Э.ЖАВХЛАН: ЗОРЬЖ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛҮҮДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

2018 оны 5-р сарын 25 өдөр
 \"\"
Дорнод сонин. 2018.03.10 №09 (600)

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Эрэнбаатарын ЖАВХЛАН: ЗОРЬЖ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛҮҮДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

Манай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Гэр бүлийн хүчирхийллийг тэглэнэ” гэсэн том зорилт тавьжээ. Энэ тухай яриа өрнүүлэхээр тус газрын дарга Э.Жавхлантай уулзав. Тэрээр “Гэр бүлийн хүчирхийллийг тэглэнэ” гэдэг бол манай байгууллагын амбиц. Амбиц гэдгийг хүмүүс улс төрийн карьертай хольж ойлгох нь элбэг байдаг. Харин бид үүнийг том зорилго тавин түүндээ хүрэх тэмүүлэл гэж харж байна” гэснээр бидний яриа эхлэв.

-Танайхыг одоо ч “Хүүхдийн төлөө төв” гэдгээр хүмүүс илүүтэй мэддэг, ярьдаг. Нэр хаяг, зорилго чиглэл өөрчлөгдсөн нь яг хэдий үе юм бэ?
-Анх 1986 онд Хүүхэд, залуучуудын соёл хүмүүжлийн төв байгуулагдсан түүхтэй. 2012 он хүртэл зөвхөн хүүхдийн асуудлыг хариуцдаг байснаа өргөжиж, “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс” болсон. Харин 2016 онд шинэ Засгийн газар бүрдэж залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллага байх ёстой гэж үзсэнээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өргөжсөн.

-Та энэ газрын даргаар хэзээ томилогдов?
- Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сараас энэ албыг хаших болсон.

-Та бол манай уншигчдын хувьд “шинэ” хүн. Ажил албаны тухай ярихаас урьтаад хувь хүн талаас тань сонирхъё?
- Би Улаанбаатар хотод төрсөн. Аав минь цэргийн хүн учраас хаана л томилогдоно, манай гэр бүл тэнд дагаж явдаг байлаа. Дунд сургуульдаа л гэхэд долоон удаа шилжиж, аавыг Дорнодод 327-р ангийн захирагчийн орлогчоор томилогдоход манайх энд ирж суурьшсан. Миний хүүхэд нас, өсвөр үе, анхны үерхэл гээд бага насны минь дурсамж дурдатгал энд өнгөрсөн болохоор төрсөн нутгаас дутуугүй дотно санагддаг. 10 дугаар ангиа төгсөхийн үед аав минь Улаанбаатар руу томилогдсоноор дагаад шилжсэн.

-Хэдүйн хотожсон хүн яагаад орон нутгийг зорих болов?
- Би эрх зүйч, сэтгэл судлаач-нийгмийн ажилтан мэргэжилтэй. Эрх зүйгээр сурч байхдаа гэр бүлийн чиглэлээр дагнасан хуульч болъё гэж шийдсэн юм. Энэ тухай багшдаа хэлтэл чи үнэхээр гэр бүлийн чиглэлээр ажиллах гэж байгаа бол салж буй эхнэр нөхөр, өнчирч буй хүүхэд гээд сэтгэл зүйн асар их чадамж, мэдрэмж шаардсан хямралтай хүмүүстэй тулах болно. Тиймээс чамд сэтгэл зүйн мэдлэг хэрэгтэй гэж зөвлөсөн. Үүний дагуу сэтгэл судлалын тухай судалж, ном уншиж эхэлсэн л дээ. Дан ганц онолын ном уншаад ойлгохгүй юм билээ. Тэгээд л дахиад сэтгэл судлалаар сурсан. Ирээдүйд ажиллах чиглэл маань ерөөсөө л гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн судлал гэж тэр үед бодсон. Амьдралынхаа зорилгыг дагаж Дорноддоо ирсэн дээ.

-Яагаад заавал гэр бүлийн чиглэлээр ажиллана гэж зорих болсон юм бэ?
-Гэр бүлийн эрх зүйн хичээл ордог багш маань нөлөөлсөн болов уу. Хичээлээ тун ойлгомжтой, сонирхолтой заадаг байсан. Монголын гэр бүлийн эрх зүйн орчин, ирээдүйд үүсэх хандлага, засч залруулах тал гээд бүгдийг багшаасаа сурсан. Захиргаа, эрүү гэхээсээ илүү гэр бүлийн хуулийн орчинд л ажиллахыг хүссэн.

-Арван дөрвөн жилийн өмнө энэ байгууллагынхаа нэг жижигхэн өрөөнд сууж байхдаа хожмын өдөр энд дарга болно гэж төсөөлж ч байсангүй. Шанхайд байхдаа ч бас зүгээр сууж чадахгүй, монгол оюутнуудаа нэгтгээд үйл ажиллагаа зохион байгуулаад л гүйж явлаа-



\"\"

-Багаасаа нийгмийн идэвхитэй, хүн рүү, нийгэм рүү чиглэсэн ажил хийх сонирхолтой байж, тийм үү?
-Тийм шүү. Би арван жилд байхаасаа л сурагчдын зөвлөл, сурагчдын өөрөө удирдах байгууллагын идэвхитэй гишүүн. Оюутан болоод ч оюутны зөвлөл, залуучуудын холбоо, төрийн бус байгууллагад идэвхитэй ажилладаг байлаа. Дорнод аймагт сурч байхдаа тухайн үеийн “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл”-ийн гишүүн байсан. Сурч байсан 1 дүгээр сургуулиасаа сонгогдож хүүхдийн нэгдсэн зөвлөлд орсон юм. Тэр үед дээрх сонгуульт ажил нэр төрийн хэрэг байлаа шүү дээ. Одоо энэ ажлын байрныхаа нэг давхарт цуглаад өдрийг олон талын сургалтад хамрагдаж, хийх ажлуудаа төлөвлөж өнгөрүүлнэ. Арван дөрвөн жилийн өмнө энэ байгууллагынхаа нэг жижигхэн өрөөнд сууж байхдаа хожмын өдөр энд дарга болно гэж төсөөлж ч байсангүй. Шанхайд байхдаа ч бас зүгээр сууж чадахгүй, монгол оюутнуудаа нэгтгээд үйл ажиллагаа зохион байгуулаад л гүйж явлаа.

- Шанхай гэснээс Шанхайн боловсролын академийн тэтгэлэгт хөтөлбөрт сурагчдыг хамруулж байсан санагдана?
-Их сургуулиа төгсчихөөд хоёр жилийн дараа Шанхайд тэтгэлгээр магистр хамгаалах боломж олдсон юм. Нийгмийн идэвхитэй байсан минь давуу тал болж тэтгэлэгт хамрагдсан. Тэнд байгууллагын удирдлагын чиглэлээр сурчихаад Монголдоо ирэхэд UBS телевизээс “Улс төрд шинэ манлайлагч” төсөл зарласан юм. Нийгэмд эерэг өөрчлөлт, эерэг манлайлал авчрах зорилготой залуучуудын нэгдэл болсон энэ төсөлд дөрвөн зүг найман зовхисоос цугласан 1700 гаруй залуу оролцсоноос шилдэг 15 залуугийн нэгээр шалгарч үлдсэн. Энэ төсөлд оролцсоныхоо дараа ажлын гараагаа орон нутгаас эхлэхээр шийдэж Дорнодод ирсэн. Энд ирээд хэд хэдэн төсөл санаачилсны нэг нь “Манлайлагч сурагч” хөтөлбөр. Хөтөлбөрийн шилдэг төгсөгч нартаа Шанхайд тэтгэлгээр дээд боловсрол эзэмших боломж олгосон бол дэд байранд орсон сурагчдаа зуны амралтаар Шанхайд аялангаа суралцах эрхийг олгосон. Мөн миний хувьд “Улс төрд шинэ манлайлагч” төслөөс шилдэг оролцогч болсон маань Дорнодынхонд танигдах эхлэл болсон гэх үү дээ.

-Таныг шаггүй сайн илтгэгч гэдгийг бас мэдэх юм?
-Нийгмийн идэвхитэй байна гэдэг их олон ур чадвар шаарддаг л даа. Удирдан зохион байгуулах, манлайлах, илтгэх, мэтгэлцэх гээд л олон зүйлд суралцдаг юм билээ. Нэг ажлыг зохион байгууллаа хэрхэх вэ, түүнийгээ яаж хөтлөх вэ гээд л... Энэ бүгдийг дагаад тухайн хүн өөрөө хөгждөг. Хүүхэд байхдаа Дорнодын 104 фм-ийн хөтлөгч байлаа шүү дээ. Нийгэмд хэр оролцоотой байна тэр хэрээр хүн маш их хөгждөг гэдгийг залууст хэлмээр санагддаг. Бас нэг зүйлийг энэ дашрамд хэлэхэд, амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуус нэгнийгээ өрсөлдөгч гэж харалгүйгээр хамтрагч гэж бодон нэгдэж ажиллах хэрэгтэй. Энэ надаас илүү гарчих вий гэсэн ахархан бодолд битгий автаасай, хамтарч ажилладаг байгаасай гэж бодож байна.

-Спортод хэр элэгтэй вэ, спиннингээр хичээллэдэг бил үү?
-2010 онд Шанхайд оюутан болж очиход спиннинг ид хүчээ авч байсан. Спортын энэ төрөл эрч хүчтэй, шинэлэг санагдсан учраас хоёр жил гаруй хичээллээд Монголдоо очоод спиннинг нэвтрүүлнэ дээ гэж бодож Дорнодод анхны спиннинг нээж хичээллүүлж байлаа. Жил хэртэй тогтвортой ажиллуулж байгаад төрийн байгууллагад ажиллах болсон учраас Афта компанид шилжүүлсэн.

-Ерөөсөө гэртээ битгий суу л гэж хүмүүст хэлмээр санагддаг. Гэртээ Солонгосын олон ангит кино үзэж суугаад хөгжихгүй шүү дээ-


\"\"

-Таныхаар гэр бүлийн хөгжил, хүүхдийн хөгжил, залуучуудын хөгжил гэж яг юу вэ. Товчхон хариулаач?
- Гэр бүлийн хөгжил гээд ярихаар гэр бүлийн чиглэлээр бүх насныханд зориулсан сургалт мэдээллийн хөтөлбөрийг батлах ёстой гэж боддог. Үүний дагуу бүх хүнд системтэйгээр гэр бүлийн боловсрол олгожчадвал энэ нь гэр бүлийн хөгжил юм болов уу. Залуучуудын хөгжил бол үндсэндээ нийгмийн идэвхи. Нийгэмдээ идэвхи оролцоотой байх тусам залуус хөгждөг. Бид залуусын нийгмийн оролцоог нь хангаж хөгжүүлэх тал дээр үе шаттайгаар ажиллаж байна. Үүнд, “Бид Дорнодын залуус” аяныг нэрлэж болно. Мөн төрийн бус байгууллага, олон улсын сайн дурын байгууллага, оролцооны байгууллагын салбарыг орон нутагтаа ажиллуулах, тэнд залуучууд хүсэл сонирхлоороо нэгдэн ажиллах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ажил гэр хоёрын хооронд яваад залуус хөгжихгүй. Залуус хөгжихгүй байна гэдэг нь гэр бүл хөгжихгүй гэсэн үг шүү дээ. Гэр бүлийн гишүүн бүр олон төрлийн сургалт, дугуйлан, секцэндхамрагдаж, тэр хэрээр нийгмийн идэвхитэй байх хэрэгтэй. Гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлдэг, хааяа гадуур хооллодог, очиж тоглодог газартай байх хэрэгтэй. Эхнэр нөхөр хамтдаа спортоор хичээллэдэг, гадуур зугаалдаг, гэр бүлээрээ олон газар үйлчлүүлдэг байвал тэр хэрээр гэр бүлийн уур амьсгал, харилцаа ч таатай байна. Ахмад настнууд ч мөн нийгмийн идэвхитэй байх хэрэгтэй. Ерөөсөө гэртээ битгий суу л гэж хүмүүст хэлмээр санагддаг. Гэртээ Солонгосын олон ангит кино үзэж суугаад хөгжихгүй шүү дээ.

-Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэж үг бий. Танай гэр бүлийн хөгжил ямар түвшинд байгаа бол гэж асуумаар санагдлаа?
-Манайх саяхан хоёр ихэр хүүтэй болсон. Эхнэр маань одоогоор хүүхдүүдээ харж байна. Харин том охин маань ЕБС-д суралцдаг. Ихрүүд жаахан байгаа болохоор гэр бүлээрээ гадуур явах, зугаалах гээд нийгмийн идэвхитэй байх боломж нөхцөл одоогоор хомс л байна. Гэхдээ гэр бүлээрээ хоолны газраар их орно оо. Том охиноо сургуульд нь хүргэж өгөх, авахдаа хоорондоо ярилцаж, аль болох юу хүсч байгааг нь сонсохыг хичээдэг. Гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй л байна. Загасчны морь усгүй гэдэг шиг Хүүхдийн баяр болно, Март болно бусад хүмүүсийг яаж баярлуулах вэ, яах вэ гээд завгүй гүйгээд эхнэр, хүүхдээ сайн баярлуулж чадахгүй байх тал бий.

-Танай байгууллагын амбицыг дээр цухасхан дурдаад өнгөрсөн. Одоо жаахан дэлгэрүүлье. Гэр бүлийн хүчирхийллийг тэглэх боломжтой юу?
-Энэ жилийг манайх “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Гэр бүлийн хүчирхийллийг тэглэнэ гэдэг бол ганц агентлаг, ганц даргын хийх ажил биш шүү дээ. Үйлдвэрлэлийн ослыг тэглэнэ гэж ярьдаг шиг бид гэр бүлийн хүчирхийллийг тэглэнэ гэсэн зорилт тавъя гэж бодсон. Яагаад ийм тэмүүлэл, мөрөөдөл байж болохгүй гэж. Энэ хүрээнд маш олон ажил хийхээр төлөвлөөд байна. Хамгийн гол нь хүүхэд, залуус, гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн хоорондын харилцаа, хүүхдийн хүмүүжил төлөвшил гэсэн сэдвээр сургалт мэдээллийг тогтмол, системтэйгээр өгч чадвал хүсээгүй жирэмслэлт, салалт, хүчирхийлэл багасна гэдэгт итгэлтэй байна. Гэрлэлт гэдэг нэг насны ханиа, амьдралаа сонгож байгаа хэрэг. Хоёр өөр орчинд төрж өссөн хүмүүс гэр бүл болоход олон саад бэрхшээл, асуудал тулгарна. Тэр бүрийг яаж шийдэх, зохицуулах, хэрхэн даван туулах тал дээр бид мэдлэг мэдээлэлтэй байх учиртай. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэсэн зорилгодоо хүрчихвэл салалтыг багасгана гэсэн зорилт тавина.

-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-тэй болно гэж байсан. Гэрлэлтээ бүртгүүлэх хосууд гэр бүлийн модуль сургалтад хамрагдаж, батламжаа гардан гэр бүл болох юм гэж сонссон. Хосууд гэрлэлт, гэр бүлийн утга учрыг мэдэрч, алсдаа гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг багасгах зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх нь гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Манай аймагт жилдээ 470 орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 90 орчим гэр бүл шүүхийн байгууллагад хандан гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо баримт бий. Гэрлэлтээ батлуулж буй 500 орчим гэр бүл “Гэрлэх ёслолын өргөө\"-д ёс төртэй гэрлэлтээ батлуулдаг болж, гэр бүлийн модуль сургалтад хамрагдаж, “Хайрын андгай” өргөдөг болно. Бид гэр бүлийн үүрэг хариуцлага, гэрлэлт, хүүхэдтэй болоход бэлтгэх сургалт, бага насны хүүхэдтэй гэр бүлийн сургалт, өсвөр насны хүүхэдтэй гэр бүлийн сургалт зэрэг сургалтын хөтөлбөрөө боловсруулж байна. Гэр бүл болно гэдэг бол “тоглоом” биш, маш том үүрэг хариуцлага гэдгийг залуучууд ухамсарлаж ойлгож байж л гэрлэлтээ батлуулдаг болохын төлөө бид зорьж ажиллаж байна. Ингэснээр салалт, хүчирхийлэл багасна. Эцэг эхчүүд ч хүүхдээ хэн нэгэнтэй үерхэж байхад удам судрыг нь харж, судалдаг байх хэрэгтэй. Хүүхдүүд өөрсдөө удам судраа мэдэхгүй, төрөл садангаа танихгүйн гайгаар цус ойртолт ихэсч байна. Хэрлэн сумын Засаг даргын гаргасан гэр бүл болохсод цусны шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн санаачлагыг дэмждэг шүү.

-Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн салалт гэхээр хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлэх ёстой.Үүний тулд эцэг эхчүүдэд ч мөн зааж зөвлөх хэрэгтэй байх. Тэгэхээр эргэх холбоотой, тодорхой системтэй цогц үйл ажиллагаа хэрэгтэй байх шиг?
-Яг үнэн. Герман улсад гэхэд бага нас, өсвөр нас, гэрлэх насны хүүхэдтэй гэр бүлийн сургалт, ахмад настантай гэр бүлийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулдаг юм билээ. Сургалтын системээ төрөөс албан ёсоор батлаад, ард иргэд нь суух ёстой байдаг. Харин манай улсад гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр албан ёсоор баталсан хөтөлбөр байхгүй. Боловсруулж байгаа. Бид хүлээж суухгүйгээр, аймгийнхаа хэмжээнд боловсруулж, батлахаар ажиллаж байна. Мөн төрийн байгууллагуудад гэр бүлийн тухай сургалт орно. Бүх насныханд чиглэсэн сургалт хийхээр төлөвлөж байна. Нэг зүйлийг энд хэлэхэд, төрийн байгууллага хэтэрхий их ажилд дарагдаад байгаа юм болов уу хардаг. Бодлогоо тодорхойлох, батлах, хэрэгжүүлэх гээд бүх үйл явцад оролцож байна. Солонгос улсын жишээн дээр ярихад, төрийн байгууллага нь бодлогоо тодорхойлоод төрийн бус байгууллагууд хэрэгжүүлдэг юм билээ. Харин төрийн бус байгууллагууд хүртээмжтэй, тогтвортой ажилладаг. Төрийн бус байгууллагууд чадамжтай байвал тэнд ажлын байр бий болно. Чадварлаг мэргэжилтнүүд тэнд ажиллана шүү дээ.

-Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ-



\"\"
-Одоогийн залуу эцэг эхчүүдийг харахаар хүүхэддээ цаг зав бага зарцуулаад байх шиг. Их ажилдаа түүртээд тэгдэг юм уу, хүүхдээ утастай л “нөхөрлүүлээд” байгаа харагдах юм?
-Хүн яагаад ажил төрөл эрхэлдэг юм бэ гээд бодохлоор мөнгө олохын л төлөө биздээ. Харин тэр мөнгөө үр хүүхэддээ зориулах гэж, хангалуун сайхан амьдруулах гэж л ажиллаж байгаа шүү дээ. Эцсийн зорилго нь гэр бүлдээ зарцуулах гэж мөнгөний төлөө зүтгэж байгаагаа мартчихдаг тал бий. Өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байгаа юм. Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ. Саяхан нэгдүгээр ангид орж байсан хүүхэд маань одоо сургуулиа төгсөж байна, ямар хурдан юм бэ гээд л бахархах, халаглах хоёрын хооронд ярьж буй хүмүүс их бий. Хүүхдэд эцэг эхийнх нь анхаарал халамж л хэрэгтэй. Хүүхэддээ цаг гаргадаг эцэг эхчүүд л хүүхэдтэйгээ ойлголцдог, шийдвэр гаргахад нь тусалж дэмжиж, ойр дотно байдаг. Гахай гахайгаа таньж, бурхан бурханаа танина гэж үг бий. Таны хүүхэд ямар орчинд хүмүүжиж, ямар хүмүүстэй харилцаж байна тэр хэмжээндээ л сэтгэж, тэр хүрээллээсээ л ханиа сонгоно. Анхнаас нь хүүхдээ хүнтэй суухад харж хянаж чадаагүй эцэг эхчүүд салахад нь бас юу ч хэлж чаддаггүй талтай.

-Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил гээд ярихаар танай байгууллагын цар хүрээ их өргөн харагдаж байна л даа. Танайх хэдэн ажилтантай вэ?
-Тийм шүү, нийгмийн бүх давхаргад хүрч ажиллах ёстой агентлаг юм. Гэхдээ бид аймгийнхаа бүх хүнд хүрч ажиллаж чадахгүй. Зорилтот бүлгийнхээ хүрээнд тэдний ахуй амьдралд нь ахиц дэвшил, үр дүн гаргаж чадаж байвал бид үр дүнтэй ажиллаж байна гэж боддог. Өнгөрсөн жил л гэхэд залуучуудын 35 хувьд, гэр бүлийн 40 орчим хувьд хүрч ажилласан. Манайх одоогоор 4 албатай, 25 ажилтантай. Дэргэдээ өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох “Аз жаргал төв”, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байртай. Хамгаалах байр маань тодорхой хэмжээний нууцлалтай байдаг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байр гэлээ. Тэнд ирж буй хүмүүсийн тоо өсч байна уу, буурч байна уу?
-Ийм хамгаалах байр аймаг бүрт байдаггүй. Манай аймаг энэ тал дээр харьцангуй туршлагатай. Хүчирхийлэлд өртөж буй хүүхэд, эмэгтэйчүүдтэй хамтарсан баг ажилладаг. Тэд хүчирхийлэлд өртөж буй тэдгээр хүмүүсийн аюулын зэргийг тодорхойлдог. Үйлчлүүлж буй хүмүүсийн тоо олон жилийн дундаж хэмжээнд л байна даа.

\"\"
-Танай үйл ажиллагаа сумдад хэр хүртээмжтэй байна?
-Өнгөрсөн жилийн тухайд хангалттай ажиллаж чадаагүй гэж бодож байна. Харин энэ жил нэг суманд гурваас доошгүй удаа очиж ажиллана гэсэн зорилт тавьсан. Мөн аймгийн удирдлагаас энэ жил агентлаг хэлтсүүдийг сумд руугаа чиглэж ажиллах заавар өгөөд байгаа. Тэр ч утгаар төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан. Төрийн байгууллагуудын удирдлага, хариуцсан мэргэжилтнүүдийн дунд болсон уг зөвлөгөөнөөр төрийн байгууллагууд сумдад ажиллахдаа нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллая, нэг цэгийн үйлчилгээ үзүүлье гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Аймгийнхаа хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулна гэсэн том зорилгынхоо төлөө тууштай зүтгэлийг танаас хүсье.
-Баярлалаа. Том зорилгодоо хүрчихээд “Дорнод” сонины хуудсаар уншигчидтайгаа дахин уулзана аа. Танд ч бас ажлын амжилт хүсье.

Э. ОТГОНТУЯА
  • Отгонтуяа
  • 2055
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 3 )

DR. UROLOGIST [127.255.255.255] 2023-02-02 17:51:04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST [127.255.255.255] 2023-02-02 17:51:04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR UROLOGIST [102.89.1.9] 2021-09-06 04:10:00

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313