БИД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ҮҮЛДРИЙГ НУТАГШУУЛЖ БАЙНА

2022 оны 10-р сарын 19 өдөр

“Монгол Ангус үржүүлэг” ХХК-ийн захирал Б.БАТХҮҮ:

- Сайн байна уу? Баяндун сумын, Ангус үхэртэй Батхүү гэж олонтоо сонсож байсан. Ярилцах завшаан олдсонд баяртай байна. Өөрийгөө танилцуулна уу? Яагаад энэ ажил руу орох болов? 
-Би зоо инженер мэргэжилтэй.  Миний нагац ах Базарсад гэж Баяндун сумын багийн дарга, малын их эмч хүн байсан. Нагац ах маань малаа бусдаас өөрөөр арчилж малладаг, мал нь  ойр хавийн айлуудаасаа таваарлаг, чанартайгаараа ялгардаг байв. Сад нагацын мал яагаад том тарган, манай мал жижиг давжаа байдаг юм бол гэж бага байхаасаа л боддог байсан. Хожим нь махны бизнес эрхэлж байхдаа ер нь нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх ёстой юм байна. Нэг малыг яавал үнэтэй болгох вэ? гэдэг талаар бодож үхрийн аж ахуй эрхлэхээр шийдсэн. Үхрийн мах зах зээлд хамгийн үнэтэй.  Тиймээс үхрийн үүлдэр угсааг сайжруулж нэг малаас авах махан ашиг шимийг сайжруулах ажилруу орсон.  2006 оноос малын үүлдэр угсаа сайжруулах ажлыг хийж байна. Анх өөрийнхөө 13 үнээн дээр үржлийн ажлыг туршиж эхэлсэн. Өөрийнх нь төлөөр үржүүлж сайжруулснаар 16 жилийн хугацаанд сүргийн эргэлтээ 300-д хүргэлээ.  Жилд 120-130 тугал өсгөн бойжуулдаг цомхон суурин аж ахуй эрхэлж байна даа.  
Анхны сайжруулагчаа хаанаас авав? 
-Анх нутгийн  шилмэл үхрээр сайжруулалт хийсэн. Үүний дараа “Дэлхийн зөн Монголд” төсөл манай суманд хэрэгжихэд нь зохиомол хээлтүүлгээр Францын мах сүүний хосломол ашиг шимт Абонданс гэдэг үүлдрийн гүн хөлдөөсөн үр ашигласан. Түүнээс гарсан төлөө бух болгож  сайжруулалт хийж,  2013 оноос Ангус, Лимузин үүлдрээр эрлийзжүүлгийн ажлыг хийж байна. Одоо Ангусын “F2, F3” буюу 2-3-р үе рүү орж цөм сүргээ бүрдүүллээ. Цаашид сайжруулах селекц хийгдэхгүй, зөвхөн өөр хооронд нь шилж сонгон их сүрэг бэлтгэнэ.

-Яагаад Ангус үүлдрийг сонгов? 
-Дэлхий дээр батлагдсан 990 үүлдрийн үхэр бий гэж үздэг. Энэ үүлдрүүдээс хамгийн олон оронд түгээгдэж нутагшуулсан нь махны чиглэлийн Абердын Ангус гэдэг үхэр. Ангус гэдэг үхрийн өөрийнх нь биологийн, генийн онцлог нь  маш түргэн өсөлттэй, төрөх үеийн жин бага, махны гарц өндөр, гулуузанд эзлэх ясны хувь 15-17 хувь, махны гарц нь бэлчээрийн үхрийн амьдын жингийн 65%, эрчимжсэн аж ахуйд 72 хувь хүртэл байдаг.  Ангус үхэр бэлчээрийн маллагаанд зохицсон, хээл тогтолт өндөр, өвчлөл багатай, төрөлхийн мухар учир эвэр рүү очих кальцийн дутагдлаас болоод үүсэх өвчний үүсвэргүй гэсэн үг. Сүрэглэхдээ маш эвтэй, бие биенээ гэмтээх зүйлгүй. Тэсвэр хатуужил, дасан зохицох чадвар сайтай. Төрөхийн хүндрэл бага, төлөрхөг чанар сайн. Энэ бүхнийг харахаар Ангусыг нутагшуулах ёстой гэж бодогддог.  Гол нь эрс тэс уур амьсгалтай янз бүрийн оронд нутагшсан. АНУ-д гэхэд Ангус үүлдрийн үхэр үржүүлгийн муж байх жишээтэй.  Орос, Казакстан, Өвөрмонгол, Хятад гээд байгаль цаг уурын ямар ч нөхцөлд нутагшуулж болдог. Манай орны уур амьсгалын нөхцөлд ч нутагшуулах боломжтой нь манай судалгаагаар батлагдсан.  2003 онд  ХААИС-ийн Доктор Балдан багш Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хөлдөөсөн үрээр нутгийн монгол үхэр сайжруулагчаар ашигласан нь амжилттай болсон юм билээ. Дараа нь Гацуурт компани  Ангус үхрийг олноор нь экспортолж оруулж ирсэн гэдэг. Одоо тус компани Ангус үхрийн цөм сүрэгтэй.  Манай орон даяар таваарын эрлийзжүүлэлт хийж байгаа газрууд олон ч Ангусын цэвэр үржүүлэг хийж байгаа газар байхгүй.  
-Гол нь монголд нутагшуулах боломжтой гэдэг нь бидэнд байгаа хамгийн том өгөгдөл, тийм үү? 
-Тэгэлгүй яахав. Ялангуяа манай аймаг өвс, ус бэлчээр сайтай. Ийм сайхан байгалиас заяасан өгөгдлийг бид ашиглах ёстой.  Ангусыг сайжруулж нутгийн брэнд үхэртэй болох нь миний хувийн том зорилго. Одоогоор хувийн аж ахуйн  хэмжээнд үйл ажиллагаа явуулж, шинжлэх ухааны судалгаа, туршилтуудаар  жил бүр баталгаажуулж байна.  16 жил  үржил селекцийн ажил хийж алдаж оносон хүний хувьд  орон нутаг энэ салбарт анхаарч төр, хувийн хэвшил хамтран бодлого боловсруулж ажиллавал  арав гаруй жилийн дараа гэхэд Дорнод аймаг өөрөө махны хэвшлийн шинэ үүлдрийн үхэртэй болох боломжтой. Манайх  100 хувь бэлчээрийн Монгол Ангус үхэр үржүүлж байна. Олон малчин тооноос чанарт анхаарч  аймаг өөрийн нэрийн махны чиглэлийн үхэртэй болбол урд хойд хөрштэйгээ хил залгаа оршдгийн хувьд өөрийн брэнд үхрийн махыг  экспортлох боломжтой болно. Заавал Ангус үүлдэр биш байж болно ш дээ. Хамгийн чухал нь махны хэвшлийн үхрээр сайжруулалт хийснээр малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж, нэгжээс авах ашиг орлого нэмэгдэх нь чухал. Хагас эрчимжсэн аж ахуй манай Монгол орны нөхцөлд хамгийн тохиромжтой. Нядлагааны  өмнөх 30-90 хоногийн хугацаанд өөрөөр хэлбэл 1-3 сарын хугацаанд тарга хүчний байдлаас нь хамаарч нэмэгдэл тэжээл өгч бордохыг л хагас эрчимжсэн аж ахуй гэж нэрлэж байна. Энэ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх систем юм.  Өвөрмонгол хагас эрчимжсэн аж ахуйтай улс. Бэлчээрийн маллагаатай малаа бордоод тодорхой жинд хүрэнгүүт захиалгаар нийлүүлчихдэг. Өрхийн аж ахуй эрхлэх нь амьдралаа дээшлүүлэх боломж гэж  надад харагддаг.  Мал аж ахуй эрхлэнэ гэдэг өрхийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна эко хэрэглээтэй болдог.  Тахианы аж ахуй эрхэлж, эко өндөг үйлдвэрлэн, жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалж өөрсдийн хэрэглээ болон орон нутгийнхаа хэрэгцээг хангах хэмжээний эрүүл хүнс үйлдвэрлэж болно. Малчин болгон 1-2 га газар өрхийн хэрэгцээний ногоон тэжээл тарих боломжийг хууль эрх зүйн хувьд нь нээж өгөх хэрэгтэй. Энэ нь онд мэнд орох, хорогдлыг бууруулах ач холбоглтой шүү дээ. 
-Хөдөөгийн хүн амын дийлэнх нь малчид. Малчид мал мах, малаас гарах бүтээгдэхүүнээр өрхийн орлогоо бүрдүүлдэг. Тооноос чанарт шилжих нь илүү үр ашигтай гэж таны ярианаас ойлголоо. Тэгвэл мах, сүүний чиглэлийн малын үүлдэртэй  болоход  хөрөнгө мөнгө их шаардагдах уу? Жирийн малчин хүн үржил селекцийн ажил хийх боломжтой юм уу? 
-Малын үүлдэр угсаа сайжруулах, үржил селекцийн ажил хийхэд маш их цаг хугацаа шаардана. Хөрөнгө мөнгө орох нь мэдээж ч бидний ой тойнд багтахааргүй их санхүүжилт шаардагдахгүй ээ.  Гол нь цаг хугацаа. Сайн үүлдэр угсаатай болоход малын нэг үе нь  дөрвөн жил гэж тооцвол манайх 16 жилийн хугацаанд  3-р үеийн эрлийзжүүлэг  гаргасан  байна. Хоёрт, хүссэн малчин болгон хийх боломжтой. Харин үржлийн ажлыг нэгэнт хийж эхэлсэн бол зогсож болохгүй, ухарч болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ухрах юм бол үржлийн ажилд зориулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгө, итгэл сэтгэл хий хоосон зүйл болж замхарна.  Манайд монгол эрдэмтдийн ур ухаан, оюун санаа цаг хугацаа шингэсэн ганцхан махны чиглэлийн үхрийн үүлдэр байдаг нь “Сэлэнгэ” үүлдэр. Малчид махны хэвшлийн дараагийн үүлдэр омог руу зорилт тавьж  нэгдье. Махны чиглэлийн кластер фермийг олноор байгуулья, бие биенээсээ суралцья. Тиймээс ч би үхрийн аж ахуй сонирхдог үржүүлдэг хүмүүст нээлттэй мэдээлэл өгдөг. Манай үхрийн аж ахуйтай ирж танилцаж буй хүмүүст энэ миний хийсэн ажил, миний бий болгосон зүйл гэж өмчлөлгүй нээлттэй ярилцдаг.  Жил бүр зохиогддог үзэсгэлэн худалдаанд оролцохоос өөр олон нийтэд танигдах ажил хийгээгүй л байна. Улаанбаатар хотод болдог “Шилмэл малын үзэсгэлэн”-нд оролцож өөртөө дүн тавиулж, бусад үржлийн ажил хийж байгаа хүмүүсийн ажилтай харьцуулдаг. Үржилд ашигладаг бух маань дээрх үзэсгэлэнгээс гурван жил дараалан тэргүүн болон дэд байр эзэлсэн. Манайх үржлийн өсвөр үхэр нийлүүлж байна.
-Цагаан идээ үйлдвэрлэдэг хүмүүс жилийн дөрвөн улиралд орлоготой байдаг. Малынхаа үүлдэр угсааг сайжруулахад эдийн засгийн эргэлт нь хэр хурдан бэ? 
-Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлт бусад салбартай харьцуулахад харьцангуй удаан. Нилээн холыг харж, тэвчээртэйхэн хүлээж, төлөвлөж хийхгүй бол энэ жил үхэр үржүүлээд дараа жил ашгаа олно гэж байхгүй. Малчид бид алсдаа эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд тооноос чанар руу шилжих ёстой, нэгж мал өөрөө үнэтэй болох хэрэгтэй. Өнөөдөр монголд “Гацуурт”, “Газар агро”, “Нүүдэлчин агро” жишиг компаниуд үржил селекцийн ажил хийж байна.  Энэ топ том компаниуд сайн хээлтэгч, хээлтүүлэгч үржлийн бярууг 5 саяар зардаг. Маш эрэлттэй. Манай улс 260 гаруй мянган малчин өрхтэй.  Тэр бүхэнд малын үүлдэр угсаа сайжруулагч хэрэгтэй гэсэн үг. Тэгэхлээр мэргэжлийн үржлийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүст  дотоод болоод гадаадын зах зээл бол нээлттэй байна. Тооцоолох л хэрэгтэй, хийх гэж буй ажлаа 10 жилээр харах хэрэгтэй. Хамгийн багадаа 5 жилийн дараа эхний үр дүнгээ үзнэ. Эрсдэлийг тооцож зориглож орох юм бол маш гоё салбар.  
-Монголчууд үхэр хамгийн хэврэг амьтай, байгалийн шалгарал даадаггүй зуд турханд хамгийн түрүүнд “явдаг” гэдэг? 
-Би санал нийлдэггүй. Яагаад гэвэл хамгийн таваарлаг мал бол үхэр. Үхрийг яавал эрсдэлгүй маллах вэ ?гэдэг малчны хандлагаас шалтгаална. Үхэр тарга хүч аваагүй тохиолдолд эрсдэлд ордог.  Манайхан бэлчээрийн малд арчилгаа тордлого хэрэггүй гэж малаа зөнгөөр нь хариулсаар дор оруулчихдаг.  Боломжтой бол ядруу малаа ялгаж аваад өвлийн хүйтэнд өвсөнд оруулах хэрэгтэй.  Үхэр намрын таргаараа л онд ордог амьтан ш дээ.  
-Энэ Ангус үхэр байна гэж шууд таних тэмдэг нь юу вэ? 
-Ангус үхэр хар улаан гэсэн үндсэн хоёр зүстэй. Хар Ангус нь Англи улсын нутгийн биеэр жижиг мухар хас зүстэй үхрийг Шотландын улаан үхрээр сайжруулж гаргаж авсан үүлдэр. Манай Монголчууд улаан зүсийг илүү таашааж сонирхдог. Ангус үүлдрийн үнээн дээр махан ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Лимузэнг туршиж солбицуулсан эрлийзжүүлгийн аргыг ашигладаг. Лимузин сайн, муу талтай. Хүнд жингийн үүлдэр. Төрөх үеийн жин маш том. Тугал нь их том гардаг. Тэгэхлээр  Монгол үхэр дээр төл авах нь эрсдэлтэй. Хондлой томтой учраас төрж чадахгүй тэндээ гацчихдаг.  Сүүний гарц нь ойролцоо. Махны үхрийн нэг онцлог нь сүүний тослог өндөртэй.  Тухайлбал, Ангус үхрээс 3,8- 4 хувийн тослогтой сүү гарна. Богино хугацаанд өндөр өсөлттэй байдгийн учир нь эхийн сүү нь тослог өндөртэй байгаа юм. Лимузин үүлдэр ухаа ягаандуу зүстэй, хамрын толио, хошуу хэсэгт захлаад цайруу, нүд нь тойроод цайвар. Лимузин үхэр бөгс томтой,  ерөнхийдөө богинохон, гуяны булчингийн масс ихтэй.   Ангус үхэр 6-9 сартайдаа хамгийн эрчимттэй өсдөг. Энэ хугацааг өвлийн 11 сараас эхэлдэг. Манай оронд малыг насаар нь тооцож хээлтүүлэг хийдэг. Ангус үхэр маш хурдан өсдөг учраас 16 сартайдаа 400 гаруй кг хүрдэг болохоор 350 кг-аас дээш амьдын жинтэй бол хээлтүүлгэнд оруулж болно.  Заавал шүдлэнд нь буханд оруулж гунжинд нь буюу 36 сартайд нь төллүүлэх гэж хүлээх  шаардлагагүй гэсэн үг. Тэгэхлээр бид хэрвээ технологи мөрдөж чадвал нэг жилийн өмнө үхрээ эдийн засгийн эргэлтэд оруулж 10-ыг 20 болгох боломж байна.  Бүгдийг төлөвлөх боломжтой. 
-Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна? 
-Үржлийн ажил гэдэг нэг ёсондоо амьтан зохион бүтээж байна гэсэн үг. Барилгын инженер байшин барьж, авто инженер машин хийдэг бол зоо инженер амьд биетийг зохион бүтээдэг. Зөв тооцоолж, зөв судалгаа хийж, зөв дүгнэж чадвал төгс биет бүтээж болно. Буруу тооцох юм бол юун амьд биет бүтээх,генетикийн гажуудал бий болно шд.  Генийн хуулийг хэн ч зөрчих боломжгүй. Тиймээс үржлийн ажил судалгаан дээр тогтоно. Бид дэлхийн шилдэг үүлдрийг Монголд нутагшуулж байна. Монгол Ангус үүлдэр гаргах хэтийн зорилго бий. Энэ жилээс үржил селекцийн ажлаа өргөжүүлж омог гаргах ажлаа эхэлсэн. Хийж буй ажлаа орон нутагтаа танилцуулах төлөвлөгөө бий. Дэлхийн бусад оронд нутагшсан хэв маяг системийг өөрчилж, 100 хувь бэлчээрийн, нүүдлийн мал аж ахуй дээр нутагшуулах гэж оролдож байгаа болохоор  хээл авах үеэс төрөх цаг, өсгөн бойжуулах хүртэл бүх үйл явцыг судална. Судалгаа хийх тусам түүндээ урамшаад, цааш лавшруулаад л байдаг юм билээ.  Махны үхрийг орон нутагт хямд зардлаар, ямар нөхцөл боломжид, яаж арчилж маллаж, хаана байлгавал зохимжтой вэ гэдгийг судалсаар байна. Махны чиглэлийн үхрийн судалгаа хийж байсан бол одоо  даамжраад махны чиглэлийн адуу гаргах судалгаа хийх болсон. Одоо намрын хэмжилт судалгаанууд хийгдэнэ. Судалгааны дүн санаанд батамгүй сайхан гарч байгаа болохоор урамтай байна. Судалгааны дүнгээс харахад Ангус үхрийн 16-18 сартай охин бяруу 430 кг дундаж амьдын жинтэй байна. Энэ нь маш өндөр үзүүлэлт. 6-7 сартай тугалын дундаж намрын жин 180-230 кг-ын хооронд байна.
-Өөрийн туршлага үнэт зүйлээ орон нутагтаа ашиглаж байна уу? 
-Малчдын хувьд сумандаа багийн  зохион байгуулалтад орж махны хэвшлийн үхэр хонь, адууг гаргах боломжтой.  2014 оноос Хайрхан баг дээрээ хонь, үхрийн махны ашиг шимийг нэмэгдүүлэх үржлийн ажил хийсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр малын үүлдэр угсааг сайжруулан, таваарлаг чанарыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Хамгийн наад зах нь Улз гол дагасан айлуудын үхэр жигд зүстэй болсон.  Жил бүр дөрвөн бухыг үнэгүй тарааж Казахийн цагаан толгойт үхрийг  герефорд үхрийн үүлдрээр сайжруулалт хийсэн. Барга, үзэмчин хониор нутгийн буриад хонийг сайжруулсан. Хөдөө аж ахуйн салбар, ялангуяа малын үүлдэр угсаа сайжруулах ажилд төрийн бодлого заавал хэрэгтэй. Малчид мал эмнэлэг үржүүлгийн тасгаараа дамжуулаад, Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрт энэ ажлыг бодлогоор тусгаж оруулбал их сайн. Сонгомол аргаар цөм сүрэг бүрдүүлж түүн дээрээ сайжруулалт хийн цэвэр үүлдрийн мал бий болгож,  цус сэлбэн эрлийзжүүлж болно.
-Монгол үхрийн дундаж жин ямар байдаг юм бэ?
-Нас насандаа өөр л дөө. Монгол үхрийн дундаж жин Ангустай харьцуулахад маш бага. Ангусын амьдын жин Монгол үхрээс 40-60 хувь илүү. Монгол үхэртэй төстэй нэг юм нь төллөх үеийн жин ойролцоо. Монгол үхэр ойролцоогоор 17-24 кг дундаж жинтэй тугал гаргадаг бол  Ангус 21-27 кг тугал гаргадаг. Монгол Ангус үхэр бий болгож байгаа нь манай аж ахуйн үржлийн ажлын давуу тал. Ангус үхрийн тугал эхээс төрснөөсөө хойш  бэлчээр дээрээ хоногт 650-800 грамм нэмэгддэг. Өөрийнх нь үүлдрийн стандартаар хоногийн нэмэгдэл нь 800-1,200 кг. Тэгэхээр манай аж ахуйн Ангус үхэр гадаадын бүтэн эрчимжсэн, байнгын гар арчилгаанд нэмэлт тэжээл иддэг үхэртэй адил жинтэй байна гэсэн үг. Үүлдрийнхээ үндсэн стандартад дөхсөн. Зарим тохиолдолд илүү гарсан нь судалгааны ажил маань итгэл төрүүлээд байна. 
-Үхрийн махны амт өөрчлөгддөг үү?
-Өөрчлөгдөнө. Ангус үхэр махны төрөлжсөн үүлдэр. Тиймээс ч Ангус үхрийн мах үнэтэй. Ангус гантигласан буюу өөх мах нь алагласан  байдаг. Дэлхийн махны хэрэглээнд өндөрт эрэмбэлдэг Марвалэд шинжтэй.  Ангус, Герефорд хоёр үүлдэр монголын нөхцөлд бэлчээрийн маллагаанд мах нь  гантиглах боломжтой юм байна гэдгийг өөрийн аж ахуй дээр хийсэн судалгаагаар нотлосон. 
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 
 

Б.Одмаа 

  • Туяа
  • 3243
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 6 )

Зочин [103.10.22.91] 2023-01-24 22:33:40

Төрөлдөө ажлын амжилт хүсье. Гэр бүлд нь эрүүл энхийг хүсье ээ.

Дуламсүрэн [127.255.255.255] 2022-10-21 15:29:58

мундаг залуу байна амжилт хүсье.

O.Amgalan [127.255.255.255] 2022-10-20 11:01:12

ajild ni amjilt hvsie

Зочин [127.255.255.255] 2022-10-20 08:10:32

Амжилт хүсэе

Б.Бямбаа [64.119.19.237] 2022-10-19 18:25:40

Зорсон ажил чинь бүтэмжтэй сайн байг. ажлын амжилт хүсье. Мундаг байна .

Зочин [66.181.161.109] 2022-10-19 12:14:10

Ajiliin amjilt

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313