Шинэ барга баруун хошууны Далай сумын малчин Гуаньминых нисдэг камераар малаа хариулж байна. Гуаньмин Далай сумын Рашаанбулаг гацаанд 1985 онд төрсөн. Тэрээр их сургуулиа төгсөөд хөдөө гэртээ ирж, мал хуйгаа хариулан эцэг эхдээ тус дэм болж байгаа аж. Түүний дүү Гуаньрүнь нь 2011 онд Өвөрмонголын Их сургуулийн математикийн сургуулийг төгсч, одоо Хайларын нэг компанид ажиллаж байна.
Дүү нь ахынхаа мал хуй адгуулах их ажлыг хөнгөвчлөхийн тулд нисдэг камер бэлэглэснээр малчин хөлслөх шаардлагагүй болж, гэрээсээ камераа нисгээд л хонио хариулаад байх болж.
Хонио хэт холдохоор нь нисдэг камераа бага зэрэг доош буулгахад л сэнсний чимээнд хонин сүрэг буцаж эргэдэг гэх. Түүнчлэн нутаг усныхаа үзэсгэлэнт байгаль, өнгө үзэмжийг ч зураглан үлдээх давуу талтай. Түүнийгээ цахим орчинд тавьж, жуулчдын анхаарлыг татах болсон тухайгаа ч сонирхуулан ярьж байна. Тэр хэрээр нэлээд тооны жуулчид Гуаньминыхийг зорьжээ.
Гуаньминых нутаг орондоо тусч сайхан сэтгэлтэй айл гэдгээрээ хэдүйн хүндлэл хүлээжээ. Нутгийнхаа нэгэн айлыг хажуудаа авч, амьдрал ахуйд нь тус дэм үзүүлж явна. Эдний хот айлд өдрийн хугас саатахад л хэдий хэрийн ажилсаг хөдөлмөрч хүмүүс болох нь мэдрэгдсэн.
Хүлгийн жолоогоо эргүүлэн буцаж явахдаа залуучууд сайн сайхан амьдралыг хаана ч цэцэглүүлж болохыг эрхгүй эргэцүүлэн бодсоноо нуух юун.
Ургамал, Баярт, Цэнгэл, Саруул