Цаг хугацаа урсан өнгөрч шинэ он удахгүй болно. Шинэ оны босгон дээр би Бээжингээс та бүхэнд сайн сайхны хүсэл зөгнөлөө дэвшүүлж байна.
2024 онд бид дөрвөн цагийн салхи борооныг хамтдаа даван туулж, амаргүй нэг жилийг ардаа орхих гэж байна.
Бид улсын гадаад, дотоодын нөхцөл байдлаас улбаатай сорилтуудыг идэвхтэй зохицуулж, цогц бодлогоор өндөр чанартай хөгжлийг дорвитой ахиулж ирлээ. Хятад улсын эдийн засаг тасралтгүй сэргэн хөгжиж, ДНБ-ний нийт хэмжээ 130 их наяд юанийг давлаа. Үр тарианы үйлдвэрлэл 700 сая тонныг давж, хүнсний эрэлт хэрэгцээгээ улам бүр өөртөө хангах боллоо. Бүс нутгууд зохицолтой, нэгдэлтэй хөгжиж, шинэ хэлбэрийн хотжилт болон хөдөө орон нутгийн хөгжил уялдан нэгдэж, харилцан дэм болж байна. Түүнчлэн ногоон, нүүрстөрөгч багатай хөгжил гүнзгийрч, үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалт цоо шинэ дүр төрөхтэй болж байна.
Хятад улсын төр засаг орон нутгуудын онцлогт тулгуурлан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж, шинэ аж үйлдвэрийн салбар, шинэ төлөв, шинэ хэв загвар тасралтгүй бий болж, шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл анх удаа 10 саяыг давж, интеграл схем, хиймэл оюун ухаан, квантын мэдээлэл холбоо зэрэг салбарт шинэ амжилтууд тогтоолоо. “Чан Э-6” анх удаа сарны сүүдэр талаас дээж авч, “Мэн Шян” аппарат тэнгисийн гүнд хайгуул тандалт хийж, Шэньжэнь-Жүншань чиглэлийн тэнгис доогуурх авто туннел, дэлхийн өмнөд туйл дахь Чинлин станц ашиглалтад орсон гээд Хятадын ард түмний хүсэл мөрөөдлийг тээсэн том том төслүүд ар араасаа амжилттай хэрэгжлээ.
2024 онд, би орон нутгуудаар ажиллахдаа хүмүүсийн амьдрал өөдтэй өнгөтэй байгааг харлаа. Ганьсү мужийн Тяньшүй нутгийн алим элбэг ургац авч, Дүншаний Аожяо тосгоны загачны онгоц “ганзага дүүрэн” буцаж ирэхийг харлаа. Мөн Май Жи Шань уулын чулуун агуйн сийлбэр мянган жилийг туулж өвлөгдөн үлдэж, Лю Чи Шян гудамжны гэрийн сургаал үеийн үед өвлөгдөн уламжлагдаж буйтай танилцсан юм. Тяньжинь хотын эртний соёлын гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй байж, Иньчуань хотын олон үндэстний зон олон цугласан гэр хороолол эв нийцтэй аж төрж байгааг харлаа. Хүмүүс ажлын байрны орон тоо, цалин орлого нэмэгдэх, ахмад настны асрамж, үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, эмчилгээ зэрэг салбарт анхаарал хандуулж буйг ойлгосон бөгөөд энэ бүхэн нь мөн ч миний хамгийн их сэтгэл тавьдаг зүйл юм. Нэг жилийн турш ахмад настны асрамжийн үндсэн даатгалыг нэмэгдүүлж, орон сууцны зээлийн хүүг бууруулж, муж, хот дамнан эмчилгээний зардлыг нөхөн олгож, хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж авахад хуучин бүтээгдэхүүнээ суулган өгөх зэрэг иргэдэд ээлтэй бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь иргэд түмэнд илүү аз жаргал мэдрүүлсэн гэдэгт найдаж байна.
Парисын зуны олимпоор Хятад улсын тамирчид хилийн чанадад болсон уралдаан тэмцээнд түүхэн дээд амжилт тогтоосон нь залуу өсвөр үеийнхний жавхаалаг, эрч хүчтэй байгааг харууллаа. Тэнгис, агаарын цэрэг байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэж, Ардын армийн цоо шинэ дүр төрөхийг харууллаа. Үер усны гамшиг, далайн хар салхи зээг байгалийн гай гамшгийн өмнө, намын гишүүд, удирдах боловсон хүчнүүд хамгийн өмнө эгнээнд гавшгайлан тэмцэж, олны хүчийг нэгтгэн, харилцан тусалж хамтран зүтгэсэн юм. Хичээнгүйлэн зүтгэсэн хөдөлмөрч түмэн маань хүсэл мөрөөдлийнхөө зүг ханцуй шамлан зүтгэж байна. Би төрийн дээд одон, ядуу алдар хүртэгсдэд гавьяаны одон, үнэмлэх гардуулсан юм. Яруу алдар бол тэд бүхний бөгөөд ариун цус, хөлс хөдөлмөрөө урсган зүтгэж буй хүн бүхэн яруу алдартай. Өнөөдрийн дэлхий ертөнц ирэх тусмаа ээдрээ будлиантай болж байгаа бол хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс глобал засаглалын өөрчлөлтийг идэвхтэй ахиулж, “Дэлхийн өмнөд”-ийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг хичээх болно. Бид дэлхийн олон оронтой хамтдаа “Бүс ба Зам”-ыг өндөр чанартайгаар үргэлжлүүлэн бүтээн байгуулж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, ШХАБ, БРИКС, АПЕК, Их 20 зэрэг хоёр талт юм уу олон талт индэрт Хятад улсын санаачилгыг тодорхойлж, улмаар дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад эерэг эрч хүч сэлбэсэн юм.
Бид БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Бүгд Найрамдах улсынхаа хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн түүхийг эргэн дурссан юм. 5000 гаруй жилийн Хятадын соёл иргэншлийг уламжлан үлдээхдээ Хятадын ард түмний сэтгэлд “ЭХ ОРОН” гэх үгсийг мөнхөлсөн юм. ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал амжилттай хуралдаж, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн бол бид бүхэн өөрчлөлт нээлтийн цаг эриний урсгал дунд зориг бат урагшилж байгаа болохоор Хятад маягийн орчин үеийн шинэчлэлт зайлшгүй улам саруул дардан хэтийн төлөвтэй золгох болно.
2025 онд Хятад улс “14-р таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж дуусах бөгөөд улам идэвхтэй, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, өндөр чанартай хөгжилдөө анхаарлаа төвлөрүүлэх болно. Түүнчлэн өндөр түвшинд шинжлэх ухаан, технологийн бие даасан хүчирхэгжилтийг ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нааштай чиг хандлагыг баримтлах болно. Өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагаанд зарим нэг шинэ нөхцөл байдал үүсэж, гадаад орчин тогтворгүй байгаа зэрэг сорилтууд тулгарч, шинэ хуучин хөдөлгөх хүчний солигдлын дарамтад нүүрлэж байгаа хэдий ч энэ бүхэн нь давшгүй зүйл биш. Хятадын ард түмэн ерөөс л салхи борооныг сөрж, туршлага сууж, хатуужиж ирсэн тул ирээдүйдээ бүрэн итгэлтэй байх хэрэгтэй.
Хувь хүн, улс орон, дэлхий дахины үйл хэрэгт анхаарч, ард түмнээ
сайн сайхан амьдруулах бол бидний тэргүүн чухал үүрэг мөн. Үр хүүхэд нь сайн боловсрол хүртэж, ахмад настан нь нааштай асрамж үйлчилгээ авч, залуучууд нь улам их хөгжлийн боломжоор хангагдахыг хүн бүхэн хүсэж байна. Эдгээр эгэл жирийн хүсэл мөрөөдөл бол даруй хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл юм. Бид хамтдаа хичээн ажиллаж, нийгмийн бүтээн байгуулалт болон засаглалын түвшнээ тасралтгүй дээшлүүлж, эв нийцтэй, багтаамжтай уур амьсгалыг бататгаж, ард түмний дэргэд үүссэн асуудлуудыг их бага гэж ялгалгүйгээр сайтар зохицуулан, тэдэнд улам их аз жаргалыг мэдрүүлэх болно.
Макао эх орныхоо мэдэл эргэж ирсний 25 жилийн ойг тохиолдуулж би Хаожян мөрний хөвөөн дэх шинэ хөгжил, шинэ өөрчлөлтийг хараад маш их сэтгэл хөдөлсөн юм. Хятад улсын төр засаг “Нэг улс, хоёр систем”-ийн тогтолцоог тууштай хэрэгжүүлж, Хонконг, Макаогийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжинэ. Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүс бол салж болшгүй хүйн холбоотой учир эх орноо нэгтгэх бол хориглогдошгүй түүхэн ерөнхий чиг хандлага юм.
Зуун жилд байгаагүй дэлхийн том өөрчлөлт хувьслын өмнө, эрхбиш уужуу багтаамжтайгаар санал зөрөлдөөн, мөргөлдөөн зэргийг зохицуулж, хүн төрөлхтний нэгдмэл хувь заяаг авч үзэх ёстой. Дэлхийн улс түмэнтэй хамтдаа найрсаг хамтын ажиллагааг ахиулагч, соёл иргэншлийн солилцоог дэмжигч, хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын оролцогч байж, хамтдаа дэлхийн сайн сайхан ирээдүйг цогцлооход Хятад улс бэлэн байна.
Зам урт ч явбал хүрдэг, хүсэл мөрөөдөл хол ч хичээвэл биелдэг. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ аянд иргэн нэг бүрийн оролцоо чухал юм. Та бидний хичээл зүтгэл яруу алдраар дүүрэн байх болно.
Уул ус өнгө үзэмжтэй болж, айл өрх бүхэн гэрэл гэгээтэй байх болно. Та бид хамтдаа хүсэл тэмүүллээ өвөртөлж, гэрэлт маргаашаа угтацгаая. Эх орон минь хөгжин бадарч, эгэл түмэн маань есөн цагаан хүсэл нь биелж, амар амгалан байх болтугай.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл