САЛБАРЫНхаа ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2022 оны 11-р сарын 15 өдөр

Аймгийн  Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Алимаа:

Манай улс одоо л үйлдвэрлэгч орон болохыг туйлаас эрмэлзэж байна. Тухайлбал, энэ оноос “Хүнсний хувьсгал” хийхээр Хүнсний хангамжийн аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх нь ээ. Зөв, өөрсдөө хийж чадах зүйлээ бусдаас худалдаж авах нь угаас утгагүй. Бидэнд бусадтай адил хийх гар, хөдлөх хөл, сэтгэх тархи байна. Гагцхүү төр бодлогоор орчин нөхцлийг нь бүрдүүлэх нь чухал. Энэ асуудлаар бид аймгийн Хүнс хөдөө аж ахуйн салбарыг толгойлж буй хүнтэй ярилцлаа. Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Алимаа газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер, технологич мэргэжилтэй. 2009 онд ХХААГ-т Газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, 14 дэх жилдээ ажиллаж байна.  2012 оноос Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, 2013 оноос Захиргаа удирдлагын хэлтэст хүний нөөц, албаны дарга, 2019 онд ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож,  2020 оны 6-р сард албан ёсоор ХХААГ-ын даргаар батламжлагдсан юм.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх удаа нүүр тулан уулзаж байна. Тэгэхээр та бидний ярилцлага мэдээллийн чанартай л өрнөх болов уу. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний улирал эхэллээ. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдав? 
-Сайн, сайн байна уу? Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. ХАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай ЗГ-ын 277 дугаар тогтоол гэж бий. Мөн Ургац хураалтын ажлыг зохион байгуулах Ерөнхий сайдын 09-р албан даалгавар гарч, хэрэгжүүлсэн. Аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгавраар өвөлжилтийн бэлтгэл ажлыг наймдугаар сараас 10 дугаар сарын 25-ныг хүртэл зохион байгууллаа. Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс бэлтгэхээс 167,4 тн өвс буюу 111,6 хувьтай, 40 тн тэжээл бэлтгэхээс 73,5 тн тэжээл бэлтгэж, аймгийн аюулгүйн нөөц 147,6 хувьтай, Сумын аюулгүйн нөөц 95,7 хувьтай хангагдлаа. Малчин өрхүүд хадлан бордоо авах, хашаа хороогоо сэлбэх, түлээ түлшээ бэлтгэх гээд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж дууссан. Малчдын хувьд 105171 тонн өвс, 470,0 тн тэжээл бэлтгэлээ.  Ус цаг уур, орчны шинжилгээний үндэсний төвөөс  жил бүр өвөл, хаврын цаг агаарын төлөвийг урьдчилан мэдээлдэг.  Жишээ нь, энэ жил 5 аймагт зуншлага муу, өвсний гарц тааруу байсан учир өвөлжилт хүндрэх төлөвтэй гэж мэдээлж байна. Тус үндэсний төвийн цаг агаарын урьдчилсан таамаг дээр үндэслэн төрөөс малчид, тариаланчдад зориулсан тогтоол шийдвэр зөвлөмжүүдийг гаргадаг бол малчид хадлан тэжээлээ бэлтгэх,  мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр ажлаа төлөвлөдөг.
-Хүнсний хангамжийн аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөн эхэллээ.  “Хүнсний хувьсгал” гэж чухам юуг хэлээд байна? Энэ хөдөлгөөний үр дүнд манай аймаг ямар төвшнөөс ямар төвшинд хүрэх юм бэ?  
-Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоол гарч, 4 бүлэг, 5 зорилт, 116 ажлыг төлөвлөж, 1,7 их наяд төгрөгийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс, зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Нэн тэрүүнд бид хэрэгцээ, хангамж, өнөөгийн суурь түвшин ямар байгаагаа тодорхойлох ёстой.  Манай аймгийн хувьд мах, гурилын хэрэгцээгээ өөрсдөөсөө хангадаг.  Өндөгний хэрэгцээний 21 хувь, гурилан бүтээгдэхүүний 28 орчим хувь, хүнсний ногооны мөн адил 26 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Мэдээж, энэ бол хангалтгүй тоо. Хүнсний хангамжийн аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөн 4 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хүнсний хувьсгал хийснээр энэ тоог 100 хувь болгох зорилго тавьж байгаа юм. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой, хэрэгжих боломжтой, бодитой ажил болно гэж харж байна.
-Ажлыг хүн хийнэ. Хаана ч очсон боловсон хүчний асуудал хурцаар тавигдах боллоо. Энэ тухайд? 
-Хүнсний хангамжийн аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний нээлт улс орон даяар өрнөж байна. Манай аймагт 10-р сарын 31-нд “Хүнсний хувьсгал” нэртэй зохион байгуулагдлаа. Энд хамгийн эхэнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний дутагдлыг арилгах шаардлагатай байгаа талаар яригдсан. Мэргэжлийн боловсон хүчнийг сумдад ажиллахад нь зориулж аймаг орон нутгаас төрийн албан хаагчийг орон сууцжуулах, цалин урамшууллыг нэмэх, ажиллах таатай нөхцөл боломжоор хангах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн экспортод чиглэсэн ХАА-н салбарын үйлдвэрлэлийг дэмжинэ. Мал эмнэлгийн хяналт бүхий хорио цээрийн бүс байгуулна. МАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг, үнэ цэнийг бий болгох, малаа эдийн засгийн эргэлтэд оруулахад мал эмнэлгийн хяналт чухал. Өөрөөр хэлбэл бид махаа эрүүл, аюулгүй баталгаатай гэдгийг нотлох гээд байна ш дээ.  Тэгж байж бидний экспортлох бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байна. Бидэнд Зүүн хойд Ази, Иран, БНХАУ-руу  мах экспортлох боломж бий. МАА-н салбарт бэлчээрийг зохистой ашиглах тал дээр анхаарна. Тухайлбал, уст цэгүүдийг нэмэгдүүлэх замаар алслагдсан бэлчээрийг эргэлтэд оруулна, доройтсон бэлчээрийг сэргээх, сэлгэн өнжөөх, төв зам дагасан отор нүүдлийн асуудлыг цэгцлэх гэх мэт.
-Хүнсний ногоо тал дээр манай аймаг харьцангуй гайгүй болов уу?
-Хүнсний ногооны салбарт манай аймаг Арван мянган хүлэмж хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.  Дорнод аймгийн хэмжээнд 24,7 мянган өрх байдаг. Байгаль цаг уурын өөрчлөлтийн хамаарлыг бууруулах, хүнсний нарийн ногооны нэр төрөл, тариалалт, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор жилийн турш хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах зорилгоор төслийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хоёр өрх тутмын нэг нь энэ төсөлд хамрагдах боломжтой. 2020 онд Баянтүмэн сум, Хэрлэн сумын 5-р багт, 2021 онд аймгийн хэмжээнд “Хүлэмж” төсөл хэрэгжүүлсэн нь маш амжилттай үр дүнгээ өгсөн. Үүн дээр үндэслэн аймгийн Засаг даргын санаачлагаар  “Арван мянган хүлэмж” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ жил 311 хүлэмж айл өрх, аж ахуйн нэгжид нийлүүлснээс 183 хүлэмжийг Хэрлэн суманд, үлдсэнийг нь хөдөө сумдад хуваарилсан.  Цаашдаа бид хүлэмж үйлдвэрлэх, угсрах, суурилуулах ажлыг орон нутагтаа хийдэг болох зорилт тавьж байна.  Энэ жил хүлэмж олгохдоо, усалгааны эх үүсвэртэй, талбайгаа бэлдсэн байх гэдэг хоёр шалгуурыг тавьсан. Хүлэмжинд хүнсний ногоо тариалахад тариалагч өөрөө хөрсөндөө сайжруулалт хийдэг учир хаана ч байрлуулсан хөрсний хувьд асуудал үүсэхгүй ашигладаг. Аймгаас олгож буй 4х8, 6х10 харьцаатай хүлэмжид өөрийн өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо тарьж худалдан борлуулах, хадгалж нөөцлөх нь тухайн өрхийн л асуудал. Бидний зүгээс олгосон хүлэмжийг байршуулсан байна уу? дамжуулан худалдаж зориулалтын бусаар ашигласан эсэхэд л хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн хувийн хэвшлийн санаачлагаар эхлүүлж байгаа Үйлдвэр технологийн парк байгуулах асуудлыг салбарын яам, орон нутаг дэмжиж ажиллана. Энэ паркыг байгуулснаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, ажлын байр нэмэгдэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Ямар нэгэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд түүнийг дагасан үйлдвэрүүд бий болдог. Тухайлбал, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд сав баглаа боодлын үйлдвэрийг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай. Заавал Улаанбаатар, эсвэл урд хөршөөс сав баглаа боодлын нийлүүлэлтийг шийддэг биш өөрсдийн хэрэгцээгээ өөрсдөө хангадаг бол илүү ашиг тустай. Хүнс хөдөө аж ахуйн салбар өөрөө өргөн цар хүрээтэй. 
-Манай орны малын тоо толгой жилээс жилд өсөж байна. Малын бэлчээр ашиглалт,  даацыг яаж зохицуулдаг юм бэ? Тэдэн га талбайд тэдэн тооны мал ногдоно гэсэн стандарт бий юу? 
-Бэлчээрийн даац малын тоо толгой сум бүрт харилцан адилгүй. Манай аймгийн хувьд өнөөдрийн байдлаар 100 га бэлчээрт 116 толгой мал ногдож байна. Улсын хэмжээнд 100 га-д 250 орчим толгой мал ногддог гэсэн статистик үзүүлэлт бий.  Сүүлийн жилүүдэд энэ тоо байнга  өсөж байгаа. 2010 онд 100 га бэлчээрт 60 гаруй толгой мал ногддог байсан бол тухайн үетэй харьцуулахад манай аймгийн малын тоо толгой  3 дахин өсөж  тэр хэмжээгээр бэлчээрийн ачаалал нэмэгдсэн. Баянтүмэн, Баян-Уул, Гурванзагал, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Цагаан -Овоо сум бусад сумтай харьцуулахад бэлчээр ашиглалт өндөр. Сумдад бэлчээрийн менежментийн төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу малчидтайгаа гэрээ байгуулах малын бэлчээрээ сэлгэж сэргээх учиртай. Тухайлбал, Халхгол сумын Ташгайт баг Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцээд тодорхой бэлчээр нутгаа 2 жил ашиглахгүй чөлөөлсөн байна. Бид уламжлалт мал аж ахуйгаараа жилийн 4 улиралд бэлчээр сэлгэж нүүдэллээд явбал бэлчээр талхлалтаас ангид байж чадна. Бэлчээрийн ашиглалтын асуудалд малчдын үүрэг оролцоо хамгийн чухал. Манай аймагт 60 орчим малчдын бүлэг бий. Бид малчдын бүлгүүдтэй хамтран ажиллаж мэргэжлийн мэдээлэл сургалтыг тогтмол хийж байна. Төрийн зүгээс малчдын бүлгээр дамжуулан чадавхижуулах сургалтыг түлхүү хийхэд анхаарч ирсэн. Бүлгийн зохион байгуулалтад орсноор малчид бэлчээрээ хамгаалах, сэлгэх асуудлаа хамтран шийдэх боломжтой.
-Гадны мал ихэслээ, тэрний тэдэн зуун үхэр, энэний төдөн мянган адуу манай нутагт ирсэн гээд малчид ярих юм аа. Ямар зохицуулалтаар малын шилжилт хөдөлгөөн хийгдэж байна вэ? 
-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, ЗГ-ын  2019 оны 43-р тогтоолоор баталсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”-аар малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг.  Өөрөөр хэлбэл, Төв аймгийн нэг сумын малчин  Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ирж нутаглах бол Төв аймаг, сумын Мал эмнэлгийн нэгжээс мал сүргээ мал эмнэлгийн бүрэн үйлчилгээнд хамруулсан гэдэг бичиг авч, явах маршрутаа батлуулаад Цагаан-Овоо сумаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шилжилт хөдөлгөөн хийх ёстой. Гэтэл бодит байдал дээр малчид хамаатан садан, танил талаа бараадаад малаа туугаад  дур зоргоороо ороод ирдэг. Гэр бараагаа ачаалаад мал хуйгаа туугаад хэдэн зуун км замыг  туулаад ирсэн малчныг буцаад яв гэх хэцүү. 4 сар хүртэл нутаглаад  буцах албан мэдэгдэл өгдөг. Албан мэдэгдлийн хугацаанд нөгөө малчны хүүхдүүд нь сургуульд ордог, хэдүйн сумын харьяалалтай болж өвөлжөө хаваржааны газар эзэмшдэг. Үндсэндээ ингээд суурьшин төвхнөдөг.  Өнгөрсөн жил 25,0 мянга орчим тоо толгой мал манай аймагт өвөлжиж  буцсан.
-Отрын бүс нутгийг хэрхэн зохицуулдаг вэ?
•ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бүсийн захиргааны харьяа улсын тусгай хэрэгцээний 119.4 мянган га аймаг дундын отрын бүс нутаг Чойбалсан сум, Хөх нуурт бий.  Аймаг дундын отрын бүсийн захиргаанаас томилогдсон мэргэжилтэн хариуцан ажилладаг. Жил бүрийн намар Отрын бүс нутгийн захиргаа тухайн жилийн отрын бүс нутгийн бэлчээрийн даац, нөхцөл байдлыг хэлэлцэн малчдын хүсэлттэй танилцаж энэ жил хэний, хэдэн тоо толгой мал Отрын бүс нутагт нутаглахыг Орон тооны бус зөвлөлийн хурлаараа шийддэг. Өнгөрсөн жил отрын бүсэд мал оруулаагүй. Энэ онд “Орон тооны бус зөвлөл”-ийн хурлын шийдвэрээр 100588 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 204685 толгой малыг цаг хүндэрсэн үед өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн.
-Танай салбарт нэн тэрүүнд шийдвэрлэх ямар асуудал байна? 
-Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болох арьс шир, ноос, дайвар бүтээгдэхүүнийг  үнэ цэнэтэй болгох асуудал нэн чухал байна. Яг үнэндээ махнаас бусдыг бүрэн ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Энэ чиглэлийн үйлдвэрлэл нэн тэрүүнд хэрэгтэй. Хоёрт гэвэл, одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийнхээ технологийг сайжруулъя. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ үнэд хүргэе гэвэл мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахаас эхлээд хэн ч эргэлзэхгүй хүлээн зөвшөөрөх Олон улсын стандартад нийцсэн технологийг нэвтрүүлэх ёстой. Үйлдвэр үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд анхан шатандаа тавигдах шаардлагаа нэмэгдүүлье.  Газар тариалангийн салбарын хувьд 70 орчим мянган га талбайг эргэлтэнд ашиглаж, газар тариалан эрхлэдэг. Жил бүрийн намар аймгийнхаа гурилын үйлдвэрт жилд 12-15 мянган тонн будаа нийлүүлдэг. Үлдсэнийг нь Улаанбаатар хот руу тээвэрлэдэг. Мянгаад километр тээвэрлэж Улаанбаатарын зах зээлд нийлүүлэх, Улаанбаатарын үйлдвэрүүд Сэлэнгэ аймгаас буудайгаа авах хоёрын хооронд эдийн засгийн асар их зөрүү байна. Үүнд бүсчилсэн бодлого хэрэгтэй. Бүс байршлын хувьд дотоодын хэрэгцээг хангаад илүү гарсан үр тариаг экспортод гаргах боломж бий. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хадгалалтын асуудал хамгийн чухал. Сүүлийн жилд орон нутгийн төсөв болон, төсөл хөтөлбөрийн 458.3 сая төгрөгийн  санхүүжилтээр 6 суманд хуучин зоорийг сэргээн засварлаж, 2 суманд нийт 160 тоннын багтаамжтай шинээр зоорь барьж байгуулсан. Цаашид хүнсний ногоо хадгалах зоорийг нэмэгдүүлнэ.
-Аймаг орон нутаг өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох нь чухал асуудал? Энэ мөн л танай салбарт хамаарагдана?
-Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” гэдэг бодлого хамгийн зөв. Тухайлбал, Халхгол сум Зөгийн бал, Дашбалбар сум Зөөхий тос, Баяндун сум гэхэд өөрийн суманд үйлдвэрлэсэн гутал, ногоо, ааруул гэх мэт бие биетэйгээ давхардахгүй өөр өөрсдийн онцлогтой бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сумаараа нэг брэнд бий болгох. Тухайлбал, Өвөрмонголын Шинэбарга зүүн хошуунд үйлдвэрлэдэг еэвэнг Шинэ барга баруун хошуунд үйлдвэрлэдэггүй. Нутаг бүхэн өөр өөр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээгээрээ алдартай байдаг. Манай “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” бодлого угтаа яг л энэ юм. Хэн нэгний зах зээлийг булаахгүй, өөрийн нэрийн бүтээгдэхүүн нь хил хязгааргүй нийлүүлэгдэж хаана ч үнэ цэнээ алдахгүй байх.  
-ХХАА-н салбарт хамгийн чухал нь юу вэ?  
-Эрүүл байх, эрүүл хүнс үйлдвэрлэх. Хүнсний хангамжийн аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний зорилго нь эрүүл хөрс-эрүүл хүнс, эрүүл хүнс- эрүүл хүн гэдэг уриатай.  Хүнс хөдөө аж ахуйн салбар эрүүл байх нь өөрөө үндэсний аюлгүй байдалтай холбоотой. Бид яагаад “10000 хүлэмж” гэдэг зорилт тавив. Эрүүл хүнсний ногоо өөрсдөө тариалах нь ажил орлого, ашиг шим нэмэгдэх учраас. Бид яагаад мал эмнэлгийн хяналт бүхий хорио цээрийн бүс байгуулах гээд байгаа юм. Бидний нийлүүлэх бүтээгдэхүүн эрүүл гэдэг үзүүлэлт чанарын хамгийн дээд хэмжүүр болохоор. Бид яагаад малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй болохыг хүсээд байгаа юм. Эрүүл эко бүтээгдэхүүн эдэлж хэрэглэх нь өөрөө дэлхий нийтэд үнэ цэнэтэй болохоор. Энэ бүхэн бол өөрсдөдөө төдийгүй ирээдүйд хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Эрүүл аюулгүй байдлын стандарт бол эдийн засгийн том хөшүүрэг л гэж харж байна. 
-Баярлалаа, ажилд нь амжилт хүсье.
 

Б.Одмаа

  • Туяа
  • 264
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313