ЦЭЦЭГТ УЛЗЫН ЦЭНХЭР ДЭНЖ ДЭЭР

2022 оны 10-р сарын 19 өдөр

“УЛЗЫН УЯНГА” ЯРУУ НАЙРГИЙН НААДМААС...

Н.Мөнхсайхан 

Улз голын Буриад хошууг тэртээ 1922 онд байгуулснаар эдүгээ 100 жилтэйгээ золгожээ. Эртнээс Буриад зон эвсэг ажилсаг, сэхээнлэг, сортоотой амь зууж ирсэн түмэн билээ. Эзэн богдын умдаалж асан Онон мөрөн, Хавтгай цагаан Улзынхаа хаяа хөвөөгөөр зон олон Буриадууд зовлон жаргалаа үүрч дүүрэн нэгэн зууныг элээжээ. Хавчлага, хардалт, хэлмэгдлийн шуурган дундуур туучин өнгөрч тусгаар Монгол улсынхаа туг сүлдэнд үнэнч үлдэж чадсан эгэл энэхэн түмнийг хүндлэхгүй болбоос өвгөдийн сүнс хилэгнэх биз. 
     Улз голын Буриад хошуу бол дийлэнх нь Дорнод аймгийн харьяаных юм.  Монгол улсыг НҮБ-д элсүүлэх түүхэн гавъяаг бүтээсэн Дондогийн Цэвэгмидээс эхлэн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Буриад охид хөвгүүдийг бичвээс сонины хуудсанд багтахгүй билээ.  Баян-Уулчууд хошууныхаа 100 жилийг найр цэнгэлээр тэмдэглэсэнгүй. Угийн оюунлаг тэд эх хэл, бичиг соёлоо дээдэлсэн үйлээр эхэлжээ. Улз голын Буриад хошуу байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж дөрвөн төрлийн уралдаан тэмцээнийг гурван үеийнхнийг хамруулан зохион байгуулав. Үүнд: "Улзын уянга" яруу найраг, дууны наадам, "Унаган нутаг -Улз гол" эсээ бичлэг, "Улз нутгийн үзэмж" гар зургийн уралдааныг санаачлан зохион байгуулжээ. Энэхүү ажлыг сумынхаа сургуулийн захирлаар 27 жил ажилласан Д.Энхбарс хэмээх эрхэм санаачлан нутгийн зон олныхоо хандив, дэмжлэгээр ард нь гарав.  Ирсэн гийчид хэзээнээсээ л очсон газрынхаа хөгжил дэвшил, ахуй байдлыг ажиж явдаг хойно би ч бас л нүд хурц явав. Биднийг очсоны маргааш өглөө  Баян-Уул сумын ЕБС -ийг танилцууллаа. Мянга шахам суралцагчидтай томоохон сургуулийн цэлгэр танхимаар орохуйд номын сан нь хараа булаана. Сумдад ховор материаллаг  бааз сайтай номын сан байсанд ихэд олзуурхав. Баян-Уул сум маш олон алдар цуутнуудын өлгий. Гэвч тэд оюун санаа хийгээд язгуур хэл соёлоо дээдэлдэг түмэн гэдгээ харуулж сургуулийнхаа номын санг Буриад найрагч Ц.Бадамдоржийнхоо нэрэмжит болгожээ.
 Ийгээд л бодоходо Улзамни
Ижы л абымни нютаг даа
Тийгээдлэ ханахада Улзамни
Тэнхэ нэмhэн рашаандаа… хэмээх шүлгэн хөшөөг сургуулийнхаа урд босгожээ. Номын санг нь 2019 онд Ц.Бадамдорж агсны гэр бүлийнхэн 100 гаруй сая төгрөгөөр тохижуулж өгсөн өглөгийн эзэд юм байна. Хувиасаа суманд тийм хөрөнгө оруулалт хийсэн хүнийг би л лав сонсоогүй. Хөшөө суварга л барилаа гэхээс биш номын сан бүтээснийг дуулаагүй ээ. Сургууль нь өнгө зүс сайхан, өнөр өтгөн, эрдмийн саруул өргөө юм.  Тэндээсээ Соёлын төвийг нь зорилоо. Орчин үеийн мини театр мэт сайхан танхимтай,  хоёр давхар шинэхэн сайхан барилга байна. Аймгийн театрын дайтай л харагдана. Соёлын төв нь дотроо ахиад номын сантай. Эрхлэгч нь П.Оюунцэцэг гэх шавилхан бүсгүй байх. Соёлын төвдөө сургуулийнхаа нэрэмжит музей байгуулсан нь соньхон.  Урлагийн танхим нь 300 шахам хүний багтаамжтай юм билээ.  Энэ өглөө Монгол орон даяар "Мод тарих өдөр" тохиосон учир бид сумын төвийн урдхан хэсгийн цулгай дэвсэгт нарсны суулгацыг сумын иргэдтэй хамт суулгалцав. Үдийн дараа яруу найргийн наадам, дууны тэмцээн үргэлжилж, дараа нь Ульхан тийш явна гэсэн хөтөлбөрийн дагуу 14 цагт "Улзын уянга" яруу найраг, дууны наадам эхэллээ. 

Сэцэнханы найрагчид цэцэгт Улзынхаа хөвөөнд цэнгэн жаргав


      Улз голын буриад хошуу байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан   "Улзын уянга" Зүүн бүсийн наадам утга төгс сайхан эхэллээ. Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар аймгийн 30 гаруй найрагч шүлгэн хүлгээ сойхоор иржээ.  Наадам эхлэхэд танхим дүүрч утга уянгын цэнгэл эдлэхээр сумын зон олон булт олноор энд цуглажээ. Наадмыг санаачлагч Д.Энхбарс хэлэхдээ "Монголчууд бид хэл соёлоо эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Аливаа урлагийн тэргүүн сэнтийд шүлэг  яруу найраг байдаг. Учир нь ямар нэгэн урлагийн бүтээлийг хүн зохиодог. Дуу, хөгжмийн эхний зохиогч нь яруу найрагч  юм аа" хэмээн ач холбогдлыг нь тодотгож өгсөн юм. Наадмыг хөтлөхөөр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭ-ийн гишүүн, яруу  найрагч Б.Мөнгөнтуул нар иржээ. Яруу найргийн наадамд Зүүн бүсийн өнгө болсон энэ цагийн найрагчид цугласан гэж хэлж болно. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын дэд шагналт Б.Энхжаргал, Алтанзагасын Түмэнбаяр, Б.Баавай нар Хан Хэнтийгээ төлөөлсөн бол Хэнтий нутгийн найрагч, нэрт сэтгүүлч Ганболдын Сонинбаяр шүүгчээр морилов. Түүнтэй хамт МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Түвшиндэмбэрэл, Болор цомын эзэн яруу найрагч Д.Болдхуяг нар ирж тухлав. Сүхбаатар аймгаас МЗЭ ийн шагналт яруу найрагч, "Олонтой явсан аав", "Мандах наран зүгт нутаг минь байдаг" зэрэг олон сайхан дуугаараа ард олонд танигдсан Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн С.Амартайван,  Дандарбаатар, Ц.Оюундэлгэр нарын МЗЭ ийн шагналт найрагчид морилсон байлаа. 
      Дорнод аймгаас МЗЭ-ийн гишүүн П.Гэрэлхүү, Н.Мөнхсайхан, М.Орхонтуяа, Дорнод аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн Ө.Улаанхүүхэн, Э.Цэцэгдарь, Т.Нармандах, Н.Төмөрбаатар нарын яруу найрагчид зорьж ирэв. Яруу найргийн наадмын эхний даваа чөлөөт сэдвээр эхэлсэн бол хоёрын даваа Буриад, Улз гол гэсэн сэдэвтэй байлаа. Ийнхүү хоёрын даваанд 10 найрагч үлдэж сэдвийн дагуу шүлгээ уншиж таван яруу найрагч туналаа. Үлдсэн таван найрагч гурван минутад багтаан “Баян-Уул” гэдэг үгийн үсгийг дээрээс доош цувуулан босоо байдлаар шүлэг бичих даалгавар өгч тэрхүү богино хугацаанд найрагчид маань үзэгчдийг огшоож, гайхшруулсан шүлэг бичиж өрсөлдөв. Чингээд наадмын дүн гарахад МЗЭ-ийн гишүүн, Дорнод аймгийн салбарын тэргүүн, МЗЭ- ийн гишүүн яруу найрагч П.Гэрэлхүү "Улз" шүлгээрээ тэргүүлж Баян-Уул сумын иргэн аймгийн Алдарт уяач Д.Баяржаргалын сүргээс хурдан удмын даага, 800 мянган төгрөгийн шагнал хүртлээ. Дэд байранд Сүхбаатар аймгийн залуу яруу найрагч Б.Анхбаяр, гутгаар байранд МЗЭ-ийн гишүүн  Сэр-Одын шагналт яруу найрагч Н.Мөнхсайхан, Хэнтий аймгаас оролцсон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал, Дорнод аймгийн найрагч Ө.Улаанхүүхэн нар шүлгэн хүлгээрээ айргийн тавд давхив.  Наадмын нэг номинаци болох "Буриад шүлэг" төрөлд МЗЭ-ийн гишүүн, эдүгээ 83 насыг зооглож буй буурал найрагч Ц.Дугар баавай шалгарч 800 мянган төгрөгөөр шагнуулсан нь энэхүү наадмын нэгэн бахархал, тод өнгө байлаа. Зохион байгуулагчид наадамд  оролцсон бүх найрагчдад 100 мянган төгрөгийн бэлэг өгч сэтгэл тэнэгэр, онгод дүүрэн наадам болж өндөрлөлөө.


 Хөвч их тайгаа хөг эгшгээр хөглөлөө


      Энэхүү тайзан дээр "Улз" нутгийн тухай дууны уралдаан давхар болж Буриад зоны авъяаслаг уран бүтээлчдээс олон сайхан шинэ дуу төрөн гарсныг энд тэмдэглүүштэй. Энэ төрлийн тэргүүн байрыг С. Ламжавын үг, С. Пүрэвсүрэнгийн ая "Улзын гол" хэмээх сайхан  дуу эзэллээ.  
Дэд байранд Б.Баяртогтохын шүлэг Б.Эрдэнэбаатарын аялгуу "Улзын цэнхэр аялгуу",  гутгаарт Баян-Уулын шүлэгч Чинмөнхийн Баярмөнхийн үг, Б. Хас-Эрдэнийн ая "Түүхэн гол" дуу орж Буриад түмний дууны сан хөмрөгт олон сайхан шинэ дуу нэмэгдэв. "Улз нутгийн үзэмж" гар зургийн уралдаанд нас насны ангиллаар 70 гаруй бүтээл иржээ. Буриад түмэн бол нэрт зураачдын өлгий. Алдарт "Азарганы ноцолдоон" зургаар нь монгол түмэн андахгүй О.Цэвэгжавын залгамж халаа өнөө ч Буриадын хойч үед олноор буй нь анзаарагдсан. "Унаган нутаг,Улз гол" эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг   Баян-Уул сумын харьяат зохиолч Б. Ренчин, дэд байрыг Баян-Уул сумын Соёлын төвийн номын санч Ц.Анужин, 3-р байрыг Дашбалбар сумын харьяат Ө.Ундармаа нарын бичлэг насанд хүрэгчдийн төрөлд тэргүүлж мөнгөн шагнал, өргөмжлөлийн хамт гардав.  Наадмын төгсгөлд Соёлын төвд ирсэн нийт үзэгчдийн дунд сугалаа явуулж 100 мянган төгрөг таван азтанд, халзан цагаан хонь, хурдан удмын дааганы азтанг тодруулж зон олноо баясган хөгжөөгөөд авсан. Найраг шүлэг, дуу хууртай нэгэн үдэш ийн өнгөрч зочид гийчдээ "Ульхан"амралтын газарт амраахаар нэгдсэн журмаар хөдлөв. Энэхүү амралтын газрыг Дорнод нутгийн бизнесмэнүүд бүтээн босгож хэний ч өмнө нүүр улайхааргүй өнгө үзэмжтэй тохижуулжээ.  Үдшийн хүлээн авалтыг Буриад найрагч Ц.Бадамдоржийн охин Б.Энхцэцэг зохион байгуулж ирсэн гийчдээ дайлж цайлав. Ийнхүү цэцэгт Улзын цэнхэр дэнж дээр Сэцэнханы шүлэгчид хөвч их тайгынхаа хөг эгшгээр хөглөгдсөн нэгэн уулзалт дулаан сэтгэл, дурсамж дүүрэн өндөрлөлөө. 
Газрын холыг үл чилэн ирсэн МЗЭ-ийн болон "Алтан өд"-ийн эзэн Магван-Эрдэнийн Саруулдалай, МЗЭ ийн шагналт Ц.Жамбалгарав, "Болор цом"-ын эзэн Д.Болдхуяг, МЗЭ-ийн шагналт Яруу найрагч Д.Ган-Очир, Б.Мөнгөнтуул  нартаа Дорнодчууд, Баян-Уулчууд талархаж буйгаа хэлве. Энэхүү Зүүн бүсийн наадмын Ерөнхий зохион байгуулагч Баян-Уул сумын ЕБС-ийн захирал Д.Энхбарс, "Түмэн төмөрт" компанийн захирал, Буриад түмний хайртай найрагч Ц.Бадамдоржийн охин Б.Энхцэцэг болон сэтгэл зүрхээ зориулан ажилласан Баян-Уул сумын ард олон, Буриад зондоо баярлаж талархаж байгаагаа дамжуулан дуулгахад таатай байна. 

"Улзын уянга" наадмын тэргүүн шүлэг 
"УЛЗ ГОЛ"
Үүлэн дальтай шувуу мөнгөн зоргодос цацлаад 
Үлгэр домгийн хэлээр салхин хээ урлана 
Өндөр Хэнтийн нуруунаас өргөн Улз цалгиад 
Өнө эртний түүхийг газрын холд хүүрнэнэ 
Ой шугуйн аниргүйг гөрөөсний нүднээс олж 
Од мичидийн гунигаар өвсний толгой илбэнэ 
Зээрэн толгодыг хэцлэн Талын нарыг тосоод 
Зэрэглээ уусах Тарь нуурт амар амгаланг олно 
Чагнаваас....... 
Уйлж суугаа хэн нэгнийг 
Дуулж байгаа хүн бүрийг 
Сарны санаа алдалтыг 
Салхины үл мэдэг мэгшилтийг 
Чонын улиан, туулайн дэгдэлтийг 
Цочсон янзага, тогоруун дэвэлтийг 
Хадуур тармуур, адуу янцгаахыг 
Халх Буриад түмний эвийн дууллыг 
Аялгуулан урсаж байна Улз гол 
Аминчлан тэвэрч байна Улз гол 
Мэдэрвээс.........
Шаавай хөвүүн дэрлэж хоносон бухал өвсний үнэр 
Сайхан Дангина дүрээ тольдсон нууцлаг ариун төрх 
Зон олны найрсаг зочломтгой ааль 
Зол жаргалтай инээмсэглэл дүүрэн мөч 
Хурга, ишиг, унага тугалын дуу 
Хувинд цалгих рашаан усны чимээ 
Хун хатан Ижийн өр зөөлөн сэтгэл 
Хилээ манасан харуул Улзын голд байна 
Үзвээс...........
Улз 
Тагнайд амтагдсан амь юм 
Магнайд адислагдсан түүх юм 
Итгэл хөгөлсөн гол юм 
Сэтгэл нөмөрсөн хайр юм 
Үүлэн дальтай шувуу мөнгөн зоргодос цацлаад 
Үлгэр домгийн хэлээр салхин хээ урлана 
Өндөр Хэнтийн нуруунаас өргөн Улз цалгиад 
Өнө эртний түүхийг газрын холд хүүрнэнэ 

МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Пүрэвийн ГЭРЭЛХҮҮ
 

  • Туяа
  • 640
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

Зочин [127.255.255.255] 2022-10-20 06:50:26

2-р байранд орсон дууны шүлгийн зохиогч Б.Батзориг шүү

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313