ЭЭЛЖИТ 13-Р ХУРАЛДААНЫ ЭРГЭН ТОЙРОНД

2022 оны 12-р сарын 8 өдөр

Аймгийн ИТХ-ын 13-р хуралдааны сурвалжлага :

Энэ сарын эхний өдөр аймгийн ИТХ-ын 13-р хуралдаан болсон. Хуралдаанд 37 төлөөлөгчөөс 34 нь ирж ирц 85,3 хувьтай эхэлсэн. Энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан хоёр өдөр үргэлжлэхээр болсон нь онцлог байв. Хуралдаан эхлэхэд аймгийн ИТХ-ын дарга төлөөлөгчдөөс хуралдааны хэлэлцэх асуудалтай холбоотой асуух асуулт, санал байгаа эсэхийг асуусан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгч Т.Төмөрбаатар ДБЭХС-ийг 50 мВт болгож өргөтгөхтэй холбогдуулан шинээр үнсэн сан барих зориулалтаар авсан газар нь онцгой хамгаалалтын бүсэд давхардсан байгаа тул энгийн хамгаалалтын бүсэд шилжүүлж  өгөх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналыг гаргасан. Төлөөлөгч П.Гэрэлбаатар: Хэлэлцэх асуудалтай холбоотой мэргэжилтнүүд, ажлын хэсгийнхэн байна уу? Яагаад ДБЭХС-ийн үнсэн сан байгуулах газрыг  давхацсан гэж үзээд байгаа юм?  Тус байгууллагаас ирүүлсэн хүсэлтээс харахад нэгдүгээр багийн нутаг “Дорнод” гурил компанийн урд талын үнсэн сангийн доорх газрыг  ДБЭХС ТөХК-д 15 жилийн хугацаанд эзэмшүүлсэн байна.  Гэтэл одоо авах газар нь урд талдаа гэж заасан байна, зөв үү? гэв. Одоо ашиглаж байгаа үнсэн сан болон урд талынх нь газрын хамт 30,8 га газар байгаа гэдэг тайлбарыг мэргэжилтнүүд өглөө. Ингээд хэлэлцэх асуудлын дараалалд  ДБЭХС ТөХК-н үнсэн сан байгуулах газрын асуудлыг оруулав. 
Хоёр өдөр үргэлжлэх аймгийн ИТХ-аар :  
-Орон нутгийн өмчийн асуудал
-Аймгийн 2023 онд бэлтгэх ойн модны дээд хязгаар батлах 
-Аймгийн 2022 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн танилцуулга
-ИТХ-ын төлөөллийн байгууллагын гишүүдийг батлах тухай
-Аймгийн 2023 оны төсвийн төсөлд өгөх аудитын санал дүгнэлт
-Аймгийн 2023 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай 
-2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах тухай
-2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан дагалдаж гарах тогтоол батлах тухай
-2019 оны тогтоолд өөрчлөлт оруулах тухай  
-Аймгийн ИТХ-ын даргын тайлан сонсох гэсэн 10 асуудлыг хэлэлцэхээр батлав. 

ТӨР УДАХГҮЙ АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАНА 

Хуралдааны эхэнд Орон нутгийн өмчийн тухай 4 асуудал хэлэлцсэн. Нэгт, орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын дүнг батлах тухай асуудлыг ОНӨГ-ын дарга Н.Гэрэлцэцэг танилцууллаа.  Манай улс эд хөрөнгийн улсын тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг юм байна.  1999 онд манай аймаг 5,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгөтэй байсан бол энэ онд 158 байгууллагын 268,3 тэрбум төгрөгийн хөрөнгө тоолуулжээ. Хамгийн их үнийн дүнтэй нь 157,9 тэрбум төгрөгийн барилга байгууламж байна. Хоёрт, орон нутгийн өмчид бүртгэлтэй 20 айлын таван барилгыг данснаас хасах асуудал орууллаа. МУ-ын Засгийн газар 2005 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2007 онд Хэрлэн сумын 1,2,3 багт 20 айлын 5 орон сууц баригдаж нэг бүрийг 4-5 сая төгрөгөөр 10 жилийн хугацаатай хүүгүй зээлээр гэрээ хийн төрийн албан хаагчдад эзэмшүүлжээ. Иргэд төлбөрөө төлж дууссан учир барилгыг орон нутгийн өмчөөс хасах саналыг оруулав. Гуравт, төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн зарим байгууллагын автомашиныг хязгаарласан.  Аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг нийт 50 автомашин татан төвлөрүүлж, 13 автомашиныг  Эрүүл мэнд, Цагдаагийн тусламж үйлчилгээ, байгаль орчин хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүхийн шинжилгээ, хот  тохижуулалтад шилжүүлэн өгчээ. Үлдэгдэл 37 автомашинаас 7 байгууллагад  14 автомашиныг шилжүүлж, 23 автомашиныг актлан худалдан борлуулах санал гаргалаа. Дөрөвт, Шадар сайдын эрхийн хүрээний тохируулагч агентлаг болох Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар татан буугдана. Иймд Мэргэжлийн хяналтын газрын байрыг орон нутгийн өмчид шилжүүлж авах санал орууллаа. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторын болон оффисын барилга нь  улсын төсвийн 2,4 тэрбумын хөрөнгөөөр санхүүжигдэж, 2022 оны 11-р сард ашиглалтад орсон. 
Хэрлэн сумын “Ивээл” хороололд байрлах аймгийн Мэргэжлийн хяналтын хуучин барилгын тал нь орон нутгийн өмчид, тал нь улсын өмчид бүртгэгдсэн байдаг юм байна. Шинэ, хуучин хоёр барилгыг хамтад нь орон нутгийн өмчид оруулах саналыг аймгийн Засаг дарга гаргасан. Монгол улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг хувийн хэвшилд түншлэлээр шат дараалан шилжүүлэх бодлого барьж байгаа аж.  Тиймээс айл өрх, албан байгууллагын хог хаягдлыг татан зайлуулах ажлыг хувийн хэвшилд шилжүүлэхээр төсвийн төсөлд тооцжээ. Хэрлэн сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга нар энэ асуудлыг хэлэлцэж тохиролцсон гэлээ. Хуулийн хүрээнд хогны тарифыг ИТХ-аар тогтоож эхний ээлжинд айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг татан зайлуулах, цаашид нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга ИТХ-ын төлөөлөгчдөд  хэллээ. 
“Чойбалсан хөгжил” ААТОНӨҮГ –ын удирдлага аймгийн ИТХ-ын  Төлөөлөгч Б.ГЭРЭЛТ-ОД: Айл өрх, албан байгууллагын хогийг татан зайлуулахад ашиглах 11 тээврийн хэрэгслийг хувийн хэвшилд шилжүүлж болно гэв. 
Эдгээрийн ихэнх нь 2019-2021 онд төр мөнгөөрөө худалдаж авсан машин техник ба одоогоор гурван машин нь засварт байгаа гэдгийг хэлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төлөөлөгч П.ГЭРЭЛБААТАР: 268,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн татварыг аймаг төлөх үү? Төсөвт ямар байдлаар тусгагдсан бэ? Иргэдэд өмчлүүлж байгаа орон сууцанд анхны авсан төрийн албан хаагчид нь амьдарч байгаа юу? Орон нутгийн өмчид байгаа энэ орон сууцыг  иргэдэд шилжүүлэх хэрэг байна уу? Бунхан толгойн хойд хэсэг манай аймгийн хамгийн дэд бүтэц сайтай, цаашид барилгажих боломжтой газар. Энэ талаар тооцоо судалгаа бий юу? Аймгийн Засаг дарга 2022.11.07-нд орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай тогтоол гаргасан байна. ИТХ-ын шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын тогтоол гарах учиртай. Өмнө гарсан алдаа давтагдаад байгаа юм биш үү? “Чойбалсан хөгжил” ААТОНӨҮГ  одоо ажиллаж байгаа олон машиныхаа түлш тосыг дийлэхгүй цаашид яах вэ? Саяхан шинээр авсан 80 гаруй саяын машиныг гуравхан саяар актлахаар үнэлсэн байна. Ямар аргачлалаар актлах үнэлэгээг хийв? Мэргэжлийн хяналтын шинэ барилгыг улсын комисс хүлээж авсан уу? зэрэг асуултыг тавилаа. 
ОНӨГ-ын дарга Н.ГЭРЭЛЦЭЦЭГ: Мэргэжлийн хяналтын газрын шинэ барилыг улсын комисс хүлээж авсан. Эд хөрөнгө актлахад тооцоолж гаргадаг аргачлал гэж байхгүй. Зах зээлийн үнийн судалгаа хийж элэгдлийг харж байгаад актлах машинуудын үнийг тогтоосон. Эдгээр автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдана. Энэ тавигдсан үнэ дуудлага худалдааны доод үнэ гэдгийг ойлгоорой. Орон сууцнуудыг амьдарч байгаа иргэдэд нь өгөхгүй байх үндэслэл байхгүй. 2007 онд 10 жилийн дараа төлбөрөө төлж барагдуулахаар хувь хүнд нь олгох тухай гэрээ хийсэн байдаг. Тухайн үед гэрээ хийсэн иргэдэд энэ байшин нь очиж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор Орон сууц хувьчлах товчоо гэж манай аймагт байгуулагдсан. Товчооны даргаар аймгийн Засаг дарга ажилладаг. Орон сууц хувьчлах товчоо нь иргэдийн хүсэлтээр өмчлөх, хувьчлах асуудлыг шийддэг. Тиймээс Орон сууц хувьчлах товчооны даргын хувьд аймгийн Засаг дарга өнгөрөгч арваннэгдүгээр сарын 07 –ны өдрийн тогтоолоор нэг, хоёр, гуравдугаар багт байрлах орон сууцнуудыг хувь хүнд өмчлөх эрхийн гэрчилгээг нь олгосон гэв. 
Төлөөлөгч С.МӨНХЖАРГАЛ: “Чойбалсан хөгжил” ААТОНӨҮГ-г хувийн хэвшилд шилжүүлнэ гэж байна. Тус байгууллагын ажилчдын ажлын байрыг яаж хадгалах вэ?, Мэргэжлийн хяналтын газрын хуучин, шинэ барилгыг цаашид яаж ашиглах вэ? Худалдан борлуулагдах автомашинд 2015 оноос хойш ашигласан  8 машин байна. Элэгдэл хорогдлыг яаж тооцоод байна? Актлах автомашинуудын дээд үнийн дүн 3 сая төгрөг байна. Төрийн юманд хүйтэн цэвдэг хандаад байх юм. Актлагдаж буй атомашиныг жолооч нь, эсвэл дарга нарын ах дүү, ойр тойрныхон нь авдаг шүү дээ. Дуудлага худалдааг нээлттэй байлгахад ямар ажил зохион байгуулах вэ ? “Чойбалсан хөгжил” ААТОНӨҮГ-ын гэрээгээр ажиллуулах 7 машиныг тодруулъя?. Өөр нэг асуудал гэвэл “Ивээл” хорооллын 15-р байшин руу ордог шугам хоолой “Дорнод НАА” компанийн эзэмшилд байдаггүй. Манай эзэмшилд байхгүй гэдэг шалтгаанаар засвар үйлчилгээ хийгддэггүй. Тэнд иргэд усгүй амьдарч байна. Энэ шугам хоолойг яаж “Дорнод НАА”-ын эзэмшилд өгөх вэ?, Орон нутгийн өмчид бүртгэх талаархи асуудлыг хурлаар оруулж ирж болох уу? Иргэдийн амьдралыг ая тухтай болгох энэ мэт асуудлыг хурлаар шийддэг баймаар байна гэв.       
Дээрх асуултуудын хариуд аймгийн    Засаг дарга М.БАДАМСҮРЭН: Мэргэжлийн хяналтын хуучин барилга “Шүр” захад ойр байрлалтай. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих боломжтой. Тухайлбал, тэнд оёдолчдыг ажлын байраар хангах төлөвлөгөө бий. Шинэ барилгын хувьд мэргэжлийн хяналтын лабортари аймгийн Стандарчлал хэмжилзүйн газрын харьяанд очно. Мэргэжлийн хяналтын шинэ барилгад төрийн байгууллагуудаас оруулах хүсэлт гаргасан. Эцэслэн шийдвэр гараагүй байна. Ер нь бид аймагтаа нийтлэг үйлчилгээний албатай болох бодол бий. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу төсвөө хэмнэхээр аймгийн ЗДТГ-ын орлогч, ЗДТГ-ын дарга,  агентлаг, хэлтсийн дарга нар машин хэрэглэхгүй болсон. Аймгийн БСШУГ хөдөө сумдаар явахдаа машингүй 25 хоног ЗДТГ-ын машин авч явах жишээний л байна. Хууль гарчихсан, хөрөнгө нь эзэнгүйдэж байна. Хариуцсан авто бааз байгуулах гэхээр дарга, нягтлан, нярав шаардлагатай болно. Тийм болохоор энэ нь хэмнэлтийн горимд нийцэхгүй. Тиймээс түр “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т авто баазын үүрэг гүйцэтгүүлье. Аймгийн ЗДТГ-ын шинэ барилга ашиглалтад орохоор  “Нийтлэг үйлчилгээний алба”  байгуулъя гэж бодож Чойбалсан хөгжлийн асуудлыг оруулж ирсэн. Төрийн хэмнэлтийн хуулиар татан төвлөрүүлсэн машинуудын жолооч нарын ажлын байрыг хадгалах тухай тодорхой заасан. “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын төсөвт тэдгээр жолооч нарын цалинг тусгасан. Хог тээврийн жолооч нарыг ажилгүй болгохгүй ээ. Одоо авч байгаа цалинг нь дордуулахгүй ажилд шилжүүлэх эсвэл өөрсдийн саналаар хувийн хэвшилд ажиллах боломжоор нь хангана. Эд хөрөнгөд үнэлгээ тогтоох журам батлая гэдэг саналтай байна. 
ОНӨГ-ын дарга Н.ГЭРЭЛЦЭЦЭГ: Ирэх жил “Дижитал Дорнод” төсөл хэрэгжихээр төлөвлөж байгаа. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл эд хөрөнгийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах боломжтой. 
“Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын дарга, төлөөлөгч Ч.ГАНБАТ: Иргэд хүсэлтээ гаргаж, манай харьяанд байдаггүй эзэнгүй шугам хоолойг эзэнжүүлэх ажлыг албан ёсны ажлын хэсэг гаргаж шийдвэл бид хүлээж авч болно. Эзэнгүй шугам хоолой олон биш. “Ивээл” хороололд хэд хэд бий гэв.  Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн эзэнгүй шугам хоолойг бүртгэн эзэнжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ёлд даалгав. 
Төлөөлөгч Д.УРАНСУВД: Акталж байгаа автомашинуудыг үнэхээр хардлага төрүүлэхээр багаар үнэлжээ. Бодитоор үнэлэх хэрэгтэй. Дуудлага худалдаа явуулаад амжилтгүй болбол хоёрдахь дуудлага худалдаагаар үнийн дүнг 50 хувь бууруулдаг. Дуудлага худалдааны үнэ дээшээ биш доошоо явдаг учир журамлах хэрэгтэй. Татан төвлөрүүлсэн автомашиныг сум суманд нь хуваарилахаас илүү хэрэгцээ шаардлагатай байгаа тухайлбал, Гурванзагал сумын Цагдаагийн албанд хуваарилах боломж бий юу? гэж асуув.  Аймгийн Засаг дарга: Бид орон нутгийн өмчийн газруудын автомашиныг татан төвлөрүүлсэн. Төрийн өмчийн буюу босоо удирдлагатай байгууллагуудын автомашинуудыг төвлөрүүлэх ажил хийгдэнэ. Тэр үед сумын цагдаагийн албанд нь хуваарилъя.  
Төлөөлөгч Ө.АМАРСАЙХАН: Эд хөрөнгийн улсын тооллогоор шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламжийн нийтийн эзэмшлийн талбай хаана бүртгэгдэж байна вэ? Өмч хөрөнгөндөө ямар хяналт тавьдаг юм? Аймгийн ОНӨГ сумдад байгуулагдсан ОНӨҮГ-ыг удирдлагаар хангадаг уу? Хэмнэлтийн хуулиар сумдын ЗДТГ-ын автомашинуудыг татаж байна. Гамшигт бэлэн байдлын үед машин техникийн хүрэлцээгүй болчих вий? Автомашинуудаа нэг байгууллагаас нөгөө рүү шилжүүлэхдээ хэрэглэх боломжгүй, шаардлага хангахгүй автомашинуудаа өгчихдөг, дараа жилээс  нь дахиад автомашин актлах ажил гарах вий дээ? гэлээ. 

Аймгийн ОНӨГ-ын дарга Н.ГЭРЭЛЦЭЦЭГ: Бид бүх сумын Засаг дарга нартай зөвшилцөж автомашинуудыг татан төвлөрүүлсэн. Мөн татан төвлөрүүлсэн автомашиныг шилжүүлэхдээ хүлээж авах гэж байгаа байгууллагуудын саналыг авсан.  Санхүү, хяналт аудитын газар үнэлэлт дүгнэлт гаргасан гэв. 
Санхүү, хяналт аудитын газар Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймгийн хэжээнд орон нутгийн өмчид бүртгэлтэй 399 автомашины насжилт, хэрэглээнд хяналт шалгалт хийж  57 автомашиныг нь татан төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ. Мөн ашиглах боломжтой автомашин актлаагүй гэв. 
Аймгийн Засаг дарга М.БАДАМСҮРЭН: Сумдын ОНӨҮГ-ын удирдлагыг арга зүйгээр хангаж ажиллахыг аймгийн ОНӨГ-т даалгая. Цаашдаа сумдад гамшгийн үед хувийн хэвшлийн автомашиныг ашиглаж үнэ төлбөрийг нь өгнө. 
БТСГ-ын дарга Б.ЧИМЭДДОРЖ: Төрийн хэмнэлтийн хуулиар манай байгууллагын тамирчдын автобусыг татан төвлөрүүлсэн. БТСГ өөрийн автобусаар тэмцээн уралдаанд явахдаа замын зардалдаа нэг сая төгрөг зарцуулдаг бол хувийн автомашин хөлслөхөд үүнээс 2-3 дахин их үнэ төлдөг. Манай тамирчдын автобусыг үлдээж өгөөч гэдэг саналыг гаргалаа. 
Төлөөлөгч Э.ЭРДЭНЭЧУЛУУН: Дуусаагүй 7 барилгыг орон нутгийн өмчид бүртгэсэн байна. Ямар, ямар барилга байна? Инженерийн шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэдэг үү? гэхэд Матад сумын Иргэний сургалт мэдээллийн төвийн барилга, Матал сумын Соёлын төв, Дашбалбар сумын Чух багийн цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, Буриад өв соёлын музей, борлуулалтын цэг, Хэрлэн сумын Усан бассэйн, аймгийн Нутгийн удирдлагын ордон гэсэн 7 барилга бий. Инженерийн шугам сүлжээ нийтийн аж ахуйд харьяалагдана, орон нутгийн өмчид бүртгэлтэй гэдэг хариулт өглөө. 
Төлөөлөгч Б.ГЭРЭЛТ-ОД: “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын машинуудыг хувийн хэвшилд түрээслүүлнэ гэж байна. Энэ зөвхөн “Чойбалсан хөгжил”-ийн тухайд яригдах асуудал уу? сумдын  ОНӨҮГ-т хамаатай юу? БТСГ-ын тамирчдын автобусыг нь үлдээх саналтай байна гэв. Түүний асуултад “Сумд өөрсдөө журам гаргаж ОНӨҮГ-аа хувийн хэвшилд шилжүүлж болно” гэдэг хариулт өглөө.    Төрийн хэмнэлтийн хуулинд үндсэн үйл ажиллагаанд нь тухайн авто тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн байгууллагад нь үлдээж болох заалт байдаг аж. Тиймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид БТСГ-ын тамирчдын автобусыг тухайн байгууллагад нь үлдээх хэрэгтэй гэж үзлээ.   Үүгээр хэлэлцэх асуудалтай хобоотой асуулт дуусаж, санал үргэлжлэв. 
Төлөөлөгч У.ДАШ: Чойбалсан хөгжлийн хэдэн машиныг хаана түрээслэх юм гэдэг нь тодорхой байна. Аймгийн Засаг дарга тэгмээр байна гэхээр нь бид тэр дагуу нь шийддэг байж болохгүй ээ. Жилийн өмнө нийтийн эзэмшлийн зам цэвэрлэгээ, хог тээвэрт техник хэрэгсэл зайлшгүй хэрэгтэй гээд баахан төсөв баталсан. Би хэлж л байсан. Зохион байгуулалт чинь буруу байна. Хогны асуудлаа Чойбалсан хотдоо өг, үүний дараа хувийн хэвшлийн оролцоог ханга гэж хоолойгоо чилтэл хэлсэн дээ. Жилийн дараа ийм асуудал яриад орж ирэх юм. Ул суурьтай урт хугацааны шийдвэр гаргая. Тиймээс “Чойбалсан хөгжил”-тэй холбоотой асуудал энэ хуралдааны шийдвэрт хамааралгүй шүү. Төрийн хэмнэлтийн хууль гээд баахан автомашин зарж үрээд байх юм. Энэ ганцхан жилийн настай асуудал байна. Манай улс өргөн уудам нутагтай, 330 сумтай төрийн ажлыг явган таваргаад хийж амжихгүй. Засаг дарга Нийтлэг үйлчилгээний алба байгуулъя гэж байна. Энэ хурал дээр энэ асуудлаа оруулж ирээд шийдчихгүй дээ. Тэгвэл цэгцэндээ орно. 2 сая төгрөгөөр Фургон автомашин зарж байхаар 2 сая төгрөг зарцуулаад засвар үйлчилгээг нь хийгээд хэрэглэе л дээ. Дараа нь бид яг ийм машинаа 20 саяар авна ш дээ. Нийтлэг үйлчилгээний алба байгуулах тухай асуудлаа эртхэн шийдье гэдэг хоёр саналтай байна. 
Төлөөлөгч Л.НАРАНГЭРЭЛ: Өмч хамгаалах зөвлөлөө сайн ажлуул. Хувийн машинаа хүн 10 жил унаж болдог. Төрийн машин яагаад 4-5 жил яваад ашиглалтаас гардаг юм. ОНӨГ хяналтандаа авч анхаарч ажиллаарай. Орон нутгийн өмчид байгаа ашиглахгүй барилгыг хүүхэд, иргэдийн хөгжлийн төв байгуулахад зориулах хэрэгтэй. Сая ХХҮГ-т нэг үйл ажиллагаа зохион байгуулах гээд элдвээр загнуулсан. Иргэдэд зориулж төр барилга барьдаг биз дээ. Иргэдэд нээлттэй барилга байгууламж байна уу?  
Төлөөлөгч Б.ЭНХ-ЭРДЭНЭ: “Актлах гэж байгаа автомашины үнийн дүн, тогтоосон аргачлал нь ойлгомжгүй байна. Хаягдал төмөрт л тушаах үнэ байна” гэв. Төлөөлөгчид ийн хэлэлцэж эхний  асуудал өндөрлөлөө. Хуралдааны эхний өдрийн Орон нутгийн өмчийн асуудал дотор хог тээврийг хувийн хэвшилд шилжүүлэх, аймгийн Засаг дарга дэргэдээ Нийтлэг үйлчилгээний алба шинээр байгуулах, төрийн хэмнэлтийн хуулиар татан төвлөрүүлсэн автомашиныг маш бага үнээр дуудлага худалдаанд оруулах гэхчлэн олон нийт анхаарлаа хандуулах асуудлууд байв.

АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ ҮНЭЛЭВ

Бидний дараагийн анхаарлаа хандуулах асуудал бол аймгийн Засаг дарга аймгийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөнийхөө тайланг ИТХ-д танилцуулсан. Тайлантай холбогдуулан төлөөлөгчид асуулт тавьж, санал дүгнэлтээ хэлсэн.  Хурал даргалагч хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуух асуулт төлөөлөгчдөд байна уу? гээд алхаа тогшиход хамгийн түрүүн гараа өргөдөг хүн бол төлөөлөгч У.Даш. ИТХ-д тун чамбайхан бэлтгэлтэй ирдэг хүний нэг бол тэр. 
Төлөөлөгч У.ДАШ: Аймгийн Засаг дарга аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр ямар ажил зохион байгуулав? Бид өмнөх жил аймгийн 2022 оны төсвийг 72 тэрбум төгрөгөөр баталсан. 2023 оны төсөв 60 орчим тэрбум байхаар орж ирлээ.  Жил ирэх тусам төсвийн бааз багасаж байна. Цаашид бид аймгийнхаа төсвийг 100 тэрбум байлгахын тулд юу хийх вэ?
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.ЦЭНГЭЛМАА: 2022 оны төсөв 72 тэрбум байсан гэдэг сумын нийт төсөв багтсан дүн. Ирэх жилийн аймгийн төсөвт сумын төсвийг багтаавал 58 тэрбум төгрөг биш, илүү дүн гарна. Орлого нэмэгдүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулсан. Манай аймаг аж ахуйн нэгжийн албан татвар, усны төлбөрөөс гол орлогоо бүрдүүлдэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн компаниудтай хэлэлцэн, туслан гүйцэтгэгч компаниудын татварыг төрлөөр нь орон нутагт шилжүүллээ. Бусад төрлийн татварыг бид жижиг гэж орхиогүй. Аж ахуйн нэгж байгууллагагуудтай боломжтой нөхцөлийг зөвлөж ажилласан. Аймгийн хэмжээнд татварын орлогод 20,3 тэрбум төгрөг төвлөрснөөс 16 тэрбум төгрөг орж 62 хувийн биелэлттэй ажилласан. Аж ахуй нэгжийн албан татвар тасарсан. Ирэх онд 15,6 тэрбум төгрөг төлөвлөснөөс аж ахуй нэгжийн орлогын албан татварыг бууруулж татварын бус орлогыг нэмэгдүүлнэ. 
Төлөөлөгч С.МӨНХЖАРГАЛ: Хөгжлийн бодлогын төлөвлөгөөний хэрэгжилтэд 144 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулан ажилласан гэжээ. Багийн хэсгийн ахлагч нартай ямар гэрээ байгуулж ажилладаг вэ?. 256 иргэнийг түр, 86 иргэнийг байнгын ажлын байраар хангасан байна. Ямар ажлын байрны захиалга их ирдэг вэ? “Хүлэмж”, “Зоорь” хөтөлбөрт ямар иргэнийг хамруулдаг вэ? Захиалагчийн хяналтыг хийж ажилласан гэж байна. Зам засварын ажил хангалтгүй хийгддэг гэдгийг иргэд нүдээрээ хараад сууж байна.  Миний мэдэхээр Читын гудамжны усны хаялагын ажилд нарийн хоолой тавиад, дахин сольж хоёр удаа ухсан. Нэг ажлыг хоёр хийнэ гэдэг захиалагчийн хяналт сайн байгаагүйг илтгэх биш үү? Жижиг юм шиг боловч хариуцлагагүй асуудал. “Шинэ хөгжил” сургуулийн хойд талд усны хаялага гаргаад орхичихсон. Тэр хавиар нэг ус тогтож нуур болох юм.  Захиалагчийн хяналт тавьж ажиллаж чадсан уу? Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.АЛТАНСҮХ: Хэрлэн сумын 11 баг хүн амын нягтрал ихтэй, ажиллах хүч хүрэлцдэггүй. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэсгийн ахлагч нартай аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар гэрээ байгуулж ажилласан. Тус гэрээнд хэсгийн ахлагч нар улсаас болон орон нутгаас гарч байгаа бодлого шийдвэрийг иргэдэд мэдээлэх, багийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний уялдаа холбоог хангаж багийн үйл ажиллагааг дэмжин оролцоно гэж заасан. Ялангуяа Ковидын үед хэсгийн ахлагч нар маш үр дүнтэй ажилласан. Аймгийн ХХҮГ-ын дарга Н.БАЗАРРАГЧАА: Түр ажлын байраар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа ногоон ажлын байр, нийтийг хамарсан ажилд ажилгүй иргэдийг хамруулдаг.  Энэ жилийн хувьд мод тарих аяны хүрээнд 800 иргэн, нийтийг хамарсан ажилд 100 иргэнийг түр ажлын байраар хангасан. ХХҮГ-т ихэвчлэн уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн компаниудаас ажлын байрны захиалга ирдэг. Хөдөлмөрийн мэдээллийн санд байгаа иргэдийг ажлын байрны захиалгын дагуу байнгын ажлын байранд зуучилдаг.    
Аймгийн ХХААГ-ын дарга Ж.АЛИМАА: “10000 хүлэмж” төслийн хүрээнд аймгийн төвд зургаан ажлын хэсэг, сумдад сумын ЗДТГ-ын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Иргэдэд хүлэмжийг харьяа багаар нь дамжуулан олгосон. Энэ жил 311 хүлэмж айл өрх, аж ахуйн нэгжид нийлүүлснээс 183 хүлэмжийг Хэрлэн суманд, үлдсэнийг нь хөдөө сумдад хуваарилсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 6 суманд хуучин зоорийг сэргээн засварлаж, 2 суманд нийт 160 тоннын багтаамжтай шинээр зоорь барьж байгуулсан.  
Аймгийн Ерөнхий архитектор А.ТҮМЭНЖАРГАЛ: Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх төсөл арга хэмжээнд иргэн болон аж ахуйн нэгжээр захиалагчийн хяналт хийлгэж байна. Энэ онд цэвэр усны гадна инженерийн шугам сүлжээг шинэчлэхтэй холбогдуулан аймгийн ГХБХБГ   мэргэжлийн инженерүүдээр захиалагчийн хяналт хийлгэсэн. Чита гудамжны ажил удааширсан нь захиалагчийн хяналтаас болсон асуудал биш. Ажил гүйцэтгэж буй компанид бараа материалын тасалдал үүссэнтэй холбоотой асуудал.  
Аймгийн Засаг дарга М.БАДАМСҮРЭН: Захиалагчийн хяналтыг зөвхөн ГХБХБГ, Барилгын хөгжлийн төв хийх ёстой. Манай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт боловсон хүчин дутмаг. Хамгийн хүндрэлтэй асуудал авто замын хяналт. Орон нутагт авто замын агентлаг байхгүй,  мэргэжлийн хяналтын ганц байцаагчтай. Авто замын асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, ГХБХБГ хариуцан ажиллаж байна.   
Төлөөлөгч Л.НАРАНГЭРЭЛ: Төсвийн орлогыг бодитоор төлөвлөе. 2022 онд аж ахуйн нэгжийн албан татвар 16 тэрбум байсан бол 2023 онд 8 тэрбум болжээ.  Газрын төлбөр энэ онд 540 сая байсан, ирэх онд 3,7 тэрбум болсон байна. Торгуулийн орлого яагаад  720 сая төгрөг байсныг 1,5 тэрбум болгов?  Зөвхөн төсвийн орлого харахгүй гаднын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэдэг саналыг олон хэлж байна.  Гаднын хөрөнгө оруулалтыг татах ажил хийсэн үү?, аймгийн Засаг даргаа, донор байгууллагын үүдийг сахиулаад  манай аймагт ийм ажил шийдэх хэрэгтэй байна гээд уулзалтуудыг зохион байгуулмаар байна. Тухайлбал, донор байгууллагуудын зөвлөхүүдээр хогны менежмент хийлгэе.  Матад суманд багийн бага сургууль байгуулах төсөл судалгаагаар таван хүүхэд л сурах юм байна гээд хасжээ. Иргэд ямар ч судалгаа хийгдээгүй гэдэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл 200 сая төгрөгөөр ямар ажил хийв? 
Аймгийн Санхүү, төрийн сангийн дарга В.ЦЭНГЭЛМАА: Аж ахуйн нэгжийн албан татварын орлого Сангийн яамнаас хянаж ирсэн дүн юм. Сангийн яам том татвар төлөгчийн газраас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн судалгааг авч боловсруулан бидэнд хянаж өгдөг. Тухайлбал, Степголд компаниас 8 тэрбум төгрөг орохоор хянасан. Степголд компани том татвар төлөгчийн газарт манай компанийн мэдээллийг буруу өгсөн байна гээд борлуулалтын  мэдээллээ шинэчилж хянагдаж ирсэн дүн нь энэ. Газрын төлбөр гэдэг нэрийн дор Газрын дуудлага худалдааны орлого бий. Газрын төлбөрийн дүнг сумдаас харж болно. Түрүү жил газрын төлбөрт 1,2 тэрбум төгрөг төвлөрсөн. Газрын төлбөрийн үнэ огцом шинэчлэгдсэн шалтгаан нь тариф нь нэмэгдсэн.Сангийн яамнаас хүү торгуулийн системээс Дорнод аймгийн хэмжээнд торгууль ногдуулсан баазыг харж хянадаг.  Бид орлого нэмэгдүүлэхээр дотоод төслүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Сумдад орон нутгийн хөгжлийн сангийн хяналтыг сайжруулснаар Тогтвортой амжиргаа төслөөс авдаг урамшууллын хэмжээ 300 сая төгрөг байсныг 1,6 тэрбум болгосон. Адавп, Зах зээлд бэлчээрийн зохицуулалт төсөлтэй хамтран ажиллаж байна. Төсвийн тухай хуулиар гадаад зээл авах хориотой.
Аймгийн Засаг дарга М.БАДАМСҮРЭН: Багийн бага сургууль төсөл хэрэгжүүлье гэдэг саналыг миний бие гаргасан.  Харамсалтай нь Матад сумын сургууль хүүхэдгүй болно гэх мэтээр сумаас нь маш  олон тайлбар өгсөн. Та Матад сумын удирдлагуудаас энэ асуудлын шалтгааныг тодруулаарай. Хоёулаа энд ярих зохимжгүй байх. Сүүлдээ хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажил маань иргэдэд буруу ойлголт өгөх вий гэж болгоомжилсон учир энэ төсөл хэрэгжих боломжгүй болсон. Харин ирэх онд  Мэнэн багт шинэ цэцэрлэг ашиглалтад орно. Татварын баазыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шааардлагатай. Энэ чиглэлээр аймгийн Татварын хэлтсийн даргаар ахлуулсан баг байнга ажиллаж байгаа. Тухайлбал, Уул уурхайн компаниудын туслан гүйцэтгэх компаниудыг орон нутагт татвар төлдөг болгохоор ажиллаж байна. Газрын тосны рояалтыгаас манай аймагт 500 сая төгрөг хуваарилагддаг байсныг бид 3,7 тэрбум болгосон үр дүнгүүд бий. 
Төлөөлөгч Ө.АМАРСАЙХАН: Босоо тэнхлэгийн хойшоо явдаг сайжруулсан шороон замыг жил болгон хусдаг гэх үү? хайрга дэвсдэг гэх үү?.  Энэ зам дээр захиалагчийн хяналт байна уу?
Аймгийн ерөнхий архитектор А.ТҮМЭНЖАРГАЛ: Улсын чанартай замын арчлалтыг “Дорнод авто зам” ХХК гүйцэтгэдэг. Хяналтыг Зам тээврийн Яамны дэргэдэх Тээврийн хөгжлийн төв хийдэг.  Замын хураамж нь тус байгууллагад ордог. Улсын чанартай зам гэдэг нь нийслэлээс аймгуудыг холбосон зам болон боомтууд руу явсан замыг хэлдэг.  
Төлөөлөгч П.ГЭРЭЛБААТАР: Асуулт хариулт явахад юм асуусангүй. Маргаашийн төсөв ч ойлгомжтой л байна лээ. 2022 оны аймгийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөг 80 гаруй хувьтай гүйцэтгэлээ гэж үнэлжээ. Үүгээрээ л ИТХ-аас батлагдаад явах байх. 2022 он яаж өнгөрснийг бүгд мэднэ. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэдэг шиг цаасан дээр ажил хэрэг өндөр дүнтэй л дүгнэгдэнэ л дээ. Бодит байдал дээр хог, зам, ус, аймгийн 90,91 жилийн ойн баяр, үнийн өсөлт, төсвийн тасалдал, татварын бууралт гээд амьдрал өөр. Миний бодоход ажлыг хувиар биш хангалттай, хангалтгүй гээд дүгнээд явчихаж болдоггүй юм уу гэдэг саналыг байнга хэлдэг.  Өнөөдөр таныг “вакум” орчинд байлгаж байгаа хүмүүс өөр өөрийн эрх ашигтай. Тэрийг нь гүйцэлдүүлээд явж болно. Гэтэл дахин сонгогдох нь хэн бэ? энэ аймагт хэн үлдэх вэ? төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өөрийн чинь нэр хүнд, ирээдүйд иргэдийн дунд үнэлэгдэх үнэлэмж, хүндлэл яаж үлдэх вэ? гэдгээр нэг үеийн нөхөр ёсны зөвлөгөөг хэлж байгаа юм шүү. Сүүлийн 7,8 жил шинэчлэгдсэн юм алга. Энгийнээр хэлэхэд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга чинь хэд ч солигдов. Шижигнэсэн сайхан залуус чинь баг хамт олонд чинь харагдахгүй боллоо. Жил гаруйхны дараа бүх зүйл дүгнэгдэнэ. Үлдсэн хугацаандаа өөр менежмэнтээр ажиллавал яасан юм бэ.  Аймгийн номер нэг, хоёр дахь хүн байна, айлаар бол аав, ээж хоёр. Ар, өврөөс гарсан хүүхэд гэж ялгалгүй хандаач. Энэ төлөөлөгч нар юу ярив? гэж эрүүл саруул ухаанаар хүлээж авбал өөр дүр зураг харагдана даа. 
Үүний дараа Төлөөлөгч У.ДАШ: Агуулгын хувьд П.Гэрэлбаатар төлөөлөгчтэй 100 хувь санал нэг байна гэдгээ хэлж энэ асуудлыг хэлэлцэж дуусав.

ҮР ДҮНГ ТООЦОЖ ТӨЛӨВЛӨӨГҮЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД БАЙНА ГЭЖ ҮЗЭВ


вийн зарцуулалт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой.  Төрийн аудитын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу аймгийн Төрийн аудитын газар аймгийн Ерөнхийлөн захирагчаас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд санал дүгнэлтээ өгдөг. Аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Болортуул 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын санал дүгнэлтээ аймгийн ИТХ-д танилцуулсан. Ирэх оны төсөвт аудит хийхдээ батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн үе шатанд төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн төсөлтэй холбоотой гарсан асуудлыг бүртгэлээр танилцуулжээ.   
Аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.БОЛОРТУУЛ: 2023 оны аймгийн төсвийн төсөлд аудит хийхдээ агуулгын хүрээнд орлого зарлагын хязгаар, орлого зарлагын төлөвлөлт, төсвийн Ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрэх үр дүн зорилтот төвшин, сангийн зардлууд ерөнхий дүнд аудит хийлээ. Ирэх оны төсөвт Сангийн яамнаас баталсан орлогын хязгаартай харьцуулахад 15 тэрбум, зарлагын хязгаарыг 2,2 тэрбумаар нэмсэн байна.  Аймгийн нийт орлогын 81,5 хувь нь татварын орлого, 18,5 хувь нь татварын бус орлого эзэлж байна. Газрын төлбөрийг 660,3 төгрөгөөр дутуу тооцжээ. Мөн аймгийн ИТХ-ын 2023 оны зарим урсгал зардлыг төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэлттэй байхаар төлөвлөөгүй байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтад бодлогын баримт бичигт тусгагдаагүй зураг төсөвгүй, төсөл арга хэмжээнүүдийг тусгажээ. Төсвийн зарлага бууруулах 700 сая төгрөгний гурван төсөл арга хэмжээг хасах санал гаргаж, улсын төсвөөр санхүүжих боломжтой орон нутгийн хөрөнгөд шилжихгүй хөрөнгөд мөнгө зарцуулах нь үр ашиггүй гэж үзэн үр ашиг сайжруулах зөвлөмж өгөв. Ирэх оны төсөвт төсөл хөтөлбөрийн боловсруулалт сайн хийгдсэн гэлээ. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын бус арга хэмжээнд 10 хувь нь урсгал зардлын шинжтэй байгаа нь хууль журамд нийцээгүй учир 120 саяын нэг төслийг хасах санал оруулав. Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны төсвийн төсөлд тусгагдсан 63 төсөл арга хэмжээнээс  нь хууль журамд тусгаагүй, тооцоо судалгаагүй, хэрэгцээ шаардлагагүй 6 төсөл арга хэмжээ байна гэж үзсэн. Төрийн хяналтын тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн журамд нийцээгүй 2,3 тэрбум төгрөгийн таван хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хасах санал хэлсэн. Мөн төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх 1,8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хасах нь  зүйтэй гэж дүгнэв. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаас техник эдийн засгийн үндэслэлгүй, зураг төсөвгүй 160 сая төгрөгийн хоёр төслийг хасах нь зүйтэй. Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээний ажлыг дахин тооцоолол хийж, үр ашгийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Халамжийн сангийн төсвийг нэмэгдүүлсэн нь хэмнэлтийн зарчимтай нийцэхгүй байна гэлээ. Түүнчлэн аймгийн хөгжлийн төлөвлөгөөг Сангийн яамны хийсэн хязгаартай уялдуулан боловсруулсан байна. Аймгийн 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийн тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй, төсвийн урсгал зардлыг хэмнэх, төсөл арга хэмжээг эдийн засгийн үр ашигтай, нийгэмд ач холбогдолтой байхаар үр дүнг тооцож төлөвлөөгүй төсөл арга хэмжээнүүд байна гэж дүгнэсэн юм. Товчхондоо 2023 оны төсвийн төсөлд орлого нэмэглдүүлэх  720,1 сая, зарлагыг бууруулах 3,3 тэрбум, үр ашиг сайжруулах 2,3 тэрбум төгрөг байна гэж дүгнэлээ.  Өмнөх оны аудитын зөвлөмж дүгнэлт санал 50,3 хувийн биелэлттэй байжээ.   
Аймгийн 2023 оны төсвийн төслийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа: танилцууллаа. Ирэх оны төсвийн орлогыг Сангийн яамнаас 52,6 тэрбум байхаар хянаж ирүүлснийг 65,9 тэрбум болгож нэмэгдүүлжээ.  Аймгийн төсөв 54,7, сумдынх 11,2 тэрбум төгрөг. Үүнээс орон нутгийн төсвийн орлого 40 тэрбум, харилцахын үлдэгдэл 3,4 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр нь 22,5 тэрбум. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг 84 сая төгрөгөөр нэмж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 30 сая, газрын төлбөрийг 1,5 тэрбумаар хянасан дүнгээс нэмсэн. Газрын дуудлага худалдааны орлогыг 3,7 тэрбум, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 43 саяар нэмсэний 40 сая нь “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т шилжиж очиж байгаа авто баазын хөрөнгө, 3 сая нь ойн ангийн орлогын төлөвлөгөөг нэмэгдүүлжээ. Уул уурхайн компаниудаас гэрээгээр ордог хандив тусламжийн орлого 4,6 тэрбум төгрөг. 2020,2021 онд манай аймагт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар байгаагүй, 2022, 2023 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэмэгдэж орлого өссөн. Ирэх онд татварын орлого буурч, татварын бус орлого нэмэгдэнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр жил ирэх тусам нэмэгджээ.  Төлөөлөгчид хуралд хэлэлцэх материалыг 72 цагийн өмнө гар дээрээ авах журамтай. Түунийхээ дагуу асуудалтай танилцаж хуралдаандаа ирдэг.  Энэ он болон ирэх онд урсгал зардлаа барьж, хөрөнгийн зардлаа нэмж байгаа аж. Цалин хөлсний зардал буурсан нь төрийн үйлчилгээний албаны бага тушаалын ажилтны цалин улсын төсөвт тусгагджээ.

Томилолтын тариф өссөн ч зардлыг барьж байгаа гэв.  Төсөвтэй холбоотой асуулт хариулт үргэлжилж төлөөлөгчид хүссэн асуултандаа хариулт авсан. Зарим төлөөлөгчийн тойрогт тусгагдаагүй ажлыг ирэх оны төсөвт суулгуулах талаар зөвшилцөөд авна лээ.  Харин ирэх оны төсөвт хэн ямар санал оруулав, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч төлөөлөгч нарын саналыг тусгав уу гэдэг нь чухал учир төлөөлөгчдийн саналыг хүргэе. 
Төлөөлөгч У.Даш: Аймгийн 9 гайхамшгийг сурталчилах ажил 15 сая төгрөг тавьсан байна? Есөн гайхамшиг дотор гурван улсын хилийн багана гээд нэг төмөр байгаа. Энэ оновчтой зардал мөн үү? Уул уурхайн түгээмэл тархацтай олдмолын нөлөөнд өртөж байгаа айл өрхүүдэд өвс тэжээлийн тусламж үзүүлнэ 30 сая төгрөг. Эдгээр зарлыг хэмнэж мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажил руу онцгой анхааръя. Аялал жуулчлалын маршрутыг стандартын тэмдэг тэмдэглэгээтэй болгоход Халхгол, Баян-Уул чиглэлд 30 сая төгрөг тавьжээ. Үүнийг судалгаан дээр үндэслэв үү? эсвэл багцаагаар шийдэв үү? Аймгийн хэмжээнд судлаад тэмдэглэгээний асуудлыг шийдэх санал байна.  “Даахгүй нохой булуу хураана” гэж сүүлийн хоёр жил “Чойбалсан хөгжил” ОНӨААҮГ-т хог, зам засвар, Тэрбум модны асуудлыг даалгасан. Нэмээд зүлэгжүүлэлт ногоон байгууламжийг онцгойлон анхаарал хандуул гээд өгчихсөн. Тэгснээ өө чадахгүйн байна гээд хогоо хувийн хэвшил рүү өгнө гэнэ. Зүлэгжүүлэлтэд 140 сая, авто замын арчлалтад машин тоног төхөөрөмжид 198 сая төгрөг тавьжээ. “Чойбалсан хөгжил” ОНӨААҮГ-т төсөвлөсөн мөнгөний гүйцэтгэлийг харах хэрэгтэй.  Ирэх оны төсөв зам арчлах, зам тавихтай холбоотой 7,1 тэрбум төгрөгийг суулгажээ. Энэ мөнгөний тавин хувь нь зам арчлалтад зориулагдах нь. Зам арчлалтын орон нутгийн компанитай больё. Манай аймгаас өөр зам арчлалтын компанигүй аймаг байхгүй. Гүн өрмийн худаг гаргахад 110 сая төгрөг тусгажээ. Хяналт байна уу? ИТХ-ын даргаа, Та аймгийн Засаг даргатай адил төсвийн захиран зарцуулагч. Аймгийн ЗДТГ-т хэвлэл мэдээллийн 4 ажилтан байна. Хэвлэл мэдээллийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн. Аймгийн хурлын 37 төлөөлөгчид сонгогчиддоо үйл ажиллагаагаа таниулахад зориулсан төсөв байхгүй.  Аймгийн хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Төлөөлөгчдийн ажлыг иргэдэд мэдээлэхэд аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн зардалтай адил зардал төсөвлөмөөр байна. Эсвэл аймгийн ЗДТГ хэвлэл мэдээллийн ажилтны тоогоо цөөлж бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адил тэгш хамтран ажиллах хэрэгтэй. Өөр нэг санал нь улсын баяр наадмын бэлтгэл хийж байгаа бөхчүүдийг бэлтгэл хийхэд нь 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж болох уу? Улсын цолонд хүрэхийн төлөө манай аймгийн бөхчүүд бусад аймгуудын бөхчүүдтэй харьцуулахад нүд халтирмаар нөхцөлд бэлтгэл хийдэг юм билээ. 
Төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ:  Харшлын гаралтай өвчний суурь судалгаа хийхэд орон нутгийн төсөвт хөрөнгө суулгаж өгөөч ээ? 
Төлөөлөгч Б.Гэрэлт-Од: Чойбалсан хөгжил ОНӨААҮГ-т хиймэл нуурын доод талын лагийг авч шороо дэвсэх материалын тендер зарлагдсан. Төсвийн тендер болгож өгөөчээ? Би хөөцөлдөж материалын тендер болгосон. Эсвэл 70 сая төгрөгөөр хиймэл нуурын төсөв хийлгэж болно. Нийтийн эзэмшлийн зам элэгдэлд  орсны шороо орж дүүрдэг хэсгүүдийн шороог нь хусаж, зүлэгжүүлэхэд 140 сая төгрөгний ажил төсөвлөгдсөн. Энэ ажлыг дараа жил тендер зарлаж өөр компаниар хийлгэж болох уу? Манайхыг шахаад хардалт үүсгээд байх юм. Шинэ хогийн цэг байгуулах төсөв тодорхой болсон. Хуучин хогийн цэгийг булах төсвийг хийлгэх саналтай байна. Шинэ хогийн цэгт хог очиход шахах зардал тавьж өгөөч?  
Төлөөлөгч Г.Болдбаатар: Бид юмыг томоор хармаар байна. Чойбалсан хотод дахин төлөвлөлт хийх цаг болсон. Манай аймаг асфальтны үйлдвэртэй болох хэрэгтэй. Улсын төсвөөр хийгдсэн хоёр

  • Туяа
  • 133
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313