Яруу найрагч На.Долгор

2018 оны 5-р сарын 23 өдөр
 \"\"
“Хөлөнбуйрын шүлгийн сонгомол” номыг шимтэн уншихдаа “Хаврын наранд ижийтэйгээ би хялгас урна” шүлгийг олж хараад, санаанаас ер гараагүй юм даг. Ийм гоё, яруу шүлгийг ямархан бүсгүй бичсэн юм бол гэж бахархан, уулзах сан гэж тэр үеэс л бодсон. Зохиолч, уншигч хоёр уран бүтээлээр эчнээ танил болдог шиг яруу найрагч Долгорыг би хэдийн таньдаг болчихсон. Харин хэзээ нэг өдөр нүүр нүүрээ харан ярилцаж, түүний бодол сэтгэлийг тольдох бол хэмээн хүлээж байтал энэ жилийн “Мартын 8”-аар тааралдах завшаан олдсон юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан сурвалжлага бэлтгэхээр Шинэхэн нутагт очихдоо азтай, ерөөлтэй учралаар яруу найрагч Долгортой таарч билээ.

Адуунчулуу минь

Баргад алдартай 
Баялаг нутаг - Адуунчулуу минь
Миний өлгий.
Багаас минь заяатай
Бахархам газар - Баян уул
Миний нутаг.


\"\"
Уулзахсан гэж хүсч байсан найрагчтайгаа санаандгүй тааралдсаных цугласан олноос зайдуухан тухлалаа. Түүний өсч төрсөн газар нутгийг сонирхвол, 1967 онд Шинэ барга баруун хошууны Адуунчулуу сумын Баян-Уул гацааны малчин Хөхнүүд халын Насан-урт, Ширайд халын Дашхудгийн ууган үр нь болж мэндэлжээ. Хөдөөгийн хүүхэд хөлд ормогцоо л биеэ дааж, аав ээждээ чадах чинээгээрээ тус дэм болдог шиг Долгор ч мөн жаахан охин байхаасаа гэрийн ажил сурч, тав зургаахан насандаа гэрийн гаднах, дотнох бүх л ажлыг төвөггүй хийчихдэг болчихжээ. Ээжийгээ хонинд явсан хойгуур аргал түлээ оруулах, дүүгээ харж, аавыгаа асрах гээд гэрийн ажлаа цөмийг нь амжуулчихна.
Утга, уран зохиолд элэгтэй, сэтгэлтэй хүн болж хүмүүжсэн нь ааваас нь үүдэлтэй. Түүний аав орой бүр лааны гэрэлд үлгэр, үргэлжилсэн үгийн зохиол уншиж өгдөг байж. Долгор одоо хэр нь аавынхаа ярьж өгдөг үлгэрийг мартаагүй, тэр тусмаа хайрын үлгэрийнх нь үг үсэг бүрийг цээжээр мэддэг гэнэ лээ. Эжий нь сонсож буй үлгэртээ уяраад аяархан мэлмэрүүлэхэд Долгор дагаад уйлчихдаг тийм л уяхан охин байж.

Нялх балчирын үлгэр зохиол сонсож, номд хорхойтой болсон охин настан буурлын өгсөн мөнгийг хадгалж, айлын хүүхдүүд шиг аар саар амттан чихэр авчихалгүй ном худалдан авч бөөн хөөр болно. Аав нь эрдэм номтой хүн болохоор “Миний охин аав ээжийнхээ ачийг хариулъя гэвэл эрдэм номдоо сайн шамдаарай” гэж захидаг байсанд Долгор хичээнгүйлэн сурч, ангийнхаа манлайлагч сурагчдын нэг байсаар ирсэн. Харин хичээлийн бус цагаар айлын том охины хувиар ээждээ тус дэм болно. Дүүгээ асарч тойглож, үнээ малаа сааж, тугалаа хариулна, хялгас зулж, шилбэ эрэмдэн, оёдол хийж, хичээл номоо давтах гээд чамгүй олон ажил амжуулчихдаг байсанд нь нутгийнхан нь ажилсаг охин шүү гээд ам сайтай байсан тухай хуучилсан.

\"\"
Долгор 1974 онд Адуунчулуу сумын сургуульд элсэн суралцаж, ахлах ангиа Хайлаарын 1 дүгээр дунд сургуульд дүүргэжээ. Харин мэргэжил боловсролын тухайд Хайлаарын Монгол үндэстний багшийн сургуулийг төгссөн багш хүн. Их сургуулиа төгсөөд л шинэ, залуу багш Адуунчулуу бага сургуульдаа томилогдсон гэдэг. Хорь гаруйхан настайгаасаа л багшилж дээ би гээд инээмсэглэнэ лээ. Өдгөө хорь гаруй жил үүрэгт ажилдаа шамдахдаа сайн багш болъё гэж зорин хэзээ ч өөрийгөө боллоо гэж тайвширч байсангүй.

Хичээнгүй хүнийг аз ивээдэг гэдэгчлэн 2006 онд Шинэ барга баруун хошууны Утга урлагийн холбоо анх байгуулагдах үед орлогч тэргүүлэгчээр шилжин ажилласан. Энэ үйл явдал түүний билиг авъяасыг тодотгож, найрагч болох онгод тэнгэрийг нь дуудсан гэж тэр ярих дуртай. Тэр цагаас хойш шүлэг тэрлэж, “Миний Алтан-эмээл” анхны түүврээ хэвлүүлсэн юм. Үүний дараахан “Баян барга” шүлэг нь Хөлөнбуйр хотын “Хөлөний алтан дэнж” яруу найргийн тэмцээнд дүйцэхүйц зэрэглэлийн “Үйлс” Монгол яруу найргийн наадамд шилдгээр шалгарч, Долгор Хөлөнбуйр хотын “Одон яруу найрагч” –аар тодров. Өвөрмонголын өөртөө засах орны 60 жилийн ой, ээжийнхээ 60 насны баярт зориулж бичсэн “Хаврын наранд ижийтэйгээн би хялгас урна” хэмээх шүлэг нь улсын хэмжээний том наадам болох “Мөнх тэнгэр цагаан сүлд цом” Монгол яруу найргийн наадмын “Шилдэг бүтээл” болж, “Олноо таашагдсан яруу найрагч”-ийн шагнал гардсан. Анхны шүлгийн түүврээ хэвлүүлээд удаа ч үгүй байхдаа ард олонд танигдсан даацтай найрагч болохоо харуулаад авсныг нь дээрх шагналуудаас харчихаж болмоор. Хөлөнбуйр хотын Засгийн ордноос Утга урлагийн шилдэг бүтээлд гардуулдаг “Азнай шагнал”-ыг таван удаа хүртсэнийг нь сонсоод түүний шүлгийг шимтэн уншдаг уншигчийн хувьд өөрийн эрхгүй баярласан шүү. Яруу найрагч Долгорын гавъяа шагналыг нэг бүрчлэн бичвэл сонины хуудас хүрэхээргүй юм билээ. 2009 онд ӨМӨЗО-ны “Солонго” шагналыг гардаж, 2010 оны 9 дүгээр сард Монгол улсын “Ш. Дулмаагийн нэрэмжит шагнал”-аар энгэрээ мялааж, 2012 онд улсын хэмжээнд зохиогддог “Үлэмжийн чанар” яруу найрагчийн наадамд “Зүрхнээс гарсан нэгэн аялгуу чиний зүг урснам” шүлгээрээ гуравдугаар байрт эзэлсэн гэхчлэн шагналыг цуваа хөвөрнө.
Түүний шүлгүүдээс дуу болж, ард түмнийхээ зүрхэнд хоногшсон түүхүүд цөөнгүй. 2012 онд бичсэн “Дурсахгүй байхын аргагүй” бүтээлд нь 2017 оны 8 дугаар сард Сайнцогт ая зохиож, Монгол Улсын дуучин Сэрчмаа амилуулсан нь Монголын олон ангит кино “Амьдралын наран” киноны дуугаар сонгогдсон түүхтэй. Өнгөрсөн онд л гэхэд түүний зохиосон 20-иод шүлгүүд нь аятай болж, “Баян барга” дуу нь хошууны наадмын сүлд дуу болсон юм. “Хүүхэд нас хөөрхөн” гэдэг бага сургуулийн хүүхдэд зориулж бичсэн шүлгийн түүвэрдэх “Ээжийн мөнгөн аяга” шүлэг нь 2015 онд бага сургуулийн дөрөвдүгээр ангийн Монгол хэлний хичээлийн “Унших бичиг”-ийн номд багтаж, “Хэнз ишиг” шүлэг нь бас бага сургуулийн унших бичигт сонгогджээ. 

Долгор одоо “Хэрлэн” сэтгүүлийн ерөнхий найруулагч, Хятад улсын цөөн тоот үндэстний зохиолчдын эвлэлийн гишүүн, ӨМ-ын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн зэрэг үүрэгт ажилтай. “Миний Алтан-эмээл”, “Хайраар шугасан хөшөө”, “Баян барга”, “Янзган тагшаа”, “Нар өргөсөн танхил нас”, ”Хүүхэд нас хөөрхөн”, ”Нар үлдсэн бууц” гэсэн долоон шүлгийн түүвэртэй.

\"\"
Миний нар
Бүдрэх үед минь босгож зогсоодог зориг
Бүтэн биеийг минь тулж явдаг таяг
Миний нар аа гэж насаараа уянгалах шүлгийн минь онгод 
Итгэл минь дээ, хүү минь ...


Яруу найрагч Долгор ганц хүүтэй. Долгорын хувьд дэлхий дээр хоёр нар буй. Ганц хүүгээ тэр миний нар гэнэ. Түүний амьдралд хүү нь нар болон гэрэлтэн гийгүүлж, аливааг ялан дийлэх хүч болдог аж. Амьдралын нугачаанд бүдэрч тэвдэх үедээ хүүгээ л бодож хөл дээрээ бат зогсож, итгэл зоригоор дүүрдэг тухайгаа ярихдаа нүднээс нь хайр гэрэлтэж суусан.
Нар болсон хүүгээ ээж нь “ Сайн хүн, шандастай эр болоосой” гэж хүсч, маш олон шүлэг хүүдээ зориулж тэрлэжээ. Хүүгээ гэх эх хүний агуу их хайр нь түүнд шүлэг бичих онгод тэнгэр нь болдог гэх. Тэр хүүдээ зориулсан шүлэгтээ эх хүний ариун нандин хайрыг илэрхийлж, бүх л Монгол ээжүүдийн хайр энэрэл, захиас сургааль, ерөөлийг шингээсээр байна.

Хөлөнбуйрын өдрийн сонин, Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн
  • Отгонтуяа
  • 796
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313