улам их болов. Зарим баргууд ч бас одоо яах вэ гэсэн шиг надаас сонжин асууна. Үнэхээр аймагтаа ийм наадмыг эхлүүлэх баргуудын гол хүн нь би мөнөөс мөн гэж бодох болов. Энэ үед би аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Аймагтаа ажил алба хашиж байгаа нутгийн баргуудтайгаа санал бодлоо солилцож тэд маань дэмжих өнгө аястай болж бас хилийн цаана оршдог зарим танил барга нөхөд сонирхож урам өгч эхлэв. Нийслэл хотын зарим баргуудтайгаа ярилцахад дургүйцэх хүн гарсангүй. Төрөлх Хөлөнбуйр сумынхаа удирдах нөхөд, зарим урлаг соёлын авьяастнуудыг хилийн дээс алхуулж Шинэ барга баруун, зүүн хошуунд айлчлуулж тэнд баргууд урлаг соёлоо яаж авч явааг сонирхуулав. Нутгийнхаа зарим өндөр настантай уулзаж ямар бодолтой байгааг түншин эцэст нь аймгийнхаа урлаг соёлын удирдах ажилтнуудтайгаа ярилцаж “Баргажин” наадмыг санаачлагчдын баг болж нэгдэн ярилцав. Аймгийн төвд байгаа Хөлөнбуйр, Гурванзагалын баргуудын лидерүүдтэй хэд хэдэн удаа цуглан санал сонсов. Бүр наадмынхаа нэрийг тогтож цаг хугацааг товлож ярилцлаа. Бас энэ наадмын бэлтгэл ажлыг хэн удирдаж хөөцөлдвөл зохих вэ гэж асуун лавшруулав.

Ингээд миний бие аймгийн Засаг даргын захирамж төлөвлөж “Баргажин” наадам хийх үндэслэлийг товч дурьдаж түүнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, цаг хугацааг тодорхойлон Засаг дарга Ц.Жанлавт танилцууллаа. Засаг дарга маань анхааралтай сонсон даруй дэмжин зөвшөөрч захирамжинд гарын үсгээ зурж билээ. Гэхдээ энэ оны аймгийн төсөвт энэ наадмын зардал тусгагдаагүй тул тал бүрийн хандив дэмжлэг дээр түшиглэх нь гэдгээ илэн далангүй ярилцлаа. Үнэхээр ч аймгийн төсөв оны эхэнд батлагдаад бараг хагас жил болж байхад ингэж яригдахаас аргагүй байв.

\"\"
Нэгэнт “Баргажин” наадам ийнхүү аймгийн Засаг даргын захирамжаар цаасан дээр төрж гарсан болохоор цаг алдалгүй бэлтгэлдээ яаравчлан орсон доо. Тэр үед би Халхгол суманд зохиогдох Халхын То ван хэмээн алдаршсан 19 дүгээр зууны төр, нийгмийн зүтгэлтэн Тогтохтөрийн мэндэлсний 210 жилийн ойг тэмдэглэх аймгийн комиссыг удирдаж байв. Үүнтэй цаг хугацаа бараг давхцан “Баргажин” анхдугаар наадам зохион байгуулах үүрэг ногдох нь тэр ээ. Ийм том арга хэмжээг зохиоход бараг жилийн өмнөөс бэлтгэдэг атал бид хоёр сар шахмын өмнөөс бэлтгэл ажлыг эхлүүлж энэ наадмаа харин ч сайн хийсэн, бас олон улсын эрдэмтэд, судлаачид оролцсон Эрдэм шинжилгээний бага хурал хийж анхны наадмаа олон улсын чанартай болгож чадсанаараа “Алтаргана”, “Алтан дөрөө”, наадмуудаас шууд ялгарч харагдсан билээ.

Ёстой л намрын халуун өдрүүдэд өдөр шөнөгүй зүтгэцгээн наадамдаа бэлтгэж чадсан аймгийн ЗДТГ-ын ажилтнууд, нутгийн зөвлөлийн гишүүд, урлаг соёлын мэргэжилтнүүд эрхэм нөхдөдөө би ямагт талархаж явна. Сэтгэл зовоосон гол асуудал наадмын санхүүжилт байсан юм. Чойбалсан хотод суугаа барга иргэдээ хоол цайнд дуудан ярилцлаа. Бүр Хөлөнбуйр, Гурванзагалын Засаг дарга Б.Батдорж, Д.Доржбаатар хоёрыгоо аваад хилийн цаана гарч үндэс угсаа нэгтэй баргын баруун, зүүн хошууны дарга нартай найрсаг уулзалдан наадмын мэдээг сонсгон оролцуулах төлөөлөгчид, авьяастнууд, бөх, сурчид, шатарчдын тоог товлон тогтоов. Сэтгэл зовнин байж хундага өргөн зоригжиж наадмын бай шагналд нэмэр гуйж, төлөвлөж төлөвлөснөө илэн далангүй нээн хэллээ. Барга хошуудын дарга нар, анд нөхөд ямар сайхан анхаарсан гэж бодно.

Тавьсан саналыг минь баргуудын хэллэгээр юлган нь аргагүй хүлээн авч хошуу бүр нэг мотоцикль, өнгөт телевизор, угаалгын машин, бас бус дагалдах бай шагнал гаргаж, бөх, сурчдыг урамшуулан шагнахаа шууд илэрхийлж “бадар” гуйж яваа бидний магнайг тэнийлгэв. Бас хошуу бүрээс оролцох албан ёсны 21 хүнийхээ бүх зардлыг өөрсдөө даах болов. Хилийн цаадах барга нөхөд ингэж туслан, их урам хайрлаж дагаж яваа нутгийн хоёр дарга ч их хөөрсөн дөө. Харин нутагтаа эргэн ирж дотоодын нөөц бололцоог дайчлах үед бага зэрэг бэрхшээл гарч байсныг нуугаад яахав. Ажил алба тушаалаа барьж аймгийнхаа урдаа барьдаг аж ахуйн том нөхдөд хандан хандивын мөнгө гуйлаа. Албан бичиг гарган хүргүүллээ. Бүгдээрээ биш гэхэд сайхан сэтгэл гаргаж дэмжлэгээ өгсөн олон сайн хүмүүс гарч ирсэн. “Адуунчулуун”-ы уурхайн Б.Шатар гуай, “Талын сувд”-ын О.Хүрэлбаатар, НААҮ-ний Ч.Гантөмөр, Нийгмийн Халамжийн Н.Энхболд, Данригданжаалин хийдийн тэргүүн Д.Лувсанчой, “Хас” банкны Ю.Батбаатар, Хаан банкны Д.Баатархуяг, Гадаадын иргэд, харьяатын асуудал эрхлэх албаны газар З.Өлзийбаяр гээд өгөөмөр сэтгэлээр хандсан олон хандивлагчдыг дурдаж болно. Тэдгээр нөхдийн дэмжлэгээр наадам маань өргөн тансаг болсон. Олон түмэн ч гайхан бахархсан.

\"\"
Зориуд онцлон сонирхуулахад тэр үед Мардайн ураны ордны ойролцоо шинээр нээгдсэн холимог металлын Улааны ордны газарт зөвлөх, орчуулагчаар ажиллаж байсан баргын үзээн халын Р.Уртнасан, Бээжингийн Төвийн Их сургуулийн англи хэлний багш доктор, дэд профессор Зандраагийн Сувд, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Нийгэм зүй, зан үйлийн дээд сургуулийн захирал, доктор, профессор А.Оч, Хөх хотын Нийгмийн Шинжлэх ухааны Академийн хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, профессор Боржигонсэсэн, Хөлөнбуйр хотын Үндэсний театрын эмч, яруу найргийн “Гал шонхор”, “Ажнай” шагналтан С.Саранчимэг нар манай улс, аймгаар ажиллан явахдаа зориуд ирж уулзан, хандив өргөж сэтгэлийн дэм үзүүлж барга ястны түүх соёлын чухал ач холбогдол бүхий наадам хийх гэж байгаад талархлаа илэрхийлэн амжилт хүсч байв. Эдгээрээс З.Сувд, Р.Уртнасан нар 60000-600000 төгрөгийн хандив өргөн барьсан билээ.
Улаанбаатар хотоос Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш, академич О.Шагдарсүрэн гуай, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Ширнэн, Шинжлэх ухааны доктор, профессор Я.Хишигт нар ажил болгон утсаар ярьж, биеэр уулзан зөвлөгөө өгч дэмжиж байсан юм.

Мөн угсаатан судлаач Д.Ханджав, А.Магванренчин, Б.Шагдаржав нар барга, буриадын мартагдсан урлаг соёлыг сэргээх зорилгоор ганц чавхдаст суухан хуур хөгжмийг үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамруулж барга, буриадын баатарлаг туульс, үлгэр домог цуглуулж судлах, олон нийтийн хүртээл болгох, баргын “Түнх харваа”-г байт сурын харвааны монгол хувилбар гэж сэргээн баяр наадмаар тэмцээн зохиож хэвшүүлэх төлөвлөгөө гарган танилцуулсны үр дүнд аймгийн Засаг дарга Ц.Жанлав “Төлөвлөгөө батлах тухай” 173 тоот захирамж гарган аймгийн Боловсрол Соёлын газар, Хөгжимт драмын театрын удирдлага, барга буриад сумдын Засаг дарга нарт хэрэгжүүлэхийг даалгасан юм. Энэ нь “Баргажин” наадмыг бэлтгэх явцад барга, буриадын ардын урлаг, соёлын уламжлалыг сэргээхэд анхаарсан бодлогын чухал шийдвэр байв. Харин хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнууд хэрхсэн нь хойшид тодорхой болох буй за.

Хөлөнбуйр сумын Ц.Түмэн, П.Амар, Гурванзагал сумын Г.Цоглхагва нар идэвх чармайлт гарган баргын “Түнх” харвах тэмцээнийг аймгийн баяр наадам, үндэсний сурын улсын аваргын тэмцээний үеэр анх удаа зохиосон нь аймгийн сурчид болон олны сонирхол татсан юм. Бас “Баргажин” наадмын үеэр Улсын гарамгай мэргэн, гавьяат тамирчин А.Цэвээн гуай: “Энэ барга сурын харвааг аймагтаа дэлгэрүүлэх нь зүйтэй, их дур сонирхол хөдөлгөх харваа байна” гэж надад зөвлөж хэлснийг сануулахад илүүдэхгүй ээ.

\"\"
“Баргажин” наадамд бэлтгэх явцад мэдээлэл сурталчилгааг улс, аймаг даяар түргэн тараасны үр дүнд Улаанбаатар, бусад аймаг, хот, бүр хилийн чанадаас утасдаж сонирхсон, санаа оноо өгсөн олон хүн бий. Эдгээрийн дотроос Нийслэл дэх Барга судлалын холбооны гүйцэтгэх захирал А.Цогт ах ихэд санаа тавьж, байнга харилцан зөвлөж байлаа. Миний бие Улаанбаатар хотод очин энэ холбооны зарим гишүүдтэй уулзаж наадмын бэлтгэлээр санал солилцсон.

2007 оны 5 дугаар сарын 2-нд БСШУЯ-ны байранд болсон уулзалт дээр гавьяат багш Б.Намсрай, профессор А.Цогт, ахмад ажилтан А.Раднаабазар нарын Хөлөнбуйр сумын сэхээтнүүд, мөн ахмад дипломатч Д.Гонгор, барилгын инженер Дашдэжид, эмч Чулуунбат нарын Авдарбаяны (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын) баргууд ярилцан, ер нь Монгол улсын баргын төв нь Хөлөнбуйр сум, дэлхийн баргын төв нь ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошуу болно гэж онцлон ярьж байсан юм. Энэ санааг хойшид анхаарч олон талаас судлан боловсруулах нь зүйтэй санагдана. Тэд энэ наадмаа “Барга түмний баяр” гэж нэрлэе гэж байсан. Монгол телевизийн сэтгүүлч Ёлко “Баргын хурим” гэсэн нэвтрүүлэг бэлтгэж явуулсныг олж авах, интернетээр дэлхий, улс орон даяар мэдээлэх, Манлай ван Дамдинсүрэнгийн хөшөөнд ёслол үйлдэх, Оросын “Баргужин төхөм”-өөс төлөөлөгч урих, Хөлөнбуйр, Гурванзагал сумд болон барга дууны тухай ном бичих зэрэг олон санал гаргаж хэлсэн билээ. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн удирдлагуудад бодлогоо маш зөв ойлгуулах, бас болгоомжлох хэрэгтэй гэж зөвлөсөн. Энэ санаа нь өчүүхэн миний бодож явсантай яг нийцэж “Баргажин” наадамдаа Хөлөнбуйр аймгийн дээд удирдлагыг албан ёсоор уриагүй бөгөөд харин Хайлаар хотод ажиллаж амьдарч байгаа, удирдах ажил хийж явсан баргын хэсэг нөхдийг ирүүлсэн билээ.
Манай зүүн хилийн боомт уртасгасан хугацаагаар нээгдэж олон арван хүмүүс, жуулчид харилцан зорчиж байсан нь энэ наадамд Хайлаар хот, баргын баруун, зүүн хошуудаас энгийн иргэд, албаны хүмүүс сайн дураараа чөлөөтэй оролцох таатай нөхцөл болж байв. Хөлөнбуйр сумын иргэдтэй хийсэн уулзалт дээр хэсэг нөхдийн хэлснээс үндэслэн ОХУ-ын Буриадын “Баргажин төхөм”-д суурьшин байгаа орон нутийн захиргаанд урилга илгээх асуудлыг анхаарч үзсэн. Байгаль далайн дэргэдэх “Баргажин төхөм” хэмээх үзэсгэлэнт газар нутаг бол дэлхийн баргуудын өлгий нутаг юм. Энэ асуудалд Улаанбаатар хотод суугаа, манай Гурванзагалын угсаа гаралтай С.Лхамжав эгчийн хүү, Бүс нутгийн автозам хөгжүүлэх төслийн удирдагч, Монгол улсын зөвлөх инженер Гомбо ихэд анхаарч идэвх зүтгэл гаргаж ОХУ-ын Буриадын Их сургуулийн багш Будаева Галина Дамбаевна, доктор Зоригтуев Булат Раднаевич нартай харилцан эрдэм шинжилгээний бага хуралд маань илтгэл тавиулах, мөн Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Аюушева Цэпэлмаа Очировна, хөгжимчин Цыдыпова Маргарита Хубатуевна нарыг урьж ирүүлэхээр болсон юм.

\"\"
Бид орон нутагтаа “Баргажин” наадамд зориулж Хөлөнбуйр сумын анхны дарга Монгол Улсын их сургуулийн хүндэт профессор, япон хэлний багш Я.Шаарийбуу гуайн бичсэн “Баргын түүхэн тэмдэглэл”, “Барга хуримын зан үйлийн тухай” номуудыг шинэчлэн хэвлүүлэх, мөн буриадын талаар олон жил судалгаа хийж, ном бүтээл хэдэнтээ туурвисан Д.Дамдинжав гуайгаар “Дорнодын барга ястан” ном бичүүлэхээр тохиролцож, богино хугацаанд хэрэгжүүлсэн билээ. “Дорнодын барга ястан” номыг 1680-1734 оны үеийн баргачуудын анхны нүүдлээс эхлээд дөрөвдэх нүүдэл буюу одоогийн Хөлөнбуйр сумынхны түүхэн баримтад түшиглэн бичиж олны таних мэдэх түүхэн хүмүүс, мөн одоогийн барга ястнуудаас улс, эх орон, төр засагт хүчин зүтгэж яваа зарим хүний танилцуулгыг оруулсан юм.

Би Дамдинжав ахайг ямагт талархан хүндэлж явдаг. Энэ хүн зөвхөн буриадын төдийгүй түүнтэй салшгүй холбоотой барга ястны талаар багагүй судалж бас бичиж нийтэлж ирсэн, дотоод гадаадын томоохон хурлуудад эрдэм шинжилгээний илтгэл олонтаа тавьж явсан зэрэг цолгүй боловч эдүгээгийн эрдэмтний дайтай оюунлаг бүтээлч баавай билээ. “Баргажин” наадамд маань “Алтаргана”-аасаа дутуугүй санаа тавьж хүчин зүтгэсэн энэ хүнийг манай баргууд мартах учиргүй ээ. Тэрээр одоо Гурванзагал сумын түүхийг бичих ажлаа эхлээд байгаа.
Бид “Баргажин” наадмын сүлд дуутай болж амжаагүй юм. Үүнийг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Боролдойтой ярилцаж соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Гучид халын Шагдарын Дулмаагийн “Баргачууд” шүлгээр сүлд дууг бүтээхээр тохиролцсон. Б.Боролдой маань энэ үед Халхголд То вангийн их баяр наадмын гол зохион байгуулагчаар уригдан ажиллаад завгүй байсан юм. Ингээд “Баргажин” наадмын сүлд дууг дараачийн “Баргажин” хоёрдугаар наадмын өмнө бүтээх нь дамжиггүй хэмээн ерөөл тавин хойшлуулж билээ.

\"\"
Харин “Баргажин” наадмын сүлд, бэлгэ тэмдгийг бүтээхэд тэр үед Монголын Урчуудын эвлэлийн дэд даргаар ажиллаж байсан, МУЭ-ийн шагналт зураач П.Цэгмэд үнэхээр их тус болж богино хугацаанд загвараа үзүүлж тохиролцон Улаанбаатар хотод хун шувуун дүрст сүлд бэлгэ тэмдгийг бүтээн “Баргажин” наадмын төгсгөлд Гурванзагал сумын төлөөлөгчдөд ёслол төгөлдөр шилжүүлэн гардуулсан юм. Нөгөө тугийг одоо Хөлөнбуйр сумын Засаг даргын албан өрөөнд хүндэтгэлтэй залсан байна. П.Цэгмэд бол Монголын уран зургийн томоохон төлөөлөгчийн нэг бөгөөд сүүлийн үед нэрд гарсан уран бүтээлч юм. Тэрээр надтай хамт “Дорнод аймгийн Болор толь”, “Нар тоссон Дорнод” номуудыг бүтээхэд хүч зүтгэлээ дайчилсан сайн анд нөхөр минь билээ. П.Цэгмэдийг барга ястны “Баргажин” наадмын сүлд тугийн эх баригч гэж хойчийн эрхэм залуу нөхөд ямагт санаж явах биз ээ.

“Баргажин” наадмыг бэлтгэн зохион явуулахад сэтгэл санаа зовнин зүтгэсэн хүмүүс бол манай аймгийн соёл урлагийн ажилтнууд Д.Сэндэр (соёлын), С.Алтанцэцэг (номын сангийн), Ж.Цагаан (музейн), Н.Энхбаяр (театрын) нар хэдийгээр ажил мэргэжлээрээ оролцож байсан боловч энэ ажлын төлөө төрсөн юм шиг сэтгэл нь илүү тод харагдаж билээ.
Энд би наадамдаа бэлтгэн оролцсон иргэд наадамчид, уригдан ирсэн зочдын сэтгэгдлийг үнэлэх ёстой. Хөлөнбуйрын тэнгэр дор, Хэрлэн голын хөвөөн дээр энэ баяр наадам нар хур хосолсон хоёр өдөр үргэлжилсэн. Миний төрөлх Хөлөнбуйр сумынхан энэ наадмын хүслэн болж баяр хөөртэй оролцсон. Би урьд өмнө сумынхаа хүмүүсийг барга ястныхаа дээл хувцсаа оёж өмсөн, гоёл болгож байсныг бараг үзээгүй. Харин энэ наадмын гоёл нь барга хувцас байлаа. Гэхдээ нөгөө алдартай хавчиг татуурга, элдэв үнэт зүүлт бараг үзэгдсэнгүй. Аргагүй дээ, баргачууд маань түүхэн үйл явдлын нэгэн нугачаанд эд зүйлээ барагдталаа элдвээр дарамтлуулж байсан нь үнэн.
Хөлөнбуйр сумынхан зочид гийчдээ Өлзийт уулынхаа ар бэлд өөрийн нэртэй бренд болсон барга омгийн хуцны хөшөөний дэргэд дуу хууртай, идээ будаатай угтаж авсан, тэр хавиар баргын нүүдлийн цуваа хөвөрч таван хошуу мал нь багшран бэлчиж байсан гэж зарим зочид надад сэтгэл хөдлөн ярьж байсан юм.

\"\"
Барга хошуудаас хүрэлцэн ирэгсэд бас төрөл төрөгсөдтэйгөө учран золгож, залуус нь эцэг өвгөдийнхөө хал омгоо сураглан уулзалдаж садан төрлөө олж танилцан дотносож байлаа.
Шинэ барга зүүн хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын дарга Улам надад: -Та үнэхээр хүч зориг гаргаж энэ наадмыг сайхан зохиолоо. Энд газар газрын баргууд ирж баргын том найр боллоо. Танай аймгийн удирдлагууд бүгд оролцсон нь сайхан сэтгэгдэл үлдээж байна гэсэн юм. Энэ хошуунаас Улс төрийн зөвлөгөөний дэд тэргүүлэгч Бямбаа, Жавхлант сумын дарга Төрбат, “Баянбүрд” багийн дарга Баясгалан, ардын дуучин Дугарсүрэн, Цэцэнчимэг, ерөөлч Амаржаргал нарын 20 гаруй зочид хүрэлцэн ирсэн нь манай Хөлөнбуйр сумынхны хамгийн ойр дотнын зочид болсон юм. Энэ хошууны даргаар олон жил ажиллаж байсан өндөр настан Ц.Дугаржав гуай олон айлд уригдан дайлуулж их л урам хөөртэй байсан даа.

\"\"
Мөн Хөлөнбуйрын Их сургуулийн салбар Монгол үндэстний Багшийн их сургуулийн багш, доктор, профессор С.Сайнцогт энэ наадмын анхаарал татсан хүний нэг байсан. Тэрээр олон сайхан ая дуу зохиосон нэртэй хөгжмийн зохиолч бөгөөд манай хүмүүсийн дуулах дуртай “Сартай шөнө”-ийн дууг зохиогч билээ. Дашрамд дурдахад энэ дууг манай улсын нэртэй дуучин олон жил дуулаад залруулагдсан юм. Бас нэг хүндтэй зочин бол Хөлөнбуйр аймгийн ХААУГ-ын орлогчоор олон жил ажилласан, шинэ барга баруун хошууны Намжилсүрэн юм. Хил хязгаараар чөлөөтэй зорчиж эхэлсэн 90-ээд оны дундуур Хөлөнбуйр суманд анхны зочдын нэг болж дараа нь түүний удирдаж байсан Далай сумын төлөөлөгчид айлчилсан сайхан дурсамж үлджээ. “Баргажин” наадамд тэрээр сур харваж, шатар тоглож идэвхтэй оролцсон билээ.

Баруун хошууны орлогч дарга Нарсу манай аймагтай байнга харьцаж байдаг дотнын ажилтан юм. Тэрээр энэ наадамд төлөөлөгчдөө удирдан ирж хүндтэй зочин болсныг би талархан дурьдаж байна. Ийнхүү хилийн чанадаас сэтгэл зүтгэл гарган ирж “Баргажин” анхдугаар наадмыг маань хөгжөөн дэмжсэн олон сайн хүмүүсийг нэрлэж болно.

“Баргажин” анхдугаар наадам сайхан өндөрлөж мартагдашгүй дурсамж болон үлдлээ. Наадмыг зохион байгуулагчид энэ наадмаа дөрвөн жил тутамд зохиож байхаар тунхаглан зарласан. Хоёрдугаар наадмыг зохион байгуулах сум бол манай аймгийн Гурванзагал юм. Энэ наадам 2011 онд болох бөгөөд Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдалтай давхцаж байна. Энэ нь манай “Баргажин” наадмын түүхэн онцлог болж агуулга ач холбогдлыг өргөж байна.

\"\"
Гурванзагалчууд энэ наадамдаа бүр эртнээс, “Баргажин” анхдугаар наадмын маргаашаас бэлдэж эхэлсэн гэж болно. Дараагийн наадмаа ингэж хийе, тэгэж бэлтгэе гэж анхдугаар наадамд оролцсон Гурванзагалынхан санал солилцож байсан. Одоо Улаанбаатарт, тус Гурванзагал сумын нутгийн зөвлөл (дарга нь Л.Гомбо) энэ наадмын бэлтгэлийг эхлүүлчихээд байна. Манай аймаг, орон нутаг өмнөхийн адил анхаарч дэмжих нь мэдээж билээ. Мөн Хөлөнбуйр сумын удирдлага энэ наадамдаа сайн бэлтгэн оролцох эрмэлзлэл дүүрэн байгаа.

Энэ дурсамжийг бичиж үлдээгч миний бие “Баргажин” наадмын туг Гурванзагалын цэгээн тэнгэрт мандан намирч хил хязгааргүй өргөжин тэлэхийг бэлгэдэн ерөөнөм.

\"Баргажин-2007\" ном-оос

\"\"
  • Отгонтуяа
  • 3491
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

Барга овогт Долгорсүрэнгийн Бямбадорж [64.119.26.218] 2022-05-02 18:59:44

Очимоор сайхан бичиж очноо

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313