Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе!
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн XIII форумыг Бээжин, Хөххот, Улаанбаатар хотод цахим хэлбэрээр 2022 оны 12-р сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн алба хамтран зохион байгуулсан байна.
Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцуулав. Мэндчилгээнд "Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарынханд баяр хүргэе. Саяхан БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахаар өргөн хүрээнд ярилцаж, төлөвлөснөө хэрэгжүүлэхээр баталгаажуулсан. Ши Жиньпин дарга байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байгаагаа онцолсон" гэдгийг дурджээ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс ирүүлсэн мэндчилгээг уншин зарлав.
Форумын үйл ажиллагааны үеэр Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны дэд дарга Лю Сыян, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулах хэлтсийн дарга Жэн Хунфань, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Бат-Эрдэнэ нар тус тус үг хэлж, Хятад, Монгол хоёр улсын экологийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 120 гаруй хүндэт зочин, төлөөлөгчид, “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн хүрээнд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг хэрхэн илүү сайн гүйцэтгэх тухай яриа хэлэлцээ хийж, хоёр улсын байгаль орчин, экологийг хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар бодол, саналаа солилцжээ.
Мөн Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл "Өнөөдөр" сонин, ӨМӨЗО-ы Өдрийн сонины хороотой, UBS телевиз Өвөр Монголын радио, телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав.
Эх сурвалж: http://www. solongonews.mn Хөлөнбуйр өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг Цэнгэл, Яргуй