-Та өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхэлье?
- Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Шинэбаярын Бямбасүрэн гэдэг. Одоо 37 настай, дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү. Дорнод аймгийн унаган хүүхэд, одоог хүртэл нутагтаа ээж, эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт ажиллаж, амьдарч байна. Би дөрөвдүгээр анги хүртлээ аймгийнхаа 1-р арван жилд сурч байгаад “Орчлон” сургуульд дунд ангиа, АНУ-ын “Trinity Christian”-д ахлах ангид суралцаж төгссөн. Английн “Salford univer sity” Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, “Western Sydney” Их сургуулийн бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төгсөж ирээд “Найнги” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна даа.
- Яагаад Дорноддоо амьдрахаар шийдсэн юм бэ? Залуучууд одоо цагт гадаадад, үгүй ядаж нийслэл хотод амьдарна гэж зүтгэдэг болсон шүү дээ?
- Орон нутагт амьдрах хэд хэдэн шалтгаан байгаа. Би Австралиас Улаанбаатарт онгоцноос буугаад л маргааш нь Дорноддоо ирсэн. Гадаадад ажиллаж амьдрах боломж байсан уу гэвэл байсан. Хэл ус, боловсрол мэргэжил, орчин нөхцөл, ажлын байр гээд боломж байсан. Гадаад улс орон гайхалтай сайхан хэдий ч өөрийн төрж өссөн нутаг орныг яагаад ч гүйцэхгүй. Эх орон өөрөө эрх чөлөө. Хийж бүтээж хэн гэдгээ харуулах залуу хүний амбиц бас байна. Айлын отгон хүү эцгийнхээ гал голомтыг манах ёстой. Хот руу яагаад шилжээгүй юм бэ гэж үү. Аймагт амьдрах гоё шүү дээ. Адаглаад л түгжрэлгүй, стрессгүй. Орон нутагт амьдрах илүү олон боломж, давуу талуудыг бид өөрсдөө бүрдүүлэх ёстой.
- Та одоо Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилладаг. Өмнө нь ямар ажил хийж байв?
- Би өмнө нь “Адуунчулуун” ХК ийн дэд захирал, ТУЗ-ийн гишүүн, “Найнги” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Найнги” компанийг аав, ээж хоёр минь үүсгэн байгуулсан. Анх зээлээр 30 үнээ авч фермерийн үйлдвэрлэл эхлүүлсэн юм билээ. Тэгэхэд би 8 настай жаахан хүүхэд байсан. Аав, ээж хоёр маань маш ажилсаг хөдөлмөрч болохоор шаргуу зүтгэсэн. Ингээд гурван жилийн дотор 100 гаруй толгой болж сүрэг нь өссөн байгаа юм. “Найнги” компани тасралтгүй 28 жилийн түүхэн замналтай фермерийн аж ахуй. Орчин цагт нийцүүлж үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа. Хамгийн сүүлийн үеийн техник технологийн хүчин чадалтай сүүний үйлдвэрийг шинээр байгуулсан. Өдөрт Шинэбаярын БЯМБАСҮРЭН: 7 8 20 гаруй нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Малчдаас өдөр тутам 4 тонн сүү худалдан авдаг. Хүн амд чанартай бүтээгдэхүүн хүргэх, гойд ашиг шимтэй үхрээр сүргийн бүтцийг сайжруулах, малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, малчдыг дэмжихийн төлөө ажиллаж байна.
- Дорнодод “Найнги” компанийг мэдэхгүй хүн ховор ?
- Баярлалаа. Бид мөн “Найнги Сан”-гаар дамжуулж хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих олон төрлийн нийгмийн ажил хийдгээс одоогоор 7 сургуулийн номын сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хүний хөгжлийн төвд номын булан тохижуулж, усан эмчилгээний орчин, бариа заслын үйлчилгээний орчинг сайжруулж ариун цэврийн хэрэгслийн бүтэн жилийн хэрэгцээг хангаж өгсөн. Энэчлэн үйл ажиллагаа явуулж буй бүх салбартаа шинэ технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагтаа шинэ хэрэглээ, шинэ соёлыг түгээхийг хичээж, “Дэлхийн хөгжлийг тал нутагтаа” уриатайгаар зорилго нэгтэй яваа хамт олон. Би хамт олноороо үнэхээр их бахархдаг.
- Найнги гэж их содон нэр ямар учиртай юм бол?
- Найнги гэж Чойбалсан суманд байдаг нутгийн овоо бий. Энэ овоог манай өвөг дээдэс эртнээс шүтэж тахиж ирсэн түүхтэй. Аав минь энэ овооны нэрийг компанидаа өгч, үр хойчдоо өвлүүлж өгсөн. Манай гэр бүл гурван жил тутам Найнги овоогоо тахиж, нутгийнхан маань наадам хийдэг уламжлалтай.
- Таны аав УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр хүчтэй тэмцэгч байсан. Аавынхаа талаар сэтгэлд үлдсэн тод дурсамжаас хуваалцаач?
- Тийм ээ. Намайг 2010 онд бакалавраа дүүргээд Англиас эх орондоо ирэх үед аав минь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Миний аав шударга бус явдал, эрх баригчдын хуйвалдаан, улс төр-эдийн засгийн бүлэглэлийн буюу олигархиудын эсрэг үг, үзэл бодлоо зоригтой илэрхийлж явсан эх оронч хүн. Эх оронч хүн гэхээр одоо цагт заавал дайн байлдаан гэж ойлгохоо больсон шүү дээ. Гаднын улс орнуудаас ирэх халдлагаас дотооддоо сэм сүлбэлдэж авлигажих нь илүү аюултай. Эх орон, жирийн иргэдийн эрх ашгийн төлөө эрх мэдэлтнүүдээс айхгүй дуугарч чаддаг, тухайн цаг үеэ манлайлж чаддаг, нийгмийн тэгш эрхийн төлөө тэмцэж чаддаг байх нь энх цагийн эх оронч байхын жишээ. Миний аав яг л тийм нэгэн эх оронч байсан. Харамсалтай нь хүнд өвчин тусаж, үйл хэргээ гүйцээж чадалгүй 58-хан насандаа тэнгэрт дэвшсэн дээ.
- Танд ааваасаа өвлөсөн ямар зан чанар байна?
- Ааваасаа авсан гэхээс илүү ерөөсөө манай удмын өвөг дээдсийн маань эр зориг, шударга зан, тууштай байдал, хөдөлмөрч чанар бидэнд байдаг. Бид Бүргэд овогтой, өнөр өтгөн том гэр бүл. Миний өвөө, эмээ хоёр 7 охин, 7 хүү төрүүлж өсгөсний хамгийн том хүү нь миний аав Цэндийн Шинэбаяр. Одоо хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээнцэр нийлсэн 120 гаруй хүн байна Аав минь биднийг багаас нь номтой нөхөрлүүлсэн. Манай гэрт орой болгон уншсан номныхоо тухай ярих тусгай цаг байдаг байлаа. Зөвхөн бид ч биш найзуудыг минь хүртэл дуудчихна. Тэгээд “Заа Бямбаа өнөөдөр ямар ном уншсан, юу ойлгосноо ярь” гэнэ дээ. Хүүхдүүдийнхээ боловсролд л хөрөнгө оруулах ёстой гэдэг зарчмаар биднийг өсгөж, бага ангид байхад зуны амралтаар хөдөө айлд очуулж ахуйтай ойр өсгөж, дунд ангиас эхлээд Улаанбаатар руу сургуульд, ахлах анги, дээд сургуулийг гадаад улсад дүүргэх аавын минь тэр үед гаргасан шийдвэр үнэхээр зөв байсан. Би 10 жилээ төгсөөд гадаадын их, дээд сургуульд суралцах болоход аав надтай гэрээ байгуулж байлаа.
- Аав нь хүүтэйгээ гэрээ байгуулсан хэрэг үү?
- Угаас шударга зарчимч хүн тул Боловсролын сангийн зээл ч юмуу, улсын ямар нэгэн тэтгэлгээр биш цэвэр өөрийн хүч хөдөлмөрийн үр шимээр сургаж байгаа болохоор сургалтын гэрээ байгуулж байгаа хэрэг. “Заа Бямбаа, аав нь чамд сургалтын төлбөрийг нь зээлээр өгнө, чи тэдэн жилийн дотор төлөөрэй” гээд хийсэн гэрээ нь одоо хэр надад хадгалаатай байдаг. “Аав маань бидэнд яг юу өвлүүлж үлдээж вэ” гээд бодохоор мөнгөөр үнэлэмгүй олон сайхан зүйлийг үлдээсэн байна. Орон нутагтаа, эргэн тойрондоо байгаа хүмүүсийн бидэнд ханддаг тэр сайхан хандлага, харилцааг үлдээсэн байна. Тэр нь бидэнд алхам тутамд дэм болдог. Өөр нэг үнэлж баршгүй үнэт зүйл, нандин өв бол хүмүүжил. Чухал нэгэн захиас нь мэргэжлийн байх ёстойг зөвлөдөг байсан. Мэргэжлийн байх ёстой гэдэг нь цаанаа олон зүйлийг агуулж байгаа юм. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх, тэр мэргэжлээрээ улс орон, нийгэмдээ бодлогын түвшинд яаж илүү нөлөөлж болох вэ, яавал ёс зүйтэй байх вэ гэдэг талаар. Аав минь мэргэжилдээ эзэн болсон уул уурхайн инженер хүн байсан. Ялангуяа салбарынхаа ирээдүйн хөгжлийн төлөө их явдаг, ярьдаг байлаа. Тийм ч учраас байгалийн баялгийг яавал зөв ашиглах вэ, яавал улс оронд өгөөжтэй, тэндээс олж буй ашгийг иргэдэд хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгийг инженерийн түвшинд бодож, тооцоолж, түүнийгээ илэрхийлж явсан. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй хүний хувьд тэр чиглэлд илүүтэй санаа нь чилж явдаг байж дээ гэж аавынхаа тухай би боддог. Аавын тухай хүүгийн нь хувьд зөвхөн би биш манай Дорнодчууд, нутаг орныхон байнга дурсаж, явсан газар болгон сонин содон түүх, бахархаж хайрласан сэтгэл, хүндэтгэж явдаг хүмүүс байдагт одоо ч амьд сэрүүн юм шиг санагддаг.
- Залуу хүний хувьд Улс төрд орох, хүч үзэх учир шалтгаан юу байв?
- - Яг гардаад бизнес эрхлээд явахад өдөр тутам, бараг цаг тутамд төрөөс хамааралтай хүндрэл бэрхшээлүүдтэй тулдаг. Татварын орчноос л эхэлнэ. Яг бодит амьдрал дээр өөрөө бизнес эрхлээд явахад сайтар мэдэж байгаа юм л даа. Тэгээд нэг л өдөр зогтусаад бодсон. Яавал энэ бүхнийг өөрчлөх, сайжруулах ёстой вэ гэж. Амьдарч байгаа нутаг орныхоо хөгжилд ямар нэгэн бодитой үйлс хиймээр байна. Аймагт байгаа хүндрэлтэй асуудлуудыг бизнесийн аргаар давж туулмаар байна. Бизнесийн салбараас нь эхэлье. Шинэ үйлчилгээ, 9 шинэ технологи нэвтрүүлье. Компанийн засаглалыг хөгжүүлье. Залуу хүний амбиц, эрч хүч байна даа гэж бодоод зориглон зүтгээд яваад байгаа юм. Гэтэл систем маань болохгүй байна. Тэр системийг засах шаардлагатай юм байна, эрэг боолтыг нь чангалах ёстой юм байна. Тэгээд л 4 жилийн өмнө аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөөд төлөөлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь манай нам олонхи болж чадаагүй. Гэсэн ч бид сөрөг хүчний хувьд хамгийн хүчтэй дуу хоолой болж яваа.
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд орон нутагтаа ямар ажил хийж байна вэ?
- Орон нутгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд хүний хөгжилд хувь нэмрээ оруулах том зорилго өвөрлөн ажиллаж байна. Манай иргэдэд дэд бүтэц, зам гудамж, гэрэлтүүлэг, худаг усны хүрэлцээ, дулааны шугам, ахуйн хог зэрэг асуудлууд тулгамдаж байгаа. Энэ нь улсын хэмжээнд нийтлэг байдаг асуудал. Иргэдэд тулгамдсан асуудал бүрийг сөрөг хүчний байр сууринаас аймаг, сумын удирдлагад дэвшүүлэн тавьж, үр дүнтэй шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Дарга нарт биш ард иргэдэд үйлчилдэг тэгш, шударга нийгмийн төлөө зорьж байна. Тулгамдсан асуудлуудаар санал, санаачлага гарган ажилласнаар аймгийн Хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгуулж чадсан. Мөн манай намын бүлгээс газар дээр нь очиж танилцсанаар Хэрлэн сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 980,0 сая төгрөгийн санхүүжилтээр “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн барилгын их засварын ажил хийгдэж дууслаа. Хөгжил хүнээс эхэлнэ. Хүн нь хөгжиж байж нутаг нь, аймаг нь, нийгэм нь, улс нь хөгжинө гэж би боддог. Ард иргэдийнхээ хөгжил, дэвшлийн төлөө залуу хүний эрч хүч, боловсрол мэдлэгээ дайчлан, хамтдаа хөгжих дүүрэн боломжийг бүрэн ашиглаж илүү өргөн хүрээнд ажилламаар байна.
- Дорнод аймаг нь томоохон аймгуудын тоонд ордог. Газар нутгийн хэмжээгээрээ, бас хүн амын тоогоороо. Гэхдээ хөгжлөөр ямар төвшинд байдаг юм бол?
- Таны хэлдэг үнэн. Манай аймаг дэд бүтэц сайтай. Дорнод аймгийг анх 150 мянган хүн амтай байхаар тооцож дэд бүтцийг нь төлөвлөсөн гэдэг юм билээ. Харин одоо бол 80 гаруй мянган хүн амтай. Гэсэн ч Дорнод аймаг хөгжлөөр тэргүүлэхгүй байгаа нь сүүлийн жилүүдэд МАН-ын засаглал энэ аймагт давамгайлсан нь гол шалтгаан байж болох юм. Харин ард иргэд маань ажилсаг хөдөлмөрч золбоотой тулдаа аймгийн хөгжил дор төвшинд орчихоогүй явна. Манай аймгийн хувьд хөгжих боломж, бололцоо дүүрэн бий. Газар нутгийн хэмжээгээр улсдаа гуравт ордог, зүүн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг, сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй, 2 улстай шууд хиллэдэг, хилийн 7 боомттой, манай улсын Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох хамгийн ойрын гарц гэгддэг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудтай. Зүүн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангадаг, бэлчээр сайтай учир малын тоо толгой жил ирэх тусам өссөөр байна. Түүнчлэн агаарын замтай, эрдэс баялгийн орд газруудыг түшиглэн хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой. Дорнод аймагт гагцхүү зөв мэргэн бодлого, шийдвэр, удирдлагын холч хараа, засаглалын менежмент дутагдаж байна. Үндсэндээ Дорнод аймгийн хэмжээнд засаглалын хямрал бодитоор нүүрлэсэн, төрийн бодлого, шийдвэр 10 хэрэгжих шатандаа хяналт нь бүрэн алдагдсан байгаа.
- Ярилцлагынхаа төгсгөлд ардчиллын талаарх таны үзэл бодлыг сонсмоор байна. Өнөөгийн ардчилал яг ямар байна вэ?
- Монголчуудын үнэт зүйл бол ардчилал. Манай Ардчилсан намын суурь үнэт зүйлийн нэг нь хүний эрх. Ардчиллыг зөвхөн хүний эрх, чөлөөтэй сэтгэх, чөлөөтэй оршин суух, чөлөөтэй зорчих эрх төдийхнөөр авч үзэхээ больё. Ардчилалд эдийн засгийн элементүүдийг оруулж ирье. Анх 1990 онд ярьсан хүний эрхийн хэм хэмжээнүүд одоо 30 аад жилийн дараа өөр түвшинд очсон байна. Орон нутгаар явж иргэдтэй уулзаж байхад “Ардчилал хаана байгаа юм, ардчилал юу болов, үнэхээр энэ зам чинь зөв юм уу” гэсэн асуултыг олонтоо тавьж байна. Ардчилал монголчуудад улс төрийн эрх чөлөөг авчирсан. Ард түмэн өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө шийдэх эрхийг ардчилал авчирсан. юу ч өөрчлөгдөөгүй, ямар ч ахиц гараагүй байна. Энэ бол бодит баримт. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш 30 гаруй жил улирч, хүний амьдралын нэг бүтэн үе өнгөрсөн байна. Өнгөрсөн 30 жилийн 8-хан жилд нь ардчилагчид засаглаж байсан боловч энэ цаг үеийг бүхэлд нь ардчиллын үе гэж ард түмэн ойлгодог. Учир нь Ардчилсан нам л иргэдэд байрыг нь, малчдад малыг нь, баялаг бүтээгчдэд бизнес эрхлэх эрх чөлөөг нь, залууст дэлхийн дуртай орондоо аялах, ажиллах, суралцах боломжийг бодитоор өгсөн. Гэхдээ улс төрийн эрх чөлөө нь байлаа гээд эдийн засгийн эрх чөлөө байхгүй болчихоор яаж амьдрал дэвжих юм бэ. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй болохоор иргэдийн ардчилалд итгэх итгэл алдарч байна. Одоо эрх барьж байгаа МАН-д эдийн засгийн хүндрэлээс гарах гарц, бодит бодлого, үйл ажиллагаа, хүсэл зориг алга. Хэрвээ МАН-д тийм бодлого, гарц байсан бол өнөөдөр ядуурал улам нэмэгдэх биш буурсан байх ёстой. Дөрвөн жилийн хугацаанд Тийм болохоор иргэдийн үндсэн эрхийг хамгаалах, эдлүүлэх, амьдралын баталгаатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө манай намын гишүүд, дэмжигчид зорьж ажиллах ёстой. Хөгжил гэдэг бол үйлдвэрлэл бий болж, ажлын байр нэмэгдэж, хүн бүр ажилтай, орлоготой байж, эрүүл аюулгүй орчинд амьдарч, өөрт олгогдсон наад захын эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг л хэлнэ. Тиймээс энэ цагийн бидний үүрэг бол нэгэнт сонгосон ардчиллын замыг ойлгосон болохоор бусдадаа нөлөөлөх, нөлөө их байж бусдыгаа дагуулж чадна, тэр хэрээрээ бид олуулаа болж өөрчлөлтийг авчирна.
- Ярилцсанд баярлалаа. Таны ярилцлагын эхэнд хэлснээр “Эх орон өөрөө эрх чөлөө” гэсэнчлэн Монгол хүн эх орондоо эрх чөлөө бүтэн, ардчилал бүтэн аж төрөх болтугай. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.