12-р сарын 26-ны өдөр, Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Сэгээлжийн уудам хөндийд гуравдугаар удаагийн “Хаминган хурд” хурдан морьдын шандас шалгаруулах уралдаан явагдлаа.
Энэ уралдаанд Шилийн гол аймаг, Түнлёо хот, Хөлөнбуйр хотын малжих дөрвөн хошууны уяачид, хурдан морьдтойгоо ирлээ. Хурдан морьдын азрага, их насны, хатираа морь, соёолонгууд уралдаанд оролцжээ.
Хатираа мориороо Гурван гол адуугаараа хол ойрдоо алдартай Эвэнки үндэстний сумын 23 уяачид хамтран “Хаминган хурд” гал уяаг байгуулж, энэ жил болход гурав дахь удаагаа хурдан мориний шандас шалгаруулах уралдааныг зохион байгуулж байгаа юм.
Дөрвөн төрлийн хурдан мориний уралдаанд жаран хэдэн алтан туурайтан бүртгүүлэн хурдалж, азрагын уралдаанд Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Алмасын халзан хүрэн магнайдаа тоосгүй түрүүлж, их насны мориний уралдаанд Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Цэнгэлийн бор морь түрүүлж, соёолон хязааланд Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Баянцагаан сумын Алмасын хээр морь түрүүлж, хатираа морьдод Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Цогзолын бор морь түрүүлэв.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл