БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоса нар орон нутгийн цагаар 8 дугаар сарын 24-ний орой Йоханнесбургт Хятад-Африкийн удирдагчдын уулзалтыг хамтаар даргалж, Африкийн холбооны ээлжит дарга бөгөөд Коморос улсын ерөнхийлөгч Азали Ассумани, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн хамтарсан дарга, Сенегалын ерөнхийлөгч Маки Салл, Африкийн дэд бүсийн байгууллагуудын төлөөлөл, Бүгд Найрамдах Замби улсын ерөнхийлөгч Хакаинде Хичилема, Бүгд Найрамдах Бурунди улсын ерөнхийлөгч Эварист Ндайишимие, Жибути улсын Ерөнхийлөгч Исмаил Омар Гелле, Бүгд Найрамдах Конго улсын ерөнхийлөгч Дэнис Сассу Нгэссо, Бүгд Найрамдах Намиби улсын ерөнхийлөгч Хаге Гейнгоб, Бүгд Найрамдах Чад улсын ерөнхий сайд Салех Кебзабо, Бүгд Найрамдах Ливи улсын ерөнхийлөгчийн зөвлөлийн дэд дарга Мусса аль-Кони, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дэд ерөнхийлөгч Кашим Шеттима, Африкийн холбооны комиссын төлөөлөгч Мучанга нар оролцжээ.
Ши Жиньпин "Хятад, Африкийн орчин үеийн үйлсийг хамтдаа ахиулж, гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээе" сэдэвт илтгэл тавьсан байна. Тэрбээр онцлохдоо, орчин үеийн шинэчлэлийн зам олон ургальч юм. Африкт ямар хөгжлийн зам хамгийн тохиромжтой вэ гэдэг тухай Африкийн ард түмэн өөрсдөө үгээ хэлэх эрхтэй. Интеграцчлалыг ахиулах нь Африкийн улс орон, ард түмний бие даан сонгосон шинэчлэлийн зам бөгөөд Хятад улс тууштай дэмжиж ирсэн. Хятад улс цаашид Африкийн хөгжлийн стратегитай уялдаа холбоогоо бэхжүүлж, Африк олон улсын үйл хэрэгт нэгдмэл байр суурьтай байж, олон улсын статусаа тасралтгүй дээшлүүлэхийг үргэлжлүүлэн дэмжинэ. Хятад улс Африкийн холбоог "Их 20"-ийн албан ёсны гишүүн болохыг, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлд Африкийн шаардлагуудыг эрэмбэлэх тусгай зохицуулалтыг дэмжиж, олон талт санхүүгийн байгууллагуудад Африкийн орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхийг уриалж байна гэжээ.
Хурлаар "Хятад-Африкийн удирдагчдын яриа хэлэлцээний хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн байна. Хятадын тал "Африкийн аж үйлдвэржилтийг дэмжих санаачилга", "Африкийн хөдөө аж ахуйг шинэчлэхэд туслах Хятад улсын төлөвлөгөө", "Хятад-Африкийн боловсон хүчний бэлтгэл сургалтын хамтын ажиллагааны төлөвлөгөө" зэргийг гаргажээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Д.Хүчитбаатар, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Яргуй