Баргын толиот бөх

2018 оны 8-р сарын 3 өдөр
 \"\"
Дорнод аймгийн Чойбалсан хотод “Баргажин-2018” олон улсын 4 дүгээр наадам энэ сарын 4-5 өдрүүдэд болох гэж байна. Наадмын үеэр барга угсаатны түүх соёлын онцлог, хэв шинжийг агуулсан Түнх харваа, Толиот бөхийн барилдаан, Барга угсаатны ардын дууны тэмцээн зэрэг олон уралдаан, тэмцээн, үзэсгэлэн болох аж.

\"\"
Барга бөх ерөнхийдөө монгол үндэсний бөхтэй адил боловч бас нилээд онцлогтой байдаг. Тухайлбал, Барга бөх төмөр товруутай ширэн зодог өмсдөг. Мөн даавуун зодог хэрэглэж болно. Гутлынхаа түрийний дотуур шилбэ хамгаалах зориулалттай хоёр хуруу хэрийн өргөнтэй хулсыг эсгийд хавчуулан жийрэг хийдэг бөгөөд үүнийг “бамбай” хэмээн нэрлэх нь ч байдаг. Мөн гутлын түрийнээс дээш ил гарсан “толио” хийдэг. Энэ нь өвдөг хамгаалах зориулалттай бөгөөд ширээр хийж дээр нь дөрвөн хүчтэнийг дүрсэлж чимэглэдэг. Ийм учраас монголчууд Барга бөхийг “толиот бөх” хэмээн онцлон нэрлэдэг байна. Мөн Барга бөх хээгүй, торгомсог эдээр хийсэн өмд өмсдөг бөгөөд энэ нь үзэмчин бөхийн өмдийг бодвол нарийхан байдаг ажээ.

\"\"
Баргууд тухайн найр наадмынхаа хэмжээ далайцаас шалтгаалан барилдах бөхийнхөө тоог тогтоодог. Дээр үед томоохон наадамд дээд зиндааны бөхчүүд голлон 32, 64, 128 бөх барилддаг байв. Бөхийн барилдаан эхлэх болоход бөх дуудагч нь “Бөхөө тавья, бөхөө тавья” хэмээн уртаар яруу сайхан уянгалуулан дууддаг байна. Үүнийг сонссон бөхчүүд наадмын талбайд ирж баруун, зүүн жигүүрт зогсоно. Харин халх бөх шиг бөх болгонд засуулч байдаггүй, наадмын талбайд 1-2 засуулч байх бөгөөд барилдаж байгаа бүх бөхийг харж хянадаг байна. Бөхийн зүүн жигүүрт хамгийн олон бөхтэй, бөх сайтай хошууны бөхчүүд гарч, ахмад алдартай бөх нь магнайлан зогсдог ажээ. Ингээд барилдаан эхлэхэд хоёр жигүүрт хоёр хоёр “бөх дэвүүлэгч” гарч ирж, барилдах бөхийн зодогны хоёр талаас нь барьж зогсоно. Бөх нь дэвүүлэгчийн хоёр мөрөн дээр гараа алдлан тавьж, хэдэн удаа дэвхрээд дэвэн гардаг байна. Барга бөх нь үндсэндээ бүргэдийн дэвэлтээр дэвдэг боловч бөх болгон өөр өөрийн гэсэн онцлог хөдөлгөөнийг хийж болдог байна.

Барилдаан эхлэхэд бөхчүүд хоёр жигүүрээс дөрөв буюу найм наймаараа гарч барилдах бөгөөд үүнийг “нугалаа” хэмээн нэрлэдэг. Гэхдээ халх бөх шиг урьдчилан ам авдаггүй бөгөөд хоёр жигүүрийн бөхчүүдийн дээд хэсгийн бөх нь нөгөө жигүүрийнхээ доод хэсгийн бөхөөс шууд сонгон золгож барилдана. Ийм учраас баруун, зүүн жигүүрийн дээд хэсгийн бөхчүүдийг “идэш /ам/ авах бөх”, доод хэсгийг нь “идшинд очих бөх” гэж нэрлэдэг.

Ялсан бөх нь ялагдсан бөхийнхөө байранд очиж зогсоно. Ингээд хоёр жигүүрээс нэг нэг бөх үлдэн барилдаж, ялсан нь аварга цол хүртэнэ. Барга бөхийн өөр нэг онцлог нь үзэмчин бөх шиг зангиа зүүдэггүй, халх бөх шиг шат дараалсан олон цол байдаггүй, зөвхөн “Аварга бөх” гэсэн ганц л цолтой байдаг ажээ. Мөн гараараа нөгөө бөхийнхөө хөлд нь мэх хийдэггүй бөгөөд зөвхөн гараар гарт, хөлөөрөө хөлд нь мэх хийнэ. Өшиглөх мэхийг түгээмэл хийх боловч шагай руу, хонгоны боолтоос дээгүүр, өвдөгний нүд рүү өшиглөх, мөн эсрэг бөхийнхөө ард нь гарч араас нь барьж барилдахыг хориглодог гэнэ.

Барга бөхчүүд шударгаар үнэн хүчээ үзэн барилдахыг эрхэмлэдэг бөгөөд бие биедээ найр тавин бууж өгөх, ашиг хонжоо харж тохиролцох, элдвээр марган будлиан үүсгэхийг маш хатуу цээрлэдэг ажээ. Ийм учраас баргууд үндэсний бөхөө дээдэлж, үнэнч шударга, хүчит бөхөөрөө бахархаж, бөхийн тухай дуу зохион магтан дуулж байсан бөгөөд “Алтан товруутай зодог” гэдэг барга ардын дуунд: “ ...
Алтан товруутай зодог нь хө
Ар мөрөндөө гялалзан гарав аа хө
Арван наймтай Дүүрэнжаргал хө
Ар л Хүрээнд үзүүрлэн гарав аа хө... ” хэмээн идэр хүчит бөхөө магтан дуулдаг ажээ.
  • Отгонтуяа
  • 1603
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313