Алдарт жангарч Аримпилын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан соёлын цогц арга хэмжээ энэ сарын 16-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. Монгол улсын ойрад судлалын хүрээлэн, Тод номын гэрэл төв ТББ, Тод дөрвөлжин клубээс зохион байгуулсан "Жангар судлал: Түгээн дэлгэрүүлэх арга зам" хэлэлцүүлэг, "Аримпилын "Жангар"-ын арван долоон бүлэг" номын нээлтийн ёслолд БНХАУ, ОХУ, Монгол Улсын эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн 70 гаруй төлөөлөл оролцсон байна.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын алдарт жангарч Аримпилыг дурсах, түүний "Жангар"-ын уламжлал залгамжлалд оруулсан гавъяа зүтгэлийг үнэлэх, "Жангар"-ыг түгээн дэлгэрүүлсэн арга туршлагаа солилцох зэрэг сэдвээр орон орны эрдэмтэд үзэл бодол, байр сууриа илэрхийлжээ. Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Д.Таяагийн цуглуулан буулгасан уйгаржин монгол үсгийн 17 бүлэг "Жангар"-ыг ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн доктронт Б.Мөнгөнтулга кирилл үсэгт хөрвүүлж, Оросын холбооны Халимаг улсын их сургуулийн доктронт Б.Нанжид хянаж тохиолдуулсныг Монгол улсын “Тод номын гэрэл төв” ТББ-ын гүйцэтгэх захирал На.Сүхбаатар эрхлэн хэвлүүлжээ. "Аримпилын "Жангар"-ын арван долоон бүлэг" ном нь ийнхүү "Ойрад судлалын номын сан" цуврал бичгийн 122-р боть болон гарч байгаа юм. Тус хэвлэл нь Монгол улсад
хэвлэгдэж буй Хятадын алдарт жангарчийн хайлсан жангарын бүлэг гэдгээрээ онцлог бөгөөд Монгол улсын уншигчдийг Хятадын жангарч Аримпилын "Жангар"-тай танилцуулах, Аримпилын "Жангар"-ын текст судлалыг цаашид ахиулах, хоёр орны "Жангар"-ын харьцуулсан судлалыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болов.
Эх сурвалж:http://www.solongonews.mn/Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа