“ШИНЬ ШИНь”-иЙН ХАЯГДЛЫН ДАЛАН ШҮҮРСЭН ХЭРЭГ ЮУ БОЛОВ?

2023 оны 2-р сарын 9 өдөр

Ингэж эхэлсэн
Дорнод аймагт байгаль дэлхий баялгаа харамгүй хайрласан. Нүүрс, газрын тос, холимог метал, алт, уран гээд дэлхийн зах зээлд эрэлттэй ашигт малтмал манайд бүгд бий. Эдийн засгийн эргэлтэд орсон нь ч бий, үгүй нь ч байсаар. Баян хүнийг балаг тойрохгүй гэгчээр уул уурхай ямагт асуудал дагуулна.  “Шинь шинь” компанийн хаягдлын далангийн шүүрлийн хэрэг ингэж эхэлсэн.  2011 оны өвөл Баяндун, Сэргэлэн, Дашбалбар гурван сумын зааг дээрх холимог металын Улааны орд “Шинь Шинь” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын даланд шүүрэл үүсжээ. Эл үйлдэлд “Экотон” ХХК 2014 онд байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ хийж хаягдлын сангийн хойд жалганд бохирдолтой ус урсаж хөрсийг хар тугалга, цайр, молибединоор бохирдуулсан гэдэг дүгнэлт гаргасан юм байна. Энэ үндэслэлээр “Шинь шинь” ХХК-д шүүх 215 сая төгрөгийн нөхөн төлбөр, 319 сая төгрөгийг нөхөн сэргээлтэд зарцуулах шийдвэрийг гаргажээ. Ингээд “Шинь Шинь” ХХК нийт 534 сая төгрөгийг 2014 онд төлж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан 2015 оны 1 дүгээр сарын 26-нд дүүргийн прокурораас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг. Байгаль орчинд хор хөнөөл учруулсан бол хохирлыг төлөх нь зүйн хэрэг. Дээрх үйл явдлаас болоод тус компанийн баяжуулах үйлдвэр 2011-2016 он хүртэл зогссон. Баяжуулах үйлдвэр ажиллахгүй учир уурхайн олборлолт хийгдэхгүй нь мэдээж. Хамгийн авууштай нь “Шинь шинь” компани ажиллахгүй байсан энэ хугацаандаа орон нутгийн 100 хүнийг байнгын ажлын байраар хангаж байсан байгаа юм. 100 гэр бүл амьдралаа залгуулах ажил орлоготой байна гэдэг орон нутагт асар их хөрөнгө оруулалт. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй хаагдсан уурхай бүтээн байгуулалтаа сайжруулж ахин ажиллахыг хүсэх нь зүй. Тэд 2011-2014 онд хаягдлын даландаа геофизикийн судалгаа хийж, далангийн засварын зураг төсөл боловсруулан холбогдох байгууллагаар батлуулсан байдаг. Түүнчлэн 2014-2016 онд 130.0 сая юань буюу өнөөгийн ханшаар 60 гаруй тэрбум төгрөгийг далангийн засварын ажилд зориулжээ. Үндсэндээ ахин ажиллахын тулд асар их хөрөнгө хаяж.
Хаягдлын далангийн шүүрэл гэдгийг би болохоор уурхайн том усан бассейн тойроод өндөр далан байгаа байх. Тэр далан цуурч сэтрээд бохир ус урсаж гол руу цутгаж буйгаар төсөөлсөн.  Хаягдлын даланг өндөр нуруулдсан шороо гэж ойлгож байлаа. Тэгтэл газар дээр нь очоод хартал энд бүхэл бүтэн бүтээн байгуулалт сүндэрлэн байна. Хятадууд бүтээн байгуулалтад хөрөнгө хаядаг улс л даа. Хил гараад зам нь ямар билээ, барилгыг яаж барьдаг билээ гээд бодохоор тэдний дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулдаг хүч хөрөнгө манайтай харьцуулашгүй. За тэгээд ч ирэдүйд их мөнгө авчрах зүйлд илүү анхаарах нь ойлгомжтой.  Холимог металын Улааны уурхайн баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан гэж орой хэсгээрээ 25 метр өргөн доошоо тарпец хэлбэртэй, дөрвөн үе шаталсан байгууламж байх. Далангийн шат тус бүр хоёр талаараа бетон хаалттай, дундаа ус цуглуулах шуудуутай. Даланг босгохдоо цемент шуудайлан өрж газрын гадаргаас доош 2 метрт шүүрлийн эсрэг бетон хана хийжээ.
Баяжуулах үйлдвэрийн хаягдал гэж зутан шиг саарал шингэн хоолойгоор урсаж явсаар далангийн цаадхи бассейнд  цутгагдана. Өөрөөр хэлбэл, тэр бассейныг буюу хаягдлыг далан хаших үүрэгтэй. Уурхайн хаягдлын бассейны усны 90 хувийг шүүн үйл ажиллагаандаа дахинашигладаг юм байна.  Хаягдлын усаа ашиглахгүй шинээр гүний ус хэрэглэвэл тэр хэмжээгээрээ орон нутагт татвар төлнө. Байгаль орчинд ч ээлтэй бус. Тиймээс хаягдлын усаа ахин хэрэглэх нь компанид ашигтай, байгалийн нөөцийг хэмнэж байгаа хэрэг. Ахин хэрэглэх усаа далангаар шүүрүүлж байгальд цутгах нь “Шинь шинь” компанид ямар хэрэгтэй гэж??? Дан ганц хаягдлын усыг ашиглахгүй. Шаврыг нь цементтэй хольж 60:65-ын харьцаатай биет болгон бэхжүүлж гүний уурхайн хоосон орон зайг дүүргэдэг байна. Өөрөөр хэлбэл, гүний  уурхайд олборлолт хийсэн газраа дүүргэснээр газар доорх тунелийг нуралтаас сэргийлж, цаг тухай бүр  нөхөн сэргээлтээ хийгээд явж байна гэсэн үг. Ардаа асуудалгүй л ажиллаж байгаа юм л даа. Хаягдлын далангийн бүтээн байгуулалтыг нь 2016.06.10-нд Улсын комисс ок болжээ гээд хүлээн авч. Улсын комисс хүлээж авсан юм чинь уурхайн үйл ажиллагаа эхэлнэ. Уурхайн үйл ажиллагаа эхлэхээр ажлын байр бий болно, туслан гүйцэтгэх компаниуд орж ирнэ, орон нутгийн худалдан авалт нэмэгдэнэ. Айлын нэг хүүхэд ажил хийхээр өрхийн хэрэглээнд ямар нэмэртэй байдаг билээ дээ, агаар нэгэн адил. Аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээ явуулна гэдэг аймаг орны төсөвт ашиг тус нь мэдрэгдэнэ. 
Дахин сөхөгдсөн нь
Хэрэг ингээд дуусаж, ажлыг умалзуулж байтал дахин бишдэх нь тэр. Г.Ганзориг гэдэг хүн “Шинь шинь” компанид гомдол гарган өмнөх үйл явдлаар тус компанид дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мэдээж хэрэг үүссэн юм чинь өнөөх баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас бохирдол шүүрч байгаа эсэх, шүүрч байгаа бол аль хэсгээрээ, ямар хэмжээтэй шүүрч байгааг тогтоох шаардлага бий гарна. Энэ үйл явдалд байгаль орчны хохирлын үнэлгээ өгөхөөр  “Нуман алтай” ХХК, ШУТИС-ийн эрдэмтэд, “Грийн Ассессмент” ХХК гээд чамгүй хүн хүч ажилласан түүх бий. “Нуман алтай” ХХК шүүрэл байна, хаагуур шүүрч байгааг тогтоох боломжгүй гэж үнэлсэн. Энэ үнэлгээг шинжээч нар “Байгаль орчны хохирлын үнэлгээгээр шүүрэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй, холимог болон хүнд металлтай бүс нутаг, орд газруудад усны найрлага нь байгалиасаа хүнд металл, хүнцэл, хар тугалга нь өндөр байх тохиолдол байдаг. Тиймээс хүнд металлтай уурхайн бүс нутгийн усны сорьцыг шууд стандарттай харьцуулахад өрөөсгөл” гэдэг дүгнэлт өгсөн. Гэхдээ дүгнэлт өгч байгаа шинжээчид  хэзээ ч газар дээр нь очоогүй. Ингээд “Грийн Ассессмент” ХХК-ийг байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэхээр томилжээ. Улааны уурхайн баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан ердөө уурхайнхаа хажуухан талд. Тус орон нутагт хоорондоо 10-20 км-ын зайтай уран, холимог металлын гурван ч орд газар бий. Ойр орчмын хаанаас нь ч усны дээж авахад хүнд металл өндөр байх нь ойлгомжтой. Үүнийг уурхайн нөлөөллийн бүс гэж үзнэ. “Грийн Ассессмент” ХХК  хаягдлын сангийн хойдох гадаргын ил урсац уурхайн хаягдлын сангаас алдагдаж буй шүүрлийн ус юм. 2010 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл 10 жил гурван сарын хугацаанд cекундэд 3.96 литр ус тасралтгүй шүүрсэн. Шүүрлийн улмаас хөрсөн бүрхэвч нь цайр, хар тугалга, хүнцэл гэсэн бодисоор бохирдсон, усан орчин буюу гадаргын ил урсац, хяналтын цооног нь цайраар бохирдсон. Хөрсний хохирол 427 сая төгрөг, усан орчны хохирол 245 сая төгрөг, нийт 672,652,394 төгрөгийн хохирол учирсан гэж тооцжээ. Энүүгээр бол тус компани байгаль орчны хохирлын үнэлгээг үнэхээр нарийн тооцож гаргаж ирсэн байгаа юм.  Өнөөх хаягдлын далангаас ертөнцийн зүгээр хойшоо жалгатай юм билээ. Тэр жалгын төгсгөлд жижигхэн ус тогтдог юм байна. Тэр усыг хаягдлын далан шүүрсэн гэж үзэж байгаа хэрэг. “Грийн Ассессмент” ХХК –ийн байгаль орчны бохирдлын үнэлгээгээр cекунтэд 3.96 литр ус тасралтгүй 10 жил 3 сар шүүрсэн гэвэл өдийд нууж хаахын аргагүй нуур далай болно биз дээ. Тэр их ус одоо яагаад бидний нүдэнд харагдахгүй байна вэ???
       Гуу жалга, хонхор газарт бороо хур элбэгтэй жил ус тогтох нь энгийн ойлгомжтой асуудал. Мөн 10 жилийн өмнө бохирдсон тэр газраас дээж авбал ахин бохирдолтой гарах нь зүйн хэрэг. Учир нь хүнд металл амархан алга болдог эд биш, илэрсэн газраас хэдэн арван жил ч илэрдэг. Манай улсад хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт гэж бий. Хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр, газар тариалан, бэлчээрийн эдэлбэр газрын хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд мөрдөх стандарт хэмжээ адилгүй. Гэсэн ч “Шинь шинь” компани энэ стандартаа мөрдөж буйгаа нотолдог. Тэд 2010 онд далангийн эх бие ёроолын хэсгийн шүүрлийг зогсоожээ. Хаягдлын далангийн шүүрлийн асуудалд ШУТИС-ийн эрдэмтэд үнэлгээ хийсэн юм билээ. 2019.04.27-ны өдрийн байдлаар хаягдлын далангаас шүүрэлт, нэвчилт ажиглагдахгүй, ус цуглуулах сувгууд бүгд хуурай байна.  Шүүрэлтээс хамгаалах бетон хана, цементацийн бүтээцүүд зориулалтын дагуу ажиллаж байна. Улааны уурхайн орчны хөрсөнд агуулагдаж байгаа хүнцэлийн эх үүсвэр нь хөрс бүрдүүлэгч үндсэн чулуулаг дахь арсенопиритээс гаралтай. Улааны холимог металлын ордын хүдэрт агуулагдах хүнцэлийн элемент нь арсенопирит хэлбэрээр оршиж байгаа бөгөөд арсенопирит нь усанд уусдаггүй тул хор нөлөө бага гэдэг үнэлгээг өгчээ. Эрдэмтэд байгаль орчны бохирдлын үнэлгээг ингэж хийсэн байна. 
Гаргасан алдаагаа давтаж уурхайнхаа үйл ажиллагааг зогсоох нь  “Шинь шинь” компанид ямар ч ашиггүй. Өдий төдий хөрөнгө зарчихаад дахин сул зогсолт хийх гэж үү? Өөрийн мөнгөөрөө өрөөлийг тэжээгээд үргүй зардал гаргах гаднын компани байхгүй. Цаадуул чинь хаягдлын далангийнхаа үе болгон дээр нарны энергээр ажилладаг ус чийгны мэдрэгч суурилуулж монголд анх удаа шинэ технологи нэвтрүүлсэн байна. Энэ ажилдаа 7,5 тэрбум хөрөнгө зарцуулжээ. Албаны даргын гэрээс олддог “алдарт” мөнгөний хэмжээтэй дүйцэхүйц тоо. 20 мянгатын дэвсгэртээр тооцвол 3650 боодол, дундаж цалинтай хүний 525 жилийн цалин гэж манайхан тооцоолоод байсан. Тийм их мөнгийг “Шинь шинь” компани энэ далан минь л аюулгүй ажиллаасай гээд гар таталгүй зориулж. Хаягдлын даланд шүүрэл өгвөл чийгний мэдрэгч ажиллаж дохио ирнэ. Өнөөг хүртэл тус мэдрэгч хэвийн ажиллаж байна.Бид техник технологийн ололтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Шинь шинь” далангийн бүтээн байгуулалтдаа үнэхээр хөрөнгө хүч хаяжээ. 
Үргэлж бидний зөв гэсэн үг биш ул суурьтай үндэслэлтэй хандъя
Бидний сэтгэхүйд уул уурхайн тусгай зөвшөөрөл эрх авилгалын хэрэгсэл, хайгуул олборлолтын үйл ажиллагаа нь хор хөнөөл дагуулдаг гэсэн ойлголт бий. Энэ нь даамжраад уул уурхайн компаниудад дуртай хүн үгүй. Эд бидний баялгийг авч байгаа юм чинь өгөхгүй яадаг юм гэсэн хандлага хаа сайгүй.  Харддаг сэрддэг нь буруу биш. Манай улс анхнаасаа ард иргэддээ эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь ямар ашигтай вэ гэдэг ойлголтыг өгөөгүй, ухаандаа уул уурхайг хариуцлагатай хөгжүүлээгүй. Бид энэ салбарт ерөөсөө итгэдэггүй. Уул уурхай бол увайгүй гэдэг ойлголтоосоо салж чадахгүй байна. Гэтэл дэлхий өөрчлөгдөж байна. Техник технологи цаг минут секундтэй уралдан хөгжиж байна. Бүх зүйлийг байгальд, хүнд ээлтэй болгохоор бие биенээсээ өрсөж байна.  Эд байгаад эдэлж чадахгүй, эрдэнэс байгаад хэрэглэж мэдэхгүй бол юмтай байх хэрэг юун.  Ямартаа л биднийг алтан дээр суусан гуйлгачид гэхэв дээ. Монгол орноо хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй.  Хөдөлмөрлөх шаардлагатай. Харин яаж ажлын байр бий болгох вэ? юугаар орлого олох вэ? Өр тавихаасаа урьтаж өөрт байгаа нөөцөө ашиглах нь зүйн хэрэг биз дээ. Монгол улсад хангалттай өгөгдөл байна.  Зөв эргэлтэд оруулах л чухал. Энд тэндгүй газар нутгаа ухуулаад эргээд бидэнд юу үлдэх юм гэдэг. Сүүлийн гучин жилд 7000 гаруй тусгай зөвшөөрлөөр 2,8 сая га талбайд уул уурхайн хайгуулын ажил хийжээ. Монгол улс 1,5 сая километр квадрат талбайтай. Га-д шилжүүлбэл 156 сая га талбай гэсэн үг. Мөн 1700 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1,1 сая га талбай бий. Өөрөөр хэлбэл  2,8 сая га талбайд эрэл хайгуул үнэлгээний ажил хийгдэж 1,1 га хөндөгдсөн газар байна гэсэн үг. Үүнийг 156 сая га талбайгаасаа хасаж үзвэл  манай орны нутаг дэвсгэрийн 99 хувь нь хөндөгдөөгүй гэх тоо баримт бий.  Мэдээж байгалийн баялаг шавхагдана. Тэр үед нь баялгаасаа олсон орлогыг эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжихөд ашиглах хэрэгтэй. Байгалийн баялгаас олсон орлогоо өөр хэлбэрийн баялаг руу тухайлбал боловсрол, эрүүл мэндийн хөгжил, хүний нөөц, аялал жуулчлал, бүтээн байгуулалт гээд эргээд үнэд хүрэх, орлого олох зүйлд хөрөнгө оруулалт хийх нь хөгжлийг бий болгоно.  “Шинь шинь” компанийн улсад болон орон нутагт төлдөг татварын хэмжээ жил бүр өссөөр иржээ. 2016 онд  улсад  5,89 тэр бум, аймагт 1,05 тэр бум төгрөгийн татвар төлж, төсөвт төвлөрүүлсэн бол 2022 онд улсад 73,76 тэр бум, аймагт 4,58 тэр бум төгрөгийн татвар төлжээ. 2016-2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 79,02 тэрбум, хувь хүний орлогын албан татварт  9 тэр бум 368,4  сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 2 тэрбум 102,2 сая төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 164,27  тэрбум төгрөг гээд. Холимог металлын Улааны уурхайн баяжуулах үйлдвэр ажиллаж “Шинь шинь” компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байвал энэ мөнгө манай төсөвт орж ирсээр байна. Мэдээж уурхай зогсвол мөнгө ч зогсоно. 2023 оны төлөвлөгөөгөөр ойролцоогоор 78,34 тэрбум төгрөг тэг болно. Хайран л юм даа. Хорьж хааж, хөөж туух нь үргэлж зөв байх уу? Ул суурьтай, үндэслэлтэй л хандъя. 

Б.ОДМАА

 

  • Туяа
  • 263
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313