ГЭРИЙНХЭЭ ГАДНАХ ШУУДАНГИЙН ХАЙРЦАГНААС ХЭВЛЭЛЭЭ АВАХ ӨДӨР ХЭЗЭЭ ВЭ?

2024 оны 2-р сарын 23 өдөр

        Саяхан манай сонины редакцаар ороод гарсан охин орон нутагт маань цаасан сонин байдаг юм байна ш дээ, хэдэн жилийн дараа хашаа байшин бариад хашааныхаа гаднах шуудангийн хайрцагнаас орон нутгийнхаа сонинг авч уншаад кинон дээр гардаг шиг амьдарана аа гэж билээ. Нээрэн л хөгжилтэй орнуудын уран сайхны кинонд элбэг харагддаг энэ үзэгдэл манай улсад хэзээ биеллээ олох юм бол доо.  Шуудангаар сонин захиалан уншдаг байсан цаг түүх болон үлдсээр л. Монгол шуудан хэмээх орон даяар салбартай  том байгууллага 66 хувь нь улсын, 34 хувь нь олон нийтийн гэж явдаг гэнэ.  Энэ байгууллагыг иргэд улсын компани гэж боддог бол орон нутагт харьяалагдахгүй  дэмжлэг, тусламж,  хамтрал юу ч байхгүй. Тухайлбал манай аймгийн Монгол шуудангийн салбар  аймгийн төвдөө 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.  Дорнод аймаг 86 мянган хүн амтай. 10000 хүн тутамд нэг шууданч ажиллаад байна гэж харах уу? Шуудан хүний олноор ажил нь урагшилж, үйл ажиллагаа нь тогтвортой оршдог байгууллага гэж бодогдох юм.  Салбар нь  боловсон хүчнээ нэмэгдүүлэх хүсэлт тавихад санхүүжилт байхгүй гэнэ. Шуудан гэдэг нэр утга нь өөрөө өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон хүнд хүрч, тэр хэрээр орлого нэмэгдэх ойлгомжтой биш гэж үү. Шуудан бол аалзны тор шиг хэрсэн сүлжээтэй байх ёстой л доо. Манай аймгийн 13 суманд 7 хоногт 2 удаа тогтмол шуудан хүргэлт явдаг. Сум болгон 1 шууданчтай. Тэд орлогоороо цалинждаг.  Нийгмийн даатгалаа цалингийн доод хэмжээ буюу 660 мянган төгрөгөөр тооцон төлдөг. Яагаад орлогоор цалинждаг гэвэл 7 хоногт 2 удаа бүтэн цагаар бус ажилладаг гэнэ. Сумдад шуудангийн байр байдаг боловч хэт хуучраад ашиглах боломжгүй болсон болохоор шууданчид өөрсдөө гэр орноороо ажлаа зохицуулаад хийнэ л дээ. Уншиж суугаа таны нүдэнд харагдаж л байгаа байх.  БНСУ-д ажиллахаар очсон Монголчуудад тэгбэ буюу шуудангийн ажил хамгийн түрүүнд олддог ш дээ. 3-30 кг ачааг Монголчууд зөөгөөд шуудангийн машинд хийж захиалсан зүйл нь Солонгосчуудад 24-72 цагийн дотор гэрийнх нь үүдэнд хүргэгдэнэ. Эх орондоо биш харь улсад Монгол хүмүүс шуудангийн ажил хийж болоод байх юм аа. Орчин цагт онлайн дэлгүүр ихсэж хүргэлт байна уу гэж асуудаг болсон ш дээ. Залуус таксинд явахгүй нэгээс хоёр дэлгүүрийн хүргэлт хийгээд, цагт баригддаг цалинтай ажил хийснээс илүүг олж амьдарч болоод байхад улс нь энэ мэт хэний ч толгой хүрчих шуудангийнхаа асуудлыг шийдэж чадахгүй л байна. Аймгуудын шуудангийн салбарууд сум руу явдаг тогтмол машингүй. Хувь хүмүүстэй үнэ хөлсөө тохиролцоод шуудангаа тээж явуулдаг гэх.  Өөрсдийн машингүй хэр нь шуудан явуулах тарифтай. Түүгээрээ шуудангаа замын унаанд тавина. Гэтэл бүх юм үнэд орсон цагт карго хүртэл үнээ нэмж шуудангаа тээхэд хүндрэлтэй болсныг албан хаагчид нь ярьж л байдаг даа. Шуудангийн машин шуудайтай албан бичгийг онгоцонд өгөх гээд давхидаг байсан сайхан цаг бидэнд байсан. Албан байгууллага болгон шуудангийн хайрцагтай түүгээрээ албан харилцаа явуулж хэвлэлээ захиалана. Харин одоо шуудангийн хайрцаг хоосон хонхойсон гунигтай цаг үед амьдарч байна. Гэрийнхээ гаднах шуудангийн хайрцагнаас хэвлэлээ авч унших цаг хэзээ юм бол доо.

  • Туяа
  • 170
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

ЗАЯА [127.255.255.255] 2024-02-23 19:42:04

Сонин гарч байгаа цагт шуудан байх ёстой. Монгол шуудан хөгжмөөр юмаа

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313