
Ийнхүү урчуудынхаа гарын ур мэргэжил, аж амьралынхан замналлын тухай уншигч олонтойгоо хуваалцахыг зорилоо. Уншигч түмэн минь таалан болгооно уу.
Уранчимэг: Ардын дуугаар эгэл амьдралаа гоёно
Хүн амьдралдаа олон дүр бүтээдэг, цаг үе хүмүүсийн дүр бүтээхэд ар хөшиг нь болдог. Ийнхүү өнөөдөр та бүхэндээ Эвэнки хошууны “Алтан бэхлэг ” ардын урлагийн бүлгэмийн гишүүн, малчин урлагчин, эгэл бор малчин бүсгүй Уранчимэг гуайн сурвалжлагыг хуваалцах болсондоо сэтгэл өндөр байна.
Тэрээр ардын дууны нугалаанд амьдралын баяр гуниг, жаргал зовлонгоо шингээн, мөнх настай ардын дуугаараа гоёлож яваа нэгэн. Мөн ч уран хоёр гараараа амьдралаа өөд татан яваа буриад бүсгүйн нэгэн дүрээр хагас зууныг даван туулж явсан тэрээр Буриад ястаны соёлын өвийн түүхэн хуудсанд нэрээ үлдээж болох нэгэн.
Уранчимэг гуай 1960 оны 6-р сарын 1-ний өдөр Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумны Бүрд гацааны Долд халын Аюушын Заяатын ууган охин нь болж заяажээ. Тэр хархан багаасаа адуу малын дэргэд тоглож, уудам их тал, цэвэр тунгалаг амьдралд л өссөн юм. Мөн ч хэдэн дүүгээ харж, өсгөх хүнд үүрэгтэй учир арван хэдхэн наснаасаа оёдол оёж сурсан билээ.
Багынхан сурсан мэргэжил, балчир үеийн ой тогтоолт хоёр нь түүний хожим хойшдын ажил амьдралд нь ихээхэн тус болжээ. Тэр аж амьдралаа өөд нь татахын хамт оёдол утас хөврүүлэн, дээл хувцас оёж, нэг мэдхэд нутаг усандаа нэрээ дуудуулах уран оёдолчны нэгэн болсон байлаа. Буриад хувцас заслыг сайн урлан оёдог тэрээр одоо буриад гутал оёх ур мэргэжлээрээ хошууны зэрэглэлийн соёлын биет бус өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, Хөлөнбуйр хотын “Содон эмэгтэйчүүд”-ийн холбооны гишүүн, Өвөр Монголын Урчуудын нийгэмлэгийн гишүүн болжээ.
Уранчимэг гуай хичээл зүтгэлээрээ 2016 онд Бээжинд зохион байгуулсан бүх Хятадын цөөн тоот үндэстэний хувцас заслын уралдаанд шилдэг байр, 2018 онд Оросын Иркутск хотод зохион байгуулсан Олон улсын “Алтаргана” наадмын “Буриадын нэг өдөр” хувцас заслын уралдаанд нэгдүгээр байр, 2019 онд Оросын холбооны Буриад улсад зохион байгуулсан Олон улсын уран оёдолчдын уралдаанд “Элэнцийн минь алтан шөрмөс” хоёрдугаар байрын шагнал хүрджээ. Харин амжилтын ард тэсвэр тэвчээр их нуугдаж байдаг нь амьдрал хэмээх хатуу давааны жам ёс юм болуу?
- Нохой гэрээс зайлбал муу совин гэж хэлдэг нь үнэн байх аа гэж би өдий жил бодож явна. Тэр нэг шуургатай өдөр манай нохой гэрээсээ явж, аав минь ч тэр өдөр бурханы орондоо явсан. ( 1968 оны 1-р сарын 16-ны өдөр ) тэр нохой маань монгол гэрийн маань үүдийг малтаад байсан. Би үүдээ нээж өгхөд аав орж ирээд зүүн орон дээр хүйтэн байна гээд л суулаа.Тэгээд өврөөсөө дүүд ногоон даавуу, надад улаан даавуу гаргаж өгөөд: “ богц хийгээд сургуульд яв ! “ гэж хэлээд өөд болсон юм. Олон жил өнгөрсөн ч тэр өдөр одоо ч гэсэн байнга дурсагдна. Аав минь хэдэн хүүхдээ эрдэм номтой яваарай ! гэж хүсэн мөрөөдөж байсан даа гэхдээ цаг төр амьдралын нөхцлөөс болж эрдэм номтой явж чадаагүй ч амьдралын өмнө нуруу бөхийхгүй гэж бодож явдаг. Аавыг бурхан болсны дараа авга нар бид нарыг хуучин бууриас минь авч явсан юм. Удаагүй байтал цаг төрийн хүйтэн шуурганд ээж минь дайрагджээ. Би айлын том нь болохоор гэрийн гадна дотнох бүх ажил миний нуруун дээр буулаа. Хониндоо явна. Гурван дүүгийнхээ хоол ундыг нь хийнэ.Тэгээд удалгүй байж байтал ээж минь хань ижилтэй болсон болохоор дахиад хоёр дүүтэй болсон. Би арван дөрөв тавтайгаасаа бригадын ажил хийж эхэлсэн. Ээжтэйгээ төл тосон, нийтийн ажилд оролцон, хар бор ажлыг зах дараалан хийсээр ирлээ. 1968 оны 5-р сард бас нэгэн хар бараан өдөр миний амьдралын хуудсанд мөнх хоцорсон. Тэр өдөр миний бага дүү нас баржээ. Миний амьдралын хоёрдугаар удаагийн хар дарсан өдөр, аав болон дүүгээ алдаж сэтгэлдээ дэндүү их гунигтай явах болсон” гэж кино шиг амьдралаа дурсан хуучилсан Уранчимэг гуай 1974 оноос 1978 он хүртэл “Төмөр\ баатар\ хүүхэнчүүд”-ийн багт ажилд оролцож, хадлан өвс хадаж бухалдах, чулуун хашаа барих, хонь хайчлах гээд л олон ч ажлыг хийж байсан мөртлөө 1978 оны 6-р сард Эвэнки хошуу байгуулагдсан 20 жилийн ойн жагсаалд өрхийн цэргээр оролцож байв. Тэр өдөр болгон ардын дуугаа дуулдаг байсан гэх.
-Манай буриад ардын дуу ч барагдахгүй шүү! ажлаа хийхийн дагуу дуулж л явдагдаа! дуу болон миний залуу нас ижилсэн дасаж дуунаасаа би зол жаргалыг мэдэрдэг байлаа. Дуулахаар сэтгэл уужирна, гуниг арилна, эрч хүчтэй болно гэхээр Уранчимэг гуайн нүд нь сэргэн, бүх биеэр нь эрч хүч гүйж байгаа мэт …
“Миний оёдлын багш бол миний ээж юм. Би ээжээсээ буриад гутал оёхыг сурсан. Дараа нь дээл хувцас оёхыг ч сурсан! буриад гутал оёход ажил ихтэй.Гутлын ирмэг гэж улаа эсгэн, эсгий ширнэ, тэмээний ноосоор эсгийгээ тойруулж ширнэ, дунд нь ширнэ, хэвээ бариад хонины дэлүүгээр улаа барьж наана, ширж дууссны дараа гутлын загвараа эсгэнэ. Буриад гутлын гадар хатгамал оёдол олон байдаг болохоор гараа гаргаж оёж байсан. Залуудаа би адуу хариулдаг. Бас морь сайн уургалдаг байсан. Морио өөрөө уургалж сургаад унадаг гэхээр түүний гар чухам л юм юманд хүрч явсан уран гар, хүчтэй гар юм.
Уранчимэг гуай 1978 онд Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумны Харгана гацааны Мөнхийн Соёлцэрэний гэргий болж өрхөө татаж, галаа өрджээ.
-- Бурхнаас бид хоёрт нэг хүү, хоёр сайхан охин заяажээ. Том охин маань Оросод хань ижилтэй болж амьралынхаа алхамыг эхлүүлсэн. Хүү, бага охин маань нутагтаа өрх гэр босгож, настан буурал ээжээ асарч, оёдлоо оёж л өдийг хүрч явна. Би тэрээр 2011 онд Шинэхэн зүүн сумны Харгана гацааны хөдөө байх гэрээ худалдаад, Эвэнки хошууны төвд буриад хувцас заслын дэлгүүр эрхэлж, жилдээ олон ч хосуудын хуримын буриад хувцас заслыг урлах болсон. Хувцас засал оёж урлаж явахын дагуу тэр багын дуртай байсан ардын дуугаа дуулах аз завшаан надад \ үеийн найзууд маань намайг дуудаад аваад явна\ тохиолджээ. 2015 оноос эхлэн “өөрийнхөө урлагийн зам”-даа орж жинхэнээр урлагийн тайзанд ардын дуугаа дуулж эхэлсэн.Тэгээд 2016 онд аз таарч найз нартайгаа Монгол улсад очиж уран сайхны тоглолттой явсан мөртлөө мөн тус жилдээ Оросын холбооны Буриад улсын соёлын гавьяат Сандар гуайг урьж энэ яваа насныхаа анхны сургалтад \ ардын дууны\ суусан билээ. Мөн ч 2018 онд Иркутск хотод зохион байгуулсан Олон улсын “Алтаргана” наадамд 19 хүн дуулаад дуурийн дуулаачдын нэгдүгээр байрын шагналыг тосжээ.
Харин яаж явсан тухайгаа тэр:
-- Бид Шинэхэн буриад хувцас заслаа үүрээд, бурхны гүнгэрваагаас эхлүүлэн ширмэл ширдэг, тулга, тогоо... гэх мэт юм бүгдийг авч очсон. Тэгээд бид “буриад хурим “-ын ”дэр булаалдах заншил”-ыг хорин минутанд багтаан тоглож тэргүүн байрын шагналыг тоссон юм гэлээ.
Тэр бас 2016 онд Бээжинд зохион байгуулсан Цөөн тоот үндэстний наадмын дууны уралдаанд хоёрдугаар байрт оржээ. 2017 онд тэд Монгол улсын дөрвөн буриад сумаар тоглолт гарган Монгол улсын буриад зоны магтаал сайшааллыг олсон билээ.
Уранчимэг гуай 2018 онд ядуу амьдралтай, өнчин өрөөсөн хүүхдүүдийг цуглуулан “Ачтай” хүүхдийн бүлгэм байгуулж, хүүхдүүддээ үнэ төлбөргүй гар урлал буюу ардын дуу зааж, хүүхдүүдээ дагуулаад уран сайхны тоглолт болон уралдаан мөрийцөөнд оролцож эхлэв. Түүний бүлгэмийн хүүхдүүд ч өдөр ирэх дутмаа өсөн том болж, биеэ дааж бүтээгдэхүүн хийж чадах болсон нь түүнд хамгийн их аз жаргалыг авчирдаг гэх.
Он жил урсан өнгөрч, багын дурсамж, залуу насныхан дурдатгалыг үлдээж, Уранчимэг гуайн үсэнд буурал буужээ. Тэр олон жилийн турш амьдралын замын хатуу бүхнийг туулж явахдаа “Хүн тэвчээртэй л байвал амжилтанд хүрч чадна” гэж бат итгэж, итгэлээ хайрлаж явсан болохоор сургууль соёлд суугаагүй, оёдлын мэргэжлийн талаар дадлаг болон мэргэжлийн дуучны сургалтад сураагүй ч амьралын замдаа ер бусын олон нугалаа бүдрэлийг туулж, хэнээс ч илүү тэсвэр тэвчээрийг суулгасан билээ. Тэр уран яруу хоолойгоороо өв эрдэнэ болох ардын дуугаа дуулж, уран хоёр гараараа амьдралаа өөд татан, энэрэнгүй зөөлөн сэтгэлээр бүхий л хорвоог уяраана. Энэ бол Уранчимэг гуайн амьдралаас төгссөн бүх гоёлол нь болох юм. Энэ гоёлол нь түүгээр дамжин өв эрдэнэ болж уламжлан өвлөгдөж буй. ...
Эх сурвалж : Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй