ОРОН НУТГИЙН МУЗЕЙН ҮЗМЭРҮҮД ВЭРТУАЛ БОЛНО

2023 оны 2-р сарын 9 өдөр

Аймгийн Музейн захирал В.НАРАНГЭРЭЛ: 

-Сайн байна уу? Шинэ оны мэнд хүргэе. Яг энэ цаг дор хүн бүр, албан байгууллага болгон өнгөрсөн оны ажлаа дүгнэж ирэх оны ажлаа төлөвлөдөг. Танай байгууллага өнгөрсөн оноо хэрхэн үдэж, энэ жилийн ажлаа хэрхэн төлөвлөж байна? 
-Сайн байна уу? Шинэ оны мэнд хүргэе.  Та бүхнийг шинэ оны эхэнд  соёлын үнэт өвийн өргөөнд зочилсонд  баярлалаа.  Музей бол соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх  үүрэгтэй, ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага. Хэдий ашгийн төлөө байгууллага биш ч бид улсаас мөнгө аваад зүгээр суудаггүй. Түүх, соёлын үнэт зүйлсээр музейгээ баяжуулж, үзмэрүүдээ хадгалж, хамгаалж, олон нийтэд үзүүлж соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Дорнод аймгийн бүх л түүх, уламжлал, соёл, гэгээрэл, бахархал энэ л музейд бий.  Сүүлийн жилүүдэд музейн үзэгчдийн тоо өссөн. Өмнөх жилүүдэд  хамгийн сайн жилдээ 10 мянган хүн л музей үздэг байсан бол 2022 онд 21 мянган хүн музей үзсэн байна.  Манай байгууллага 2022 онд хөдөөгийн сумдын үзэгчдэд хүрч үйлчлэх зорилгоор үзэсгэлэн зохион байгуулах боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн.  Ковидын хөл хорионоос бусад цаг үед музей үзэгчдийн хөл тасардаггүй, урин дулааны улиралд гадаад дотоодын жуулчид улам олширдог. 2023 онд бид үзүүлгийн нэр төрлөө нэмэх зорилго тавьсан. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, дэмжлэгээр  вертуал үзмэртэй болох шинэ ажлыг эхлүүллж гүйцэтгэсэн.  Музейн дижитал үзүүллэг AR, VR гэсэн хоёр төрлийн технологиор хийгдсэн. Бид музейн үзмэрийг нүүрэн талаас нь шилэн хоргоны цаанаас хардаг бол AR технологийн тусламжтайгаар тусгай аппликейшнээр дамжуулан музейн үзмэрийг бүх талаас нь тойруулан харах, тайлбар танилцуулгатай, дуу шуумтай нарийвчлан үзэх боломжтой болж байгаа юм.   Мөн VR технологи гэдэг нь тусгай нүдний шилний тусламжтай тухайн газар оронд нь очсон юм шиг виртуал орчинд орно гэсэн үг. Тухайлбал, Халхгол сумын “Их бурхант” цогцолборт очсон мэт орчныг бүрдүүлэх нь. Дижитал үзмэрийн давуу тал нь мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглаж түүх, соёлын өвийн талаарх мэдлэг ойлголтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд залуус, алс хол байгаа сумдын иргэд, олон нийтэд  тэгш хүртээмжтэй хэлбэрээр хүргэх,  соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, аймгийн соёлын өвийг өөр бусад аймаг хотын иргэдэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл тусгай аппликейшн болон тусгай нүдний шилээ  авч яваад музейгээ хаана ч үзүүлж болно гэсэн үг. 
-Аймгийн музей гэхээр хүйтэн  зэврүү орчин санаанд буудаг. Шинэ барилга хэзээ ашиглалтад орох вэ?  
-Дорнод аймгийн музей 1950 онд байгуулагдсан. Музейн байшин уурын зуухаар халдаг.  Өвлийн улиралд хүйтэн ч, зуны цагт музей шиг сэрүүн сайхан газар үгүй. \инээв\ Энэ барилга маань өөрөө соёлын өв болжээ.  Аймгийн музейн шинэ барилгын ажил энэ онд дуусна.  2024 онд ашиглалтад орно. Музей гэдэг  бусад албан байгууллагатай адил барилгын ажил дуусмагц юмаа зөөгөөд нүүж орох боломжгүй.  Доторх үзүүлэг дэглэлтийн маш том ажил бий. Одоо байгаа үзмэрүүдээ байсан чигээр нь тавьчихвал сонирхолгүй шдээ. Бахь байдгаараа байх юм бол шинэ барилгатай болсны ч хэрэггүй. Шинэ орчинд шинэ дэглэлт хийгдэнэ.  Орчин үеийн музей соёл технологийн дэвшил рүү явж байна. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлж чадсанаар үзэгчидтэйгээ хамт байж чадна. Шинэ барилга маань 2100м2 талбайтай. Дижитал үзмэрийн танхим, түр үзэсгэлэнгийн танхим, хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, дээвэр дээрээ дулаан цагт соёлын үйл ажиллагаа зохион байгуулах боломжтойгоор зураг төсөл нь хийгдсэн. Соёлын биет бус өвлөн уламжлагчдыг  сурталчлах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэхэд  зориулсан  үйл ажиллагаануудыг зохион байгуулах боломжтой болно. Музейн шинэ барилга ашиглалтад орохыг хүлээж буй хүлээлт, хийх ажил маш их байна. Музейн үзмэрүүд хэт хүйтэн, хэт халуун орчинд байх ёсгүй. Тогтмол температурт байж удаан жил хадгалагддаг. 2021-2022 онд бид соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр Японд доктор хамгаалсан О.Ангарагсүрэн доктортой  хамтарч музейн орчны судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл музейн үзмэрүүд хадгалж буй орчноосоо хамаараад ямар нөлөөлөл үүсч байна, цаашид яах ёстой вэ гэдгийг судлуулсан.
-Шинэ Музейн барилгын гадна фасад бас их өвөрмөц юм? 
-Та зөв анзаарч. Дорнод аймаг эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах Халхголын дайн болсон ялалтын өлгий нутаг. Музейн шинэ барилга гаднаасаа ялалтын бэлгэ тэмдэг намирч буй туг шиг  харагдахаар барилгын дизайныг зурсан юм билээ.  
-Музей өөр хаана ч байхгүй дахин давтагдашгүй үзмэрүүдээрээ үнэ цэнээ тогтоодог шиг санагддаг. Манай аймгийн музей монголд байгаа бусад музейгээс юугаараа онцлог юм бэ? 
-Аймгийн музей байгуулагдсан цагаасаа орон нутгийн байгалийн ховор нандин дурсгал, түүхэн хүмүүс, угсаатны зүй гээд бүх л чиглэлээр үзмэрээ баяжуулж ирсэн. Монгол улсад зөвхөн манай аймагт байдаг хар мөрний Хандгай буюу Буган хандгай, хээрийн чоно гөрөөс гээд тал хээрийн бүсийн олон төрлийн ан амьтан, ургамлын үзүүлэн бий. Мөн МУ-ын Төр, нийгмийн зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсан, Санжаасүрэнгийн Зориг, Цэндийн Дамдинсүрэн, Манлайбаатар Дамдинсүрэн гээд түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйл ховор нандин дурсгал биетээрээ байна.  Халх, буриад, үзэмчин, барга ястны онцлогийг харуулсан танхимаас угсаатны зүйн эд өлгийн зүйлсийг харж болно.  Тухайлбал,  Монгол улсад цор ганцад тооцогдох үзэмчин эмэгтэйн гоёл манай музейд иж бүрнээрээ байх жишээний.   Буриад ястны бөөгийн хувцас чимэглэл,  хэрэглэл, буриад ахуй, соёлтой холбоотой сонирхолтой зүйлс элбэг.  Бусад аймгийн музейгээс ялгарах нь гэвэл Дорнод аймаг зураачдаараа алдартай.  Төрийн шагналт, Ардын зураач Гэлэгийн Одонгийн “Ажлын дараа” зураг эх хувиараа бий. Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач Очирын Цэвэгжав, Маршал Чойбалсангийн нэрэмжитшагналт, анхны Ардын Зураач, орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Үржингийн Ядамсүрэн, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ, Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Додийн Чойдог гээд Монголын суут зураачдын дахин давтагдашгүй өөрийн гараар зурсан бүтээлүүд манай музейд хадгалагдаж байна. 
-Аймгийнхаа музейг хүүхэд байхдаа л үзэж байсан үе сэтгэлд тод үлддэг юм байна. Үзэгчдийн хамгийн их сонирхдог танхим гэвэл? 
-Музей сонирхолтой байхын тулд  үзмэрээ байнга баяжуулж байх ёстой. Музейд үзмэр баяжилтын бодлого гэж бий. Манай музей угсаатны зүйн танхимаа түлхүү баяжуулах бодлого барьдаг. Шинээр Социализмын үеийн танхим нээсэн. Энэ үеийн эд зүйлс ховордсон.  Тус танхимд зочлоход тухайн үед ажиллаж амьдарч байсан хүмүүсийн дурсамж эрхгүй сэргэдэг, одоогийн хүүхэд багачууд ийм зүйл байсан гэж үү гээд ихэд сонирхдог.  Музейн үзмэр  гэхээр л хэдэн зуун жилийн өмнөх эд өлгийн зүйл байдаг гэдэг ойлголтыг эвдэж тухайн цаг үед амьдарч байсан хүний дурсамж  өөрөө Музейн дурсгал байж болно гэдгийг л харуулахыг зорьсон.  2021 онд Музейн тухай хууль батлагдаж 16 хүртэлх насны хүүхэд музей үнэгүй үздэг болсон. Ингэснээр хүүхдүүдийг танин мэдэх, суралцах боломжоор хангаж байгаа хэрэг.  Хүсвэл хүүхэд музейг хэдэн ч удаа үнэ төлбөргүй үзэж болно. Музей үзээд өнгөрөх төдий зүйл биш. Музейгээс соёлын мэдлэг олно, суралцана. Тэр ч бүү хэл түүх, газарзүйн хичээлийг музейд явуулж болж байна. Ингэснээр музей мэдлэг олгох, олж авсан мэдлэгээ боловсруулах, сургалтын орчин хэрэглэгдэхүүн болох боломжтой гэж үзэж байгаа. Сүүлийн үед Музей үздэг, сонирхдог хүүхдүүд олширсон. Манай музейн төлбөр том хүн 5000, оюутан, цэрэг 3000, долоо хоногийн Бямба гараг бүр гэр бүлээрээ музей үзэхэд 6000 төгрөгийн үнэтэй. 
-Орчин үеийн Музейд соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой болж л дээ. Ингэж л үзэгчдээ татахгүй бол зүгээр л хананд өлгөөтэй үзмэрүүдийг үзэх гэж хүмүүс шимтэхгүй байх? 
-Музей ирж үзээрэй гээд сууж байдаг үе өнгөрсөн ш дээ.  Орчин үеийн хүмүүсийн амьдрах урлагт нийцсэн цаг үетэйгээ зохицсон олон төрлийн соёлын үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгцээ шаардлага бий болж байна. Өөрсдийн үзмэрүүдээрээ үзэсгэлэн зохион байгуулахаас гадна  сонин содон үзмэртэй бусад музейтэй хамтран үзэсгэлэнгээ дэлгэх нь олны анхаарлыг илүү татаж байна.  Бид 2021 онд Үндэсний музей, Монгол цэргийн музейтэй хамтарч Манлайбаатар Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр үзэсгэлэн гаргасан. 2022 онд орон нутгийн соёлын байгууллагууд тэр дундаа Дашбалбар сумын орон нутаг судлах танхимтай хамтран Ардын зураач Г. Одонгийн уран бүтээлийн “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн, Ялалт музейтэй хамтран олон арга хэмжээ зохион байгуулсанаас “Мөнхөд дуурсах алдар” нүүдлийн үзэсгэлэнг хилийн цэргийн застав, 6 сумаар тойрон зохион байгуулсан. Мөн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөг сонирхогч У. Зоригтбаатартай хамтран “Үнэнч фанат” үзэсгэлэнг тус тус зохион байгуулсан. Энэ жил Байгалийн түүхийн музейтэй хамтран монгол оронд болон орон нутагт байдаггүй ховор амьтдын чихмэлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.Улаанбаатар хотод Чойжин ламын музей “Шөнийн музей” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Түүгээр дамжуулан музейгээ үзүүлэхээс гадна урлаг соёлын олон сонирхолтой үзүүлбэр толилуулдаг. Бид ч гэсэн өөрсдийн онцлогийг харуулсан эвэнтүүдийг зохион байгуулах хэрэгтэй. 
-Орчин нөхцөл сайжрахаар музей үзэгчдийн тоо олшрох нь мэдээж. Материаллаг зүйлээс гадна музейд дутагдаж байгаа зүйл юу байна? 
-Музей хүний нөөцийн дутагдалд орсон. Яагаад гэхлээр нэгт, төрийн байгууллагын цалин бага байна. Хоёрт, музейд нарийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тухайлбал,Музей судлаач, соёл судлаач, түүх судлаач,археологич, сэргээн засварлагч, куратар буюу үзэсгэлэн дэглээч, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, зураач дизайнер, музейн тайлбарлагч гэхэд гадаад хэл, соёлын мэдлэгтэй хүн байх ёстой гээд музей өөрөө тусгай ур чадвар шаардсан ажлын байртай. Гэтэл дээрх мэргэжлийн хүн орон нутагт ирэхгүй байна. Захын жишээ татахад, манай аймагт Баасанжав ахаас өөр чихмэлчин байхгүй. Баасанжав гуайг Дорнодын музейн “нэвтэрхий толь” ч гэж хэлж болно. Музейн үзмэрийг сэргээн засварлах, чихмэл хийхэд өөрөө бие даан суралцаж   насаараа энэ байгууллагад ажилласан хүн. Гавьяаныхаа амралтад гарсан ч энэ хүнээ бид шаардлагатай үед ажиллуулсаар л байна. Соёлын мэргэжилтнийг бодлогоор бэлдэхгүй бол бидний хэдэн нөхөд л музейдээ мөнхрөх шинжтэй. 
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би ШУТИС-ийг Соёл судлаач мэргэжлээр төгссөн. 2005 онд жирэмсний амралтаа авсан хүний оронд аймгийн музейд тайлбарлагчаар ажилд орж байлаа. 2007 онд бүртгэл мэдээллийн санчаар жиллах болсон. Дунд сургуулиа төгсөөд конкурсдэж Соёл судлаач мэргэжил сонгохдоо мэргэжлийнхээ утга учрыг ч тэр үед сайн ойлгоогүй.  Оюутан байхдаа хээрийн дадлагад гарч ийм утга учиртай мэргэжил юм байна гэдгийг сая ухаарсан. Бүртгэл мэдээллийн санчаар ажиллах үед музейн үзмэрийн улсын тооллого болсон. Тэр үед музейн ажил ямар үнэ цэнэтэй болохыг зүрх сэтгэлээсээ мэдэрч билээ.Музей зуны улиралд долоо хоногийн долоон өдөр олон нийтэд нээлттэй байгууллага. Өвлийн улиралд зөвхөн Ням гарагт амардаг. Манай хамт олон орон нутгийнхаа түүх, соёлыг олон нийтэд хүргэхээр ажилладаг. 
-Та тайлбарлагч байсан гэлээ. Тайлбарлах хамгийн дуртай танхим тань юу байв? Таны ярилцлагаас уншигчдад музей үзэх хүсэл төрөөсэй гэж хүсэж байна? 
-Манай музейн бүх л үзмэр гоё. Өөр хаана ч байхгүй үзмэр манай музейд олон бий.  Ардын хувьсгалын манлайлагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайд, Хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлээс бүрдсэн хоёр танхим бий. Энэ танхимыг Дорнодоор овоглосон хүн болгон үзээсэй гэж боддог Х.Чойбалсан нь 1895 онд тухайн үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогоор Дорнод аймгийн Чойбалсан сумын Хэрлэн цагаан талбай хэмээх газар малчин эмэгтэй Хорлоогийн гэрт төрсөн. Энэ хүний нэрээр Дорнод аймгийг 1941-1963 онд Чойбалсан аймаг гэж нэрлэсэн. Манай музейн энэ 2 танхимд Маршал Чойбалсангийн амьдралын бүх үеийг харуулсан сонирхолтой маш олон үзмэр эд зүйлс дэлгэн үзүүлсэн байдаг. Үзсэн хүн бүхэн ямар гоё юм бэ, үнэхээр Чойбалсан гуай энд сууж байсан уу? энэ хувцас нь мөн үү гээд асуудаг тайлбарлахад маш сонирхолтой сайхан байдаг. 
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Б.ОДМАА
 

  • Туяа
  • 285
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313