Ши Жиньпин улиран сонгогдсоныхоо дараа юуг онцлов

2023 оны 3-р сарын 17 өдөр

3-р сарын 13-нд Хятадын төрийн эрх барих дээд байгууллага Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын энэ жилийн ээлжит чуулган Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд хаалтаа хийлээ. Тус хурлын дараа Хятад улсын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсон Ши Жиньпин хэлсэн үгэндээ юуг онцлов? 

Ард түмнээ дээдлэх
Тэрбээр юуны түрүүнд итгэл хүлээлгэсэн хурлын төлөөлөгчид, Хятадын ард түмэндээ талархал илэрхийлээд, "Ард түмний итгэл бол өсөж дэвжихэд урам зоригийн зэрэгцээ хүндээс хүнд үүрэг хариуцлага болдог" гэж онцлов. "Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэм зорилго болгож, төрдөө үнэнчээр зүтгэж, хурлын төлөөлөгчид, ард иргэдийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй" гэв. 
Ши Жиньпин анхан шатны тосгоны намын үүрийн даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Улс төрд хөл тавьснаас хойш сянь, хот, мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн болох замдаа тэрбээр, ард түмнийхээ дундаас өндийж, ард түмнийхээ төлөө зүтгэж, ард түмнээ нөмөр нөөлөг болгох үзэл санааг баримталж ирсэн. Хятадын дээд удирдагч болсныхоо дараа хэлсэн үгэндээ, "Ард түмэн намайг сонгож итгэл хүлээлгэсэн учраас бид ард түмнээ сэтгэлдээ мөнхөд дээдэлж явах болно" гэсэн юм. 
2019 оны 3 дугаар сард Итали улсад айлчилсан Хятад улсын дарга Ши Жиньпинээс, Италийн парламентын төлөөлөгчдийн танхимын дарга, "Дэлхийн том улс Хятад гүрний дээд удирдагч болоход танд юу бодогдож байна вэ? гэж асуухад, Ши Жиньпин "Их гүрнийг удирдахад маш том хариуцлага, маш хүнд дарамт ирнэ. Тэгэхээр яалт ч үгүй өөрийгөө умартан, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байхын төлөө хичээх ёстой. Би өөрийгөө умартан Хятад улсын хөгжилд бүхнээ зориулахад цаг ямагт бэлэн байдаг" гэсэн юм.

-Үндэстнүүдийн сэргэн мандалтын буухиаг дамжуулах 

ХКН-аар удирдуулсан Хятадын ард түмний хүнд хэцүү тэмцлийг Ши Жиньпин дүгнэж хэлэхдээ, "Олон зуун жилийн тэмцлийн үр дүнд Хятадын ард түмэн хувь заяаныхаа эзэн болсон. Хятадын үндэстнүүд босож тэмцсэн, хөгжсөн, хүчирхэгжсэн үсрэнгүй дэвшилд хүрч, Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалтыг эхлүүлсэн" гэжээ.


Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлаар XXI зууны дунд үе гэхэд Хятад улс орчин үеийн социалист хүчирхэг орон болно гэх хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлсон. Ши Жиньпин улс орноо хүчирхэгжүүлэх, үндэстнүүдээ сэргээн мандуулах зорилтыг буухиа дамжуулахтай зүйрлэж "Шинэ эрин үед бид Хятадын түүх, Хятадын ард түмэндээ их амжилт гаргаж, хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөө манай үеийнхний зохих хувь нэмрийг оруулах болно" гэж амлав.

-Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах
Ши Жиньпин хэлэхдээ, "Хятадын хөгжил дэлхий дахинд үр өгөөжтэй. Хятадын хөгжил дэлхий нийтээс салж чадахгүй, уялдаатай. Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх энхийн далбааг өндөрт өргөж, түүхийн зөв талд тууштай зогсох болно. Хятад улс олон талт үзлийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно. Дэлхийн эдийн засгийг хөгжүүлж, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, энх тайван, тогтвортой байдалд зөв эрч хүчээр сэлбэх болно" гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 330
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313