ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ ЯМАР МЕССЕЖ УЛАМЖЛАВ?

2025 оны 2-р сарын 18 өдөр

2025 оны 2 дугаар сарын 17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тэрбээр "улс орны хөгжил шинэ цаг үед, шинэ шатанд орж байгаа энэ үед хувийн хэвшлийн эдийн засаг асар их ирээдүйтэй байгаа тул илүү эрчтэй, идэвхтэй ажиллах шаардлагатай" гэж онцлон тэмдэглэв.
Хятадын дээд удирдагч хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Тухайлбал, 2018, 2020 онд холбогдох уулзалт, семинар зохион байгуулж байсан бол 2024 оны эцэст "Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих тухай хууль"-ийн төслийг боловсруулсан нь тус салбарт чиглэсэн Хятадын анхны хууль тогтоомж болсон юм.
Уулзалтад интернэт, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим харилцаа холбоо, автомашины үйлдвэрлэл, хагас дамжуулагч, өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэл, сүлжээний аюулгүй байдал, сансрын аялал зэрэг олон салбарын төлөөлөгчид оролцсон бөгөөд Хуавэй, BYD, Xiaomi зэрэг томоохон компанийн удирдлагууд хувийн хэвшлийг төлөөлөн үг хэлж, шинэ нөхцөл байдалд хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих талаар санал бодлоо илэрхийлжээ.
Хятадын эдийн засагт хувийн хэвшил чухал үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, улсын татварын орлогын 50 гаруй хувь, ДНБ-ий 60 гаруй хувь, технологийн шинэчлэлийн үр дүнгийн 70 гаруй хувь, хот суурин газрын ажил эрхлэлтийн 80 гаруй хувь, аж ахуйн нэгжийн 90 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. 2024 оны эхний гурван улиралд Хятадад бүртгэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тоо 55 саяыг давсан бөгөөд хиймэл оюун ухааны программ хангамж, иргэний нисэх, квантын мэдээлэл, хүн дүрст робот зэрэг салбарт 6 сая гаруй шинэ аж ахуйн нэгж байгуулагджээ. Мөн "Нэжа-2" кино, DeepSeek зэрэг сүүлийн үеийн олны анхаарал татсан бүтээлүүд Хятадын хувийн хэвшлийн компаниудаас төрөн гарсан байна.

Ши Жиньпиний энэхүү уулзалтаас "Хятад улс шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, гадаад зах зээлд улам нээлттэй бодлого баримтлах болно" гэсэн чухал мессежийг өгсөн гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн эдийн засагт чиглэсэн Хятадын үндсэн бодлого, чиглэл өөрчлөгдөхгүй гэдгийг баталгаажуулж, улс орон нийтийн эзэмшил, төрийн өмчит эдийн засгийг бэхжүүлэхийн зэрэгцээ төрийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийлсэн байна. Улмаар хууль тогтоомжийн хүрээнд бүх төрлийн аж ахуйн нэгжүүд шударга, тэгш өрсөлдөх боломжтой болохыг онцоллоо.
Өнөөдөр хувийн хэвшлийнхэн өсөн нэмэгдэж буй томоохон боломж, ирээдүйтэй хөгжлийн орон зайг олж харах хэрэгтэй. Хятад улсын нийгмийн үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй өсөж, иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой дээшилж, өөрчлөлт, шинэчлэл гүнзгийрч байна. Ялангуяа боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбар хурдацтай хөгжиж, хөдөлмөрийн зах зээл өргөжин тэлж, аж үйлдвэрлэлийн тогтолцоо болон холбогдох дэд бүтцийн хөгжил сайжирч байгаа нь 1.4 тэрбум хүн амыг хамарсан өргөн уудам зах зээлийг бүрдүүлж, хувийн хэвшлийнхэнд асар их боломжийг бий болгож байна.
"Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч хохироодоггүй" хэмээн Ши Жиньпин онцлон тэмдэглээд, хувийн хэвшлийнхэнд өндөр чанартай хөгжлийн замыг тууштай баримталж, бие даан шинийг санаачилж, хөгжлийн арга барилаа шинэчилж, аж ахуйн нэгжийнхээ өрсөлдөх чадварыг тасралтгүй дээшлүүлэхийг уриалсан юм. Тэрбээр мөн шинэ үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог хөгжүүлэх, хөдөө орон нутгийн сэргэлтийг ахиулах, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулахад хувийн хэвшлийнхэн илүү идэвхтэй оролцох ёстой гэж онцоллоо.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 121
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313