МИНИЙ АЖИЛЛАХ ХУГАЦААНД ҮҮССЭН АСУУДАЛ, ТИЙМЭЭС БИ ШИЙДЭХ ЁСТОЙ

2022 оны 11-р сарын 15 өдөр

Дорнод аймгийн Засаг дарга Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН:
Аймгийн Засаг даргатай хэсэгхэн ярилцлаа. Олон нийтэд одоо энэ хүнээс асуух зүйл их байж мэднэ. Магадгүй тэр хэмжээнд тань хүрч асуугаагүй бол хүлцэл өчье. Энэ хэн байв гэдэг ганцхан гаргалгаа хийхийг оролддог учраас ажлаа хийж байхдаа хэн нэгнийг шахаж, тулгаж  ярилцахыг  хүсдэггүй юм шүү. М.Бадамсүрэн гэдэг хүнтэй амь, алба гээд хамж шимэж ярилцсанаа сийрүүлэн хүргэж байна. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе, та хэд дэх жилдээ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа билээ?
-Баярлалаа. Танд ч мөн энэ өдрийн мэнд хүргэе. Аймгийн Засаг даргаар долоон жил, зургаан сар ажиллаж байна.
-Энэ зун таныг хүндэтгэх шалтгаантай хэсэг хугацаанд байхгүй байсан гэж сонслоо, ажлаасаа түр ч атугай хөндийрөхөд юу бодогдох юм? Ямар цаг хугацаа өнгөрөв?
-Аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа ээлжийн амралт авч үзээгүй байсан байна. Энэ жил яах ч аргагүй эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүсэлт өргөдөл гарган албан ёсоор ээлжийн амралт, эмчилгээний чөлөө авсан. Өвдсөн болоод ч тэр үү, маш их юм бодогддог юм билээ. Хүн эрүүл зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, сэтгэл амгалан байснаар урт удаан наслах учиртай юм байна.  Өнгөрсөн хугацаанд юу болов, цаашид юу хийх ёстой юм гээд маш их зүйл уншиж, бичиж тэмдэглэлээ. Цаашид хэрэгжүүлэх олон ажил төлөвлөлөө.
-Хааны алба халаатай эзний алба ээлжтэй. Аймгийн Засаг даргаар ажиллаад буухад Бадамсүрэн гэдэг хүнээс юу үлдэх вэ, энэ аймагт?
-Зарим хүн надад өөрийн нэрээр нэрлэгдсэн нэг томоохон цэцэрлэгт хүрээлэн ч юм уу байгуулаач гэж хэлдэг. Миний хувьд ирээдүй үедээ хөрөнгө оруулахыг илүүд үздэг. Би дунд сургуулийн 8-р ангиа Халхгол сум, Ялалт багийн сургууль төгссөн. 9-р ангидаа аймгийн төвд сургуульд ирж анх спорт зааланд тоглож үзэж байлаа. Аймгийн Засаг дарга болсныхоо дараа уул уурхай,  газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай гэрээ байгуулсан. Газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжээс Орон нутгийн хөгжлийн санд гэрээний дагуу төвлөрүүлсэн анхны 700 сая төгрөгөөр Ялалт багийн сургуулиа спорт заалтай болгосон. Спорт заалтай болсноор хүүхдүүдийн бие бялдар хөгжинө, авьяас чадвар нээгдэнэ. Хөдөө сум гэдгээрээ хөгжлөөс хоцорч хэрхэвч болохгүй. Хоёрт, байгалийн баялгаас төсөвт орж байгаа орлого нь сөрөг нөлөөлөлд өртөж буй бүс нутагт зарцуулагдах ёстой. Бид Газрын тосны компанитай гэрээ байгуулна аа гээд үзгээ бариад суугаагүй. Уул уурхайгаас Улсын төсөвт орсон нийт орлогын 30 хувийг нөлөөлөлд илүү өртөж байгаа орон нутагт нь хуваарилах учиртай гэсэн нэхэмжлэлийг Сангийн сайдад холбогдуулан гаргаж Шүүхэд хандсан. Ийм том толгойтой аймгийн Засаг дарга байх уу гээд чичлүүлж л явсан. Тиймээс эхлээд ирээдүйд, хүүхдэд гэдэг зарчим баримталдаг. Бид аймгийнхаа бүх сумын сургууль, цэцэрлэг, ЭМТ-ийг ариун цэврийн боловсон байгууламжтай болгосон. Бүх сумын ЭМТ лабораторитой болсон. Жил бүр арван сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмжийг сумдын Эрүүл мэндийн төвд хуваарилж байна. Цусны шинжилгээ, шээсний шинжилгээ өгөхийн тулд сумаас аймгийн төвд ирэх шаардлагагүй болсон. Баян-Уул сумын төвийг Улсын төсвийн, Халхгол сумын төвийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн болон Улсын төсвийн, Дашбалбар сумыг улсын төсвийн, Чулуухороот, Цагаан-Овоо сумын төвийг аймаг, сумаас концесийн гэрээгээр төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд  холболоо.  Ард иргэдийнхээ амьдралыг л ая тухтай болгох нь манай багийн үүрэг. Энэ мэт манай аймгийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас улсын хэмжээнд анхдагч болсон ажлууд олон бий. Аймгийнхаа ААН, байгууллагуудыг дэмжин ажиллаж олонхи нь чадавхижсан. Одоо тэд өрсөлдөх чадвартай болж улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Дорнодчууд бид хийж бүтээж байгаа нэгнээ үргэлж дэмжиж, хүн бүр эерэг бодол, зөв дадалд суралцвал илүү хурдан хөгжинө. 
-Аймгийн Засаг дарга байх  хэцүү юу?
-Аймгийн Засаг даргаар томилогдохдоо орон нутгаа хөгжүүлэхэд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олдлоо гэж баярлаж байсан. Хийж байгаа ажлаа хэцүү гэж боддоггүй байлаа. Харин энэ цаг үед хэцүү зүйл алга аа гэх юм бол түүн шиг худлаа үг байхгүй байх. Сүүлийн жилүүдэд үргэлжилсэн цар тахал, олон улсын хямралт байдлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хил гааль, тээвэр логистикийн саатал зэрэг нөхцөл байдлаас үүдээд ард иргэд бухимдалтай байна. Гэвч санаачилж хэрэгжүүлсэн ажил үр дүнгээ өгч, хүмүүст үнэлүүлэх нь аз жаргал байдаг. Ялангуяа хүүхэд багачуудын төлөө гаргасан шийдвэр бодит ажил болох нь хамгийн сайхан.  “Үхтэл үр харам” гэгчээр хүн гэдэг хойч үеийнхээ л төлөө амьдардаг шүү дээ. Ирээдүйгээ сайн бэлтгэж тэдний оюунд болон эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх нь бидний үүрэг. Баялгийг хүн бүтээнэ. Хүн нь хөгжихгүй бол мянган байгалийн баялаг байгаад нэмэргүй. Байгалийн баялаггүй ч хүн нь хөгжсөн улс орнууд шинжлэх ухаан, технологийн гайхамшгийг бий болгож байна. Тиймээс хүнээ хөгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго.  Аливаа зүйлийг хийхэд хүнд хэцүү байх эсэх нь хувь хүний сэтгэлийн тэнхээнээс л шалтгаалах болов уу.
-Та  бол уул уурхайн асуудалд хатуу байр суурьтай ханддаг хүн. Өнгөрсөн хугацааны үр дүнг товчхон дурдвал?
-Уул уурхай, газрын тосны үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй, баялгийг нь иргэд хүртдэг байх бодлогын арга хэмжээний саналаа дээд шатанд дэвшүүлсээр ирсэн. Өөрийн эрх хэмжээний хүрээнд чамлахааргүй арга хэмжээг авч ажилласан гэж бодож байна. Одоо жил бүр 4-5 тэрбум төгрөг уул уурхайн компаниудаас орон нутгийн хөгжлийн санд төвлөрч байна. Сүүлийн 4 жилд гэхэд 20 шахам тэрбум төгрөг төвлөрүүлж, үүгээр тодорхой хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ бол манай аймагт Засгийн газраас хуваарилдаггүй, татвараас ордоггүй, гагцхүү нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагуудын санаачилгаар уул уурхай, газрын тосны компаниудад хуулийн дагуу шаардлагаа тавьж төвлөрүүлдэг болсон хөрөнгө. Бидний 4 жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн зөвхөн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг энэ зарчмыг ирэх оноос эхлэн “Уул уурхайн хандив тусламжийг зөвхөн Орон нутгийн хөгжлийн санд оруулна” гээд Төсвийн тухай хуульд тусгагдахаар болж байна. Мөн бид уул уурхай, газрын тосны ААН-үүд дэх худалдан авах ажиллагааг нээлттэй болгосон. Нэлээн шахалт үзүүлнэ ш дээ. Үр дүнд нь Дорнод аймгийн олон иргэн, ААН байгууллага уул уурхай, газрын тосны төсөл хэрэгжүүлэгчид бараа, ажил, үйлчилгээ нийлүүлдэг болж байна. Байгаль орчны нөхөн сэргээлт, зам арчлалт, харуул хамгаалалт, хүнс, бараа материал нийлүүлэх, түрээсийн автомашин гэх мэт газрын тос болон уул уурхайн компаниудад дээрх туслан гүйцэтгэх ажлуудыг өөрсдийнх нь орны эсхүл Улаанбаатар хотын компаниуд түлхүү гүйцэтгэдэг байсан нь нууц биш шүү дээ. Одоо бол эдийн засгийн энэ урсгал орон нутаг руу эргэж байна. Дээр нь газрын тос, уул уурхайд ажилд ороход нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг болсон.
-Ажлын байраа нээлттэй зарладаггүй байсан юмуу?
-Үгүй ш дээ.  Намайг аймгийн Засаг дарга болсны дараахан Газрын тосны Петро Чайна дачин тамсаг компаниас 200 залууг Политехникийн коллежид сургая гэдэг хүсэлт тавьсныг тухайн үеийн Политехникийн коллежийн удирдлага надад танилцуулж байсан. Гэтэл Политехникийн коллежийг газрын тосны оператор мэргэжлээр төгссөн 200 залуу ажилд орж чадаагүй байв. Өөрөөр хэлбэл дээрх мэргэжлийн 200 хүний оронд мэргэжлийн бус хүмүүсийг янз бүрийн байдлаар ажилд авсан байх нь.  Миний хувьд 2000 онд ШУТИС-ийг Газрын тосны инженер мэргэжлээр төгссөн. Тухайн үед газрын тосны СОКО компанид ажилд орох гээд чадаагүй.  Үеийн хэд хэдэн залуу танил талаараа яриулж ажилд орсныг санадаг. Аймгийн Засаг дарга болсныхоо дараа иргэдэд ажилд орох боломжийг нь тэгш олгохыг зорилго болгосон. Одоо аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр газрын тос, уул уурхайн компаниудад шаардлагатай ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, залуусыг ажилд авч байна.  
-Энэ аймгийн хөгжлийг хэн тодорхойлох вэ?
-Манай аймаг хөгжих хамгийн их ирээдүйтэй аймаг. Нийгмийн шилжилтийн үед хямралд өртсөн хэдий ч сүүлийн жилүүдэд өөрөөрөө илт сэргэж байна. Орон нутгийг хөгжүүлэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрүүд, экспорт нэмэгдүүлэх, дэд бүтэц хамгийн чухал. Аймгийн нийт хүн амын тэн хагасаас илүү нь Чойбалсан хотод оршин суудгийг бид мэднэ. Манай Чойбалсан хотыг байгуулахдаа анхнаасаа Улаанбаатар хотын дараах 2 дахь аж үйлдвэрийн хот болгох зорилт тавьж хөгжүүлсэн. Зах зээлийн нийгэмд шилжих үед нөгөө олон үйлдвэрүүд хаалгаа барьснаар олон зуун хүн ажилгүй болсон. Ажилгүйдлийн төвшинг бууруулах нь толгойны өвчин болоод байна. Монгол Улсын хэмжээнд ажилгүйдлын төвшинг бууруулахаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрөл бүрийн зээл олгосон. Тодорхой үр дүнд хүрсэн. Гэхдээ санасан үр дүндээ хүрээгүй. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” гэж маш зөв бодлого дэвшүүллээ.  Боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт гээд яг манай аймгийн хөгжилд нэн хэрэгтэй бодлогууд. Станцыг өргөтгөж, Ульхан, Хавиргын боомтыг хатуу хучилттай замаар холбож, зүүн босоо тэнхлэгийн төмөр замаар холбоно. ХАА болон бусад үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлээч гэдэг саналыг бид Засгийн газарт хүргүүлж байгаа.
-Засаг даргын хувьд Засгийн газар, холбогдох Яамд, тамгын газарт санал санаачлага илгээлээ гэхэд хэр үр дүнтэй юм. Бусад аймгуудыг харж байхад УИХ-ын гишүүд нь амбицтай байх тусам илүү хөрөнгө оруулалтыг орон нутаг руугаа татах юм?
-Өмнө нь манай аймгаас сонгогдсон их хурлын нэг гишүүн “Улсын төсөв гэдэг том тогооноос халбагадах уу? шанагадах уу? гэдэг нь УИХ-ын гишүүний ажил” гэж ярьж байсан. Миний бодлоор энэ бол буруу ойлголт. Хүмүүст таалагдахын тулд ярих нь буруу. Улсын төсөв бол нийтийн эрх ашигт зориулагдах ёстой. Нийтийн эрх ашгийг эрэмбэлж, эдийн засгийн үр ашгийг тооцож хөрөнгө оруулах учиртай. Өнгөрсөн хугацаанд бид “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр” төсвийг жалгын нэг тараасан. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. УИХ-ын гишүүн ч бай, ИТХ-ын төлөөлөгч ч бай бүгд л миний сонгогдсон тойрог гэсээр  нийтийн эрх ашгийг орхигдуулдаг байсан. Булганы сайд уу, Боловсролын сайд уу гэж хүртэл яригдах жишээний. Өнгөрсөн жил Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ манай аймагт ажиллахдаа “Бид эхлээд боомтуудаа хатуу хучилттай замтай болгох байсан юм” гэж хэлж байсан.  Гэвч өмнө жилүүдэд эдийн засгийн үр дүнг тооцоололгүй, эрэмбэлж төлөвлөлгүйгээр Ховд зэрэг зарим аймгуудад сумын төвүүдээ эхлээд хатуу хучилттай замаар холбох гэх мэтээр Улсын төсвийг зарцуулсан.
-Та юунаас айдаг вэ?
-Би их сургуулиа төгсөж ирээд төрийн албаны шалгалтад ороод тэнцэж аймгийн МХГ-т Улсын байцаагчаар ажиллах болдог юм.  Гэвч хамт шалгалтад орсон хүн маань би энэ л ажилд ормоор байна гээд чин сэтгэлээсээ хүсээд байхаар нь арга буюу  атгалзсан. Миний ажил амьдралын зураг тийм байсан юм байлгүй дээ. Тэгсэн Нефть Хангамжийн газарт агуулахын харуул авна гэхээр нь орчихсон. Адуунчулууны уурхайн наана байдаг Нөөцийн агуулах, ШТС-д харуул, түгээгчээр ажилласан. Шүр зах дээрээс мотоцикль таксигаар ажилдаа 800 төгрөгөөр явна. Буу үүрээд шөнө харуулд гарна. Шатахуунаа түгээнэ. Дараа нь “Магнай трейд”-д мэргэжлээрээ 2 жил ажиллаад 2008 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдсон. Тэр үед Жанлав дарга аймгийн Намын хорооны дэд даргаар ажиллах саналыг надад тавьж улс төрд хөл тавьсан.  Эргээд харахад үеийн залуусын ихэнх нь хувийн бизнесээ амжилттай эрхэлж явна. Хааяа өөрийгөө энэ албандаа голохоороо би ч гэсэн үеийнхнийхээ адил бизнес эрхэлдэг байж дээ, өөртөө ахадсан ачаа үүрчихвүү дээ гэж нөхөддөө ярьдаг юм. Тэгэхээр зарим нь аймаг орноо удирдаж түмэн олны төлөө ажиллана гэдэг хүн болгонд олдохгүй хувь заяа гэж урам өгнө. Тийм болохоор иргэдийнхээ итгэлийг алдахаас л айна даа. Манай улс Ардчилсан орон. Иргэд нь төрд төлөөллөө сонгодог. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилдог. Чадна аа гэж томилогдчихоод  чадсангүй ээ гээд сууж байж болохгүй байх.
-Шуналтай юу та?
-Шуналгүй ээ.  Мэдэх нэг нь мэднэ дээ. Аав ээж минь насаараа л Халхгол сумандаа ажиллаж амьдарч байна. Бид эхээс дөрвүүлээ. Таван ханатай Монгол гэрт л төрж, өссөн. Аав, ээж маань биднийг хоолгүй хонуулж үзээгүй, нүцгэн гүйлгээгүй гарыг нь ганзаганд хөлийг дөрөөнд хүргэсэн. 1990 оны сүүлч, 2000 оны эхэн үеийн нийгмийн хүнд цагт эгч бид хоёр хоёулаа зэрэг оюутан боллоо. Их сургуулиа төгсөхдөө сургалтын төлбөрөө бүрэн төлж чадахгүй, аав минь хөдөөнөөс ирээд өөртөө байгаа хамгийн үнэтэй эдлэл болох хөөрөг, 800-ийн буу хоёроо зарж миний сургалтын төлбөрийг хийсэн. Эд хөрөнгөнөөс илүү эрдэм боловсрол үнэтэй юм байна гэдгийг би тэгэхэд ойлгож авсан. Аав минь тэр үед байгаль хамгаалагчаар ажилладаг байв. Аав залуудаа малын эмч, залуучуудын эвлэлийн ажил, Намын дээд сургуульд сурах гээд гэрийн бараа харах нь ховор. Гэхдээ бидэнд үйлдлээрээ амьдралыг ойлгуулдаг байж дээ. Хүүхдүүдээ дагуулж хөдөө явна, нутаг орныхоо үүх түүхтэй танилцуулна.  Ээж минь л биднийг өсгөж хүмүүжүүлэхэд гол үүрэгтэй байсан. Миний хувьд одоо амьдралд урьд урьдахаасаа илүү их шунаж байна. Тавдахь өдөр аймгийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулздаг. Олон иргэдтэй ярилцсан. Иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамгийн сайн мэдэх хүний нэг л гэж  өөрийгөө боддог.  Хүнд эрүүл саруул, урт удаан амьдрах шиг аз жаргал үгүй, Өөр зүйлд шунах хэрэггүй дээ.
-Аймгийн Засаг даргын хувьд та юунд гар татахгүй вэ?
-Боловсролд болон эрүүл мэндэд.
-Та тэгвэл жил бүрийн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн шалгалтын үеэр хамгийн их баярладаг байх. Манай аймаг 800 оноо авсан сурагчдаараа улсад дээгүүр жагсдаг?
-Тэр өдрүүдэд өөрөө шалгалт өгч байгаа юм шиг догдолдог. Манай аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээрээ 2015 оноос хойш улсдаа нэгээс хоёрдугаар байранд тогтмол эрэмбэлэгдэж байна. Өвөрхангай манайх хоёр л өрсөлддөг юм. Өнгөрсөн жил Дархан-Уул аймаг орж ирсэн. Аймгийн Засаг дарга бол аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга. Энэ бол миний хувьд хамгийн чухал үүрэг. Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн ч юм уу? ХГБЗХГ-ын дарга ч юм уу байж болно ш дээ. Тэгтэл Засаг дарга байдаг нь учиртай. Тиймээс хүүхдэд үргэлж “За” гэж хэлэх ёстой. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажиллагсдаа болон үргэлж хичээн суралцдаг хүүхдүүддээ талархал илэрхийлье. Боловсрол, эрүүл мэнд хамгийн чухал. Эрүүл биед саруул ухаан гэдэг. Хүн эрүүл байж хөдөлмөр эрхэлнэ. Хөдөлмөр эрхэлж байж сайхан амьдарна. Хүн амын дундаж наслалт, боловсролд хамрагдалт, хөдөлмөр эрхлэлтийн төвшингөөр хүний хөгжлийг тодорхойлдог. 2016 онд манай боловсролын салбарынхан Япон улсад туршлага судлахаар яваад ирэхдээ Японд хүүхдийн цэцэрлэгүүд нь татан буугдаж, ахмадын асрамж байгуулж байна гэсэн. Тэнд төрөлт бага, насжилт өндөр болжээ. Өндөр настнуудыг асардаг ажлын байр ихэссэн гэнэ. Тэгэхэд Монголын хүн ам өсөж, төрөлт нэмэгдэж байгаа юм чинь ирээдүй маань гэрэл гэгээтэй байна шүү дээ гэж бодогдсон. Манайд цэцэрлэг, сургууль хамгийн их хэрэгтэй байхад дэлхийн өндөр хөгжилтэй оронд асрамжийн газар шаардлагатай болж байна. Үнэт зүйл гэдэг харилцан адилгүй гэж энэ. Одоо хүүхдүүдийнхээ боловсролыг олон улсын түвшинд хүргэхийн тулд аймгийнхаа бүх сурагчдыг гадаад хэлний мэдлэгтэй болгох боломжийг тэгш бүрдүүлэхийг зорино. Хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлэхэд нь, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь зориулж бүжиг, зураг, спортын дугуйлангуудыг бүх талаар дэмжинэ. 
-Төсөв хүндэрнэ гэх юм?
-Улсын төсөв өнгөрсөн оныхоос нэмэгдэж 18 их наяд төгрөгт хүрсэн. Гэхдээ ирэх онд Улсын төсөвт шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Нэгдүгээрт, манай улсын гол экспортын бараа болох нүүрс, алт, зэсний гадаад зах зээл дээрх үнэ өссөн. Орлого нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талдаа төгрөгийн ханш унасан. Өмнөх жилүүдэд улсын төсвөөс орон нутгуудад нэлээд хөрөнгө оруулалт хуваарилагддаг байсан. Энэ дүн тэг болно гэсэн үг. Тэгэхээр ачаалал аймаг, сумдын төсөв дээр ирнэ. Хоёрдугаарт, манай аймгийн энэ оны орлого давахгүй, дутах нөхцөл үүссэн. Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсноор ААНОАТ-ын 40 хувь нь тухайн орон нутагт ордог. Манай аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон уул уурхайн нэг болох Степголд компани Татварын ерөнхий газарт энэ онд ААНОАТ-т мөнгө төлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Цар тахлын болон олон улсын хямралт нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа нь доголдсоноос гэж тайлбарладаг. Тус компанийн улсад төлөхөөр тооцсон 20,0 тэрбум төгрөгийн 40 хувь буюу 8,0 тэрбум төгрөг аймгийн төсөвт орох байсан. Ийм ийм нөхцөл байдлаас аймгийн төсвийн орлогод хүндрэх эрсдэл бодитоор үүслээ.
-Дээрхийг уншсан иргэн төсвийн хүндрэл миний амьдралд яаж нөлөөлөх бол л гэж бодно?
-Урд хөрш Тэг Ковид бодлого барьж, хатуу дэглэм тогтоосон. Хойд хөршид дайны байдал намжаагүй байгаа нь манай улсад төдийгүй олон улсын эдийн засагт  нөлөөлж байна. Зөвхөн Монголд биш олон оронд инфляци үүссэн байна. Төсвийн хүндрэлийг иргэний амьдралд нөлөөлөхгүй байлгах чиглэлээр бид анхаарах ёстой. Тухайлбал Арван мянган хүлэмж төсөл. Энэ онд бид 300 гаруй өрх, ААН-д хүнсний ногооны хүлэмж олгосон. Ирэх онд энэ төслийг үргэлжлүүлнэ. Аймаг орон нутгаас ХАС банкинд байгаа зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж, зөвхөн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн сан болгохоор зорьж байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас үйлдвэрлэлийн зээлийн санг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн. Хүлэмжийн карказ үйлдвэрлэх, угсрах, сүү боловсруулах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, боловсруулах, сав баглаа боодлын, хог хаягдал дахин боловсруулах, айл өрх, амралтын газрын ариун цэврийн байгууламж үйлдвэрлэх, угсрах, суурилуулах зэрэг үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл импортыг орлох бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэхийг зорино. 
-Аймгийн Засаг даргын ар талын баг хэр хүчирхэг вэ?
-Боломжтой нь хөдөө орон нутагт биш нийслэл хотод гадаадад ажиллаж амьдрах болсон нь үнэн. Тухайлбал, 10-р ангиа  бид 35-уулаа төгссөн. Аймагтаа 5,6 нь л ажиллаж амьдарч байна. Манай улс ардчилсан, чөлөөт сонгуультай орон. Иргэд сонгогчдын олонхийн саналаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бүрэлддэг. Төрийн захиргааны  албаны хувьд сонгон шалгаруулалтын зарчмаар томилогдож байна. Төрийн албан хаагчийн ачаалал их байна гээд орон тоог нэмж ирсэн. Гэтэл орон тоо ихсэх тусам төр данхайдаг. Данхайсан төрийн үйлчилгээ иргэдэд хүндрэл учруулдаг. Тэгэхээр өндөр ур чадвартай, хөрвөх авьяастай цөөн төрийн албан хаагчтай байж,  өндөр цалинтай байх нь зөв. Одоо манай хөдөөгийн ихэнх сумд төрийн албан хаагчийн дутагдалд орсон. Залуус 400-500 мянган төгрөгийн цалинтай, орчин нөхцөл нь тааруу газарт ажиллахыг хүсэхгүй байна. Тиймээс цалин орлого нь боломжийн уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалттай компани, Улаанбаатар хотод, бүр гадаад орнуудад ажиллахыг илүүд үзэх боллоо. Төрд шилдгүүд нь биш сэтгэлтэй нь үлдэж. 
-Та хүнд хэр бэлэг өгдөг вэ? Өөрөө бэлгэнд юу авах дуртай вэ?
- Миний эмээ хүний алгыг дээш нь харуулах дуртай хүн байсан. 100 наслаад тэнгэрт дэвшсэн дээ. Нас өндөр болоод нүд нь юм харахаа больсон ч хадгалсан мөнгөнөөсөө имэрч байгаад л чихэр боовтой хамт өгнө. Миний хувьд хүүхэд баярлуулах хамгийн сайхан байдаг. Хэрэв өөрөө бэлэг авахаар бол энэ цаг үед сэтгэлийн их дэм авмаар байна.
-Аймгийн Засаг даргаар ажилласан хугацаанд ажилдаа ирэхэд хамгийн сайхан өдөр хэзээ байв?
-2018 онд манай аймаг 2017 оныхоо ажлын үзүүлэлтээр Тэргүүний аймгаар шалгарсан. “Монгол улсын Шилдэг аймаг” гэдэг батламж гардаж аваад ажилдаа ирээд хамт олондоо “Баярлалаа” гэж хэлсэн. Мөр зэрэгцэн нутаг орныхоо төлөө зүтгэж яваа нөхдөө хараад нүдэнд баярласан сэтгэлийн нулимс дүүрээд ирсэн. Сүүлийн 20 жил манай аймаг ийм шагнал гардаж байгаагүй. Тэр өдөр баяр хөөрөөр дүүрэн байсан.
-“Дорнод”сонины уншигчидтай уулзана гэхэд хэлэхийг хүсэж байсан зүйл бий юу?
-Чойбалсан хотын зэвтэй ус, авто замын эвдрэлийн асуудалд иргэд ихээхэн бухимдсан. Бид аймгийн төсвийн нөөц боломжийг дайчлан шугам сүлжээгээ шинэчилж байгаа. Авто замууддаа ус зайлуулах суваг байгуулж, засварлаж байна. Энэ ажлууд цаашид ч хийгдэнэ. Иргэдээсээ уучлалт хүсэж байна. Бид Чойбалсан хотынхоо усан хангамжийн шугам сүлжээг шинэчлүүлэхээр удаа дараа холбогдох яам, Улсын төсөвт хандаж байсан ч шийдвэрлэгдээгүй. Олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нь үнэн. Хот хооронд зорчих “тамын” гэгдэх 50 км, Булган сумын нутаг дахь 27 км замын асуудлаар хариуцсан Зам тээврийн яаманд жил бүр хандаад шийдэгдэхгүй болохоор Авилгатай тэмцэх газар, МХЕГ-т хүртэл хандсан.  Асуудал шийдвэрлэгдэнэ гэдэгт найдаж байгаа. Гэхдээ үүссэн асуудлыг хэн нэгэнд тохож, нялзаахыг хүсэхгүй байна. Энэ миний ажлаа хийж байх хугацаанд үүссэн асуудал учраас би шийдэх ёстой. Ажлаас ухрахгүй, асуудлаас зугтахгүйгээр шийдвэрлэхийн төлөө л зүтгэнэ.
-Баярлалаа. Танд ажлын өндөр амжилтыг хүсье.

Б.ОДМАА
 

  • Туяа
  • 254
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 2 )

Уншигч [127.255.255.255] 2022-11-16 16:48:02

Орон нутгийн зарим дарга нарыг тэдний хэвлэл мэдээллийн багтай нь хамт солих нийгмийн шаардлага үнэхээр байгаа юм байна.

Уншигч [127.255.255.255] 2022-11-15 23:12:01

Энэ одоо аймгийн Засаг даргатай хийсэн ярилцлага юмуу аль эсвэл гандангийн ламтай хийсэн ярилцлага юм уу.

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313