СЭТГЭЛ ДЭРВЭХ ТИЙМ МЭДРЭМЖ ОДОО Ч САНАГДСААР...

2023 оны 2-р сарын 9 өдөр

“CLASSICAL MUSIC - 3”

      “CLASSICAL MUSIC-3” тоглолтын урилга ирлээ. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, манай театрын Симфони найрал хөгжимчид хамтарсан  бүтээлээ туурвиж байгаагаараа онцлог болох энэ тоглолтыг догдлол, хүлээлттэй үзлээ. 
Театрын тайз 60 хөгжимчнөөр дүүрч сүрдэн чичрэх шиг. Тоглолтыг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дарга Ц.Түвшинтөгс, Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын дарга Л.Наранхүү нар нээж зэрэгцэн зогсох нь хүртэл их хүндлэл, их хүндэтгэл. Театр хэдэн өдрийн турш үзэгчээр пиг дүүрч, Дорнод даяар симфони нүргэлэх шиг.  Энэ тоглолтын дараалал, хөгжмийн сонголт эрхгүй нэгийг өгүүлнэ. Тоглолт Ваандангийн Боролдойн “Цэнхэр дурдан алчуур” бүжгэн жүжгийн хөгжмөөр эхэлсэн. Тэртээ 45 жилийн өмнө манай театрын симфони оркестр энэ бүтээлээр үзэгч түмэнтэйгээ анх учран золгож байжээ. “Раднаагийн цомнол, балетмастер Пүрэвжавын дэглэлт, В.Боролдойн хөгжим “Цэнхэр дурдан алчуур”. Удирдаач Соёлын тэргүүний ажилтан Бадамын Гэрэлмаа” гэх хөтлөгчийн цээл тунгалаг хоолойтой зэрэгцэн үзэгчдийн алга ташилт хэсэгтээ шаагив.  “Гэрэлмаагийн үдэш” үе үе бодолд зурсхийж, тэр үед тэрлэж байсан үгс санаанд тод бууна. Түүний “Зүрхний шүтээн” тоглолтод Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү оролцож манай театрын тайзнаа тавигдсан “Сарьсан багваахай” операттан хэсгийг удирдсан. Энэ эрхэм “Дэлхийн сонгодог энэ бүтээл удирдаачаас өндөр ур чадвар шаарддаг. Мэргэжлийн хүн ч зүрхлэхээргүй бүтээл” гэж Гэрэлмаагийн удирдаачийн ур чадварыг ганцхан өгүүлбэрээр тархинд ёгхийтэл суулгасан.   Дорнодын   ард түмэн гайхамшигтай хөгжмийн боловсролтой нь харагдаж байна гэж Түвшинтөгс дарга дуун алдана лээ. Улс орнуудын театр чуулгынхан хамтарч тоглолт зохион байгуулах нь хэвийн зүйл ч их театр орон нутгийн тэр тусмаа симфони оркестрийн сонгодгийг хамтран зохион байгуулсан нь анхных болов уу. Өөр орон нутагт 30,40,50 жилдээ юу л бол гэж омогшин суусан. Ваандангийн Боролдой гэх энэ эрхэм хүмүүн энэ нутагт төрж өссөндөө бид өнөөдөр нутагтаа симфони оркестртой, түүнийг нь залгамжлан авч яваа театрынхандаа талархахаас яалтай.  
      Тоглолт П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгийн жүжгийн хөгжмөөр үргэлжиллээ. Хунгийн хэсгээс манай бүжигчид бүжиж үзүүлсэн. Дорнодын театрын дуучид хоолойн цараа гайхуулж, манай бүжигчид тайзыг чимж чадсан.  Тайзнаа хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээлүүдийг эгшиглүүлсний дотор хөгжимчдийн ур чадварыг сорьдог  Монголын сор болсон хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгийн жүжгийн хөгжим амиллаа. Хоёр бүлэгтэй энэ бүтээл түүний анхны том бүтээлд тооцогддог. Тухайн үед гарч байсан бүжгийн жүжгүүдийн дээд цэг ч гэж хөгжим судлаачид үнэлдэг юм билээ. Бавуугийн Лхагвасүрэн гуай  “Бурууд тэсгэлгүй гэсгээдэг. Зөвд ихэмсгээр инээдэг” өөрийн гэсэн том авьяасын бөөм байсан.  Түс тас гүдэсхэн зантай. Эр хүн шиг эр хүн явсан даа, миний нөхөр. Өнөөдөр бидэнд үгүйлэгдэж байгаа зан чанарыг биедээ тэр агуулдаг байсаан гэж Хангал найзынхаа тухай нэгэнтээ дурссан нь бий. Сонгодог хөгжмийн эцэг, ариун сүм гэгддэг Зундуйн Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгийн жүжгийн хөгжмийг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Тэлмүүн-Очир удирдсан. Цэл залуухан удирдаач маань БНСУ-д Хөгжмийн дээд сургуулийг удирдаач мэргэжлээр төгссөн дуулдсан. Хөгжимчдийн нэг нүд удирдаачийн дохиур руу, нөгөө нь нот руугаа харж яг л морин хараатай болсон цагт жинхэнэ хөгжимчинд тооцогддог тухай  сонсч байсан юм байна. Манай хөгжимчид их театрынхнаас дутах юм алга. Хөгжимчдийн нийцэл үнэхээр сайхан байсан.   Тоглолтод Хэрлэн сумын 8-р сургуулийн сурагч бяцхан хөгжимчин Баатарсүхийн Эмүжин урилгаар оролцов. Охины аав Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын Ваандангийн Боролдойн нэрэмжит Симфони оркестрын үлээвэр хөгжимчин. Баатарсүхийн аав, ээж хоёул Дорнодын театрын чадварлаг хөгжимчид байсныг мэдэх нэг нь мэднэ. Охиныг зүгээр ч нэг урьж оролцуулаагүй байх. Их урлагийн үргэлжлэл өнө мөнхөд гэдгээр ирээдүй хойч үеийг илтгэн харуулсан итгэл үнэмшил гэж ойлгогдсон. Эмүжин охин арваад хоногийн өмнө Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монголын нэрт хөгжмийн зохиолч, хийлч Аюушийн нэрэмжит Өсвөрийн хийл сонирхогчдын Улсын уралдаанд гуравдугаар байрыг эзэлжээ. Манай театр Монгол улсын Консерватортой хамтран 14 хүүхдийг сургаж, тэд сургуулиа төгсөөд аймгийнхаа театрт хөгжимчнөөр ирэх юм гэсэн сайхан мэдээг хөтлөгч Ц. Одсүрэн завсарт нь дуулгаад авна лээ. Францын нэрт хөгжмийн зохиолч Жорж Бизьегийн “Кармен” дуурийн удиртгал хөгжмөөр тоглолтын нэгдүгээр хэсэг өндөрлөсөн.
      Тоглолтын үндсэн хоёрдугаар хэсэг эхэллээ. Энэ хэсэг киноны хөгжмөөр үргэлжлэв. Хамгийн аугаа урлаг кино гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх биз. Тэр дундаа киноны хөгжим хүний зүрх сэтгэлд хоногшин үлдэж дэлгэцийн урлагийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлдэг. Энэ үдшийн тоглолтод бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг үзэгчдэдээ зориуллаа.   “Хаадын тоглоом”, “Загалмайлсан эцэг”, “Сувдан эрэг” гээд дэлхийн кино урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийн хөгжмийг нэг дор дүрс, үйл явдлын хэсэгтэй нь толидоно гэдэг нүд, чих, сэтгэлийн баяр баясгаланг зэрэг эдэлсэн гайхамшиг гэхээс яалтай. Асар хүчтэй, цог золбоолог хийморилог аянууд үзэгчдийг үнэхээр доргиож чадсан. Кино ертөнцөөр аялуулсан хөгжимчдөдөө дахин дахин алга ташилтыг бэлэглэж байв.
       “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг сонсоход үйл явдал нь амилаад ирэх шиг. Н.Жанцанноров 1989 онд “Мандухай цэцэн” киноны хөгжмөөрөө Төрийн шагнал хүртэж байжээ.
 Үргэлжлэн 20-р зууны Манлай хөгжмийн зохиолч  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн бүтээл “Энэ хүүхнүүд үү”  киноны хөгжмийг сонсгов. Энэ хэсэгт манай театрын хөгжимчин О.Батцэцэг флейт хөгжмөөр гоцолж, үзэгч олон түүнд халуун алга ташилтаар баяр хүргэсэн. “Цогт тайж”, “Анхны алхам”, “Морьтой ч болоосой”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Ардын элч”, “Алтан өргөө” гээд Мөрдорж гуайн киноны хөгжмүүдийг манайхан мэднэ дээ. Энд сонирхуулахад, Монголын Үндэсний Радио Телевизийн хөгжмийн алтан фондын тал шахам хувийг зөвхөн Мөрдорж гуайн бүтээл эзэлдэг гээд бод доо. “Энэ хүүнүүд үү” киноны хөгжмийг хамгийн сонин өвөрмөц үзэгдэл болсон гэж мэргэжлийн судлаач хөгжимчид нь үздэг юм билээ. Яагаав, нөгөө Дамдинсүрэн гуайн гүйж яваа хэсгийн хөгжмийг ийн онцлодог.  Залгуулаад Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын хөгжим “Нар сарны зааг” киноны хөгжмийг мөн л манай театрын гоцлол хөгжимчин Морин хуурч МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Б. Дөлгөөн, морин хуурч Г.Дэндэв, Б.Саранхүү, ятга хөгжимчин В.Батчимэг нар гоцоллоо.
       Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Зундуйн Хангал. Монголын кино урлагт  жинтэй хувь нэмэр оруулсан агаад 1979-1994 оны хооронд “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Гэрлэж амжаагүй явна”, “Тань руу нүүж явна”, “Намар нахиалсан мод”, “Ирж яваа цаг” зэрэг 20 гаруй киноны хөгжим бичиж, талаас илүү хувь нь үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ. Аялгууг шүтсэн зохиолчдоос сэтгэхүйд шилжсэн шинэчлэл хийж 20-р зууны сүүлчийг эзэгнэн шинэ зуунд залгуулж өгсөн хөгжмийн зохиолч бол Зундуйн Хангал. Түүний найрал хөгжмийн нэлээн дорвитой бүтээл нь “Тань руу нүүж явна” киноны хөгжим юм. Энэ  хөгжмөөр кинонд чухам юун тухай өгүүлж байна, киноноос хөгжмийг нь салгаад сонссон ч хүний дотоод сэтгэлгээ, хүн байгаль хоёрын  харьцаа, эх хүний энэрэнгүй нандин сэтгэлийг киноны хөгжим шууд илэрхийлдэг.  
      “Тань руу нүүж явна”  киноны гайхалтай хөгжмийг Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Концертмейстр, төгөлдөр хуурч Сувданцэцэг үзэгчдэдээ  хүргэсэн. Хөгжим зөвхөн чихэнд сонсогдох биш зүрхэнд хүрдгийн төгс бүтээл гэж үүнийг хэлж болно.
Тоглолтод мэдээж, Төрийн шагналт, Чингисийн одонт, Монгол Улсын Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал” эгшиглэсэн. Монгол хүн бүрийн сэтгэл хөдөлж оргилсон бадрангуй омогшил төрж самсаа шархирам энэ бүтээл  төрийн найрал хөгжимтэйгээ гайхалтай зохицдог.  Монгол түмэн гэдгийг тодотгосон их баярын нэгэн болох төрийн наадмыг аугаа Шаравын “Сэрсэн тал”-гүйгээр төсөөлшгүй. Ариун увидаст хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын бүтээлүүдээс хамгийн олон удаа эгшиглэсэн нь “Сэрсэн тал” бүтээл юм. Чингисийн одон хүртсэнийхээ дараахан тэрээр бүтээлийг нь олон арван жил амьдруулж яваа төрийн их найрал хөгжимчдөдөө алга хавсран бөхийн хүндэтгэл үзүүлэхийг хараад энэ эрхэм хүмүүнээр бахархаж суусан. Уг бүтээл Москвагийн их театр, Парис, Лондон, Нью-Иорк, Токиогийн тайзнаа дэлхийг сэрээсэн Монголын их талын мөнхийн бүтээл болж чадсан гэдгийг хөтлөгч тодотгоно лээ. 
Венийн сонгодог вальсын урлагийг үндэслэгч Иогани Себастьян Бахын Баярын маршаар Сонгодог үдэш өндөрлөсөн. Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын Ваандангийн Боролдойн нэрэмжит Симфони оркестр бол яах аргагүй манай аймгийн брэнд. Маш том үнэлэмж, үнэ цэнэ.   Зөвхөн 1,2,3... гэээд ээлж дараатай зохион байгуулдаг тоглолт бус дэлхийн болон монголын сор бүтээлийг таниулж, магадгүй гайхуулах бодлого гэдгийг энэ удаагийн тоглолт нотлох шиг болсон.
“CLASSICAL MUSIC-3” таван удаагийн тоглолт бүр танхим үзэгчээр битүү дүүрч  “Дорнодынхон чинь эртээсээ сонгодогтой ойр байж соёлыг бүтээгч, түгэээгч уламжлалтай юм” гэсэн ойлголтыг их театрынханд өгч тэдний сэтгэлийг татахуйц байж чадсан. Энэ бол өндөр үнэлгээ. Симфони оркестроороо бахархаж бардамнан хичнээн омог төгөлдөр додигор байв аа.  Хоёр цагийн турш дэлхийн болон монголын сонгодог хөгжмийн бүтээлүүд эгшиглэж үзэгчдийг догдлуулж,  Дорнодынхон бид хөгжмийн далайд сэлж оюуны цэнгэл эдлэв ээ. Тоглолт үнэхээр аз жаргал, баяр баясгалантайгаар төгссөн. Аугаа Шаравын “Сэрсэн тал” жинхэнэ сэрээж, сэтгэл дэрвэх тийм мэдрэмж одоо ч  санагдсаар...
 

Б.ТУЯА

  • Туяа
  • 228
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313