
14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өнөөдөр (3-р сарын 4) АИХ-ын ордонд хэвлэлийн бага хурал хийж, хурлын хэвлэлийн төлөөлөгч Лөү Чиньжянь гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2024 онд Хятадын ДНБ анх удаа 130 их наяд юанийг давжээ
Хятадын эдийн засагтай холбогдуулан Лөү Чиньжянь танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн орны есдүгээр сарын 26-нд болсон ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны хуралдаанаар эдийн засгийг дэмжих цуврал бодлогын хэрэгжүүлснээр, нийгэм нийтийн итгэл үнэмшлийг мэдэгдэхүйц дээшлүүлжээ. Түүнчлэн эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, жилийн ДНБ анх удаа 130 их наяд юанийг давж, таван хувийн өсөлтийг биелүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн баттай гарааг эхлүүлжээ.
Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ, өнөөгийн байдлаар гаднын орчин бидэнд сөргөөр нөлөөлж байгаа учраас эдийн засгийн үйл ажиллагаанд бага бус бэрхшээл, сорилт учруулсаар байна. Гэхдээ Хятадын эдийн засгийн суурь тогтвортой, давуу тал олонтой, уян хатан чанар, нөөц хүчин ихтэй тул урт хугацааны эерэг дэмжих нөхцөл, үндсэн чиг хандлага өөрчлөгдөхгүй юм.
2024 онд хууль тогтоох ажил шинэ ахиц дэвшил гаргав
Лөү Чиньжянь танилцуулахдаа, 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганаас хойш БХАТИХ-ын Байнгын хороо хууль тогтоох ажилд тэргүүлэх үүргийг бүрэн гүйцэтгэж, Хятадын онцлогтой социалист хуулийн тогтолцоо, цаг үетэй нийлүүлэн, хөгжлийг улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулж ирсэн юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 39 хуулийн төслийг хянан хэлэлцсэнээс 24 хуулийн төсөл батлагдсан. Үүнд 6 хууль батлагдаж, 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн асуудал болон томоохон асуудлаарх 4 шийдвэр гарсан байна.
Хятад улс дэлхийн өмнөдийн орнуудтай хувь заяа нэгтэй
Лөү Чиньжянь танилцуулахдаа, сүүлийн 20 жилийн хугацаанд, дэлхийн өмнөдийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 80 хувийн хувь нэмэр оруулсан. Энэ өсөлт нь дэлхийн томоохон өөрчлөлтүүдийн тод илрэл юм. Хятад улс хөгжиж буй орон, мөн дэлхийн өмнөдийн орнуудын гишүүн орны хувьд дэлхийн өмнөд бүсийн орнуудтай хувь заяа нэгтэй, өмнөд өмнөдийн хамтын ажиллагаанд оролцогч, манлайлагч байсаар ирсэн юм гэжээ.
Хятадын батлан хамгаалах зардлын ДНБ-д эзлэх хувь дэлхийн дундаж түвшнээс доогуур байна
Лөү Чиньжянь хэлэхдээ, Хятадын батлан хамгаалахын зардал 2016 оноос хойш есөн жил дараалан нэг оронтой тоогоор нэмэгдэж, батлан хамгаалах зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ олон жилийн турш 1.5%-иас доогуур хэвээр байгаа нь дэлхийн дундаж түвшнээс доогуур байна. Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим бол Хятадын тусгаар тогтносон, энх тайвны төлөөх гадаад бодлогын тулгын чулуу төдийгүй олон улсын нээлттэй, хүртээмжтэй, бүх нийтийг хамарсан харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Хятад улс дэлхий нийттэй хамт энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг үргэлжлүүлэн ахиулж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалагч, хамтын хөгжлийг ахиулагч байхын тулд үргэлжлүүлэн илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
БХАТИХ дэлхийн 190 орны парламенттай харилцаа холбоо тогтоожээ
БХАТИХ-ын дипломат харилцаа, харилцаа холбоо нь улс орны ерөнхий дипломат ажиллагаа болон БХАТИХ-ын ажлын чухал хэсэг болохын хувьд өдгөө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал дэлхийн 190 гаруй орны парламенттай харилцаа холбоо тогтоож, гадаад харилцааны 26 механизм, хоёр талт найрамдалт харилцааны 143 ажлын хэсэг байгуулан ажиллаж, Олон улсын парламентын холбоо зэрэг олон улсын 20 гаруй байгууллагын гишүүн, ажиглагчаар ажиллаж байгаа тухай тэрээр танилцуулжээ.
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих явдал юм
Лөү Чиньжянь танилцуулахдаа, Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүн юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 46 жилийн хугацаанд, Хятад, Америкийн худалдааны хэмжээ 200 гаруй дахин нэмэгдэж, хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ 250 тэрбум ам.долларт хүрсэн нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй ахиулсан юм. АНУ ганц талаасаа татвар ногдуулах арга зам нь ДХБ-ын дүрмийг зөрчиж, дэлхийн аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Хятадтай ижил чиглэлд зогсож, эрх тэгш зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэх гарц хайхыг Америкаас хүсэж байна. Хятад улстай хамт хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, яриа хэлцэл, зөвшилцлийн замаар асуудлыг шийдвэрлэх замдаа эргэн орохыг АНУ-т найдаж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй