НАДАД ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ХАМГИЙН ЧУХАЛ

2024 оны 9-р сарын 18 өдөр

Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Бадамхоролын ЭРДЭНЭЧИМЭГ : НАДАД ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ХАМГИЙН ЧУХАЛ 

Тариа ногоо, хадлан бордоо гээд намрын ажил ид дундаа явна. Зэрэгцээд Орон нутгийн сонгууль ч өрнөлөө. Энэ цаг үед шинэ нэр дэвшигчээс илүүтэй өнгөрсөн дөрвөн жилд сонгогдсон төлөөлөгчид юу хийснээ сонгогч олондоо тайлагнах учиртай. Харамсалтай нь аймаг, сумын төлөөлөгчдийн дийлэнх нь хэлэх үг, хийсэн ажил хомс л доо. Хэвлэлд хэзээд төвөгшөөхгүй үзэл бодлоо хуваалцаж хийсэн ажил хэлэх үгтэй байдгаар нь АН-ынхныг “олзлочихлоо”. “Дорнод” сонин “Өнгөрсөн дөрвөн жилд Та юу хийсэн бэ?” гэдэг асуултыг аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс асууж байна.  

 

-Сайн байна уу? Тантай анх удаа ярилцаж байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

-Сайн, сайн байна уу? Намайг Бадамхоролын Эрдэнэчимэг гэдэг. Дорнод аймгийн Матад суманд төрж өссөн. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Нягтлан бодогч мэргэжилтэй. “Оюут эрдэм файнэншл консалтинг” ХХК-ийн захирал. 2020 онд Хэрлэн сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 

-Та 2020 оны Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Яагаад Ардчилсан нам руу орчихов?  

-Таныг ийм асуулт тавих байх гэж таамаглаж байлаа. Асуултад дуртайяа хариулъя. 2020 оны Орон нутгийн  сонгуульд би МАНамаас дэмжигчээр нэр дэвшсэн. Дэмжигчээр гэдэг нь  МАН-ын гишүүн болж үнэмлэх гардаагүй гэсэн үг л дээ. Хэрлэн сумын 4-р багийн иргэд намайг дэмжин Хэрлэн сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгогдсон цагаасаа л МАН-ын бодлого шийдвэртэй эвлэрч чадахгүй зүйл их байсан. МАН хэн нэгний эрх ашгийн төлөөх шийдвэрийг бүлгээрээ дэмждэг. Үүнийгээ намын бодлого гэж нэрлэн төлөөлөгчид үг дуугүй дагадаг. Гаргасан шийдвэрийг дэмжих ёстой гэж тулгадаг, ИТХ-ын хуралдаан дээр гар өргөхгүй бол намын бодлого шийдвэр дагадаггүй гэж гадуурхдаг. Манай орон ардчилсан улс. Коммунист засаглалтай биш ш дээ. МАН бол дотоод ардчилалгүй нам. Миний хүсэж байсан өөрчлөлт шинэчлэл энэ биш байсан. Миний хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх хамгийн чухал. Надад ямар ч хувийн эрх ашиг сонирхол байхгүй. МАН-д байснаараа би иргэдийг төлөөлж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Иймээс Ардчилсан намд нэгдсэн дээ. 

-Засгийн эрх барьж буй намаас гарч сөрөг хүчинтэй нэгдсэнээр сонгогдсон тойрогтоо амлалтаа биелүүлж чадах юм уу? 

-Нам солих шийдвэрийг би сэтгэл хөдлөлөөр гаргаагүй ээ. Орон нутгийн улс  төрд дөнгөж хөл тавьж байгаа залуу хүн, эмэгтэй хүн гээд олон талаас нь бодсон. Эргэлзсэн. Эцэст нь хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийнхөө шийдвэр дээр бат зогссоноор Ардчилсан намд гишүүнээр элссэн. Хэрлэн сумын 31 төлөөлөгчөөс 7 нь эмэгтэй. Иргэдийн төлөөлөлд эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү байх ёстой. Сумын ИТХ-д 10-аас дээш эмэгтэй төлөөлөл байж шийдвэр гаргахад жин дарна.  Хүүхэд ээжээсээ бүх зүйлийг асуудаг, ээж нь байхгүй бол ааваасаа ээж яасан юм гэдэг. Айл гэрт эмэгтэй хүн л тав тухыг бүрдүүлдэг. Эмэгтэйчүүд улс төрийн хуйвалдаанд оролцдоггүй, ирээдүйнхээ төлөө шийдвэр гаргадаг учир иргэний төлөөлөл байх ёстой. Улс төрд ч адил эмэгтэйчүүд эерэг нийгмийг бүтээдгийг дэлхийн олон орны жишээ харуулж байна. Тухайлбал, Хүйсийн тэнцвэртэй байдлаар шийдвэр гаргах нь иргэдийн төлөө шийдвэр болдог гэж боддог. Сонгуулийн тухай хуулиар нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж заасан байдаг. Энэ квотыг дээд босго гэж ойлгоод 20%д нь эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлдэг. Гэтэл энэ нь доод босго шүү дээ. Манай эмэгтэйчүүд боловсролтой, мэдлэгтэй нийгмийн идэвхи сайтай.  

-Их дээд сургууль, ажлын байр, олон нийтийн газар эмэгтэйчүүд тооны хувьд илүү байдаг хэр нь яг шийдвэр гаргах төвшинд цөөнх байдаг. 

Таны хэлснээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд жин дарахад юу нөлөөлж байна? Энэ замаар алхаж буй хүний хувьд яг бодит бэрхшээлийг та хэлэх байх. 

-Мэдээж бидэнд бэрхшээл бий.  Сонгуулийн сурталчилгааны зардал өндөр.  Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг нь цалингүй, сайн дурын, нийтийн эрх ашгийн төлөөх ажил. ИТХ-ын төлөөлөгч нь төр, сонгогч хоёрын гүүр болж, гүйцэтгэх засаглалд хяналт тавьж, татвараас бүрдсэн төсвийг үр ашигтай хуваарилахад, бусад бодлого шийдвэрт иргэний саналыг хүргэх ёстой хүн. Энэ ажлыг хийхэд мөнгөтэй гэхээсээ илүүтэй сэтгэлтэй, зоримог хүн хэрэгтэй. Иргэд тийм л хүнийг сонгоосой гэж боддог доо. Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, залуусын дуу хоолой үнэхээр дутагдаж байна. Оролцоогоо хангаж, үзэл бодлого илэрхийлж, дуу хоолойгоо хүргэнэ гэдэг өөрчлөлтийн эх үндэс юм. Өөрчлөлтийг бид өөрөөсөө л эхэлнэ.  

-Та яагаад улс төрд орох болов? 

-Би хүмүүсийн ярьдгаар ТМС-ийн “шар” байшинд амьдардаг. 2017 онд оюутан байлаа. Нэг өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гартал байрны маань урд цэнхэр хашаа барьчихсан байна. 2014 онд Өрхийн эмнэлэг барих гэхэд тэр хавьд газар олдохгүй байсан. Байшингийн орцтой бараг тулгаад өрхийн эмнэлэг барьсан. Тэр үед оршин суугчид эсэргүүцэж Өрхийн эмнэлгийг байрныхаа урд талд бариулъя гэдэг санал тавихад танай байшингийн урдуур маш олон шугам явж байгаа учир барилга барих боломжгүй гэв. Байрныхаа хойд талд Өрхийн эмнэлгийг бариулахгүй гэвэл улсын төсөв татагдаж хоосон хоцорно гэж ойлгуулсан учир бид орцондоо тулгаж Өрхийн эмнэлэг бариулж байсан юм. Гэтэл нөгөө барилга барих боломжгүй магистрал шугам явж байгаа гэсэн газарт гэнэтхэн нэг өглөө босоход хашаа хатгасан байхаар нь оршин суугчид бид  яав ийв болж холбогдох газарт нь хандсан. Тэр үед би нялх хүүхэдтэй, хичээлийнхээ завсарлагаар ирж хүүхдээ хөхүүлдэг байлаа. Сургуулиасаа шулуун яваад ирдэг замд хашаа босгосон нь миний төдийгүй олон хүний амьдралын хэмнэлд нөлөөлж байсан. Хичээл, ар гэрийн ажлын хажуугаар оршин суугаа газартай холбоотой асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хүртэл хандах нь хэцүү санагдсан. Тэр хашааг нураалгаснаас болж Цагдаагийн газарт дуудагдан байцаалт өгсөн. Иргэдэд газар хэрэгтэй байхад болохгүй гэдэг тайлбар өгдөг хэр нь ямар хүнд болно гэдэг юм гээд хөлөө хүрэх газар явсан. Эцэст нь Авлигалтай тэмцэх газрын  шалгалтаар уг газартай холбоотой захирамжийг хүчингүй болгосноор асуудал шийдэгдсэн. Сум, аймаг, улсын төсөв иргэдийн ая тухтай амьдралын төлөө зориулагдах ёстой. Тэгвэл бид өөрсдөө орон нутгийнхаа төсөвт хяналт тавих ёстой юм байна. Хаана ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа тухай мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж бодож шийдвэр гаргах төвшинд өөрөө оролцохоор шийдсэн. 

-Өнгөрсөн 4 жилд Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа ямар ажил хийсэн бэ?

-Өнгөрсөн 4 жилд бусад төлөөлөгчийн хамтаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад өгсөн иргэдийн саналын дагуу  гэр хорооллын дундах нарийн гудманд хавтан тавих, гэрэлтүүлэгтэй болох, хуучны орон сууцны дээвэр, хаалгыг солих, гэр хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайн ажил  гэхчилэн шийдвэрлэхэд иргэдийн гаргасан саналыг уламжилж шийдвэрлүүллээ. Эрдэнэчимэг гэдэг хувь хүн өнгөрсөн 4 жилийн хугацаанд боловсролын байгууллагад хичээлээс гадуурхи сэдвээр багш нартаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол эвсэл байгууллагын сургагч багшаар бэлтгэгдэн “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдвээр, мөн Хүний эрхийн үндэсний комиссын сургагч багшаар бэлтгэгдэн “Хүний эрх манай ангид” сэдвээр аймгийнхаа 8 сургуулийн 6800 сурагчдад хүрч ажилласан.  Энэ бол нийгмийн тулгамдсан асуудал. Бид хүний хөгжил ярьж байгаа бол ирээдүй хойч үеийнхээ хөгжлийг өнөөдрөөс эхлэх ёстой. Энэ цаг үед хэдий чинээ үр хүүхэдтэйгээ тулж ажиллана төдий чинээ сайхан ирээдүйг бүтээнэ гэж боддог. 2024 оны ажлаа дүгнүүлэхэд  Монгол улсын хэмжээнд шилдэг 7 багшийн нэгээр шалгарсан. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх ажилд олон төсөл арга хэмжээнд оролцсон доо. 

-Та ярилцлагынхаа эхэнд миний хүсэж байсан өөрчлөлт шинэчлэл биш байсан гэсэн?  Яагаад бид сонгуулиар өөрчлөх ёстой юм бэ? Өөрчлөлт яагаад чухал гэж. 

-Манай ИТХ-ын төлөөлөгч нар бодлогын шийдвэр гаргахаасаа илүү тойргийн хөрөнгө оруулалтад анхаардаг. Өөрөөр хэлбэл төсвөөс тойрогтоо жоохон юм олж авахын төлөө л гар өргөж суудаг. Угтаа өөрийнхөө нэрийг гаргах хөрөнгө оруулалтын ажил хийх гэж улайрч уралддаг. Энэ нь төсвийн үр ашиггүй зарцуулалтыг бий болгож, бүтээн байгуулалтыг тарамдуулдаг талтай. Төсөв тарамдсанаас манай аймгийн амин чухал асуудлууд тартагтаа тулаад байна шд. Гэртээ крантаа нээгээд бухимдал. Гэрээсээ гараад  зам дээр бухимдал. Хүүхдийн тоглоомын талбай нь хүүхдэд аюултай орчин болчихсон. Энэ цаг үед амьдарч байгаа иргэд ирээдүй хойчтойгоо цаг, мөнгө, эрүүл мэндээрээ хохирч дууслаа. Орон нутагт ямар ч хэтийн төлөвлөлт, нэгдсэн бодлого байхгүй. Яагаад энэ асуудлууд шийдэгдэж дуусдаггүй вэ гэхээр эдгээр ажлыг аймаг, сумын төлөөлөгчид өөрсдөө авчихдаг юм билээ. Бодлого гэдэг чинь нэг асуудлыг шийдэхэд дагаад бусад асуудлууд нь шийдэгддэг, нийтийн эрх ашгийг хамгаалж байх ёстой шүү дээ.  Бид энэ төлөөллийн байгууллагаар гаршсан, бугшсан хүмүүсийг солихгүйгээр өөрчлөлт ирэхгүй ээ. Тал бүрийн төлөөлөл байж нийтийн эрх ашигт нийцсэн бодлого шийдвэр гарна. Залуучуудын асуудлыг залуучууд л мэднэ. Ахмадын асуудлыг ахмадууд л мэднэ. Энэ төлөөлөл ИТХ-д сууж байж асуудлаа шийднэ. Өөрчлөлт шинэчлэл хийгдэнэ. Эрх баригч нар бидний амыг төсөв хүрэлцэхгүй гэдэг үгээр тагладаг. Манай аймаг харин ч боломжийн төсөвтэй аймаг шүү дээ. Гол нь сэтгэлтэй, салбар бүрийн мэдлэг боловсролтой иргэдийн төлөөлөл шийдвэр гаргах төвшинд хэрэгтэй байна. 

-Ярилцахад таатай байлаа. Танд амжилт хүсье.

 

Б.ОДМАА

  • Туяа
  • 44
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313