Хур бороог угтах дэлгэр зун зон олноон баясгах 2023 оны Шинэ барга зүүн хошууны Наадмаа хөгжөөж монгол морины шандас шалгах уралдааны эхлэх ёслолын ажиллагаа 6-р сарын 26-28 өдөр Шинэ барга зүүн хошуунд зохион байгуулагдлаа.
Наадмыг Хөлөнбуйр хотын Соёл жуулчлал радио телевиз товчоо, Хөлөнбуйр хотын Спортын товчоо, Шинэ барга зүүн хошууны Намын хороо, засгийн газар гол эрхэлж, Шинэ барга зүүн хошууны 2023 оны Наадам жич монгол морины шандас шалгах уралдааны зохион байгуулах зөвлөлөөс даачилан эрхэлжээ.
Хятад улсын монгол үндэстний уртын дууны өлгий, бүх ӨМО-ны дэлхийн бөхийн дагшин орон хэмээгдэх Шинэ барга зүүн хошууны хүчит бөх, хурдан хүлэг, цэцэн мэргэн харваачдаараа хол ойрдоо алдартай нутаг. Онцолвол найрын нэгэн чимэг болох монгол мориний шандас шалгаруулах уралдаанд 200 нутаг уснаас оролцож байгаа хурдан морины уралдаан 6-р сарын 23-ны өдөр болж, 96 алтан туурайт хурдан хүлгүүд оролцсон. Хурдан морины түрүүнд Шинэ барга баруун хошууны Бүрдийн шарга морь хурдаллаа. Мөн 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн монгол шатрын уралдаан, шагайн харваа эхлэв.
Эхлэх ёслолын ажиллагааны дараа 512 хүчит бөхийн барилдаан, тэмээний уралдаан, хурдан морины уралдаан, шагай харваа, шатар, сур харваа, тэмээт бөмбөг зэрэг уралдаанаар найрт хүрэлцэн ирсэн хол ойрын хүмүүсийг баясгаж, сэтгэл догдлуулсан их найр болов. Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй