“Сүхжин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Эрдэнэбаатарын ЭРДЭНЭЧУЛУУН
Иргэд манай аймгийн ИТХ-д ямар төлөөлөгчид суудаг юм бол, тэд юу хэлж ярьдаг юм гэж их асуудаг. “Дорнод” сонин аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 37:1 ярилцлагын буланг хөтлөөд 16 дахь дугаараа уншигч танд хүргэж байна. Энэ удаа Хэрлэн сумын 5-р багаас сонгогдсон төлөөлөгч Э.Эрдэнэчулуунтай ярилцлаа. Түүнийг Дорнод аймгийн Барилгачдын холбооны тэргүүн, “Сүхжин” компанийн гэдгээр нь хүмүүс илүүтэй танина. Эрдэнэчулуунтай ярилцаж суухад “Бидний мөрөөдөл иргэдээ ээлтэй хотод амьдруулах. Иргэддээ ээлтэй хот байх нөхцөл боломжийг нь төрийн зүгээс бүрдүүлэх ёстой. Орон нутгийн бүтээн байгуулалтад иргэд ч мөн хариуцлагатай оролцох үүрэгтэй. Би ямар ч зүйл хогноос эхэлдэг гэж боддог. Хүн оюуны хог, улс орон ахуйн хогноосоо салж байж хөгжинө. Та гэрийнхээ үүдэнд хогоо тавиад орхих уу? барьж гараад хогийн саванд хийх үү гэдэг сонголтоос хөгжил яригдана” гэсэн. Гэхдээ бид энэ сэдвээр голлон ярьсангүй. Үнэндээ баахан барилга л ярилаа. Ярилцлагын зочин ямар хүн байв гэдэг эцсийн дүгнэлтийг уншигч та өгөх нь зүй.
Сайн байна уу? Ярилцлагын урилга хүлээж авсанд баярлалаа. Өөртэй чинь анх удаа ярилцах гэж байна, танилцъя.
-Сайн байна уу? Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Эрдэнэбаатарын Эрдэнэчулуун гэдэг. Барилгын инженер мэргэжилтэй. Айлын таван хүүхдийн том нь. “Сүхжин” ХХК-ийн гүйцэтгэх захирал.
-“Сүхжин” ХХК нь танай гэр бүлийн компани уу?
-Тийм ээ. Аав, ээж хоёр маань 1993 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, 2013 онд түүнийгээ компани болгосон. Багаасаа барилгын талбай дээр өссөн болохоор барилгын инженер мэргэжил эзэмшиж, аав ээжийнхээ босгосон энэхүү ажлыг үргэлжлүүлж явна даа. Удам дамжсан барилгачин гэж хэлж болно. Манай өвөө мужаан хүн байсан. Аав маань гагнуурчин, ээж маань барилгын инженер.
-Та аймгийн ИТХ-д Хэрлэн сумын 5-р багаас хоёронтоо сонгогдсон. Танай компанитай холбоотой хардлага их бий. Нэгэнт ярилцаж байгаагийнх энэ асуудалд цэг тавьчих уу?
-Янз янзын л яриа сонсогддог юм. Танай сонинд ярилцлага өгч байгаа энэ боломжийг ашиглаад нэг талдаа гарсан нь зөв юм шиг санагдлаа. 2023 онд манай компанийн 20 жилийн ой тохионо. Компанийн түүх гэж бий. Бид нэг барилга ашиглалтад өгөхөд компанийн туухийн хуудас тэр хэрээр зузаарч явдаг. Энэ нь эргээд бидэнд туршлага болон хуримтлагдана. 20 жил хуримтлуулсан чадамж гэж бий. Нэг тендерт ороход манай компанийн өрсөлдөх чадамж нэмэгдэнэ. Тэр нь цаашид ажиллах нөөц болно. Мэдээлэлд ойр, таньдаг хүнтэй байлаа гээд тухайн компани чадамжгүй бол яах юм бэ, үйл ажиллагаа нь явахгүй биз дээ. Би иргэдийг төлөөлдөг аймгийн ИТХ-ын төлөөлөгч болохоос төрийн ямар нэг албан тушаалтан биш шүү дээ. Орон нутгийн бодлогод сонгогдсон багийнхаа иргэдийг төлөөлөх үүрэгтэй хүн. Элдвийн хов живийг би ажил хийж бүтээж байгаа нэгнээ доош татах гэсэн оролдлого гэж хардаг. Нэг жишээ хэлье л дээ. Өнгөрсөн 12-р сарын 12 –ны өдөр хуралдсан ИТХ-аас олон нийт анзаарсан байх. Би аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаас “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хувийн эзэмшлийн талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн үү? гэж асуусан. Өөрөөр хэлбэл, манай компанийн барьсан “Үүрийн туяа” орон сууцны хотхоны замыг төсвийн хөрөнгөөр барьсан гэх яриа гарсан болохоор хариулт хэлэхийг хүссэн. “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгийн төсвийн төслийг боловсруулдаг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, төсвийг ерөнхийлөн захирагчийн зүгээс “Хувийн эзэмшлийн талбай дээр төрийн мөнгөөр бүтээн байгуулалт хийгээгүй. Зам бол нийтийн эзэмшлийн хөрөнгө. Аймгийн хэмжээнд 30 байршилд орон сууцны хорооллын орц гарцны замыг засварлах ажил хийгдэж байгаа” гэдэг тов тодорхой хариултыг өгсөн. Аймгийн ИТХ-д аймаг орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцдог хувийн компанийн төлөөлөл олон бий. Төлөөлөгч гэхээр л муу нэртэй, луу данстай байж болохгүй.
-Та хэзээнээс барилгын салбарт ажиллах болов? Өөрт тань яг ямар туршлага байна?
-Би 2011 онд их сургуулиа төсөж ирээд Баяндун сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлгийн барилгын өргөтгөл , Цагдаагийн газрын барилга дээр ажилласан. Сургуулийн ширээний араас дөнгөж гарсан залуу инженер гурван барилга дээр зэрэг ажиллана гэдэг үнэндээ чанга шүү дээ. “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” залуу насан дээрээ явж байсан болохоор ч тэр үү няцаж шантрахыг мэдэхгүй, бүхнийг болгоно, бүтээнэ гэсэн оргилсон их эрч хүч л надад байсан. Энэ бүх ажлын ард гарахад авсан тэр мэдрэмж нь үнэхээр сайхан. Тэр үед хүн хийж чадах ажил руугаа л ханцуй шамлан орох ёстой юм байна гэдгийг хатуу ойлгосон. Барилга багаддаггүй. Том, жижиг ялгаагүй ямар ч барилга барьсан хийх ёстой бүхий л зүйл стандарт норм, горим журмын дагуу хийгддэг. Жижиг барилга гээд цонх, хаалгагүй орхихгүй биз дээ. Миний хувьд барилгын инженер мэргэжил эзэмшиж ирээд, барилгын салбартаа ажиллаад яг 10 жил болж байна.
-Уучлаарай, уулзсаных бас нэг тодруулах зүйл байна. “Залуус” хорооллын зэвтэй усны асуудалд танай компанийг буруутгадаг?
-Би аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн саяхан болсон хурал дээр “Залуус” хороолол, Төмөр замын 70-р байрны зэвтэй усны асуудал дээр инженерийн баг ажиллуулж, дүгнэлт гаргуулъя гэдэг саналыг гаргасан. Аймгийн Засаг дарга ажлын хэсэг гаргаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Ер нь энэ зэвтэй усны асуудалд албан ёсны нэгдсэн дүгнэлт байхгүй. Төв шугамаа солихгүй л бол зэв арилахгүй, мөн айлууд босоо шугамаа солих шаардлагатай. Сантехникийг нь тавьсан хувийн аж ахуйн нэгж нь хариуцна гээд шал хөндлөн юм яриад суугаад байвал асуудал шийдэгдэхгүй. “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ мэргэжлийн инженерийн хямралд орсон гэдгийг ТУЗ-ийн дарга нь танай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Зэвтэй усны асуудал бол тухайн чиглэлийн инженер техникийн ажилтны чадамж, ажлын хариуцлагын асуудал. Жил болгон цэвэрлэх ёстой байгууламжийг гурван жил цэвэрлээгүй явж ирсэн байдаг. Байшин болгоны дор ялтсан бойлуур бий. Тэрийг цэвэрлээгүйгээс зэв дагтаршиж ийм асуудал үүсч байна. Аливаа зүйлийг байнга арчилж тордож, өнгөлж зүлгэж байж хэвийн хэмжээндээ байдаг.
-Таны хувьд хөгжил юунаас эхлэх вэ?
-Аливаа улс орны хөгжил нь бүтээн байгуулалттай салшгүй холбоотой. Дубайд хүн болгон очиж үзэхийг хүсдэг, өндөр хөгжилтэй орны хот. Яагаад гэвэл тэнд дэлхийн хамгийн өндөр бөгөөд үзэмжит барилга бий. Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр хамгийн өндөр барилга барихыг эрмэлздэг. Би барилгачин хүний нүдээр бүтээн байгуулалт хийж улс хөгжинө гэж хардаг. Гэхдээ бүтээн байгуулалт нь эмх цэгцтэй хийгдэх ёстой. Манай улсад барилгын салбар асар хурдацтай хөгжиж байна. Барилга нь хүнд ээлтэй, ухаалаг болж байна. Азийн хөгжлийн банкны 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах төв”-ийн барилгыг манай компани барьж байна. Тус барилгын тендер Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр зарлагдсан. Улаанбаатар хотын тав, зургаан компанитай өрсөлдөж манай компани шалгарсан. Энэ төсөл зургаан аймагт хэрэгжиж байна. Тэдгээрээс манай компани ганцаараа орон нутгийн компани. Тэр хэрээр бид компанийнхаа түүхийг, өрсөлдөх чадамжаа өсгөж байна гэсэн үг. Дээрх барилга бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан. Ариун цэврийн өрөөний суултуур нь хүртэл тэдэнд зориулагдсан Олон улсын стандартад нийцсэн байх юм. Манай улсад ч тэр, орон нутагт ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц хангалтгүй байдаг. Олон улсын стандартад нийцсэн энэ төв баригдсанаар бусад байшин барилгууд дагаад өөрчлөгдөнө. Барилга бариулж буй тухайн компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ийм шат, ийм бариул хийх ёстой юм байна гэсэн ойлголтыг авна. Бид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв”-тэй хамтран хөгжлийн хоцрогдлын талаархи шинэ ойлголтыг нутгийнхаа хөрсөнд суулгах учиртай. Нүд нээгдэнэ гэдэг шиг манай аймгийн барилгын салбарын хөгжил нэг шатаар ахина. Барилгыг дан ганц бизнес гэж харахаасаа урьтаж хүнд ээлтэй байх тал дээр илүү анхаардаг болсон.
-Барилга барихад юу хамгийн чухал юм бэ?
-Барилгын үндсэн хийц бүтээц. Энгийнээр хэлбэл торх. Нэгэнт баригдсан барилгад сольж болдог, сольж болдоггүй зүйл гэж бий. Барилгын гадна дотор засал, цонх хаалга, тааз шалыг сольж болдог. Харин их биеийг хэзээ ч сольж чадахгүй. Тэгэхээр ямар ч барилгын үндсэн хийц бүтээцийг сайн хийх хэрэгтэй.
-Үнийн өсөлт барилгын салбарт хамгийн их мэдрэгдэж байгаа. Тухайлбал, ирэх онд манай аймагт шинэ хөрөнгө оруулалтын ажил хийгдэхгүй. Тэгэхээр барилгын салбар яах болж байна аа?
-Барилгын материалын үнэ огцом өсөж байна. Цемент маргааш хэдэн төгрөгт хүрэхийг таашгүй нийгэмд бид амьдарч байна. Барилгын ажил зогсоно гэдэг барилгын компаниуд алдагдалд орно гэсэн үг. Тиймээс бид ажлаа зогсоохгүйн тулд банк, хувь хүнээс зээл авдаг. Үнийн өсөлтөөс болж барилгын олон компани дампуурч эхэлж байна. Эрсдэлээ үүрээд явж байгаа нь маш цөөн. Барилгынхан бол нийгмийн давхаргын хамгийн ноён нуруутай хэсэг. Манай салбарынхан тэр бүр зовлон тоочоод байдаггүй, үнэндээ гүдэс хүмүүс. Улс орны бүтээн байгуулалтыг барилгачид хийхгүй бол хэн хийх юм бэ. Барилгын компани байгуулна гэдэг орон нутгийн хөгжилд өндөр хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал, танасан төсөвтэй ажлууд байдаг. Тэрбум нэг зуун саяар цэцэрлэг барина гээд зураг төсөл нь гарчихаад байхад улсын төсөвт тэрбум төгрөг тавигдчихдаг. Энэ нь юуг хэлж байна гэхээр орон нутгаас энэ барилгын хөрөнгийг татах гэсэн санаа. Тэгээд ирэхээр “Тендер нь гурван удаа зарлагдсан. Компани орсонгүй. Хөрөнгө нь татагдах гээд байна. Танай компани аваач” гэдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрсдэлийг нь үүрээд бид л хийнэ ш дээ. Танасан төсөвтэй гэж хэлээд байгаа барилга гэхэд аймгийн музейн барилгын ажил байна. Мөн л манай компани авсан, ирэх жил бид энэ барилгаа үргэлжлүүлнэ. Манай компанид хийх ажил их бий.
-Танай салбарт нэн түрүүнд шийдвэрлэх ямар асуудал тулгараад байна?
-Манай салбарт сүүлийн 10 жил инженер мэргэжилтэй сайд томилогдсонгүй. Мэргэжлийн хүмүүс энэ салбарыг удирдахгүй бол эмх цэгцээ алдана. Төрд улс төрийн томилгоо явагдсанаас болж ямар ч салбарт мэргэжлийн хүний нөөцийн хямрал үүсэж байна. Барилгыг Соёлын яам, Боловсролын яам мэддэг болсон. Барилга хөгжлийн төв гэж барилгыг тэр чигт нь хариуцсан мэргэжлийн байгууллага байхад энэ байгууллагыг эрх мэдэл, чиг үүргийнх нь хүрээнд ажиллуулахгүй байна. Манай салбарт үнийн өсөлт, цалин хөлсний тариф гээд тулгамдсан олон асуудал байна. Барилгын салбарт одоогоор хамгийн үнэтэй нь арматур төмөр. Монгол улс өөрсдөө арматураа үйлдвэрлэж чадахгүй байна. Металлын үйлдвэр манайд нэн шаардагатай. Лист төмөр, арматур, духтаур, шивлэр, цахилгааны утас гээд хэрэглээнийхээ төмрийг өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол маш их ажлыг нугалж, тэр хэрээр зардал хэмнэнэ. Барилгын салбарын цалин хөлсний тариф 2009 оноос хойш өөрчлөгдөөгүй. Бүтээн байгуулалтыг хөгжлийг цаг үетэйгээ нийлүүлнэ гэдэг ч хүний хөгжил нь орхигдсоор ирсэн. Барилгын салбарт ажиллах хүн олдохгүй байна. Ажил олгогч ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь тавьж чадахгүй бол хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлээгүй ажилчид наад зах нь ажил хийх дур сонирхолгүй болно. Нөгөө талаас манайд залхуурал газар авсан. Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчний нөөц хомсодсон. Агааржуулалт, гадна фасад гэх мэт нарийн чимхлүүр ажилд сүүлийн үеийн технологи нэвтрүүлье гэхээр заавал Улаанбаатар хотоос хүн авчирах шаадлагатай болдог. Орон нутагтаа байгаа МСҮТ-д эрэлт ихтэй мэргэжлээр хүний нөөц бэлдэх хэрэгтэй. Сургалтын чанарыг ч сайжруулах шаардлагатай. Манай МСҮТ-ийг чадвартай олон залуус төгсөж гардаг ч ихэнхийг нь бид Улаанбатар руу алдчихдаг. Тэнд залуусын чадамжийг үнэлдэг зах зээл нь байгаа болохоор тэр шүү дээ. Тээвэр ложистик хөгжсөн энэ эринд бид дэлхийн хаанаас ч интернет худалдаагаар ямар ч бараа материал авчраад барилга барьж болж байна. Гэтэл тээврийн зардал нь тэнгэрт хадчихсан. Энэ мэт хаа хаанаа бодлогоор шийдэх асуудлууд бий.
-Баярлалаа, ярилцлагаа энд хүрээд өндөрлөе.
Б.ОДМАА