ХЯЗГААР НУТАГТ ТОХИЛОГ СУУРИН БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ ЯВНА

2022 оны 10-р сарын 11 өдөр

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Халхгол сумын Засаг дарга  Хүрэлбаатарын ХҮРЭЛ-ЭРДЭНЭ

37:1  булангийн энэ удаагийн зочин аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Халхгол сумын Засаг дарга  Хүрэлбаатар Хүрэл-Эрдэнэ. Халхгол сумыг монгол мэднэ. Түүхэн хөшөө дурсгал нь хүний сэтгэлийг хөдөлгөж,  Хянганы нурууны эхлэл  хөвчийн хэсэгхэн газар нь  харах нүдийг баясгам сайхан нутаг.  Үеийн үед үр шимээ өгсөн хөрс, хөлгүй их нуур Буйр гээд монголд данстай үнэ цэнэтэй зүйл Халхголд олны хэрээр асуудал ч их бий.  Энэ нутагт эзэн суугаа эрхэм хүмүүсийг  төлөөлүүлж Засаг даргатай нь ярилцсанаа хүргэе. 

-Сайн байна уу? Улсын тэргүүний сум болсонд баяр хүргэе.  Аль ч цаг үед Халхгол сум улсад нэрээ дуудуулсаар байх юм аа?   
-Баярлалаа. Хамгийн энгийнээр хэлэхэд Тэргүүний сумын хамгийн эхний шалгуур нь  төрөөс гарч буй бодлого шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж  байна?, хүн амьдрах таатай орчин бүрдэж чадаж уу гэдэгт анхаардаг. Манай сумын хүн ам сүүлийн гурван жил тогтмол өсөж байна.  Хүн амын өсөлт амьдрах таатай орчин бүрдэж чадсаныг харуулж байгаа байх.  Мөн тухайн сумаас аймгийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр, малын тоо толгойн өсөлт, газар тариалан,  уул уурхай, жижиг дунд үйлдвэрийн хөгжил гээд олон үзүүлэлт тэргүүний сум болоход нөлөөлнө.  2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хандиваар манай суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж  том бүтээн байгуулалт хийгдсэн нь энэ шагналыг хүртэх хөшүүрэг боллоо. Бид 2017 оны ажлаараа аймагтаа гуравдугаар байрт, 2019 онд хоёрдугаар байранд орж байлаа. Манай амжилт бол тасраагүй. 

-Сумдад хийсэн хөрөнгө оруулалтыг харахаар цэцэрлэг сургуулийн өргөтгөл, Спорт заалны шинэ барилга, Соёлын төвийн дээврийн засвар гээд хөвөрдөг л дөө. Танайх “Шинэ сум” төслийн ачаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг, Соёлын төв, Засаг даргын тамгын газар, төрийн байгууллагууд бүгд шинэ барилгатай болсон. Энэ нь улс, аймгийн асар их хөрөнгө оруулалтыг хэмнэж байгаа. Тэр хэмнэсэн хөрөнгийг одоо юунд төлөвлөж байна?  
-Таны харж байгаа өнцөг зөв л дөө.  Манай сум Халхголын сангийн аж ахуй гэж байх үеийн орон сууцны барилгуудтай. 1976 онд ашиглалтад орсон 8 айлын дөрөв,  16 айлын 14 байшин бий. Бусад сумаас ялгаатай нь бид тэр үеийн барилгыг балгас болгочихолгүй хуучны хэвээр нь авч үлдсэн. 2021 онд 1,2 тэрбум, 2022 онд 2,1 тэрбум  улсын төсвийн хөрөнгөөр нийтийн орон сууцнуудын инженерийн дэд бүтцийг сайжруулж байна. Байгаа юмаа арчилж тордоод ая тухтай амьдаръя, тийм биз дээ. Энэ жил инженерийн дэд бүтэц шинэчлэх ажлын 50 хувь хийгдсэн. Ирэх онд манай орон сууцны айлууд 100 хувь хананаасаа халуун ус авч, халаалттай байранд амьдарна. Төв магистрал шугамыг шинэчлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бол дотоод холболтуудыг уул уурхайн нийгмийн хариуцлагын гэрээ, бусад санхүүгийн  эх үүсвэрээс шийднэ. Энэ ажилтай уялдуулан уурын зуухны хүчин чадлыг нэмэх өргөтгөлийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж байна. Өөр нэг асуудал гэвэл аль Халхголын сангийн аж ахуйн үед ашиглалтад орсон Хамар давааны үерийн усны далан эвдэрсэн. Өөрөөр хэлбэл сум маань үерт автах магадлалтай болсон тул асуудлыг шийдэхэд хөрөнгө зарцуулагдана.  Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв нь төвөөс алслагдсан байдал, хүн амын тоогоор хуваарилагддаг. Манай суманд Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 700 орчим сая төгрөг батлагддаг. Тиймээс зарим асуудлыг  аймгийн төсөвт суулгуулахгүй өөрсдөө шийдэх боломжтой.  
-Халхгол сумын иргэдийн дийлэнх нь юугаар амжиргаагаа залгуулдаг вэ? 
-Манай сум төрийн албан хаагч олонтой. Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын анги нэгтгэлтэй.  Ерөнхий боловсролын хоёр сургуультай. Газар тариалангийн 10 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. 30 гаруй өрх Зөгийн аж ахуй эрхэлж байна. Сумын төвд амьдарч байгаа айлууд малгүй учир малчин өрх цөөн. Манай сум аймгийнхаа хамгийн цөөхөн малтай сум. Энэ жил 104000 толгой мал тоолуулсан. Хүн амын ихэнх нь суурин амьдралтай. Манай зөгийчид хоршоо байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Зөгийн балны нэгдсэн үйлдвэртэй, савлагаагаа хийдэг, ижил өнгө төрхтэйгээр зах зээлд нийлүүлдэг болох санал тавьсан. Манай сум 1300 гаруй бүл зөгийтэй. Жилдээ 20 гаруй тонн бал хурааж зах зээлд борлуулдаг.
-Хүн ам юугаар амжиргаагаа залгуулж байгаагаас үүдээд орон нутаг юуг хөгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болох байх л даа? 
-Сум  улс, аймгийн бодлогын дагуу хөгжлөө тодорхойлох нь мэдээж.  Бусад сумтай харьцуулахад Халхгол сум онцлогтой. Бидэнд хамгийн чухал нь ажлын байр. Малчид мал нь эрүүл, худаг ус, бэлчээр байхад асуудал үүсэхгүй. Халхгол сум хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар хөгжинө. Халхголын хөрсөнд ургасан гурил, үнээний сүү , зөгийн балны орцтой цэвэр Халхголын брэнд бий болгож зах зээлд нийлүүлэх ажлыг эхэлсэн. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан намрын үзэсгэлэн худалдаанд  Халхголынхоо брэнд бүтээгдэхүүний дээжээс танилцууллаа. Зөгийн бал, цагаан идээг дангаар нь биш бүтээгдэхүүн болгож нийлүүлэх нь зүйтэй. Сумын зүгээс аж ахуйн нэгжийг  үйлдвэрлэл үйлчилгээ явуулах байраар хангана. Хоёрт: аялал жуулчлалын маршрутад Буйр нуур, Ялалт баг, хөшөө дурсгал, сумын төв багтдаг. Энэ урсгал дунд жуулчдад ямар л үйлчилгээ шаардлагатай байна, түүнийг нь үзүүлж гүйцэлдүүлэхийг зорьж байна. Манай сумын Ялалт багт  1000 гаруй хүн оршин суудаг тоомоохон суурин. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ялалт багийг Баянхошуу хилийн боомтыг түшиглэсэн бүс нутаг болгон хөгжүүлэх сонирхолтой байна.   
-Буйрыг зорьж байгаа хүмүүс  зам, бие засах газар гэсэн хоёр л асуудал ярьдаг?
-2019 оноос дотоодын аялал жуулчлал эрс өссөн. Манайд жилд 20 мянган аялагч зорчиж байна. Аялал жуулчлалыг дагаад орон нутгийн иргэдийн амжиргаа дээшилнэ. Анхандаа бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ аймгаас татаж амжихгүй, үйлчилгээ үзүүлэх тав тухтай орчингүй, амралтын газар цөөн барьц алдаж л байлаа.  Одоо бол хэдэн сард ямар байх вэ гэдгээ мэддэг, урьдчилж бэлддэг болсон.  Аймгийн төвөөс Халхгол сумын төв хүртэл хатуу хучилттай зам тавих ажил улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2020-2024 онд Чойбалсан Халхгол чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг эхлүүлнэ гэж  тусгагдсан.  Аймгийн Засаг даргын санаачлагаар Буйр нуурын эргийн дагуух цахилгаан шугам татах 400 гаруй сая төгрөгийн ажил хийгдэж байна. Эрчим хүчээ татчихвал дагаад нуурын эрэг дээрх аялал жуулчлалын баазуудын орчин нөхцөл сайжирна. Энэ жил сумын төвд аялагчдад зориулсан боловсон бие засах газар бий болсон.  Ирэх жил Бурхант, Буйр нуурын эрэгт отоглох цэг байгуулж боловсон 00-той болно. Төр аялал жуулчлал хөгжих боломжоор нь хангана, түүнийг иргэд авч явна. Аялал жуулчлал бол иргэдийн амжиргаа мэдэгдэхүйц дээшилдэг онцлогтой салбар. Бид ирсэн зочдыг сэтгэл хангалуун ая тухтай байлгахад л анхаарч чадвал эргээд үр өгөөжөө өгөх сууриа бэлдэж байна гэсэн үг.  
-Сумын иргэдийн дунд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга хоёрын аль нь илүү нэр хүндтэй вэ? 
-\Инээв\ Миний л хувьд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь,  сумын Засаг дарга нэрэнд дарагддаг. Иргэд сумын Засаг даргатайгаа илүү ойр. Сумын Засаг дарга аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр суух нь тойргийнхоо асуудлаа мэддэг давуу талтай. Өөрөө мэдэж байгаа учир иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны үед бодит байдал дээр асуудал ямар байгааг бусдаас тодруулах шаардлагагүй.  
-Танай сумын нутаг болох Газрын тосны 21-р талбайд газрын тос олборлож, тээвэрлэдэг. Сумын Засаг дарга үүнд ямар эрх мэдэлтэй оролцдог юм бэ? 
-Би 2001 оноос төрд алба хашсан. Сумынхаа ЗДТГ-т байгаль орчны байцаагчаар 8 жил ажилласан. 2016 оноос орон нутгийн улс төрд хөл тавьсан. Тэр үед газрын тосны асуудал байж л байсан. Газрын тосны асуудал бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулагддаг учир орон нутагт эрх мэдэл бага. Сумын Засаг дарга хуулиараа тус компанийн үйл ажиллагаатай танилцах л эрхтэй. Усны тухай хуулиар аливаа төрлийн аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүй ус ашигласан тохиолдолд сумын Засаг дарга үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулинд орон нутгийн Засаг захиргаа, Газрын тосны тухай хуулинд сумын Засаг дарга нийгмийн хариуцлагын гэрээг хийнэ гэж хуульчилсан. Ийм л эрх мэдлүүд бий дээ.  
-“Петрочайна дачин тамсаг” ХХК-тай хэдэн удаа нийгмийн хариуцлагын гэрээ үзэглэсэн бэ? 
-Өмнө нь “Петрочайна дачин тамсаг” компани манай сумтай 35 мянган долларын нийгмийн хариуцлагын гэрээ хийдэг байсан. 2017 оноос хоёр тал саналаа тусгаж, харилцан зөвшилцөж гэрээ байгуулах саналыг удаа дараа хүргүүлж ажилласан. Мэдээж тэдний зүгээс зөвшөөрөөгүй. “Петрочайна дачин тамсаг” компани манай сумтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй хэдэн жил болсон. Үүний дараа  “Петрочайна дачин тамсаг” компани орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар Мэргэжлийн хяналтын байгууллага торгууль тавьсан. Хуулийн хүрээнд 30 сая төгрөгийн л торгууль хүлээдэг юм билээ. Тэр нь тус компанид ашигтай.  Торгуулаад л яваад байх хандлага тэдэнд байсан учир Төрийн бус байгууллагатай хамтран шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон нийтийн хүчийг авч анх удаа Халхгол сум “Петрочайна дачин тамсаг” компанитай 450 мянган доллараар нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан. 2020 оны гэрээний төлбөрөөр сумын төвийн орон сууцны инженерийн шугам сүлжээг шинэчилж айл өрхүүдэд халаалт тавьж байна. Хоёрдугаар баг буюу Ялалт багт эмнэлэг, багийн ажлын албаны байр барьж байна.  2021, 2022 оны нийгмийн хариуцлагын гэрээ хийгдээгүй байгаа. 
-Газрын тосноос гадна өөр ямар уурхай байна?
-Сүмбэр боомтын наана төмрийн хүдрийн нэг уурхай бий. Одоогоор үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна. Тус уурхайд орон нутгийн 10 орчим иргэн ажилладаг. Газрын тосонд манай сумын  20 орчим хүн ажилладаг. Сонгон шалгаруулалтад нь тэнцдэггүй юм билээ.  
-Манай суманд тэр дарга байхдаа ийм юм хийгээд одоо тэр нь энэ гээд ярих хүн олон таардаг. Таны өнгөнд юу үлдэх бол? 
-Хэн ч бай улс төрд орохдоо орон нутгаа хөгжүүлье л гэж зорьдог. Бид ч мөн адил. Сумын Засаг дарга болоод “Цэвэр орчин” зорилтот жилийг зарласан. Хүмүүс яасан  жижиг асуудал ярьдаг юм дээ. Том зорилго тавиач гэж хэлж л байсан. Тэр үед манай сумын хуучны эвдэрч муудсан барилгууд хогоор дүүрсэн, сумын төв рүү орж ирэхэд уул овоо шиг их хог л харагддаг байлаа. Одоо сум маань гудамж талбайн цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудтай болж бид хог биш ая тухтай орон сууц  ярьж байна. Хогноосоо  салаагүй байсан бол та сумынхаа хогны асуудлыг яаж шийдэх гэж байна  гээд яриагаа эхлэх байсан биз. Тэгтэл өнөөдөр Улсын тэргүүний сумаар ярилцлагаа эхэлж байна. Энэ ажил, энэ нэр л үлдэх болов уу.  Манай аав Сангийн аж ахуйн Ерөнхий инеженер байсан. Миний хүүхэд нас гол дээр хоккей тоглож, хөлдөө тэшүүр углаж сумын төвөөр гулгаж өнгөрсөн.  1990 оны нийгэм солигдох шуурганд сангийн аж ахуйн сайхан бүтээн байгуулалтууд нурж, тог цахилгаангүй болж,  нүүх нь нүүж сум маань эл хуль болсон. Хуучны сайхан цаг шиг биш юм аа гэхэд халаалттай байранд амьдарч халуун ус хэрэглэдэг болгочих юмсан гэсэн хүсэл байсан. Бодож төлөвлөсөн ажил биеллээ олж урагшлана гэдэг сайхан. Гэхдээ энэ ажлыг би ганцаараа хийнэ гэж байхгүй шүү дээ. Хамтдаа нэгэн зүгт харж нэгэн зорилгын төлөө зүтгэж буй сумын ИТХ, хамт олон гээд бүх хүнд баярлаж явдаг юм.  Хязгаар нутагт тохилог суурин бий болгохыг зорьж л явна даа. 
-Ингэхэд Халхголын  чөлөөт бүс юу болов? 
-ХХААХҮЯ-ны Чөлөөт бүсийн захиргаанаас Халхголын чөлөөт бүсийн 500 мянган га газрыг 169 мянган га болгох санал, зураг төсөл ирүүлсэн. Гурван багийн ИНХ-аараа энэ саналыг хэлэлцүүлсэн.  Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд тооцож дээд тал нь 120 мянган га газар байх  саналыг орон нутгийн зүгээс хүргүүлсэн.  Бид 169 мянган га газрыг ч том гэж харж байгаа. 
-169 мянган га гэдэг танай сумын хаанаас хаа хүртлэх нутаг вэ?
-Одоогийн Халхголын талд газар тариалан эрхэлж байгаа 40 мянган га талбай тэр чигээрээ багтана. Түүнээс гадна 2014 онд тариалангийн газар нэмж олгохоор санал болгож байсан 50 мянган га газар орно. Иргэдийн тариалан эрхлэхээр хүсэлт гаргадаг 10 мянган га газар нэмэгдэнэ. Ингэхээр 100 мяган га  тариалангийн бүс болно. Үүнээс гадна боомт дээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хадгалж, хяналт шалгалт хийж экспортлох 10 мянган га газар хүссэн.  Боомт түшиглэсэн 100 га байх боломжтой гэж бид харж байгаа.  Хэрвээ ингэж шийдвэл айлуудын өвөлжөө хаваржааны бэлчээр орохгүй 129 мянган га газрыг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр ашиглах боломжтой.  Багийн иргэдийн нийтийн хурлаар бид энэ саналыг хэлэлцүүлсэн.  Иргэд дэмжээгүй. Газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг зөрчигдөхгүй тариалалтаа хийж болох юм байна. Ургац маань боомт дээр хяналт шинжилгээнд хамрагдаж экспортод гарна. Тэртээ тэргүй тариалалт эрхэлдэг бүс юм чинь боломжтой гэж гуравдугаар багийн иргэд дэмжсэн. Нэг, хоёрдугаар багийн иргэд дэмжээгүй. Иргэд дэмжсэнгүй гэдэг шийдвэрийг ХХААХҮЯ-ны Чөлөөт бүсийн захиргаанд хүргүүлсэн. 2019 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлсэн ш дээ. Түүнийг дагаад Нөмрөгийн Дархан газрын захиргаа байгуулагдсан. Халхголын Чөлөөт бүсийн нутагт багтаж байсан Таван ташгай нуурыг байгалийн нөөц газраар Улсын тусгай хамгаалалтад бүртгэсэн. Аливаа газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авдаг. УИХ-ын тогтоол Засгийн газрын тогтоолын дээр байх учиртай.  Тэгэхээр Халхгол сумын 500 мянган га газар Чөлөөт бүс байгуулах тухай  Засгийн газрын тогтоол өөрчлөгдөж таарна.  Нэгэнт тогтоолд өөрчлөлт орох учир 169 мянга га-г 129 мянга болгох саналыг бид гаргасан нь тэр.  Халхголын чөлөөт бүсийн 500 мянган га газарт албан ёсоор 70 гаруй, албан бусаар 100 малчны малын бэлчээр давхцаж байгаа юм. Айл амьтангүй эзгүй шил нутаг биш олон жил өвөг дээдсийн үеэс нутаглаж ирсэн газраа өгнө гэхээр иргэд дургүйцэнэ.      
-Халхголын газар нутагт олон хүн санаа зовдог. Газар тариалангийн компаниудад өгчихлөө, гадаадын иргэд авчихлаа гэх яриа бий.  Энэ тал дээр сумын Засаг даргын  үүрэг оролцоо ямар байдаг юм бол?  
-Сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлдэг. Сумын Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх захирамж дээр гарын үсэг зурах нь хамгийн сүүлийн үе шат. Түүний өмнө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гарна, сумын ИТХ- аар дээрх төлөвлөгөөг батлана. Газар эзэмшүүлэх бол дуудлага худалдаа заавал зохион байгуулна. Бэлчээрийн газрыг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор тариалангийн газар болгон шилжүүлдэг хуультай. Би дур мэдэж олгох үндэслэл ч байхгүй, тийм газар ч байхгүй. Намайг энэ ажилд томилогдохоос өмнө тариалангийн газар нутгийн хэмжээг тогтоогоод бүгдийг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлчихсэн. Халхголд “Алтай групп”, “Дорнод гурил”, “Ариг ус”, “Жи эс агро”, “Мөнх тал”, “Үйзэн тал”, “Үйзэн тал групп”,” Халх буудайн цацал”, Уртнасан гуай гээд  9 компани,  нэг иргэн газар тариалан эрхэлдэг. 
-Энэ зун төрийн бус байгууллагаас газрын тосны тээвэрлэлтийг зогсоох жагсаал зохион байгуулсан. Тэр жагсаалыг тараах захирамж гаргасныг тань  буруутган нэлээн юм боллоо. Тухайн үед тантай холбогдох гээд чадаагүй ч энэ удаад цаг зав гаргасанд баярлалаа. Таны ярилцлагаас олон нийт юу ойлгоосой гэж хүсэж байна? 
-Би төрд 21 жил ажиллажээ. Хэрвээ би төрийн албан хаагч болоогүй байсан бол юу хийх байсан бол гэж бодохоор тийм, ийм гэх бодол орж ирдэггүй юм. Тэгэхээр би өөрийн хийх ёстой ажлыг л хийж байгаа байх. Энэ зун “Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тос тээвэрлэлтийг зогсоох  төрийн бус байгууллагын жагсаалыг тараах захирамж гаргаснаараа сошиалаар нэлээн нүдүүллээ. Миний хувьд төрийн шийдвэрийг л биелүүлсэн. Түүнийхээ төлөө янз бүрийн доромжлолыг амслаа.  Би биш юмаа гэхэд өөр хэнч  байсан тэр захирамжийг гаргах л байсан. Миний гаргасан захирамж зарим эрсдэл үүсэх нөхцөлөөс  сэргийлсэн  байхыг ч үгүйсгэхгүй. Би иргэдээс өөр зүгт хараагүй, нэг л зүгт харж яваа.  Би Төрийн бус байгууллагаар дамжуулан “Петрочайна дачин тамсаг” компанитай нийгмийн хариуцлагын гэрээ, газрын төлбөрийн асуудлаар жил гаруй хугацаанд шүүхдэлцэж  байгаа хүн. Хүүмүүсийн доромжилж байгаа шиг тус компанид үйлчилдэг бол шүүхдэлцэж явах уу.  Тухайн цаг үед төрийн эрх бүхий байгууллагуудаас удаа дараа жагсаал тараах тухай үүрэг өгсөн. Нэг үгээр хэлбэл “хайчинд” орсон л доо. Мэргэжлийн байгууллага буюу цагдаагийн байгууллагаас хууль зөрчсөн үйл ажиллагаа болж  болзошгүй байна гэдэг дүгнэлт өгсөн. Сумын Засаг даргын зүгээс жагсаал цуглааныг тараах л захирамж гаргасан.    
-Баярлалаа, Энэ удаагийн ярилцлагыг ингээд өндөрлөе. Төрийн ажил хийж яваа хүн сэтгүүлчтэй олонтоо таарах байх. Тэр үед дахин яриа өрнүүлье. Танд ажлын амжилт хүсье.


 

  • Туяа
  • 226
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313