ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ХИЙХ БОЛОМЖ БАЙНА 

2022 оны 10-р сарын 11 өдөр

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Түвшингийн АРИУНТӨР:

     2020 оны орон нутгийн сонгуулийг санаж байна. Нэгдүгээр тойрог буюу Баяндун суманд нэг мандатад таван хүн өрсөлдсөн. Тус сумаас Н.Хүрэлбаатар 3 удаа аймгийн ИТХ-д сонгогдсон.  Баяндун сумыг Н.Хүрэлбаатарын тойрог ч гэх нь бий. 2020 оны сонгуулиар хэн хүний таамаглаагүй МАХН-аас нэр дэвшигч Т.Ариунтөр гэх залуу сонгогдсон. Сумандаа бол танигдсан, 2016-2020 онд сумынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Тэрээр хүүхэд байхын нийгмийн идэвхитэй нэгэн. Харин олон нийт түүнийг төдийлөн танихгүй. Одоогоор орон нутгийн улс төрд арга хандлага суугаагүй, албан тушаалд очоогүй нэгэн.
 Ер нь Баяндун сумыг ажихад УИХ-ын сонгуульд “цэнхэрлэдэг” хэр нь орон нутгийн сонгуульд “улаан” сонголт хийдэг. Энэ удаа залуу хүнийг сонгожээ. Магадгүй энэ сум нам, эвсэл гэхээсээ хүнд нь илүү итгэл хүлээлгэдэг болов уу. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Ариунтөртэй  37:1  буланд ярилцсанаа хүргэе.   

 

- Ариунтөр аймгийн ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч үү? 
-Үгүй ээ, Эрдэнэчулуун, Бямбаа гээд төлөөлөгчид бий, бий. 
-Дорнодын залуучуудын холбоо гээд явдаг байсныг тань санаж байна?
-2007 оноос Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоонд ажилласан. Тухайн үед Баяндун сумын Оюутан залуучуудын нэгдсэн холбоог Улаанбаатар хотод байгуулж, аймгийн Залуучуудын холбоонд салбар хариуцан ажиллаж байсан. Орон нутагт залуусын дуу хоолой хэрэгтэй гэдгийг тэндээс мэдэрсэн. Хүний оролцоогүй хөгжил гэж үгүй ш дээ. Тэр тусмаа залуус оролцохгүй бол орон нутаг хөгжихгүй. Залуус өөрийг нь дэмжиж байгаа мэтээр олон нийтэд харагдахыг хүсдэг, залуусын дэмжлэгийг хувийн эрх ашгийн төлөө ашиглах сонирхолтой хүмүүс байдаг юм билээ. Албан тушаал амлаж өөрийнхөө төлөө ажиллуулах гэхчлэн янз бүрийн санал ирж л байсан. Гэвч би хэн нэгний цүнх баригч болохыг хүсээгүй. Өөрөө өөртөө зөв байж ажиллахыг хүссэн. Тийм учраас ямар нэгэн аж ахуй нэгж албан байгууллагад ажилд ороогүй. Хувиараа биенесээ эрхэлж, өдий хүртэл хэн нэгнээс хамааралгүй явж ирсэн. 
-Бидний ярилцлага илэн далангүй гоё эхэлж байна. Ямар нэг баггүйгээр санаа бодлоо зөвөөр, чөлөөтэй илэрхийлж байгаа хүнтэй сэтгүүлчид ярилцах дуртай, баярлалаа. 
-Би нялуун, нялцгай занд дургүй буриад хүн ш дээ.  \инээв\ Манай Буриадууд хэн нэгнийг харж хий эргэдэггүй хүмүүс. Аливаа зүйлд цуцаж, няцдаггүй. Өөрийн амьдралыг өөрсдөө бүтээдэг хүмүүс.
-Чи Баяндун суманд төрж өссөн юм байна. Нутгаас гарч яваад эргээд ирэхээр бодит төрхийг олж хардаг. Дотор нь байгаа хүмүүс нүд дасдаг.  80,90 жилийн ойн баяраа хийж буй сумдыг модон жорлонгоосоо салаагүй байж хөгжил ярилаа гэж  олон нийт шүүмжилж байна. Эхээс мэндлээд энэ хүртэлх мэдэх сум чинь энэ хугацаанд хөгжсөн үү?
-Огт хөгжөөгүй гэж хэлж болохгүй. Тодорхой хэмжээгээр амьдралд ахиц гарсан. Гэхдээ удаан  байна. Төр ганцаараа хөгжлийг бий болгоно гэж байхгүй ш дээ. Олон нийт ч бас төрийг хараад зүгээр суугаад байж болохгүй. Хоёр талын тэгш оролцоотой байж тодорхой ойлголцолд хүрч амжилт олно. Манайд  төрийн бус байгуулага, төр хоёрын уялдаа холбоо муу. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэх ёстой. Төрийн дэмжлэг гэдгийг мөнгө өгнө, тусламж үзүүлнэ гэж ойлгодог. Дэмжлэг хэрэгтэй, дэмжлэг гэдэг нь бэлэн зэлэн зүйлийг гар дээр нь тавихын нэр биш. Бодлогоор дэмжих. Боломжийг нь бүрдүүлэх. Төрийн бодлогоор зөв дэмжээд өгвөл иргэд өөрсдөө хийчихнэ. 
-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга хоёр нэг зүг рүү харж хөгжил ярина. Та сумтайгаа хэр харилцаатай вэ? 
-2016-2020 онд би сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Тэр үед одоогийн сумын Засаг дарга анх удаа сумын Засаг даргаар сонгогдон хамтарч ажиллах болсон. Төлөөлөгч сумтайгаа ойлголцож ядах зүйл уг нь байхгүй ш дээ.  Баяндун сумын төсөв жилээс жилд өссөн дүнгээр батлагдаж байгаа. Манайханд их сонин ойлголт бий. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэхээр мөнгө гартаа атгаад явж байдаг, түүнийгээ тойрогтоо тараах ёстой гэж ойлгодог. Найр наадам, ойн баяр, тэмдэглэлт үйл явдлыг ивээн тэтгэснийг ажил хийж байна гэж хардаг өрөөсгөл ойлголт бий. Гэтэл төлөөлөгчийн ажил сумынхаа төсвийг нэмсэн үү, хорогдуулчихав уу?, ямар бүтээн байгуулалтын ажилд хэдий хэрийн төсөв тавиулав, иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргах төвшинд хэрхэн яаж хүргэв гэдгээр хэмжигдэх учиртай. Сумын Засаг дарга аймгийн ИТХ-ын төлөөлөгчтэйгээ хамтран ажилласнаар цахилгаан дамжуулах агаарын шугамын сумын төсөв болон аймгийн төсвөөс санхүүжүүлсэн.   Ингэж уялдаа холбоотой ажиллах нь бидний үүрэг. Одоо манай сум цахилгаан дамжуулах агаарын шугам асуудалгүй. Тэр төлөөлөгч тийм үйл ажиллагааг ивээн тэтгэлээ, ийм хүмүүст дэмжлэг үзүүллээ гэж өөрийн нэрээ гаргах төдийхнөөр ажил хийнэ гэдэг бол шоудах дуртай хүмүүсийн үйлдэл.  Тухайлбал, манай буриадууд өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо өлхөн тариалдаг хүмүүс. “Ковид-19” өвчин бидэнд хүнсний ногоогоор өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй өрөөлийг хангах зах зээл байгааг харууллаа. Бид тарьж чаддаг ч хадгалана гэдэг л хэцүү асуудал. Тиймээс тарьснаа хурдхан борлуулахыг боддог. Хадгалж чадаагүйгээс хомсдол үүсдэг. Манай суманд нэгдэл байх үед ашиглаж байсан ногооны зоорь бий. Тэр том  чулуун объект шороогоор дүүрчихсэн ашиглагдахгүй байна. Байгаа юмаа тордоод авбал боломж байна гэж хардаг. 
-Та ямар ажил хийх сонирхолтой вэ?
-Төрд алба хашихгүй гэж боддог. Хувиараа том машинаар тээвэр хийдэг. 2018 оноос  хойш  түлш тээвэрлэх, нийлүүлэх, худалдах ажил хийж байна. Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо  NARTAM  гэж төрийн бус байгууллага бий.  NARTAM-ын салбар зөвлөлийн хурал өнгөрсөн долдугаар сард болж Дорнодын салбарын даргаар томилогдсон. Зам үгүй бол тээвэр үгүй. Бид нэн түрүүнд Дорнодоос Улаанбаатар орох автозамыг сайжруулах шаардлагатай. “Наран ургах тээвэрчдийн нэгдсэн холбоо” гэж манай аймагт бий.  Автозамын эвдрэлийн гол хүчин зүйл нь  автомашины даац, жин тооны илүүдэл гэдгийг манай жолооч нар хэлж байна. Мөнгө хэчнээн чухал ч амьдралын үнэт зүйлээ хайрлах хэрэгтэй. Хот хоорондын ачаа тээвэрт стандартаа мөрдөхгүй байгаагаас автозам эвдрэх, осол аваар гарах шалтгаан болсоор байна.  Хоёрт, манай аймагт гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд олон. Дорнод аймагт автотээврийн салбараас амжиргаагаа залгуулдаг олон аж ахуйн нэгж, хувь хүн бий. Бид гадаадын хөрөнгө оруулалттай компанитай зөв уялдаа холбоотой ажиллаж чадвал олон айлын амьдралын төвшин дээшилнэ. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уулхайн компаниудын туслан гүйцэтгэх компаниуд ихэвчлэн Улаанбаатар хотын компани байдаг. Уул уурхайн компаниудад тээврийн үйлчилгээ үзүүлж буй туслан гүйцэтгэх компани нь зөвхөн жолоочоо л Дорнодоос ажилд авдаг. Бид иргэнээ хөдөлмөрт зуучилснаа орон нутагтай хамтран ажиллаж байна гэж хармааргүй байна. Өрмийг нь бусдад хамуулаад хусмыг нь өөрсдөө хүртэх төдий байж болохгүй. Уул уурхайн компаниудад ДОА дугаартай машинуудыг олноор явуулах ёстой. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байгаа хүн нь Дорнодын иргэн байх нь бидэнд илүү өгөөжтэй.  Тээвэрчдэд машин тоног төхөөрөмж нь байна. Өөрсдийн хүчээ орон нутгийн хөгжилд зориулах олон хүн бий. Харин төр тэднийг бодлогоор дэмжих ёстой. Өмнөговьд очиж ажиллах биш Дорнодод ажлын байр бий болгоё. Хувь хүн байгаа бүхнээрээ үнэтэй машин авдаг. Ар гэр, үр хүүхдээ орхиод Өмнөговь явдаг. Манай аймгийн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн туслан гүйцэтгэх тээврийн үйлчилгээг авсан хүн өөрт унах ашгаа багасгачихвал бид орон нутагтаа ажиллах боломж бүрдэх гээд байна. Хийе гэсэн сэтгэлтэй хүн төрд үгээ хүргэж чадахгүй байгаагийн нэгээхэн жишээ энэ. Энэ хоёр ашиг сонирхол нэг зүйлийг уялдуулахын төлөө ажилланаа даа. 
-Дорнод аймаг 5 боомттой, хотын төвд цахилгаан станц, нүүрсний уурхайтай, газрын хэвлийдээ асар их баялагтай, үржил шимт хөрстэй бидэнд хөгжих боломж бүрэн байна гэдэг.  Гэтэл боломжоо яаж ашиглаж байна вэ? гэдэг чухал. Танд боломж харсан шийдэл байна уу?   
-Аймгийн ИТХ-д Эрдэс баялгийн бодлогын хороог ахлаж байна. Их сургуулиа төгсөөд хувиараа янз бүрийн ажил хийсэн. Автотээврийн салбарт ажилласан багахан туршлага бий. Манай бодлогын хороо 9 дүгээр сараас эхлэн уул уулрхайн компаниудад очиж ажиллана. Манай аймгийн Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын салбар Өвөрбайгалийн хязгаарын Чита хоттой худалдаа үйлчилгээний салбарт хамтарч ажиллахаар төлөвлөж буй юм билээ. Худалдааны салбарыг дагаад тээвэрлэлт явагдана. Нөгөө бидний хүсэн хүлээдэг олон улсын тээвэр хийгдэх боломж бүрдэнэ. Орон нутгийн тээвэрчид олон улсын тээвэр хийнэ гэсэн үг шүү дээ. Төр тээврийн салбарыг ажилтай орлоготой болгох нөхцөлийг нь бүрдүүлчихвэл тээвэрчид нийгмийн хариуцлагаа хүлээгээд олон ажлыг санаачлан хийхэд бэлэн байна. Монголын Авто тээврийн нэгдсэн холбоо NARTAM олон улсын автотээвэр хийх зөвшөөрөл олгодог. Ульхан, Эрээнцавын боомтоор Олон улсын чингэлэг тээвэр хийх боломж байна. Чита,  Владивостокоос ачигддаг бараа Улаанбаатарт задраад Дорнодод ирдэг. Гэтэл шууд Дорнод руу ачих бүрэн боломжтой. Манай боомтуудаар шууд тээвэрлэлт хийгдвэл хөрөнгө мөнгөний болон цаг хугацааны асар их хэмнэлт бий болно. Тээвэрлэлт үнэтэй болохоор бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг.  Тээвэрлэлт түргэн шуурхай, хямд хийгддэг бол ард түмний нуруун дээрх ачаа хөнгөрнө. Бид боомтуудаа ажилтай орлоготой болгоё. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлье. Монголын Авто тээвэрчдийн холбоо Инчеоноос автомашинаар машин тээвэрлэж байна. Орос, Украйны дайнаас шалтгаалж Европ руу Орос дугаартай автомашинаар тээвэр хийлгэхээ больсон. Бид Читаар дамжиж Новосибирскээр Европ руу тээвэр хийх боломжтой боллоо. Европ руу Монгол дугаартай машиныг “давай ор, ор” л гэж байна. Манайхан Европ, Оросын хил  хооронд тээвэр хийж байна ш дээ. Цаанаас барааг нь татаад өгөхөөр Оросууд баярлаад наашаа тээвэрлэчихнэ. Японоос автомашиныг Оросоор дамжуулж оруулж ирэх өөр нэг тээврийн зам ч байна. Японоос орж ирж байгаа автомашинууд Эрээнцаваар дамжин өнгөрдөг бол манайд эдийн засгийн асар их эргэлт бий болно. Машины үнэ ч буурна.  Автотээвэр гэдэг зөвхөн Дорнод -Улаанбаатарын хоорондох том машины тээвэр биш. Бид энд Олон улсын тээвэр хийж эдийн засгаа хөгжүүлэх боломж байна.  
-Манай сонины энэ буланд Аймгийн ИТХ-ын төлөөлөгчтэй хөгжил гарц гаргалгаа ярьдаг л даа. Таныхаар бид ер нь юун дээр алдаад байна?  
-Манай Дорнодынхон их тайван хүмүүс. Би Дарханд хэдэн жил амьдарсан. Дархан их дэлгүүр анх ашиглалтад ороход  нэг метр квадрат талбай 1,8 сая төгрөгийн үнэтэй байсан. Эхлээд лангуу талбайг нь түрээслэх хүнгүй, олон хүн орж гарахгүй унтаа байдалтай байсан. Гэтэл Дархан их дэлгүүр Номин, Бирж гэх мэтчилэн худалдааны том төвүүдтэй өрсөлдөх ижил төрлийн хямд супермаркетийг оруулж ирснээр Дархан их дэлгүүрийн лангуу талбай хэдхэн жилийн дотор анхны үнэнээсээ хоёр дахин өссөн ш дээ. Аль ч зах зээл дээр маркетинг, менежмент чухал. Маркетинг, менежмент гэдэг цэвэр хүний санаачлага, сэтгэл. Орон нутгийн хөгжил ч ялгаагүй. Дорнодод  24 цагийн худалдааны төв алга. Олон нийт шөнийн худалдааг таксинаас хийдэг нь нууц биш. 24 цагийн худалдааны төвд заавал архи согтууруулах ундаа зарах албагүй. Сумын хөгжилд зөв менежмент хэрэгтэй. Аливаа зүйлд хориг хаалт тавихаасаа илүү менежмент нь зөв байх нь чухал. Зөв чиглүүлэлт, зөв дэмжлэг  хөгжлийг хурдасгана л гэж ойлгодог. Зөв байхын тулд  танил талаараа ажлаа гүйцэлдүүлдгээ больчих хэрэгтэй. Танил талтай нь жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүгийн зээл дэмжлэгийг авдаг биш, яг хийж бүтээж яваа нь авах ёстой. Иргэд төрөөс заавал мөнгө хардаггүй юм. Бодлогын хувьд дэмжихийг л хүсдэг. Өөрсдөө хийж чадахгүй бол бусдын сайн жишээнээс суралцъя. Гаднын орны сайн жишээг нутагшуулья. Сая үсчин, гоо сайхан, зам тээвэр, барилга гээд мэргэшсэн холбоодын анхдугаар зөвлөгөөн болсон. Бид нэгдсэнээрээ ойлголцдоггүй байсан хүмүүс бие биеэ ойлгож эхэлж байна. Уулзахаараа бид яг адилхан юм ярьдаг. Нэг зүг рүү харж чаддаг. Хамтарч чаддаггүй, хаанаас яаж эхлэхээ мэддэггүйд гол учир байгаа юм.  Дор дороо, довоо шарлуулаад явах биш, том эрх ашгийн төлөө нэгдэж нийлж, хамтарч ажиллах хэрэгтэй.  

-Цаг зав гаргасанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Тэрээр ярилцлагын төгсгөлд “Манай аймагт ИТХ-ын төлөөлөгч иргэдийн итгэлийг хүлээхээ больчихсон. Надад өөр аймгийн олон сайхан найз нөхөд бий. Тэдний ярьж байгаагаар орон нутгийн улс төр нь их цэгцтэй, иргэд нь шийдвэр гаргах төвшний хүмүүстээ итгэдэг. Манай аймагт улс төр нь жудаггүй байна” гэсэн. Аль ч салбарт ажиллая гээд ханцуй шамлаад ороод ирсэн залуусаа аятайхан чиглүүлээд дэмжээд авчихвал ирээдүй гэрэлтэй байна даа гэж бодогдсон. 
 

  • Туяа
  • 240
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313