Шинэ барга баруун хошууны Сүни тойргийнхон Сэчинтү гуайг дөрвөн утаст хуурч гэдгээр нь андахгүй. Өдгөө тэр 60 гаруй настай ч хуураа тоглож суухдаа сэтгэлийн таашаал эдэлж, эрч хүч урам зориг авдаг тухайгаа ярих дуртай. Дөрөвхөн настай байхаасаа энэ хөгжимд дурлаж, хөг аялгуунд нь бүүвэйлэгдэн өссөн болохоор хөгжим гэдэг түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг.
Сэчинтү гуай бас муугүй дархан. Модоор эд хэрэглэл хийх ажилд дурлаж, нэг үе дарханы чиглэлээр сурч байсан түүх бий. Тийм ч учраас гавъяаныхаа амралтыг авч зав чөлөөтэй болонгуутаа л дөрвөн утаст хуур хийх ажилд шамдсан. 2003 оноос хойш дуртай хөгжмийн зэмсгээ өөрөө хийх болж, түүнд шаардагдах бүх л багаж хэрэгслийг цуглуулаад байна. Дөрвөн утаст хуур хийхэд хайлсан мод, могойн хайрс болон бусад багаж хэрэгсэл хэрэгтэй аж. Тэр нэгэнт хуур хийхээр бариад авчихсан бол дуусгаж байж л санаа амарна. Ийнхүү шамдсаар 300 гаруй хуур хийгээд байна.
Ухамсарт амьдралынх нь туршид түүний гараас энэ хөгжим салаагүй. Хуураа чавхдан суухдаа агуу их сэтгэлийн таашаал тайтгарлыг мэдэрдэг гэсэн шүү. Тэр энэ хөгжмийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, хөгжүүлэх үүднээс хэсэг нөхөдтэйгөө нэгдэн “Дөрвөн утаст хуурын нийгэмлэг” байгуулан ажиллаж байна. Дөрвөн утаст хуурыг сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэх ажилд бие сэтгэлээ зориулж яваа Сэчинтү гуайг Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
Хөлөнбуйр өдрийн сонин, Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн