НАМ ТӨВТЭЙ ШИЙДВЭРҮҮД ХӨГЖИЛД ТУШАА БОЛДОГ

2022 оны 12-р сарын 25 өдөр

Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Лхажавын НАРАНГЭРЭЛ

-Аймаг, сумын ИТХ-д гурав дахь удаагаа сууж байна. Энэ удаагийн хурал үүргээ хэр гүйцэтгэж байна? Олонхийн дундах цөөнхийн зовлон мэдэгдэж байх юм уу?
-Миний хувьд анх 2008 оны сонгуулиас хойш 4 удаа нэрээ дэвшүүлж сонгуульд өрсөлдсөнөөр Хэрлэн сумын ИТХ-д хоёр удаа сонгогдож, 2020 оны сонгуулиар аав ээж, өвөг дээдсийнхээ хэдэн үеэрээ амьдран суусан уугуул нутаг Матад сумынхаа хөгжил дэвшил, хүн ардынх нь аж амьдрал, байгаль орчныг хамгаалахад нэмэр тус болчих юмсан гэсэн халуун сэтгэлээр аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Сонгогдон ажиллаж байгаа гурван удаагийн ИТХуралд бүгдэд нь цөөнхийн талд байж ирсэн. Энэ удаад мөн л  Ардчилсан намаас нэр дэвшин нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон. МАН-ын буюу олонхийн хүч түрсэн, удирдагчийнхаа шийдвэрийг дагасан, үг хэлэх эрх чөлөөгөө хязгаарлуулсан мэт ярс хийтэл гараа өргөдөг хүмүүсийн өөдөөс  санал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ирсэн бие даасан, хараат бус цөөхөн төлөөлөгчийн нэг юм даа.Энэ удаагийн хурал нэг нам төвтэй буюу дарга төвтэй, хэт цөөн сөрөг хүчинтэй. Эрх баригч намын удирдлагуудын мэдлэг боловсрол, туршлага хэр вэ? гэдгээс шалтгаалж нутаг орны минь хөгжил дэвшил хэмжигдэж байна. Бид зэвтэй устай, хогны асуудлаа шийдэж чадаагүй, хот хоорондын болон хот доторх замаа арчилж чаддаггүй, ажилгүйдэл, архидалт ихтэй, тоос шороотой, хар ялаа, цагаан хөвөн хийссэн таатай бус орчинд амьдарсаар ирлээ. 
- Энэ удаагийн хурал үүргээ хэр гүйцэтгэж байна гэж үзэх вэ? 
- Миний хувьд “хангалтгүй” гэсэн дүн тавина. Аливаа асуудлыг шийдвэрлэх процесс учир дутагдалтай, хам хум, тулаад ирсэн хойно нь гал унтраах байдлаар шийдэж ирсэн. Асуудлыг урьдчилан харж мэдрэх, аливаад  ул суурьтай, тооцоо судалгаатай ханддаггүй. Уг нь асуудал бүрийг цогцоор нь мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд, мэргэжлийн зөвлөхүүдээр нухацтай урьдчилан хэлэлцүүлээд шийдээд явах нь зөв. Бодлогын хороод хангалтгүй ажиллаж байна. Бодлогын хороод бараг л хуралддаггүй, хуралдаад дэмжихгүй шийдвэр гаргачихаад байхад намын бүлгээрээ хүч түрээд эсрэг шийдвэр гаргаад явчихдаг. Саяхан болж өнгөрсөн 12-р сарын 02-ны 2023 оны төсөв батлах хурлаар дэмжигдээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан “Дижитал Дорнод” хөтөлбөрийг бодлогын хороо нь дэмжээгүй юм билээ. Ингээд л нам төвтэй шийдвэр гаргадаг болохоор л төсвийн мөнгө үр дүнтэй зарцуулагдахгүй байгаа юм.Олонхийн дундах цөөнхийн зовлон гэвэл, ямар ч зөв, үр дүнтэй санал гаргаад хаданд ойсон цуурай мэт алга болдог. 
Та “Дижитал Дорнод” хөтөлбөрийг эсэргүүцэж горимын санал хураалгасан. Яг энэ жишээн дээр олонхоороо хүч түрэх байдал тод харагдав уу? 
Миний хувьд “Дижитал Дорнод” хөтөлбөрийг ИТХуралдаанаар хэлэлцэхэд хоёр ч удаа эсэргүүцэж санал хураалгасан боловч мөн л олонхиороо түрж, цөөнхийн зовлонгоо эдлээд өнгөрсөн.
-Таны сонгогдсон тойрог Матад сум газрын тос, нүүрсний уурхайн лиценз гээд асуудал ихтэй тойрог. Энэ талаар жаахан яриач? 
-Миний өвөг дээдсийн нутаг бол яндаж болдоггүй далай шиг баян тансаг нутаг. Газрын тосоо олборлуулаад хорин хэдэн жил болоход нутгийн иргэдэд үр шимээ өгсөн зүйлгүй. Дээрээс нь байгаль орчин бохирдсон, газрын доорх усны түвшин буурсан, газар хөдлөлтийн идэвхигүй бүс нутаг байсан бол идэвхитэй бүс болсон гээд тоочоод байвал тоо тоймшгүй сөрөг нөлөөлөлд өртсөөр байна. Хүүхэд чихрээр хуурч байгаа мэт нийгмийн хариуцлагын сайн дурын гэрээ гээчийг байгуулаад хэдэн төгрөг өгнө гэх боловч тэрийгээ олигтой бүтээн байгуулалт болгоод сэтгэл гаргаад хийсэн зүйлгүй. Наадмын талбай барьж өгөх юм гэнэ. Зүй нь бол Петрочайна Дач МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ ин тамсаг компани өөрсдийн санаачлагаар тухайн нутгийн иргэдийн аж амьдралд нэн хэрэг болохуйц төсөл хөтөлбөрүүдийг иргэдтэй нь зөвшилцөөд сэтгэлд нь хүрсэн ажлыг хийгээд байвал болохоор.  Дэлхийн хэмжээний том компанийн хувьд манай сумын хэдхэн тооны иргэдийг ая тухтай амьдруулж болноо доо. Аливаа бизнес харилцаа хоёр талдаа хож хож гэсэн зарчмаар явах ёстой. Тэгтэл нэг тал нь нөгөөгөө хохироосоор он удаан жил болж байгаа нь эмгэнэлтэй. Уул уурхайн компаниудын нийтлэг зарчим бол аль болох тухайн нутаг дэвсгэрийнхээ хамгийн ойрын радиуст байгаа иргэд, байгууллагуудад илүү өгөөжтэй байхыг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл ойр нутаглаж байгаа иргэдэд тэтгэмж, дэмжлэг үзүүлдэг. Гэтэл эсрэгээрээ улс нь хуу хамаад сумыг нь юу ч үгүй онхи орхичихдог. Дээрээс нь газрын тосны ойр орчмын малчин залуус бараг бүгд  шорон руу ачигдлаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд орлогоос зардлыг хасаад үлдсэн ашгийн 40 болон 60 хувиар МУ-ын ЗГ, Петрочайна Дачин тамсаг хувааж авч байгаа. Зардалд бүртгэгдээд тухайн компанид дахин ашиглах боломжгүй болсон трубаг эзэнтэй эзэнгүй хашаануудад буулгаад хаячихдаг. Гэтэл цаад нарийн учрыг мэдэхгүй залуус малын хашаа хороо барих гэхчлэн амьдрал ахуйдаа хэрэглэснээс болж Дачингийн гомдлоор 20 гаруй залуус өргөст торны цаана хоригдож мал ахуй, газар нутаг нь эзэнгүйдэж байгаад үнэхээр харамсаж сууна. Зүй нь нэгэнт хэрэглэхгүй хадгалж байхаар нутгийн иргэдэд бага сага үнийн санал тавьж худалдан авах боломжийг олгох, эсвэл  нутгийн малчдад тоо ширхэг заагаад хуваагаад өгсөн ч болохоор. Өгөөжтэй байх нь битгий хэл тун халгаатай байна.
-Энэ хугацаанд тойрогтоо ямар ажлууд хийв. Товчхон яриач? 
    -Манай сумын хувьд  нүүрсэн дээр байдаг учраас ундны ус муутай, ямар сайндаа ус цэвэршүүлэгч төхөөрөмжөөр усаа цэвэршүүлж хэрэглэдэг ганц сум. Байн байн усны шүүлтүүрийг солих шаардлага гардаг. Иймд хамгийн түрүүнд ундны усны асуудлыг шийдэх ёстой гэж үзээд Хангай хороололд шинэ худаг гаргуулсан. Мөн дараагийн жилд нь илүү гүнээс 300-400 метрээс ундны ус гаргахаар нэлээн өндөр өртөгтэй  281 сая төгрөгийн өртөг бүхий худаг гаргуулахаар батлуулсан.  Түмэнхаан багийн айл өрхүүдийн цахилгааны хүчдэл нь хэлбэлзэлтэй, даац нь хэтэрсэн байсан учраас цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцын өргөтгөл хийлгэсэн. Сургуулийн спорт заалны дээврээс ус гоождог, засвар хийлгэх нэн шаардлагатай байсныг шийдвэрлэлээ Сумын эмнэлэгт халаалтын шугам нэмж тавиуллаа. Соёлын төвийн нээлт, эх үрсийн баяр, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан чуулган, шинэ жилийн цэнгүүн, “Хатиган түмний дуулал” цагаан сард зориулсан цахим урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаануудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулж ажиллалаа. Малчин айл өрхөөр орж амьдрал ахуйтай нь танилцахад эмэгтэйчүүд нь гол төлөв хүүхдээ дагаад аймаг, сумын төвд амьдарч, эрчүүл нь ганцаар шахам мал дээрээ байх нь олонтаа. Хашир, настай малчдын ярьж байгаагаар хүүхэд 6 настай сургуульд орох нь малч ухаан бүрэн өвлөгдөхгүй, бэлчээр нутгаа зөв ашиглахгүй доройтуулдаг хэнэггүй сэтгэлгүй малчин олширлоо. Нөгөөтэйгүүр гэр бүл салалт их байна, малын захад ганцаараа үлдсэн эр хүн хоол ундаа олигтой зохицуулж чадахгүй эрүүл мэндээрээ хохирох гэхчлэн уршигтай сөрөг асуудал байгааг бодолцон 2021 оны төсөвт Багийн бага сургууль байгуулах мөнгө суулгахаар аймгийн Засаг даргатай санал солилцоход эхлээд Мэнэн багт барья, дараа жилээс бусад багуудад байгуулья гэж зөвшилцсөний дагуу Мэнэнгийн отрядын хамтын дэмжлэгтэйгээр Мэнэн багт  бага сургууль байгуулсан. 
Ингээд 2022 оны төсөвт 4 болон 6-р багийн дунд айлуудын нягтрал ихтэй газарт Багийн бага сургууль байгуулахаар 277 сая төгрөг  суулган батлуулсан боловч судалгааг дутуу дульмаг хийсний улмаас байгуулах шаардлагагүй гэсэн дүгнэлтийг сумын мэргэжилтэн нь гаргаад ажлыг гүйцэтгэж чадалгүй мөнгө нь тодотголоор хасагдсан.   Сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах 152 сая төгрөг, сумын цагдаагийн хэсэгт автомашин, хөдөөгийн багуудад худаг, өвс тэжээлийн агуулах, Хатагин наадмын зардал гээд нэлээд асуудлыг шийдвэрлүүлсэн. Харин 2023 оны төсөвт Газрын тосны олборлолтын нөлөөлөлд өртөж худаг усны асуудалтай байгаа малчин өрхүүдэд зориулж шинээр 3 худаг гаргах, шинэ соёлын төвийг түшиглэн сурагч, хүүхэд, залуучууд цахим орчинд боловсролоо дээшлүүлэх, иргэдийн хувьд техник тоног төхөөрөмжийг ашиглан тайван орчинд албан хэргийн ажлаа амжуулах боломжийг бүрдүүлэх зорилготой “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв” байгуулах, 2 булаг хаших, бэлчээр нөхөн сэргээх ажлын хүрээнд 3 худаг, Мэнэн багт цэцэрлэг барих материалын зардлыг шийдвэрлүүлж чадсан.     
-Иргэдийн Хурлын төлөөлөгчийн зэрэгцээ төсөл дээр ажиллаж байгаа дуулдсан.  Төслийнхөө талаар танилцуулаач? 
- Банк ярьдаг байсан бол өнгөрсөн жилээс Байгаль орчин ярьдаг хүн болсон. Байгаль орчин болон хөдөөгийн малчдад чиглэсэн олон сайхан ажлуудыг хийж хэрэгжүүлдэг НҮБ-ын санхүүжилттэй төсөл дээр ажиллаж байна. Миний хувьд банкны хадгаламжаас илүүтэй тэнгэрт байгаа буяны хадгаламжаа зузаатгах нь илүү чухал юм байна гэдгийг ойлгодог насан дээрээ ирсэн болохоор байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ажил үйлс эрхлэж байгаадаа сэтгэл нэн хангалуун байгаа.
-Саяхан аймгийн ИТХ 2023 оныхоо төсвийг баталлаа. Энэ төсөвт хэр сэтгэл хангалуун байна? 
“Дижитал Дорнод” хөтөлбөрөөс гадна мөн л судалгаа, төлөвлөлт үр дүн багатай “Хүн болох багаасаа” хөтөлбөрт 2,2 тэрбум төгрөг буюу гадаад хэл, авьяас, спорт гэсэн 3 төрөлд тус бүр нь 750 сая төгрөг баталсан. Нэг үеийн хүүхдүүд тэр чигтээ урлаг, спорт хөөсөн, англи хэлтэй хүмүүс болох нь. Бүтээмжийг хэн бий болгох юм бэ?. Нөгөө инженер, физикч, биологч, агрономич, эмч, эрдэмтэн судлаач гээд нарийн мэргэжлийн ажлуудыг хийх хүн цөөрөх нь байна.  УБ хотод нэгэн дунд сургуулийн сурагчид биологийн багштайгаа хамтран сургуулийнхаа лабораторт хүнсний мөөгний тариалалт хийж орлого олдог болсон тухай нэвтрүүлэг гарч байсан даа. Яг л ийм бүтээлч лабораториудыг байгуулах тоног, төхөөрөмж хэрэглэгдэхүүнээр хангах хэрэгтэй. 
Спорт хөтөлбөрт бас нэг сөрөг үр дагавар бий. Спорт заалны хүрэлцээ хангамжаа бүрэн тооцоолоогүй. Спорт заал одоо ч хүрэлцээгүй байхад спорт хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд насанд хүрэгчдэд спорт заал олдохгүй болно. Эрүүл мэндийн асуудлууд ч яригдах болно. Ийм учраас бүхий л талаас нь судлах, чиглэл чиглэлийн ахмад болон мэргэшсэн зөвлөхүүдийн зөвлөгөө туршлагыг авч хэлэлцүүлэг хийх хэрэгтэй л гэж санал гаргаад байгаа юм шүү дээ. 2023 оны төсөв гэхээсээ илүүтэй бодлогын чанартай асуудлуудыг тэндээс олж харахгүй байна. Чойбалсан хөгжил ОНӨҮГазарт хэт олон ажил төвлөрүүлчихсэн. Хог, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, зам арчилгаа, Тэрбум мод гээд л. Бусад аймгуудад зам арчилалтын ТӨКомпаниуд тусдаа байдаг,  замаа тогтмол арчилдаг юм билээ. Энэ жилээс би “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГазрын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. ТУЗ-ийн гишүүний хувьд тодорхой санал санаачлагуудыг гарган ажиллаж байна. Хогийг гараас гарт, яг тогтсон цагт авч хэвших, шинэ хогийн цэгт зайлшгүй шатаах шаардлагатай хогийг тээвэрлэн хаях, дахин ашиглах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах үйлдвэрүүдийг одоогийн хогийн цэгт барих, нэг ч хог нэмж хаяхгүй, шатаахгүй байх санал гаргасан. Учир нь шинэ хогийн цэгт хог хаяхын тулд нэмж 10 км тээвэрлэх нь бензин тос, ажиллах хүчний зардал нэмэгдэх, цаг хугацаа, машин техникийн хүрэлцээ хангамжийн асуудал хүндэрнэ. Зардал өртөг нэмэгдсэнээр хогны үнийг нэмэхээс аргагүй болно. Мөн хог боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүс гэртээ ойрхон байх нь аль аль талдаа зардал, цаг хугацааны хувьд хэмнэлттэй.  Гэтэл мөн л олонхиороо хүч түрээд бүр мөсөн нүүлгэнэ гээд шийдчих нь лээ. Тэгэхээр хогны үнэ нэмэгдэж, тэр хэрээр иргэдэд дарамт үүснэ. Тооцоо судалгаатай шийдвэр гаргахыг удаа дараа сануулж байсан ч авч хэлэлцсэнгүй ээ.
-Та аймгийн ИТХ д байгаа цөөн эмэгтэй төлөөлөгчийн нэг. Жендерийн харьцаа бодлогын төвшинд дуу хоолойгоо хүргэхэд ямар байна?
-Аймгийн ИТХ-ын 37 суудлын тавд нь эмэгтэйчүүд байна. Энэ нь жендерийн хувьд хол тэнцвэргүй. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн дуу хоолой хүссэн хэмжээндээ хүрч бодлого тодорхойлолцож чадахгүй байна л гэсэн үг шүү дээ.
-Та ямар бодлогын хороонд ажиллаж байна вэ?
-Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай гэсэн гурван хороонд байдаг. Энэ салбарт өөрийн дуу хоолойгоо хүргэн ажиллахыг хичээж л явна даа.  
-Матад сум болоод аймгийн хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байна? 
-Дорнод аймаг бол амьдрахад хамгийн таатай орчин бүрдэх боломжтой, эртнээс дэд бүтэц хөгжсөн, барилга байгууламж сайтай, таван боомтоор дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр томоохон хөрштэй хиллэдэг, түүх дурсгалын газрууд олонтой, үзэсгэлэнт байгалийн тогтоцтой, газрын тос, холимог метал, нүүрс, алт гээд байгалийн баялаг ихтэй тэргүүлэгч аймаг юм. 
Ийм агуу түүх соёлтой, арвин их нөөцтэй, хөгжих бололцоотой аймгийг илүү  мэдрэмжтэйгээр, нарийн тооцоо судалгаатай ирээдүйгээ харсан төлөвлөлттэйгээр хөгжүүлэх бүрэн боломжтой. 
Байгалийнхаа баялгийн үр өгөөжийг нутгийнхан маань илүү хүртээсэй, аймаг сум маань хурдтай хөгжин дэвжээсэй л гэж хүсч явдаг даа. 
-Цаг зав гарган ярилцсанд гялайлаа. Таны ажилд амжилт хүсье.

Н.МӨНХСАЙХАН 
 

  • Туяа
  • 268
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313