“Flower” сургуулийн захирал Мөнхтамгын БАЙГАЛМАА: ГУРВАН ӨРӨӨ БАЙР ХУДАЛДАЖ АВААД СУРГУУЛИА НЭЭЖ БАЙЛАА
Улиран одсон 2017 онд Дорнод аймгийн боловсролын салбарын хувьд ихээхэн онцлогтой, амжилттай жил байлаа. Тэр ч утгаар шинэ оны эхний дугаартаа боловсролын салбар тэр дундаа сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын чансаагаар аймагтаа тэргүүлж буй хамт олон болох “FLOWER” сургуулийг онцлон, М.Байгалмаа захирлыг ярилцлагын зочноор урьсан юм. Дорнодын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж яваа удам залгасан багш тэрээр бидний саналыг уриалгахан хүлээж авсан. Болзсон цагтаа сургууль руу нь очиход Байгалаа багш төгсөх ангийн сурагчиддаа химийн хичээлээ зааж байв.
-Шинэ оны мэнд, Байгалаа багш аа. Өнгөрсөн он боловсролын салбарын хувьд ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө?
- Шинэ оны мэнд ээ. Дорнод аймгийн Боловсролын салбар 2017 онд амжилтаар дүүрэн байсанд сурган хүмүүжүүлэгч бид баяртай байна. Улсын хэмжээнд ЭЕШ-ын аймгуудын чансааг тэргүүлж, тэр туршлагаа орон даяар танилцуулан “Дорнодын боловсрол”-ийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан гээд олон амжилтуудыг дурдаж болно.
-Энэ амжилтуудад танай хамт олны хувь нэмэр бий гэж бодож байна?
- Баярлалаа. Манай сургууль сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын дүнгээрээ аймагтаа тэргүүн байр эзэлж байгаа. Тэр ч утгаар хувь нэмэр байлгүй л яахав. 2009 онд манай анхны төгсөгчид ЭЕШ-ын дүнгээр аймагтаа 4 дүгээр байрт орж байлаа. Үүний дараа 2012 онд хоёр дахь төгсөгчид маань төгссөн.Түүнээс хойш ЭЕШ-ын дүнгээрээ тасралтгүй тэргүүн байрт орж байна. Улаанбаатар хотод зохион байгуулсан “Дорнодын боловсрол” өдөрлөгөөр бидний туршлагыг сонирхсон хүмүүс их байсан шүү.
-Манай уншигчдад ч сонирхолтой байгаа байх. Танай сургуулийн сайн туршлага, амжилтын нууц нь чухам юу юм бэ?
-Энэ тухай сонирхдог хүмүүс их. Хүүхдүүд чинь ийм сайн байгаа нь юундаа байна вэ, сайн багштайдаа байна уу гээд л.Хөдөө, орон нутгийн сургуульд шилдэг, сайн гэсэн багш болгоныг урьж авчраад, хичээл заалгах санхүүгийн боломж хомс. Манай сургууль ажилд орьё гээд ирсэн хэн бүхэнд нээлттэй. Бид шинэхэн төгссөн залуу багш нарыг ажилд авахыг зорьдог. Тэгээд шинэ залуу боловсон хүчнээ сайн, шилдэг болгон хөгжүүлэхийг хичээдэг. Залуу хүмүүс хурдан хөгждөг, алдаа дутагдлаа дорхноо ойлгоод арилгаад авчихдаг.
- Өнгөрсөн жил МУИС-ийн багш нар ирээд “Төгсөгч нараа МУИС-д оруулаарай. Танай хүүхдүүд англи хэл сайтай, ачаалал даах чадвартай, цаашаа хөгжүүлэх бүрэн боломжтой ирдэг” гэж байсан -
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ төгсөх дөхөөд ирэхээр нь л сайн сургууль руу шилжүүлнэ гээд танайх руу оруулдаг байдал ажиглагддаг. Энэ хэр үр дүнтэй байдаг юм бол?
-Манай сургуульд багаасаа сурсан хүүхдүүд ЭЕШ-д их өндөр оноо авдаг шүү дээ. Шилжиж ирсэн дотор сайн хүүхдүүд байдаг ч өндөр оноотой хүүхдүүдээ харахлаар их төлөв манай үндсэн хүүхдүүд л байдаг юм. ЭЕШ-д ганц хоёрхон жил бэлдээд өндөр оноо авна гэж байхгүй. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээс шалтгаална. Өнгөрсөн жилийн тухайд манай сургуульд 1 дүгээр ангиасаа элсэн сурсан байсан хүүхдүүд төгссөн. Тэд их өндөр оноотой тэргүүлсэн шүү. Анги дүүргэлтийг харахаар бага анги, ахлах анги олон хүүхэдтэй. Харин дунд анги цөөвтөр байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ бага ангид нь манайд сургачихаад суурийг нь сайн тавьчихлаа гээд дунд ангид нь шилжүүлчихдэг. Тэгээд төгсөх дөхөөд ирэхээр нь буцаагаад шилжүүлээд ирдэг. Би хувьдаа үүнийг маш буруу гэж боддог. Яагаад гэвэл 6-9 дүгээр ангид салбар шинжлэх ухааны хичээлүүд салдаг, хүүхдийн оюун ухаан ч гэсэн задарч, өөрөө сэтгэж төлөвшиж эхэлдэг. Яг энэ үед нь зөв системээр сургах хэрэгтэй. Ер нь хүүхдийг багаас нь нэг л системээр сургах нь илүү үр дүнтэй.
-“Flower” сургуулийн төгсөгчид их дээд сургуульд элссэн үзүүлэлтээрээ улсад дээгүүр байр эзэлдэг гэж сонссон юм байна?
- Их, дээд сургуулийнхан манай төгсөгчдийг тун дуртай хүлээж авдаг. Өнгөрсөн жил МУИС-ийн багш нар ирээд “Төгсөгч нараа МУИС-д оруулаарай. Танай хүүхдүүд англи хэл сайтай, ачаалал даах чадвартай, цаашаа хөгжүүлэх бүрэн боломжтой ирдэг” гэж байсан. Ер нь манай хүүхдүүд их дээд сургуульд 100 хувь хамрагддаг. Улсын хэмжээнд ЭЕШ-ын чансаагаар Топ-20 сургуульд багтдаг, өнгөрсөн жилийн тухайд 4-т багтсан амжилттай байна. Нэг талаас, манай сургуулийн анги дүүргэлт улсын сургуультай харьцуулахад бага. Тиймээс багш нар хүүхдүүддээ хүрч ажиллах боломж их байдаг нь амжилтад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь.
-Сүүлийн жилүүдэд сургалтын арга барилд“хүн” болгож төлөвшүүлэх, “Зөв иргэн” болгох тал дээр илүүтэй анхаардаг болсон. Нэгэнтээ сурлагын амжилт, үзүүлэлтээрээ танайх манлайлж байгаа юм чинь энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Сургуулиа дөнгөж байгуулчихаад эхний хэдэн жилдээ бол зөвхөн сурлагыг анхаарч ажилладаг байсан минь үнэн. Харин сүүлийн жилүүдэд энэ тал дээр их анхаарч байгаа. Хүүхдүүдээ бүх талаас нь өв тэгш хөгжүүлэх ёстой гэж боддог. Хүүхдүүд маань сайн сурахын тулд нэн тэргүүнд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл, мэдлэг боловсролтой байхын зэрэгцээ хүнлэг, энэрэнгүй байх учиртай. Тиймээс бид бусдыг хайрлах, хүндлэх тал дээр түлхүү анхаарч байна. Төлөвлөгөөний дагуу хичээлээс гадуурх ажлуудаар хүүхдээ төлөвшүүлдэг. Бид сар бүрийг хичээлүүддээ хуваан, сургалт хүмүүжлийн ажлаа төлөвлөж зохион байгуулдаг.Жишээлбэл, 9 дүгээр сар Биеийн тамирын сар, 10 дугаар сард “Halloween”-ий баяр болдог учраас гээд Англи хэлний сар, харин 11 дүгээр сард Математикийн сар болно. Тэр үеэр бүх ангидаа “Шатрын тэмцээн” зохиож, бие биедээ зааж зөвлөж, ангийн аваргаа шалгаруулдаг. Хоёрдугаар сард Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болдог болохоор Монгол хэлний сар болгож Монгол ёс заншил, арга ухааныг хүүхдүүдэд зааж сургана. Харин 4 дүгээр сард ургамал ногоо ургаж, байгал дэлхий сэргэх үеэр Байгалийн ухааны хичээлийн сар болдог. Тэр үеэр хүүхдүүд маань автобустай аялалд гардаг гэхчилэн хүмүүжил төлөвшлийн ажлыг хийж хэвшсэн.
- Сургуулиа цаашид яаж хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бид байнгын эрэл хайгуул хийдэг -
-Саяхан “Шинэ Монгол” сургуулийн захирал Галбадрахын ярилцлагыг уншиж байхад “Орон нутагт хамтарч ажиллах сургууль байвал салбар сургуулиа нээхэд бэлэн” гэсэн нь анхаарал их татсан. Хэрвээ танд ийм боломж олдвол хамтрах уу?
-Сургуулиа цаашид яаж хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бид байнгын эрэл хайгуул хийдэг. Хотын сайн сургуулиудаас туршлага судлах, хамтарч ажиллахад анхаарна аа. Манайхтай байнгын харилцаатай хэд хэдэн сургууль бий. Орон нутгийн хувийн сургуулиуд орчин нөхцөл, санхүүгийн боломж гээд олон үзүүлэлтээрээ хотын сургуулиудаас асар их ялгаатай л даа. Улаанбаатар хотын хамгийн бага төлбөртэй сургууль гэхэд л жилийн төлбөр нь 2 сая. Тэгтэл орон нутагт хувийн сургуулийн төлбөр ямар билээ, боломж нь юу ямар билээ. Нэн тэргүүнд сургуулиа өргөтгөх тал дээр анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Танай сургуульд л хүүхдээ өгье гэсэн эцэг эхчүүд их байх шиг. Тэгтэл хараажаар сургуулийн байр нь багадаад хэцүүхэн санагддаг шүү. Ойрын хугацаанд сургуулиа өргөтгөх үү?
-Тэр тийм шүү. 2005 онд 9 хүүхэдтэй байгуулагдаж байсан сургууль маань одоо 310 хүүхэдтэй болчихсон. Энэ хугацаанд сургуулиа өдий зэрэгтэй болгох, сурагчдынхаа сургалт хүмүүжилд анхаарах гээд орчин нөхцөл талаа орхигдуулсан шиг байгаа юм. Харин одоо нэн тэргүүнд газрын асуудал шийдэгдчихвэл сургуулиа өргөтгөх төлөвлөгөө байна.
- Дэлхий даяаршиж, англи хэл хаана ч явсан хэрэг болох нь ээ гэдгийг Ирландад байхдаа л ойлгосон -
-Таныг Ирланд явж ирчихээд сургуулиа байгуулсныг мэдэх юм. Одоогоос арав гаруй жилийн өмнө гэхээр англи хэл дэлхийн хэл болж, бидний үр хүүхдэд зайлшгүй хэрэгтэй болох нь гэдгийг их соргогоор мэдэрч дээ гэж боддог?
-Дэлхий даяаршиж, англи хэл хаана ч явсан хэрэг болох нь ээ гэдгийг Ирландад байхдаа л ойлгосон. Би өөрөө сурган хүмүүжүүлэгч, багш хүний хувьд цаг тутам суралцаж, өөрийгөө хөгжүүлж, боловсруулж байх шаардлагатай гэж боддог. Тиймдээ ч аймгийн БСУГ-т ажиллаж байхдаа Удирдлагын академид суралцахаар шийдээд хот рүү шилжсэн. Үүний дараа илүү их боловсрох хэрэгтэй гээд гаднын улсыг зорьсон. Ирландад очоод хэлгүйн зовлонг бие сэтгэлээрээ мэдэрсэн дээ. Нутагтаа очоод л хэлний сургалт нээе, боловсролын салбарт хувь нэмрээ оруулъя гэж зорьсон. Ирээд хурааж хуримтлуулсан мөнгөөрөө 3 өрөө байр худалдаж аваад л, сургуулийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байлаа. Эхний таван жил үнэхээр хүнд хэцүү байсан. Дэмжиж туслах хүмүүс нь цөөн, буруугаар ойлгож хүлээн зөвшөөрөхгүй хүн нь олон байлаа. Одоо л хөл дээрээ тогтож, жигдэрч байна шүү дээ.
-Танаас “дарга” биш “удирдагч, манлайлагч” шинж чанар “ханхладаг”?
-Би сургуулийнхаа захирлын албыг хашдаг ч гэлээ, хичээлээ заагаад л, ажилчид дундаа орчихсон л гүйж явдаг. Захирлын өрөөндөө, захирлын ширээн дээрээ тогтож суух нь цөөн. Багш ажилчид, сурагч хүүхдүүдтэйгээ ойр байж чаддаг учраас юу нь болж, юу нь болохгүй байна гэдгийг харж чаддаг нь давуу тал гэж боддог шүү. Бусад сургуулийн захирлаас ялгарах миний онцлог тэр юм даа. Би сурагчиддаа 8 дугаар ангиас нь химийн хичээл ордог. Хүүхдүүдийн маань алдаа дутагдал, ололт амжилт нь юу байна гэдгийг бүгдийг судалдаг. Хүүхдүүдээ судалсны үр дүнд хичээл сонгох, мэргэжлээ сонгоход нь тусалдаг. Багш, хүүхдүүддээ зүгээр нэг хэлэх, захих, ажил даалгах, үр дүн шаардахыг илүүд үздэггүй. Харин өөрөө хамт хийж үлгэрлэж, араасаа дагуулахыг хичээдэг. Манай сургууль хичээл бүрээр ЭЕШ-д оноогоороо тэргүүлэхийг зорьдог. Би өөрийн заадаг химийн хичээлээрээ аймагтаа тэргүүлж чадахгүй байж бусад багш нарыг тэргүүлсэнгүй гэж шахаж шаардаж болохгүй биз дээ.
-Олон жил боловсролын салбарт ажиллаж байгаа тань шиг удирдагчаас асуухгүй өнгөрч болохгүй санагдаад байна л даа. Таны сурган хүмүүжүүлэх зарчим юу вэ?
-Хүүхдүүдээ өөрийн гэсэн зорилготой байж, хийх юмаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэдэг болоосой гэж хүсдэг. Миний баримталдаг гол зарчим бол цагийг зөв ашиглах, цагийн юмыг нь цагт нь хийх. Манай сургуулийн хөтөлбөр шахуу байдаг учраас хүүхдүүд маань сууж сурдаг, хийх ёстой зүйлээ цаг тухайд нь чанартай хийж даддаг. Зарим эцэг эх хүүхдийг хэтэрхий их суулгалаа гэх нь бий. Шинээр хүүхэд элсүүлэхдээ анхнаасаа эцэг эхтэй нь маш нарийн гэрээ байгуулдаг. Сууж сурсан хүүхэд ачаалал даадаг, хийнэ гэснээ хийж дуусгадаг. Мөн бид хичээл бүр дээр стандарт агуулгыг нь заавал судлуулахыг зорьдог. Стандарт агуулгаа бүрэн судалсан хүүхэд цаашид хангалттай хөгжих боломжтой.
-Эрэлт их байгаагийн хувьд элсэгч нартаа шалгуур, үзүүлэлт тавьдаг уу?
-Манай сургуульд элсэхийг хүссэн хүүхдүүдээс түвшин тогтоох шалгалт авдаг. Тэгээд эцэг эхтэй нь гэрээ байгуулна. Эцэг эхчүүдэд хэлдэг миний ганц зүйл бол “Бид бараа таваар зарж борлуулж байгаа биш. Бид “хүн” төлөвшүүлж байна. Тиймээс олон сургууль дамжуулан ийш тийш битгий шилжүүлээрэй” гэж хэлдэг. Хүүхдэд сургууль, багшийн заах арга барилд дасах зохицох, ангийн найз нөхөдтэйгөө дотносох нөхөрлөх гээд асуудлууд их шүү дээ. Амьдралд хөл тавиад унаж босч явахад арван жилийн ангийн найзууд л их тусалдаг шүү дээ. Олон сургууль дамжин шилжсэн хүүхдэд төлөвшлөөс эхлээд, шалгуур даах сайн найз нөхдийн асуудал тулгараад байх шиг санагддаг.
-Танайх англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн хувьд төгсөгчид нь англи хэлний түвшин маш өндөр байдаг. Гаднын их дээд сургуулиудтай харилцаа холбоотой ажиллаж, төгсөгчдөө гадаадын их дээд сургуульд элсүүлэх, тэтгэлэгт хамруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
- Манай хүүхдүүд шууд гадны их дээд сургууль руу суралцах бүрэн боломжтой хэлний мэдлэг эзэмшиж төгсдөг. Хэд хэдэн сургуультай харилцаа холбоо тогтоосон ч, эхний жилээсээ тэтгэлгээр сурах боломж бага, хүүхдэд ялангуяа эцэг эхчүүдэд хүндрэлтэй санагдсан. Миний бодлоор гадны орнуудад сурахад “Засгийн газрын тэтгэлэг” хамгийн найдвартай. Тиймээс дотоодын их дээд сургуульдаа суралцаж байгаад солилцооны хөтөлбөрөөр Засгийн газрын тэтгэлгээр хүүхдүүдээ сургахыг эцэг эхчүүддээ зөвлөдөг. Манай төгсөгчид ихэнх нь энэ чиглэлээр 2, 3-р дамжаанаасаа гадагшаа явж байна, бүгд амжилттай сурч байгаа.
-Зарим эцэг эх хүүхдээ зөвхөн багшид даатгаад орхидог. Гэтэл хүүхдийн төлөвшилд гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал шүү дээ. Энэ тал дээр эцэг эх рүү чиглэсэн ямар ажил хийдэг вэ?
-Танайд төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа юм чинь гээд бүгдийг бидэнд даатгадаг хүмүүс цөөнгүй байдаг л даа. Бид эцэг эхчүүдтэй уулзаж, хүүхэд хүмүүжлийн талаар сургалт явуулж, харилцан ярилцаж ойлголцохыг чухалчилдаг. Хүүхэдтэй хэрхэн харьцах, тэднийг хэрхэн ойлгох талаар ярилцаад, сургалт явуулаад ирэхээр эцэг эхчүүдийн ойлголт хандлага өөрчлөгддөг шүү.
-Таны хань Доржжанцан сургуулийнхаа арын албыг хариуцаж, та сургалтаа даагаад гэр бүлээрээ хүний хүүхдүүдийн төлөө зүтгэж байгаа харагддаг.Гэр бүлийн тань тухай яриа өрнүүлье?
-Тийм шүү. Миний хань аж ахуй талдаа их сайн. Би арын алба, аж ахуйдаа санаа зовохгүйгээр хичээлээ заагаад, багш нараа удирдаад сургалтаа голлоод явчихдаг. Манайх 3 сайхан охинтой. Том охин маань өөрийн хүчээр Америкт сурч боловсрол эзэмшээд тэндээ амьдарч байна. Дунд охин маань АШУИС-д сурдаг. Бага маань дунд сургуулийн сурагч.
-Багш, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд охиддоо юу гэж захидаг вэ?
-Би удам залгасан багш хүн шүү дээ. Аав ээж хоёр маань их ухаантай, хүүхэд хүмүүжүүлэх гайхалтай арга барилтай хүмүүс. Миний хувь би бол “Хал нь гаднаа, хайр нь дотроо” тийм л ээж хүн. Багаасаа зөв хүмүүжсэн хүүхэд хожмоо аав ээжийнхээ чихийг халууцуулахгүй, биеэ даагаад явчихдаг гэж боддог.
-Таныг ингээд харахлаар өөртөө цаг зав гаргаж амждаггүй юм шиг санагдлаа. Сүүлийн жилүүдэд чөлөөт цаг, хоббигоо мартах шахуу л явна уу?
-Ингээд бодохлоор сургуулиа аймгийн тэргүүн байлгах гэж зорьсон зоригодоо хүрэх гэж цаг наргүй зүтгэсэн байна шүү. Би уг нь аялал жуулчлалд их дуртай. Хүн нэг газраа удаан байхаар зэвэрчихнэ гэж боддог юм. Гэтэл би чинь сүүлийн 10 жил аймгаасаа холдоогүй шахуу л явна. Нэгэнтээ сургууль маань зүгширчихсэн болохоор найдвартай, итгэлтэй хүмүүстээ үлдээгээд өөртөө цаг зав гаргая гэсэн бодол байна. Бас хотод сургуулийнхаа салбарыг нээе гэсэн зорилго бий. Дорнодын гаралтай Улаанбаатарт амьдарч буй хүмүүсээс ийм санал их ирдэг юм.
-Нийслэл хотод “Flower” сургууль нээгдэх цаг мөч удахгүй биз ээ. Танд ажлын амжилт хүсье.
Э.ОТГОНТУЯА