МАНАЙХ УЛАМЖЛАЛТ АРГА, ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛДАГ

2022 оны 10-р сарын 11 өдөр

“НАЙНГИ ХҮНС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал: С.АРИУНЦЭЦЭГ

Өнгөрсөн зургадугаар сард “Найнги” компани сүүний шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан. Аймгийн төвийн худалдааны төвүүдэд “Найнги” гэсэн шошготой шинэ бүтээгдэхүүнүүд харагдах болсон.“Найнги хүнс” ХХК  манай аймгийн бүтээгчдийн нэг. Монгол улс 70 сая малтай гэдэг. Гэвч бид малаас гарах түүхий эдийг өөрсдийн брэнд болгож чадаагүй л байна. Хэн ч бай хамгийн сайн хийдэг зүйлээ үнэ цэнэтэй болгох нь өөрөө нэрийн хуудас юм. Тэгвэл “Найнги хүнс” ХХК-ийн бүтээгдэхүүн Дорнодын нэрийн хуудас гэвэл маргах хүн үгүй биз ээ. Харин өөрийн гэх нэрийн хуудсыг хэрхэн бий болгодгийг Та бүхэнд хүргэе.  

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
Намайг С.Ариунцэцэг гэдэг. Хүнсний технологич мэргэжилтэй. “Найнги хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал. Их сургуулиа төгсөж, ажлын анхны гараагаа Найнги компаниас эхэлж байлаа. 
-Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? 
Манай компани 1996 оноос үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2005 онд ОХУ-аас симменталь үүлдрийн өндөр ашиг шимт, саалийн чиглэлийн үхэр оруулж ирснээр фермерийн аж ахуй байгуулан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Компанийн үүсгэн байгуулагчдын ирээдүйн төлөвлөгөөний дагуу 2021 онд фермерийнхээ дэргэд өөрийн хөрөнгөөр сүүний үйлдвэрийн шинэ барилгаа барьсан. Үйлдвэртээ тоног төхөрөөмжийн шинэчлэлт хийж,сүүний үйлдвэрээ өргөтгөсөн нь цар тахал /ковид/-ын үед хийсэн бидний том бүтээн байгуулалт байлаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга хийгдсэнээр сүүний шинэ үйлдвэрээ өнгөрсөн 6 дугаар сард нээсэн. Одоогийн байдлаар 30 гаруй фермер, малчдаас 1,5-1,8 тонн сүү хүлээн авч, боловсруулж 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-“Найнги хүнс” компанийн эрхэм зорилго? 
-Эрүүл, чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр аймгийнхаа ард иргэдийг хангах нь бидний эрхэм зорилго. Чанартай амьдрал-Өглөө бүр шинэ сүү, өдөр бүр шинэ тараг уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
-Танай бүтээгдэхүүнд бусдаас ялгарах, онцлог давуу тал юу байна? 
-Манай бүтээгдэхүүний онцлог нь ямар нэгэн химийн нэмэлт, тогтворжуулагчгүй, хадгалах хугацаа уртасгагчгүй, үнээний цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн. Цэвэр сүүний цөцгийнээс гаргаж авсан цөцгийн тос транс тос агуулдаггүй.  Транс тос хэрэглэхгүй байх нь хорт хавдраас сэргийлдэг гэдэг. Тиймээс манай цөцгийн тос эрүүл органик хэрэглээ юм. Манай гол бүтээгдэхүүн бол сүүн хурууд, тараг, цөцгий байдаг. Бид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.Манай сүүн бүтээгдэхүүн Зүүн бүс болон Улаанбаатар хотын хэрэглэгчдийн  байнгын хэрэглээ болсон. Аймгийн хэрэглэгчиддээ ойр байх үүднээс өөрийн дэлгүүрээс гадна Хишиг, Афта, Нарлаг, EF супермаркетуудаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. 
-Хүн ч тэр албан байгууллага ч тэр амьдарч, үйл ажиллагаа явуулж байгаа бол шат ахиж байх ёстой шүү дээ. Үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй шат ахисан зүйл нэг үгээр хэлбэл хөгжил юу байна? 
-Анх сүүний үйлдвэр байгуулахад Хүнсний комбинат хувьчлагдсан, хүнсний хангамж доголдсон, ажилчид нь ажилгүй болсон үе байсан.  “Найнги” сүүний үйлдвэр хуучны Хүнсний комбинатад ажиллаж байсан Т.Батчимэг тэргүүтэй мэргэжилтнүүдийг  компанидаа ажиллуулсанаар туршлагатай хүний нөөц бүрдүүлсэн нь өдий хүртэл  компани оршин тогтох суурь болсон гэж үздэг. Одоо ахмад ажилчид маань тэтгэвэртээ гарч, хойч үедээ үлгэр дууриал болж заавар, зөвлөгөөгөө өгсөөр байна. “Найнги” компани анх орон нутгийн хэрэгцээний тараг үйлдвэрлэдэг байсан бол одоо 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өргөжсөн. Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн шагналыг олонтоо хүртсэн.  Манайх уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн  хийдэг. Тухайлбал, өрөм, хурууд, шимийн архи, цөцгийн тос үйлдвэрлэж эхэлсэн. Цаашид сав баглаа боодлоо сайжруулж, улам бүр шинэчлэнэ. 
-Өөрийн салбарын орон нутаг дахь хөгжлийг яаж харж байна? 
-Сүүний салбар зардал өндөр, ашиг багатай салбар. Гэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ашиг тустай стратегийн хүнс юм. Манай аймгийн хувьд хэрэглээ байгаа боловч орон нутгийн үйлдвэрлэлийн хангамж бага байна.  Улаанбаатар хотын сүү, сүүн бүтээгдэхүүн зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг. Бид аль болох үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэн хэрэглэгчдээ хангах зорилготой ажиллаж байна. Манай аймагт аялал жуулчлал хөгжиж байна. Буйр нуур болон бусад байгалийн үзэсгэлэнт,  түүхийн дурсгалт газруудаар аялах дотоодын аялагчдын тоо өссөн. Энэ хэрээр манай бүтээгдэхүүний борлуулалт ч өсөж байна.Сумдад сүүний хоршоо ч юм уу, өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй байна. Эрүүл хүнс гэдэг үндэсний аюулгүй байдал. Бид идэж ууж байгаа зүйлдээ онцгой анхаарах ёстой. Сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн шүдний өвчлөл, яс сийрэгжилт эрс нэмэгдсэн. Энэ нь хүүхдүүдээ багаас нь ааруул, хурууд идүүлж хэвшүүлэх хэрэгтэйг харуулж  байна. Үүнд орон нутгийн бодлого, хэрэглэгчдийн зөв хэрэглээ чухал л даа. 
-Танай салбарт юу хамгийн хэцүү вэ? Тулгамдсан асуудал л гэсэн үг л дээ. 
-Сүүний салбарт гол түүхий эд түүхий сүүний бэлтгэн нийлүүлэлтийн асуудал байна. Түүхий эдийн чанараас бүтээгдэхүүний чанар шууд хамаардаг. Сүүг сааснаас хойш 2 цагийн дотор хөргөж байж удаан хадгалагдаж үйлдвэрлэлийн процессыг давж чанартай бүтээгдэхүүн гарна. Манайх энэ жил 35 малчид, фермерүүдтэй хамтарч ажиллаж байна. Баянтүмэн сум, Төмөр замаас түүхий эдийнхээ ихэнхийг нийлүүлдэг. Сүүгээ авахдаа сүүний чанарын үзүүлэлт тос, исгэлэн, нягт зэргийг шалгана л даа. Сүүний төлбөрийг тослогийн хэмжээгээр тооцож байна. Чанартай сүү бэлтгэхийн тулд хөргөлтийн төв шаардлагатай. ЖДҮГ-аас зарласан төсөл сонгон шалгаруулалтанд Хөргөлтийн төв байгуулах хүсэлтээ илгээсэн. Ер нь зуны улиралд сүү элбэг ч өвлийн улиралд бүр багасдаг. Иймээс зуны улиралд нөөцөө бэлтгэж авах гээд ачаалалтай ажилладаг.Үүнтэй уялдаад өвлийн сүүний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд фермерийн аж ахуйг хөгжүүлэх асуудал зайлшгүй гарч ирнэ. Дараа нь хүний нөөцийн асуудал. Тогтвор суурьшилтай ажиллах хүн ховор болсон байна. 
-Зуны улиралд бид гэрийнхээ гаднах дэлгүүрээс шингэн сүү худалдаж аваад хэрэглэчихдэг. Өвөл ихэнхдээ Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн сүү хэрэглэдэг. Дорнод аймаг өөрийнхөө сүүний хэрэгцээг хангах боломж бий юу? 
-Дорнодчууд бид  түүхий сүү хэрэглээд сурчихсан улс. Намайг бага байхад л байрны гадаа “Сүүгээ аваарай” гээд бедонтой сүү зардаг байсан. Одоо ч хэвээрээ. Гэтэл гар дээрээс худалдаалагдаж байгаа түүхий сүүний чанарын асуудал байна. Гарал үүсэл нь тодорхойгүй, хольцтой, эсвэл өвчтэй малын сүү байхыг үгүйсгэхгүй. Зарим нь шинжилгээний бичигтэй ч байгаа л байх. Иргэд худалдан авалт хийхдээ шинжилгээний бичигтэй эсэх, ямар савтай сүү байгааг нягтлах хэрэгтэй. Манай үйлдвэр сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээс сүүг авахдаа бруцеллез, антибиотекийн үлдэгдлийн шинжилгээ хийлгэдэг. Өмнө нь ариутгасан сүү савлаад гаргадаг байсан. Үйлдвэрлэлийн зардлаа тооцоод гаргахад манай хэрэглэгчид хямд үнэтэй түүхий сүүг  сонгодог. Орон нутгийн хувьд эрчимжсэн мал ахуй сайн хөгжөөгүй учир өвлийн улиралд сүү эрс багасдаг. Дорнод аймагт ашиглагдахгүй сүүний нөөц хангалттай байна. Малчид маань сүүгээ саагаад үйлдвэртээ тушаачих юм бол байнгын орлоготой болно. Манайд сүүгээ нийлүүлж байгаа малчид 10 хоногт тооцоо хийхэд 200 мянгаас 1 сая төгрөгийн орлого олж байна. Дорнод аймгийн төвд 50 орчим мянган хүн амьдарч байна. Өдөрт нэг хүнд 500гр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэгцээтэй гэж Эрүүл мэндийн яамнаас гаргасан байдаг. Тиймээс манай үйлдвэр дангаар хангах боломжгүй юм. Манай бүтээгдэхүүнүүд өөрийн нэрийн дэлгүүртээ очоод л дуусдаг, эрэлт ихтэй байдаг. Энэ жил үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэн бүтээгдэхүүнээ тасралтгүй хангаж, борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэн ажиллаж байна.  Орон нутаг өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангах бүрэн боломжтой. 
-Таны хэлснээр хүүхдийн кальц тэжээлийг нөхөх чиглэлээр сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх ямар ажлыг хийж болох вэ? Энэ ажилд орон нутгийн санаачлага хэрэгтэй байх? 
-Хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдлыг нөхөх замаар ядуурлыг бууруулах, боловсролын чанарыг сайжруулах зорилгоор Хятад улс “Сургуулийн сүү” хөтөлбөрийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлсэн. “Сургуулийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлснээс 5 жилийн дараа хятад хүний дундаж өндөр 5 см-ээр өссөн, орсгой шүд нь тэгширсэн судалгаа байдаг юм билээ. БНСУ 1970-аад оноос мөн л “Сургуулийн сүү” хөтөлбөр эхлүүлсэн байна. Сүү хөтөлбөртэй сургуулийн сурагчид хөтөлбөр эхлээгүй сургуулийн сурагчдаас 1,5 дахин илүү уураг авч буйг судалгаагаар тогтоожээ. Мөн сурагчид өдөрт авах ёстой кальцийн талаас илүү хувийг энэ хөтөлбөрөөр дамжуулан авсан байна. Зарим орны судалгаанаас харахад бага насны хүүхдүүд зөвхөн шаардлагатай уураг, бусад шим тэжээлийг аваад зогсохгүй, сүү, сүүн бүтээгдэхүүн насан туршдаа хэрэглэх зуршилтай болж. Энэ хөтөлбөрийн ач тусыг олон улсад хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна. Сүүлийн үеийн үндэсний судалгаагаар бага насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныхны дунд 86.1 хувьтай байгаа нь манай улсад “Хүүхдийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Өмнөговь аймаг “Сүү тараг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Дорнод аймгийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авч аль нэг сургууль, цэцэрлэг дээр туршилтаар хэрэгжүүлж үр дүнг нь гаргах хэрэгтэй. Энэ санал санаачилгыг орон нутгийн зүгээс дэмжвэл бид хамтран ажиллахад бэлэн .  
-Үндэсний үйлдвэрлэл, орон нутагт сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэх зорилгоор төрөөс  хийгдэж  буй бодлого байдаг уу?  
-Төрөөс хэрэгжүүлсэн Сүү үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүр нэг аяга сүү” хөтөлбөр хэрэгжиж байсан ч зогссон. Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-г орон даяар өрнүүлэхээр шийдвэрлэсэн ч хэрэгжилт нь орон нутагт муу байна.  Засгийн газар 2020 оноос зөвхөн өвлийн улиралд нийлүүлсэн сүүнд “Сүүний урамшуулал” олгож эхэлсэнээр сүүний нийлүүлэлт өссөн үзүүлэлтт бий. Гэвч Сүүний урамшууллын журам нь орон нутгийн үйлдвэрлэлд бүрэн нийцээгүй, хамрагдах боломжгүй байдаг. 
-Хэрэглэгчид сүү сүүн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа орон нутгийн үйлдвэрлэлийг сонгодог болов уу? 
-Манай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд танил болж хэрэглээд дадсан байдаг. Аймгийн иргэд төдийгүй бусад аймаг, хотоос ирсэн хүмүүс зорьж ирж худалдан авалт хийдэг. Аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс орон нутгийн бүтээгдэхүүнийг их сонирхдог.  
-Найнгийн ферм гэж олонтаа сонсож байсан танайх ферм дээрээ ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? 
-Анх 2005 онд ОХУ-аас сүүний чиглэлийн Симменталвь үүлдрийн үхэр оруулж ирж Үржлийн цөм сүргийн аж ахуй байгуулсан. Сүүний чиглэлийн үржлийн цөм сүргийн фермерийн аж ахуй-Өлзийт фермерийн аж ахуй байгуулсанаар гойд ашиг шимтэй үхрээр сүргийн бүтцийг сайжруулах, сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг бий болгох, малчин өрхүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, улмаар үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж ирлээ. Одоо 200 гаруй үхэртэй, сүүгээ үйлдвэртээ нийлүүлдэг. Туслах аж ахуйдаа тэжээлийн ургамал, хүнсний ногоогоо тариалдаг. Хадлан тэжээлээ өөрсдөө бэлтгэдэг. 
-Хүнсний үйлдвэрлэл өөрөө технологийн асар хөгжингүй салбарын нэг. Танайх лабораториос өгсүүлээд ямар технологи ашигладаг вэ? Сүүний үйлдвэрлэлд ямар дэвшил байна? 
-Манай үйлдвэр малчид, фермерүүдээс сүүгээ хүлээн аваад дээж авч шинжлэн хөргөлтийн танкинд хадгална. Хөргөлтийн танкнаас үйлдвэрлэл рүү шилжүүлнэ. Тараг, хурууд, аарц, өрөм, зайрмаг гэх мэт тухайн өдөр үйлдвэрлэх бүтээгдэхүүний сүүгээ аваад боловсруулалтанд оруулаад эцсийн бүтээгдэхүүн гарна. Хамгийн сүүлд савлагаанд орж хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болно. Технологийн хувьд уламжлалт аргыг орчин үеийн аргатай хослуулан үйлдвэрлэлээ явуулж байна. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танай хамт олны ажилд амжилт хүсье. 


 

  • Туяа
  • 218
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313