Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн Хараат гэдэг газарт тус аймгийн хэмжээнд ховордоод байгаа монгол тарвага дош болгон дээрээ хошгирч, шинэ ногооны амтанд автан тааваараа идээшлэх нь хэн хүний харааг булаам. Хялгант хээрийн эко системд тарвага асар их үүрэг оролцоотой амьтан. Гэтэл сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч “нүдний гэм” болоод байсан энэ амьтан хэдэн мянгаараа энд өсөж үржиж байгааг замд яваа явуулын хүмүүс гайхан шогширно. Чухам яагаад яг энэ хэсэг газарт ийм олон тооны тарвага өсөж үржиж байгаагийн учир шалтгаан нь юу юм бол? Гэж уншигч та асуух магад. |
Тус багийн малчин Мөнх-Эрдэнийн Эрдэнэбилэг гэгч залуугийн хичээл зүтгэл гэдгийг нутгийн иргэд болон байгаль хамгаалах чиглэлийн хүмүүс андахгүй. 2009 онд цэргээс халагдаж ирээд айл бүл болж тусдаа гарч Хараат уулынхаа энгэрт төвхнөжээ. Бага насандаа тоглож өссөн Хараат Шалзын голд царцаа шиг өсөн үржиж байсан тарвага нь сорлог сайхан арьс, тослог амттай махнаасаа болж хэдхэн жилийн дотор анчдын бууны онь, хавхны гаранд устан алга болж цөөн тооны хэдхэн тарвага үлдсэнд халаглан харамсана. Одоо л энэ хэдийгээ агнуулахгүй авч үлдэхгүй бол нутагт маань тарвага гэдэг амьтан байсан юм гэнэлээ гэсэн домог яриа л үлдэх нь гэж сэтгэл нь өвдөхдөө хамгаалж эхэлсэн гэдэг. Тарвагаа хамгаалах ажлыг үр төл, эм эрийг нь ялгахгүй устгадаг хавх гэгч зүйлтэй тэмцэхээс эхэлжээ. Тэрээр өдөр бүр дошнуудаар явж хавхыг нь олж хурааж хэдхэн жилийн дотор 700 гаруйг хурааж устгаснаар эхний үр дүн гарав. Тэр ч бүү хэл хураан авсан хавхаа аймгийн Мэргэжил сургалтын төвийн багш оюутнуудад өгч Тарваганы хөшөө хийлгэж сумын төвд байршуулсан нь анчдад нэгийг бодогдуулж, хоёрыг сануулсан хэрэг. |
Эрдэнэбилэг 2017 он хүртэл агнуурын үеэр өдөр бүр хулгайн анчидтай тэмцэн муудалцахтай нь муудалцаж ухаарах нэгэнд нь хэлж ойлгуулсанаар тарваганы тоо толгой ч мэдэгдэхүйц өсөж үржиж эхэлжээ. Тухайн жилд нь Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор Я.Адьяа Улаанбаатар хот Шарга морьтоос 57 ширхэг тарвага авчирч нэмж нутагшуулсанаар цус сэлбэлт явагдаж тоо толгой нь эрс өссөн байна. Эрдэнэбилэгийн энэ их хичээл зүтгэлийг үнэлж 2017, 2018 онд Улсын шилдэг идэвхтэн байгаль хамгаалагчаар шалгаруулж мотоциклиор шагнаж урамшуулан туршлагыг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрүүлж байжээ. |
Тэрээр одоо Хараат нэртэй байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг байгуулж 20 гаруй өрхийг нэгтгэж Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалах төсөлтэй хамтран газар ус, ан амьтнаа хайрлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон байна. 2023 онд дээрх төслийн жижиг төсөл шалгаруулах уралдаанд шалгарч 5 сая, сумын Малын тоо толгойн татварын орлогоос 3 сая, нөхөрлөлийн гишүүдийн дундын сангийн хуримтлалаас 3,5 сая төгрөгийн санхүүжилтээр Хараат голын эхийг хамгаалж нийтдээ 156 метр урттай төмөр хашаа хийж 2 булгийн эхийг нөхөрлөлийнхөө гишүүдтэй хамтарч хашиж хамгаалав. |
Тарваганы тоо толгой нь өсөж газар нутаг нь тэлсэнээр хамгаалах талбайн хэмжээ ч томорч сумын ИТХ, ЗДТГ-ын дэмжлэгээр Дрон худалдан авч хулгайн антай тэмцэж эхэлсэн нь томоохон хэмжээний газар нутгийг хамгаалж хянах боломжтой болжээ. Эрдэнэбилэг “Байсан зүйл байгаагаараа байх шиг сайхан юм хаана ч үгүй” гэж хэлэх дуртай. Эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн энэ сайхан газар нутаг маань унаган төрхөөрөө байж ан амьтан, жигүүртэн шувууд нь өсөж, бэлчээр ургамал нь урган төлжиж байх нь бидний хойч үеийнхнийхээ өмнө хүлээсэн үүрэг юм. Энэ бүхнийг ойлгож дэмжиж байгаасай гэж хүмүүст хандан хэлсэн түүний үгээр нийтлэлээ өндөрлүүлье. |
Баян-Уул сумын сурвалжлагч М.Баттулга