ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ДОРНОД АЙМГИЙН АЛДАРТНУУД ТОДОРЛОО

2018 оны 2-р сарын 11 өдөр
 \"\"17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал “Тахиа” жилийн Дорнод аймгийн 9 алдартан тодорлоо.

“Дорнод” сонин 11 дэх жилдээ уншигчдынхаа санал асуулгаар алдартнуудаа ийн тодруулж байгаа юм.  Нийтдээ 600 гаруй уншигч санал асуулгад оролцож, улиран буй онд улс, аймагтаа манлайлсан алдартнуудад хамгийн өндөр саналыг өгсөн байна.

Гал “Тахиа” жилийн Дорнод аймгийн алдартнаар Монгол улсын Гавьяат механикжуулагч Д.Намсрайжамц тодорчээ. Тэрээр 1961 оноос хойш хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт залуу халуун насаа зориулсан. Монголын төр түүний хөдөлмөрийг үнэлж \"Монгол Улсын Гавьяат механикжуулагч\" цолыг хайрласан бол \"Дорнод\" сонины уншигчид хамгийн өндөр саналыг түүнд өгсөн юм. 

\"\"
“Голомт” банкны Дорнод салбарын захирал Л.Нарангэрэл гал Тахиа жилийн 9 алдартны нэгээр тодорлоо. Түүний удирдсан хамт олон улиран буй онд мөнгөний урсгалыг татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр орон нутгийн зах зээлд тэргүүлж чадсан нь Л.Нарангэрэл захирлын удирдан чиглүүлсний үр дүн юм. Тэрээр банкны салбарын лидер хатагтайгаас гадна улс төр, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа хэдүйн эзэлж, танил болсон эмэгтэй.

\"\"
“ДБЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарыг гал тахиа жилийн Дорнод аймгийн 9 алдартны нэгээр тодроход нь \"Дорнод\" сонины уншигчид саналаа харамгүй өгчээ. Г.Отгонбаатар захирал Станцын турбин цехийн туслах машинистаас ээлжийн инженер, ашиглалтын албаны дарга, захирал болтлоо дэвшсэн нэгэн. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн ТЭЗҮ-г дээшлүүлэх, эрчим хүчний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангахад онцгойлон анхаарч иржээ. 

\"\"
Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Цагаан аймгийн Алдартан боллоо. Тэрээр 2010 онд Үйлдвэрчний эвлэлийн бага хурлаас даргаар сонгогдсоноор \"унтаа\" байсан энэ байгууллагыг сэрээсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй ээ. Цагаан дарга ямагт \"халуун цэг\"-т хүрч, ажил олгогч, ажилчдын дунд үүссэн хөдөлмөрийн маргаантай асуудлыг эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдэж чаддаг, шийдүүлж ч чаддаг хүн. 

\"\"
“Сүхжин” барилгын компанийг үүсгэн байгуулагч, \"Аварга барилгачин\" Д.Эрдэнэбаатарын барилгын салбарт зүтгэсэн 32 жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Дорнодын ард түмэн гал Тахиа жилийн аймгийн алдартнаар тодрууллаа. \"Сүхжин\" компани 2012 оноос хойш 235 айлын орон сууцны барилга, 75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулж, өдгөө 118 хүнийг ажлын байраар хангаж, 2016 онд л гэхэд 174 сая төгрөг төвлөрүүлсэн зэрэг нь барилгын салбарын томоохон төлөөлөл гэдгийг илтгэнэ. 

\"\"
“Мянган сарнай” эмийн сангийн захирал Д.Энхцэцэг \"Дорнод\" сонины уншигчдын саналаар гал Тахиа жилийн алдартнаар шалгарлаа. Эм зүйн салбар бол өндөр хариуцлага шаарддаг ажил. Тийм ч учраас Д.Энхцэцэг захирал жил бүр Улаанбаатар хотоос эм зүйч, мэргэжилтнүүдийг урьж сургалт явуулж хэвшжээ. Цаана нь хүний амь нас яригддаг учраас мэдлэгтэй, хариуцлагатай байх ёстойгоосоо ухамсарладаг нь эндээс мэдрэгдэнэ. 

\"\"
Чойбалсан сумын Морин спорт уяачдын холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх малчин, Улсын тэргүүний фермер, сайн малчин Б.Бэххуягийг Дорнодчууд гал Тахиа жилийн 9 алдартны нэгээр нэрлэв. Хурдан хүлгийнхээ шандсыг сорьж эхэлсэн цагаасаа хойш Б.Бэххуяг уяач аймаг сумдын наадмаас 20 гаруй айраг, түрүүг авчээ. 

\"\"
Дорнод аймгийн Баяндун сумын ЭМТ-ийн дарга, клиникийн профессор Б.Сэргэлэнбаатарыг Дорнод нутгийнхан гал Тахиа жилийн 9 алдартны нэгээр тодрууллаа. Тэрээр 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл төрөлх нутгийнхаа ард иргэдийн эрүүл энхийн манаанд зогсож, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна. 

\"\"
Баяндун сумын харьяат, хувиараа бизнес эрхлэгч УЗН-ийн онцгой гишүүн, сайн үйлстэн Я.Мөнхзулын хариу нэхээгүй тусч сайхан сэтгэлд нь талархан Дорнодчууд гал Тахиа жилийн алдартнаар шалгарууллаа. Я.Мөнхзул нь 2013 онд МУЗН-т онцгой гишүүнээр элссэнээсээ хойш өнөөдрийг хүртэл олон хүнд тус дэм хүргэж, амьдралд нь гэрэл гэгээ нэмсэн буянтай эмэгтэй. 

\"\"
“Дорнод” сонины уншигчдын хүндлэлийг хүлээсэн 9 алдартанд тус сонины редакцаас болор шигтгээтэй, уйгаржин монгол бичиг бүхий өргөмжлөл гардуулдаг. 
  • Отгонтуяа
  • 786
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313