НЭГ НАМЫН НОЁРХОЛ БҮХ ШАТАНД БАЙГААГ ИТХ БЭЛХНЭЭ ХАРУУЛЖ БАЙНА

2024 оны 6-р сарын 4 өдөр

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Бямбасүрэн:  

Нэг намын ноёрхол бүх шатанд байгааг ИТХ бэлхнээ харуулж байна

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын залуу төлөөлөгчдийн нэг Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд Хэрлэн сумын 11 дүгээр багаас хамгийн өндөр санал авч сонгогдсон. Тэр ИТХ-ын хуралдаандаа тогтмол ирцтэй оролцож, хөндөх асуудлуудыг гарган ирж, зоригтой дуугардаг цөөхөн төлөөлөгчдийн нэг. Түүний өнгөрсөн дөрвөн жилийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан туршлага, дүгнэлтийг сонсохоор ярилцлагад урьсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг уншигч бид хэдийн мэдэх тул шууд ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан хугацааныхаа дүгнэлтээс эхэлье? 

-Би ИТХ-ын төлөөлөгчөөр өнгөрсөн дөрвөн жил ажиллахдаа Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт, үнэлгээний бодлогын хороо, Төсөв, эдийн засгийн бодлогын хороо, Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын бодлогын хороонд ажилласан. Мөн ИТХ-ын Зөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдон ажилласан. Ганц, хоёр удаа зайлшгүй шалтгааны улмаас чөлөө авсан ч 2020-2022 онд 92 хувь, 2023-2024 онд 100 хувийн ирцтэй оролцож, 29 удаа санал хэлж, 17 удаа асуулт асуусан байна. 

Иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон учраас Дорнод аймгийн иргэдийн амьдралд нөлөөлөхүйц ямар бодлого, шийдвэр гарч байна, Аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалт хэрхэн шийдэгдэж буйг шийддэг учраас ИТХ-ын хурлуудад идэвхитэй оролцож, санал бодлоо хэлэх, тусгуулах нь хариуцлага гэж би ойлгодог. Энэ олон удаагийн санал хэлж, асуусан асуудлуудад 20 хүрэхгүй хувийн биелэлттэй буюу аймгийн ИТХ өнгөрсөн дөрвөн жилд маш хангалтгүй ажилласан гэж дүгнэж байна даа. 

-Хангалтгүй ажилласан шалтгааныг юу гэж бодож байна?

-Манай хурлын үйл ажиллагаанд ардчиллын зарчим алдагдаж, ИТХ хурал биш МАН-ын бүлэг л шийдвэрлэдэг, олонхоороо хүчилдэг болоод байгаа юм шиг санагддаг. Аливаа нэг асуудал орж ирэхээр тухайн асуудлын дэлгэрэнгүй танилцуулга, төсвийн задаргаа, ач холбогдол зэргийг нарийвчлан авч үзэлгүйгээр төлөөлөгч нар шууд л бүгд яараад, гараа өргөөд дэмжээд явчихдаг. 

Цөөнхийн санал, хяналт энэ хурал дээр орохгүй болохоор дүрэм журмаараа хэрэгжиж байгаа ажил тун цөөхөн байлаа. Хамгийн наад захын жишээ хэлэхэд хуралдааны дэг дээр хүртэл цөөнхийн бүлгийн хэдхэн төлөөлөгчөө боомилоод завсарлага хүртэл өгөхгүй, олонхоороо хүч түрэн шийдсэн олон асуудлууд өнөөдөр иргэдийн бухимдлыг дээд цэгт нь аваачиж байна гэж харж байна. 

 

-Үндсэндээ шалтгаан нь намчирхал юм байна гэж ойлголоо?    

-Бидэнд улс төржихгүй, намчирхахгүй байх ёстой чухал асуудлууд олон байгаа. Жишээлбэл, би аль ч намын гишүүн байсан Дорнод аймагтаа амьдарч байгаа нь үнэн, энэ нутагтаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй юу гэвэл тийм. Тийм учраас утаа, хог, усны зэв гэхчлэн эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй эдгээр асуудлуудыг нам, улс төр гэхгүйгээр хамтдаа шийдье гэж олон ч удаа санал оруулсан. Дорнод аймаг, ялангуяа Чойбалсан хот бусад аймгийн төвийг бодвол харьцангуй хотожсон, хүн амын төвлөрөл ихтэй. 

Гэхдээ хөгжил нь гацаад хамгийн багадаа 15 жил болчихсон. Иймэрхүү байдалд хүргэсэн нь наад зах нь сэтгэл дутсанаас болсон гэж боддог. Нэг үеэ бодвол харьцангуй төсөвтэй болсон цаг шүү дээ. Аймгуудын төсөв ч өссөн. Дорнод аймгийн энэ жилийн төсөв гэхэд л 70 гаруй тэрбум төгрөг байх жишээний. Нэг жилийн хугацаанд энэ мөнгөөр аймгийнхаа асуудлуудыг эхнээс нь шийдээд, шат дараатайгаар гараас гаргаад явах боломжтой. 

Тухайлбал, хамгийн олон жил ярьж байгаа хог, зэвтэй усны асуудал байна. Золбин нохой, муур, автозам гээд л 20 жилийн өмнө ярьж байсан нийгэм, ахуйн асуудлууд нь өнөөдөр ч хэвээрээ. Үндсэн хуулиараа олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй ноцтой асуудал юм. Дээрээс нь хорт хавдрын өвчлөлөөр улсад тэргүүлдэг аймаг хэмээх таагүй статистик нэмэрлэж буй нь араасаа олон эрсдэл дагуулж буй. Үүнийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ч бодитой арга хэмжээ авахгүй төсвөө талын нэг тарааж, гарын салаагаар урсган үр ашиггүй зарцуулж байгаад шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ энэ цаг үед сайшаалтай зүйл байгаа нь иргэд хэрсүү болсон байна. 

Төсвийн задаргааг авч үзээд анализ хийгээд үнэхээрийн болохгүй юм байна гэдгийг нээлттэй, ил тод хэлдэг болсон байна. Тийм болохоор өнгөрсөн дөрвөн жилийнх шиг ингэж хүчээр түрж явах боломжгүй болж байгаа гэж боддог. Хэн ч байсан, аль ч нам байсан ажлын үр дүнг нь чухалчлаад хийж чадаагүй, амласандаа хүрээгүй хүмүүсээ ахиж битгий сонгоосой гэж хүсдэг. Тэгж байж хариуцлагатай ажилладаг систем бий болно шүү дээ. 

 

-Та өнгөрсөн дөрвөн жилд цөөнхийн бүлгээс санал оруулсан ажлуудаасаа багцалбал?

      -Иргэдийн татварын мөнгөөр бүрдэж байгаа энэ төсвийн зарцуулалтыг маш нарийн тооцоололтой, үр ашигтай зарцуулах тухай чадах чинээгээрээ дуугарч ажиллалаа. Төсөл хөтөлбөр нэрээр багцалсан, яг хийгдэх нь тодорхойгүй, үр дүн хэмжиж болохуйц биш, төсвийн задаргаа тооцоолол дутуу ажлууд дээр их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн орж ирдэг. Үүнийг бид эсэргүүцэж, гараа өргөдөггүй ч олонхын саналаар шийдэгдсээр өдийг хүрлээ. “Хүн болох багаасаа” хөтөлбөр жишээлбэл судалгаа төлөвлөгөө, журам, сонгон шалгаруулалт, хяналт байхгүй. 

Үүн дээр иргэд хүртэл асуудал дэвшүүлж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Мөн бид Дорнод аймгийн сургууль, цэцэрлэгүүд дээр газар дээр нь ажиллаж, шаардлагатай шийдэх асуудлуудтай танилцаж, үүнийгээ танилцуулсан. 2023 оны 11 дүгээр сард сумдад ажиллаж, аймаг сум орон нутгийн төсвөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажилласан. Тэгэхэд Халхгол суманд орон нутгийн төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн зам засварын ажил гүйцэтгэл муу, чанаргүй байх жишээний. 

 

-Тэгвэл танай намын бүлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд ИТХ-д биеллээ олсон ямар ажлууд байна вэ?

-Тулгамдсан асуудлуудаар санал, санаачилга гарган ажилласнаар Дорнод аймгийн 2021, 2022, 2023, 2024 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгуулсан ажлууд олон бий. Тухайлбал, манай намын бүлгээс газар дээр нь очиж танилцсанаар Хэрлэн сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 980 сая төгрөгийн санхүүжилтээр “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн барилгын их засварын ажил хийгдэж дууслаа. ИТХ-ын гол ажил болох аймгийн хурлын чиг үүрэг, шинэ хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт, сумын ИТХ-ын чиг үүрэг хуулийн дагуу явж байгаа эсэх зэрэгт өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгааг тухай бүрт нь санал оруулан ажилласан. 

Биеллээ олсон гэхээс илүү хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж байгаа ажил бүрийг нарийвчлан судалж хуулийн дагуу эсэх, ТЭЗҮ үнэн зөв хийгдсэн эсэх, биелэлтийн үр дүн гарч байгаа эсэх дээр хяналт тавих, цөөнхийн бүлгийн хувиар иргэдийн дуу хоолой болох үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.   

 

-Манай аймгийн хамгийн гол тулгамдсан асуудал бол зэвтэй ус. Иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг, эрүүл мэндтэй шууд холбоотой байгаа асуудал яагаад шийдэгдэхгүй удаад байна вэ? Таны хувь байнга энэ талаар дуугардаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хурлаар энэ асуудал ямар хэмжээнд яригдав? 

- Хариуцлага тооцдог механизм манай орон нутгийн өмчит компаниудад байхгүй байна. Үүнийг хэрэгжүүлэх ганц гарц нь компанийн засаглалын тухай дүрэм юм. “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа засаглалын хямралтай байна гэж бид үзсэн. 

Компанийн засаглалыг сонгодог утгаар нь хэрэгжүүлж Хурал нь ТУЗ-даа хариуцлага тооцоод, ТУЗ нь удирдлагадаа хариуцлага тооцоод явахгүй бол намын томилгоо болоод байсан. Жил болгон л төсөв батлуулдаг, гэтэл асуудал байсаар байдаг. 20 жил зэвтэй усаа ярилаа гэдэг ч засварлах ТЭЗҮ-гээ тодорхой болгоогүй байж, төсөв хөрөнгө олддоггүй гэж яриад сууж байх жишээтэй байлаа. Тийм учраас “Дорнод нийтийн аж ахуй”-н ТУЗ-ыг шинэчлэх, ТУЗ-ийн гишүүдийн эрх үүрэг нь юу юм, ямар хариуцлага хүлээх юм, дотроо хороод гэж ажилладаг юм уу, хороодод ямар чиг үүрэгтэйгээр хэрхэн хуваарилагдах гэхчлэн орон нутгийн өмчит компаниудын дүрмийг шинэчилж, хяналттай ажиллах тухай маш олон удаа санал оруулсан. Одоо үр дүн гараад явж байгааг та бүхэн харж байгаа байх.

 

-Та бас Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч хүн?

- Өнгөрсөн 2020 оны сонгуулийн нэг онцлог нь ИТХ-ын сонгуулиар суманд, аймагт зэрэг дэвших боломжтой байсан. 

Аймгийнхаа Хэрлэн сумын төлөөлөгчөөр давхар сонгогдсон нь итгэл хүлээлгэснийх гэж боддог. 11 дүгээр багийн Засаг дарга Г.Оюунтуяатай нягт хамтран санал санаачилгуудыг гаргаж, дэмжиж ажилласан. 

Үүний үр дүнд сумын төсвийн хөрөнгөөр 11 дүгээр багийн гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж, тоглоомын талбай, худаг усны хангамжийг сайжруулсан. Хэрлэн сумын төлөөлөгчийн хувьд яг л аймгийн хурлын төлөөлөгчтэй адил төсвийн үр ашигтай байдал, хууль дүрэм журмын хэрэгжилт, хариуцлагыг чухалчилдаг. Мөн л цөөнх байсан учир өмнө хэлсэнчлэн олон саад бэрхшээлтэй нүүр тулсан. Гэхдээ Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний хувьд сайн ажилласан гэж боддог. 

 

-Таны хэлж байгаа энэ саад бэрхшээлүүдийг яаж давж гарах вэ. Шийдэл байна уу?

-Нийтээрээ бид асуудал хаана байгааг, хэрхэн шийдэхийг ойлгож байгаа гэж би боддог. Залуу бизнес эрхлэгчийн хувьд, аймаг, сумын хурлын төлөөлөгчийн хувьд олон хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцдог. Нам гэхгүйгээр нэг чигтээ харж чадах олон хүн улс төрд орж ирэх хэрэгтэй байна. Харин намын хувьд үзэл баримтлал, дүрэм журмаа маш сайн баримтлах ёстой. Үнэхээр л олонхоороо шийдээд байгаа юм бол зөв бодолтой, алсын хараатай олонх бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол бид бүгдийн ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг. Улс төрийн идэвх оролцоо, хяналт иргэдийн дунд сайжирч байгаа нь бас энэ бүхний шийдэл гарц гэж боддог. Хариуцлага тооцдог механизмыг л бүрдүүлэх ёстой.  

-Танд баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсье!

  • Туяа
  • 121
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313