Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр орон бол бие биенийхээ чухал хөршүүд бөгөөд Монгол Улс нь Шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг юм. Одоогоос 75 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон сайн хөршийн найрамдлын ерөнхий чиглэлийг баримталж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөөр ирсэн юм. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ноён ерөнхийлөгчийн хамт хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг буй болгохоор удирдамж болгож, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.
Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, одоогоос 75 жилийн өмнө Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал найрамдалт харилцаагаа тасралтгүй хөгжүүлж, харилцан итгэлцлээ бэхжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон байна. Миний бие Дарга Ши Жиньпиний хамт "Талын зам" хөгжлийн стратеги болон "Бүс ба Зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтын холболтыг ахиулж, хоёр орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хоёр ард түмний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.
Мөн өдөр Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар мөн харилцан баярын цахилгаан илгээв. Ли Чян, Хятад улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг шинэ эхлэл болгон, хоёр орны орчин үеийн шинэчлалийн замд хамтаар урагшилж, хамтран ажиллаж хамтдаа хожихыг ахиулахад бэлэн байна гэжээ.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг хамтран бүтээхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй