Орон нутгийн цагаар өчигдөр, 11-р сарын 15-нд Америкийн ерөнхийлөгч Жо Байден, Хятад улсын дарга ши Жиньпин нар Сан-Франциско дахь Филоли эдлэнд уулзав. Хоёр тал Хятад Америкийн харилцааны стратеги, дэлхийн энх тайван хөгжлийн асуудлаар гүнзгий санал солилцлоо. Энэ бол Ши Жиньпин дарга зургаан жилийн дараа Америкт хийж буй айлчлал юм. Хоёр орны төрийн тэргүүн Индонизийн Бали аралд өнгөрсөн жил уулзсан. Түүнээс хойш болж буй зайлбаргүй нүүр тулсан уулзалт тул дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хятад Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа гэдэг нь зайлбаргүй үнэн. Хоёр орны харилцаанаас дэлхийн энх тайван, хөгжил, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяа хамаарна. Нөгөө талаар хоёр орны төрийн тэргүүний харилцаа хоёр орны харилцааны хөгжилд стратегийн онцгой чиглүүлэгч үүрэгтэй юм. Ши Жиньпин, Жо Байден нар сүүлийн жилүүдэд нягт харилцаатай байж ирсэн. Тэд олон удаа утсаар ярьж, Бали аралд биечлэн уулзаж, хоёр орны харилцааг зөв гольдролоор хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ши Жиньпин дарга 2021 оны 11-р сард Жо Байдентай видео уулзалт хийж, "Ирээдүйн 50 жилд олон улсын харилцааны хамгийн чухал үйл явдал бол Хятад Америк хоёр зөв харилцаж, хөгжих явдал юм" гэж онцолж байсан юм. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, Хятадын тал Америкийн талтай харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтаар хожих зарчим барьж, хоёр орны харилцааг зөв замаар хөгжүүлэхийг эрхэмлэж ирсэн юм.
Жо Байдентай уулзахдаа Ши Жиньпин, "Дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааны хувьд хоёр орны харилцааг зуун жилд тохиолдож байгаагүй хувиралт өөрчлөлт ихтэй өнөөгийн нөхцөлтэй уялдуулж, хоёр ард түмэнд ашиг тус хүртээж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үүрэг хүлээх ёстой. Хятад Америк хоёр том гүрэн нэг нэгнээсээ ангид байх боломжгүй юм" гэжээ. Ингэхдээ, нэг нэгэндээ өөрийн байр суурийг хүчээр тулгах ёсгүй. Сөргөлдөөн зөрчилдөөний хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Сөргөлдөөн мөргөлдөөнөөс хэн ч хожихгүй. Өрсөлдөөн бол том гүрнүүдийн энэ цаг эриний урсгал биш. Зорилго ч биш. Их гүрнүүд өрсөлдсөнөөр дэлхий дахинд нүүрлэсэн олон асуудлыг шийдэхгүй. Энэ дэлхий ертөнц уудам. Хятад Америк хоёр орныг багтаах хангалттай орон зай бий. Хоёр орны хөгжил хоёр талдаа ашигтай, тустай юм. Хятад Америк хоёр орны түүх соёл, хөгжлийн замнал адилгүй. Энэ бол бодит зүйл. Гэвч хоёр тал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтаар хожих замаар хамтарвал санал зөрөлдөөнөө бүрэн зохицуулах боломжтой. Хоёр орны ирээдүйн зам гэгээн саруул байна гэдэгт би бат итгэлтэй байна гэжээ. Хятад Америкийн төрийн тэргүүний энэ удаагийн уулзалт хоёр талын харилцааг тогтвортой байлгаж, илүү бат бэх болгож сайжруулахад ач холбогдолтой юм. Энэ нь олон улс, олон нийт санаа нэгдэж дэлхийн чанартай сорилтыг даван туулж, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад маш чухал. Хоёр орны удирдагч Бали аралд уулзаж, удаад нь Сан-Францискод яриа хэлэлцэл үргэлжлүүлж буй нь зөвхөн хоёр талд төдийгүй дэлхий нийтийн хүлээлт юм.
Уулзалтыг товчлон дүгнэвэл, бие биедээ хүндэтгэлтэй хандах, нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, харилцан хашиж хорихгүй байх гэдэг зарчим алдагдаж, үүнээс болж хоёр орны харилцаанд сэв суусан байдаг. Тийм учраас эдгээр асуудал үр дүнтэй шийдэгдэх эсэхэд уулзалтын үр дүн оршиж байгаа юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох