Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болсон "Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл"-ийн нээлтийн ёслол болон Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын эхний шатны хуралд оролцов.
Ши Жиньпин “Өлсгөлөн, ядууралтай тэмцэх” сэдвийн хүрээнд “Хамтын хөгжлийн шударга ертөнцийг байгуулъя” гарчигтай илтгэл тавьсан байна.
Ши Жиньпин илтгэлдээ, өнөөгийн хүн төрөлхтний хөгжил урьд өмнө байгаагүй боломж, сорилтуудтай тулгарч байна. Дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчдын хувьд бид алсын харааг халхалсан бараан үүлнээс айх хэрэггүй, хувь заяагаа нэгтгэх үзэл ойлголтоор түүхийн хариуцлагаа ухамсарлаж, түүхийн дэвшлийг ахиулах ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, бид хамтын хөгжлийн шударга ертөнцийг байгуулах зорилгын төлөө ажилласаар байна. Үүний төлөө бид худалдаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, хөгжиж буй орнуудын орчин үеийн шинэчлэлийг дэмжин, хүн байгаль эвсэг зохицон оршиж, хөгжиж буй орнуудад ногоон ухаалаг дижитал хөгжлийн урсгал бий болгон, хойд өмнөдийн ялгааг багасгаж, олон талт үзлийг баримтлах ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын хөгжил бол дэлхийн хамтын хөгжлийн чухал хэсэг юм. Хятад улс 800 сая хүн амаа ядуурлаас ангижруулж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь өмнө биелүүлсэн. Хөгжиж буй бусад орнууд ч ядуурлаас ангижрах ялалт байгуулах боломжтой юм гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс бол “Дэлхийн өмнөд”-ийн гишүүн байсаар ирсэн бөгөөд хөгжиж буй орнуудын урт хугацааны найдвартай хамтын ажиллагааны түнш, дэлхийн хөгжлийг дэмжин, бодитой ажилладаг орон юм. Энд миний бие дэлхийн хөгжлийг дэмжих зорилгоор Хятад улсын авч хэрэгжүүлэх найман үйл ажиллагааг зарлахад таатай байна. Тухайлбал: Нэгдүгээрт, "Бүс ба зам"-ыг хамтран чанартай бүтээн байгуулж, цаашид гурван хэмжээст харилцан холболтын сүлжээг бүрдүүлэн, ногоон торгоны замаар тэргүүлсэн дижитал торгоны замыг эрч хүчээр сэлбэнэ.
Хоёрт, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, "Дэлхийн өмнөд"-ийн судалгааны төвийг байгуулж, хөгжиж буй орнуудыг үргэлжлүүлэн дэмжиж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, дижитал эдийн засаг зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
Гуравдугаарт, Африкийн хөгжлийг дэмжинэ. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтаар Хятад Африк ойрын гурван жилд орчин үеийн шинэчлэлийг хамтаар ахиулах арван том түншлэлийн үйл ажиллагааг зарласан бөгөөд үүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Дөрөвдүгээрт, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлийн олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ. Хятад улс "Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл"-д нэгдэх шийдвэр гаргаж, "Их 20"-ийн хөгжлийн сайд нарын хурлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, хүнсний алдагдлыг бууруулах олон улсын хурлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.
Тавд, Хятад, Бразил, Өмнөд Африк, Африкийн холбоо хамтран "Нээлттэй шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагааны санаачилга"-ыг эхлүүлж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацийн үр дүнг ахиулан, "Дэлхийн өмнөд"-д илүү их ашиг тус хүртээхийг дэмжинэ.
Зургадугаарт, "Их 20" нь "Дэлхийн өмнөд"-д тустай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжих бөгөөд Бээжин дэх "Их 20"-ийн бизнес эрхлэлтийн судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, талууд дижитал боловсрол, музейг дижитал болгох, эртний номуудыг цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахыг дэмжинэ.
Долоод, "Их 20"-ийн "Авилгатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, оргосон хүмүүсийг хөөх, хулгайлагдсан эд хөрөнгийг олж авах, авилгаас ангид байх, авилгатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх зэрэг салбарт хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.
Наймдугаарт, Хятад улс өндөр түвшний нээлттэй тогтолцоо, механизмыг сайжруулж, буурай хөгжилтэй орнуудад нэг талын нээлттэй байдлыг өргөжүүлнэ. Хятад улстай дипломат харилцаатай буурай хөгжилтэй бүх улс орнуудад 100 хувь тарифын хөнгөлөлт үзүүлэх эдгээр болно гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс талуудтай хамтран ажиллаж, хамтын хөгжлийн шударга ертөнцийг байгуулж, ядуурлыг өнгөрсөн түүх болгож, сайн сайхан хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл