“ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ТА ЮУ ХИЙСЭН БЭ?” ГЭДЭГ АСУУЛТАД ХАРИУЛАХААР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ СҮХБААТАРЫН МӨНХЖАРГАЛ УРИГДЛАА.
-Ид ажлын дундуур зав гаргаж байгаад баярлалаа. Аймаг, сумын хуучин төлөөлөгчид ахин нэр дэвшиж байгаагаа л зарлахаас ажлын тайлангаа сонгогчдодоо тавихгүй байх шиг. Таны хувьд “Өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн бэ?” гэдэг асуултад хариулахаар Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн “салхийг хагалж” байна. Аймгийн Ардчилсан намын дэд даргын хувьд ярилцлагын эхэнд танай нам энэ сонгуульд ялалт байгуулахын тулд өнгөрсөн 4 жилд юу хийв? Өөрөөр хэлбэл шинэчлэгдэж чадав уу? гэж асууя.
-Сайн байна уу? Ажил ундарсан өдрүүд үргэлжилж байна. Орон нутгийн сонгуулийн хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулах, материалаа бүрдүүлж өгөх гээд ажил ихтэй байлаа. Танай сонин харин цаг үеэ олсон аян өрнүүлж байгаа юм байна. Аймаг сумын бүх ИТХ-ын төлөөлөгч нараас “Өнгөрсөн дөрвөн жилд Та юу хийв?” гэдэг асуултыг асуух хэрэгтэй. Хийсэн ажилгүй хүмүүс л хэлэх үггүй байна ш дээ. Түүнээс биш хэвлэлээс зугтаж бултаад байх шаардлага юу байхав. Миний хувьд Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга бөгөөд Хэрлэн сумын намын дарга. Бид эрх бариагүй нам гээд зүгээр суугаагүй. 2020 оны сонгуулийн маргаашаас л ялагдалдаа дүгнэлт хийж ажилласан. Хамгийн эхний ээлжинд шинэ залуу боловсон хүчнээр бид намаа цус сэлбэх хэрэгтэй юм байна гэж харсан. Ардчилсан үзэл баримтлалтай, гадаад дотоодод сурч боловсорсон, академик боловсролтой, олны дунд манлайлал үзүүлдэг, орон нутгаа гэсэн сэтгэлтэй залуустай уулзаж хамтран ажиллах талаар санал тавьсан. Маш олон залуустай уулзсан. Үүний үр дүнд хамтдаа баг болж зүтгэх олон залуу манай намд элссэн. Төрж өссөн нутаг руугаа элэгтэй, аймгийнхаа хөгжлийн төлөө санаа зовниж явдаг залуус ямар олон байдаг юм бэ гэж бодсон шүү. УИХ-ын сонгуульд 37 настай хийж бүтээж яваа хоёр залууг сойж амжилттай оролцсон. Үүгээрээ АН залууст хаалгаа нээж, боломж олгож байгаагаа харуулсан.
-2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр суулаа. Та юу хийсэн бэ?
-2020 оны орон нутгийн сонгуульд өөрийн амьдардаг Хэрлэн сумын 6 дугаар багаас аймаг, сумын хуралд нар дэвшиж сонгогчид дэмжин 4 жил иргэдээ төлөөлөн ажиллалаа. Их энгийн шд. Иргэдийн төлөөлөгч хүн тухайн сонгогдсон тойргийнхоо иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах ёстой. Иргэдийн тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтанд уламжлах, тухайн тойрогтоо шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлж төсвийг батлуулах, хурлаас гарсан тогтоол шийдвэрийг иргэдэд таниулах ийм л үүрэгтэй. Өнгөрсөн 4 жил яг л энэ үүргээ гүйцэтгэсэн. Иргэдийнхээ дуу хоолой болж тойргийнхоо асуудлуудыг шийдүүлэхийн тулд чадах чинээгээрээ зүтгэсэн. Аймгийн ИТХ-ын хуралдааныг сурвалжилдаг та бүхэн хурлын танхимын микрофоноос зүүлттэй байдгийг минь мэднэ дээ. Би тэнд иргэдийг төлөөлж сууж байгаа учир хуралдаанаар хэлэлцэж буй асуудал бүртэй танилцаж санал бодлоо хэлэх ёстой. Анх сонгогдохдоо иргэддээ ойр байна гэж амласан. Тэрэндээ ч хүрч хичээж ажилласан.
-Тиймээс ч өнөөдөр сонин хэвлэлээр ажлаа тайлагнаж, ахин орон нутгийн сонгуульд дэвшиж байгаа байх. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай нүүр бардам хүмүүстэй ярилцахад таатай байдаг. Таны хувьд баг дээрээ яг ямар ямар асуудлыг шийдүүлэв?
-Манай баг 5300 шахам хүн амтай. Ерөнхий боловсролын хоёр сургуультай. Сургуулийн өмнөх насны хүүхдийн 4 цэцэрлэгтэй. Маш олон аж ахуйн нэгжтэй, аймгаараа үйлчлүүлдэг 2 том захтай гээд бодохоор шийдэх ёстой асуудал олон байж таарна. Төлөөлөгч болоод багийнхаа зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг жагсаахад 32 асуудал байсан. У.Даш төлөөлөгч бид хоёр үүнээс иргэдэд нэн шаардлагатайг нь эрэмбэлээд асуудалтай газарт биечлэн очиж танилцаж аймаг, сумын төсөвт суулгуулахаар зүтгэсэн. Зүтгэсний хүчинд багагүй асуудлыг шийдүүлсэн. Жишээ нь: “Шинэ хөгжил” сургуулийн барилга муудаж анги танхим, заал нь хүүхэд суралцахад хүнд болсныг үзүүлж харуулж нэг тэрбум орчим төгрөгийн засвар хийлгэлээ. Сургуулийн ачаалал хэтэрч гурван ээлжээр хичээллэдэг байсныг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн, тухайн үеийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан нартай биечлэн уулзаж, албан бичгээр асуудлыг танилцуулж 2024 оны улсын төсөвт шинээр 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилга бариулахаар болсон. Тендер нь зарлагдаад шалгаруулалт нь болох гэж байна.
-Та 19-р байшингийн хажуу талын замыг ус зайлуулагчтай болгочих гээд хэрэлдэж уралцаад л яваад байсан. Тэр ажил бүтсэн, одоо ус тогтохоо больчихсон шд?
-\инээв\ Асуудлын араас явахгүй л бол бүтэхгүй шд. Тэр тусмаа засгийн эрх бариагүй намын төлөөлөгч хэлээ хүрэх газар хэлж, хөлөө хүрэх газар явж байж ажлыг амжуулна. Тэрийг бол би чадна. Орон сууцны 19 дүгээр байрны хойд зам дээр ямар их ус тогтдог байлаа. Тэрийг янзлуулах гэж Читийн гудамжны замын зургийг гаргасан. Улаанбаатарт амьдардаг Дорнодын Хүрлээ гэж ахтай холбогдоод түүнийг урьж авчраад гуйж байгаад зурагт нь өөрчлөлт оруулж аймгийн төсвөөс нэмж мөнгө батлуулж янзлуулсан. Ковидын үе байсан. Манай 6-р багт олон жил яригдаж байгаа СМУ буюу “Ивээл” хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байна. Ямар ч байсан хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн буюу газар дээрх барилгын төлөвлөлтийн зураг, газар доорх буюу дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний зураг төсвийг 2023 онд аймгийн ИТХ-аар батлуулсан. Энэ зураг төсвийг “Гедродезайн” гэдэг компани зурсан. Одоо энэ ажлыг улсын төсөвт суулгуулчихвал ерөнхийдөө дахин төлөвлөлтийн ажил эхлэхэд бэлэн болно гэсэн үг. Захын цаад талын Буйр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсвийг мөн хийлгэсэн. Ингэснээр манай 6 дугаар баг бүтэн төлөвлөлттэй баг болж байгаа юм. За тэгээд 23-р байрны дээврийг янзалж засуулсан, орон сууцны 22, 23 дугаар байрны дундах орчинг хүүхдийн тоглоомтой, ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх орчинтой болгож иж бүрэн тохижуулсан. Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн хойно зогсоолтой болсон, 14-р цэцэрлэгийн гадна талыг засуулсан, 17-р цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомтой болгосон. 24-р байрны гадаа зориулалтын 3х3 зориулалтын талбайтай боллоо. 22 дугаар байрны айлуудын босоо шугамыг болон багийнхаа бүх орон сууцны хаалгыг солиулсан, Буйр хороололд хоёр газарт гэрэлтүүлэгтэй нарийн гудамж гаргасан. Буйр хороолол ундны усны ухаалаг худагтай болж байгаа. 3 жил хүсэлт гаргасны эцэст Уурхайчин хорооллын зүүн талд иргэдийн тав тухтай амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг шийдүүлсэн. “Ивээл” хороололд хогийн сав, сургуулиудад ширээ сандал, камержуулалт гэх мэт бага төсөвтэй шийдсэн ажлууд ч байна. Жижиг зүйлд ч хүнээ гэсэн сэтгэл, зүтгэлтэй л байх хэрэгтэй юм билээ.
-Та их ажлыг амжуулжээ?
-Энийг ингэлээ, тэрийг тэглээ гээд хэлэхэд хэдхэн минут л зарцуулагдана. Амархан. Асуудлыг ажил болгоно гэдэг чинь нэлээн ярвигтай шүү дээ. Маш их цаг хугацаа, энерги зарцуулна. Ядаж байхад манай төрийн байгууллагын хүнд суртал ямар билээ, хэцүү. Дээр нь нөгөө намчингууд нь мэдсээр, харсаар, сонссоор байж мушгина, гуйвуулна.
-ИТХ-ын хуралдаан дээр идэвхтэй төлөөлөгч нарын нэг нь та. Хэлэлцэх асуудалтайгаа танилцаж судлаж ирээд санал санаачилга гаргаж байгаа төлөөлөгч таны хэлдгээр хурлын танхимын микрофоноос зүүлттэй шал арай өөр харагддаг. Зарим нь ч үнэхээр хэлгүй дүлий хүн шиг автоматаар гараа өргөсөн шиг суудаг. Энэ ярилцлагаас иргэд нэгийг бодох л учиртай?
-Үнэндээ манай ИТХ, хуралдааны үйл явц, дэг журам, төлөөлөгч нарын оролцоо, асуудалд хандаж байгаа хандлага хэцүү шүү дээ. Олон ургальч үзэл гэж бараг л байхгүй. Төлөөлөгчийн нэр хүнд ч гэж байхгүй. Хөөрхий нам нь цаанаас нь тийм боломж ч олгодоггүй юм шиг байгаа юм. Зүгээр л даргын үг, харцаар намирна. Дарга юу хэлнэ, буруу ч байсан нүүр нь улайгаад л гараа өргөөд сууна. Бид хэлэлцэж байгаа асуудал болгонд шүүмжлэх байр сууринаас ханддаггүй. Харамсалтай нь асуудал болгон шүүмжлэл дагуулдаг болохоор арга буюу хэлэхэд хүрдэг. Санал нийлэх, дэмжих асуудал байлгүй л яахав. Яг нэг тийм мэдээжийн асуудал дээр олонхиороо түрий барьж хүчээр асуудалд хандахаар нь л өөрийн эрхгүй чанга дуугарч бухимддаг. Би гэхэд аймгийн ИТХ-ын “Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, ёс зүйн бодлогын хороо”, “Эрдэс, баялгийн бодлогын хороо”, “Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороо” гэсэн гурван хороонд, Хэрлэн сумын ИТХ-ын “Төсөв, санхүү, эдийн засгийн хороо”, “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хороо” гэсэн хоёр хороонд харьяалагддаг. Эндээс аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын хороо, сумын Төсөв санхүү, эдийн засгийн хороо л хэд хэд хуралдсан, ажил хийх гэж оролдсон. Бусад хороод 2021, 2022 онуудад ганц ганц удаа л хуралдсан шд. Иргэдийн гаргаж буй санал, гомдол, шаардлагыг ИТХ-ын хороодууд салбар салбараараа хэлэлцэж холбогдох газрыг нь бодлогын хороон дээрээ дуудаж мэдээлэл авч, дүгнэлт хийж, боловсруулж, тодорхой шийдэлд хүрч хуралдаанаар хэлэлцүүлэх нь эрүүл тогтолцоо. Асуудлыг эрүүлээр шийддэг байсан бол Дорнод аймаг арай ч ингэж хөгжлөөс хоцорч, засаглалын хямралд орохгүй байсан. Улсын хөгжлийн урдаа барьдаг ямар аймаг байлаа. Одоо ч бусад аймгаас ичиж байна шдээ.
-Нисэх буудал, станц, инженерийн шугам сүлжээ гээд Дорнодод хөгжлийн тулгуур нь бий биз?
-Бодлого буруу байна. Төсвийн хуваарилалт, хөрөнгө оруулалт” бай”-гаа онохгүй байна. Дээрээс нь үнэхээр сэтгэл дутаж байна. Болсон болоогүй ажил хийсэн мэт харагдах гэсэн, үр дүнг нь тооцох боломжгүй төсөл хөтөлбөр их байна. Жилдээ багтаагаад хийж болох ажлыг хоёр гурван жил он дамжуулж хувааж төсөвлөдөг. Мэргэжлийн боловсон хүчний бодлогогүй хөрөнгө оруулалт хийдэг. Захиалагчийн хяналт тавьдаггүй. Стандарт барьдаггүй гээд цэвэр удирдлагын хариуцлагын асуудлууд байна. Аймаг, хотын удирдлагууд, УИХ-ын гишүүд нь нэг зүг харж хамтран ажиллаж чаддаггүй.
-Хоёулаа гарц гаргалгаатай нь ярья л даа. Таныхаар ямар шийдэл байна?
-Алдаа нь тодорхой юм чинь засаж залруулах л хэрэгтэй. УИХ-ын гишүүд, аймаг сумын төлөөлөгчид, Засаг дарга нар, мэргэжлийн салбарынхантай хөгжлийнхөө төлөвлөгөөн дээрээ нэгдэх хэрэгтэй. Хөгжлийнхөө загварыг гаргахад хөрөнгө оруулалт тодорхой болно. Алийг нь орон нутгийн төсвөөр, алийг нь улсын төсвөөр хийх юм гэдгээ шийдээд аймгаараа бүгд нэг зүг харж хувийн ашиг сонирхлоо хойш нь тавиад явчихмаар л байгаа юм. Энэ ажлыг хийхэд удирдлагын манлайлал хэрэгтэй. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга ямар хүн байх нь их чухал.
-Иргэд энэ ч худлаа л байх даа гээд улс төрөөс залхах хандлагатай. Аль ч нам хийхгүйдээ гэсэн бодолтой болчихжээ?
-Миний харж байгаагаар эрх баригч намын нэр хүнд унаж дахин сонгогдох магадлалгүй болохоороо иргэдэд аль ч нам ялгаагүй гэдэг ойлголт төрүүлдэг юм байна. Тэгээд аль нь ч адилхан гэдэг ойлголт өгч таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг сонголтыг хийлгэх гэж л тэр шүү дээ. Хүн гэдэг өөрчлөлт, шинэчлэлийг амархан хүлээж авдаггүй. Дээр нь нэг муухай суртал ухуулга байна. Засаг солигдоход төрийн албан хаагчдыг сольдог. Засаг солигдвол та бүхэн ажилгүй болно гэсэн ойлголт төрүүлдэг. Амьдрал дээр тэгэх боломжгүй. Төрийн алба чинь хуультай, хуулиар зохицуулагддаг. Хэн дуртай дарга, хэн дуртай мэргэжилтэнг дураараа сольж өөрчлөх боломжгүй. Энэ дашрамд хэлэхэд Ардчилсан нам яллаа гэхэд төрийн албан хаагчийг огт хөдөлгөхгүй, харин ч аливаа намын дарамт шахалтаас чөлөөлж ажил үүргээ чөлөөтэй хийж, мерит буюу шатлан дэвших зарчмыг л барьж ажиллана.
- Ажил хэрэгч, чөлөөтэй ярилцсанд баярлалаа. Дараа дахин сонирхолтой сэдвээр ярилцъя. Амжилт хүсье Танд.
Б.ОДМАА