Гадаад руу аялах тухай лавлагаа авах хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж, олон мужаас захиалгат нислэгүүд хилийн чанадыг зорьж, гадны хөрөнгө оруулалттай төслүүд олноороо хэрэгжиж эхлэв. Энэ нь Хятадын эдийн засаг эрч хүчтэй сэргэж буйн илрэл бөгөөд тус улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр хэвээр байгааг харуулж байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж хянах бодлого хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь төлөвлөн, хэдийгээр олон хоригийн дунд байсан ч хамгийн бага зардлаар хамгийн их үр дүнд хүрэхээр чармайсаар ирсэн. Сүүлийн гурван жилд Хятадын эдийн засаг жилд дунджаар 4.5 хувиар өссөн нь дэлхийн эдийн засгийн 1.8 хувийн дундаж өсөлтөөс хавьгүй дээгүүр төдийгүй Америк, Европ, Японоос тус тус 1.6, 0.7, -0.3 хувиар өндөр байна.
Өнгөрсөн оны эцсээс энэ оны эхэн үе хүртэл цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй оновчтой болгож хүмүүсийн солилцоо, хөрөнгө мөнгө, технологи зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн урсгалыг дэмжсэнээр үйлдвэрлэлээ сэргээж, хэрэглээг хурдацтай нэмэгдүүлсэн байна. Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны нэгдүгээр сард Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 50.1 хувь болж, өмнөх сараас 3.1 пунктээр өсчээ. Энэ нь гурван сар дараалан буурсан аж үйлдвэрийн салбарын PMI-г дахин өсгөх хандлагатай болгож, Хятадын эдийн засгийн хэтийн төлөв мэдэгдэхүйц сайжирсныг харуулж байна.
Эдийн засаг уян хатан, нөөц боломж ихтэй, амжилт ололтоо урт хугацаагаар хадгалах хандлагатай байгаа нь үндсэн дэвшил бөгөөд төрөл бүрийн саад бэрхшээл, томоохон сорилтыг даван гарах итгэлийг төрүүлж байгаа юм. Дэлхийн эдийн засаг тодорхойгүй олон хүчин зүйлийн дарамттай тулгарч байгаа энэ цаг үед Хятадын эдийн засаг тогтворжиж, сэргэж эхэлсэн нь тэдний хувьд шинэ нөөц бололцоо нээгдэж байгаатай өөрцгүй юм.
Сүүлийн үед олон улсын цөөнгүй байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх хэлэлцүүлэг өрнүүлж, энэ чиглэлээрх урьдын таамаглалуудаа өөрчилсөөр байна. Олон улсын валютын сан Хятадын эдийн засгийн энэ онд өсөлтийг 4.4 хувь хэмээн таамаглаж байснаа 5.2 хувьд хүргэж дээшлүүлэв. Морган Стэнли ч саяхан Хятадын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0,3 пунктээр нэмэгдүүлж, 5.7 хувьд хүргэв. “Goldman Sachs” групп Хятад улсад хэрэглээ, үйлчилгээний бизнес сэргэж байгаа төдийгүй олон салбар, илүү өргөн хүрээтэйгээр зах зээлээ сэргэж байна гэж үзжээ.
Хятадын эдийн засгийн асар их нөөц боломж, томоохон хувь нэмрийг гадаад ертөнцөд өөдрөгөөр үнэлж байна. Европ дахь хөрөнгийн удирдлагын хамгийн том компани болох Credit Agricole CIB нь "Хятад улс энэ онд олон улсын компаниудад хамгийн их баталгаа өгсөн гэж үзсэн байна. Эрч хүчтэй өсөлт, сэргэлт нь хамгийн их баталгаа юм. Ганц "тодорхойгүй" зүйл бол өсөлтийн түвшин, хурд гэжээ. ОУВС-гийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуланча 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсын оруулах хувь нэмэр АНУ, Европын холбооноос хол давах болно гэж үзсэн байна.
2023 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо улам оновчтой болгосноор дэлхийн эдийн засгийн уналтыг мэдэгдэхүйц сааруулна хэмээн хуралд оролцогчид үзжээ. Олон улсын хамтын нийгэмлэг болон хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлийн хэтийн төлвийг өөдрөгөөр үнэлж, Хятадын эдийн засгийн хөгжилд итгэл дүүрэн байна. Хятадын эдийн засаг сэргэж байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд улам их хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэж тэд үзэж байгаа юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа