МАНАЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ӨӨР СОНГОЛТ ХИЙХ, ЭНЭ БҮХНИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХ НЬ БИЙ

2022 оны 10-р сарын 11 өдөр

Ардчилсан намын гишүүн, Ардчилсан Залуучуудын Холбооны Хяналтын зөвлөлийн дарга Эрхэмбаатарын ТӨМӨРБААТАР: 

Ажил, амьдрал нь тэгш, өөдөө яваа Дорнодын залуус Улаанбаатар хотод олон бий. Тэдний нэг бол Эрхэмбаатарын Төмөрбаатар. Тэр Хэрлэн сумын гуравдугаар баг "Хөх шир" хорооллын хүүхэд. Амьдрал хөөж нутгаасаа эрт гарсан түүнийг үеийнхнээс нь өөр таних хүн ховор байх. Төмөрбаатарын аав Амарсайханы Эрхэмбаатар нь Дорнодын авто баазад жолооч байсан тэрээр 1990-ээд оны нийгмийн шилжилтийн ороо бусгаа үед Хавирга, Эрээнцавын боомтоор урагш, хойшоо ганзагын наймаанд гарчээ. Өвөө Я.Амарсайхан нь Дорнод аймгийн "Мал үржлийн станц"-ын даргаар ажиллаж байгаад 1999 онд гавьяаныхаа амралтад гарсан. Ээж Дондовын Мандармаа нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул бөгөөд Дорнод аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг төгсөж, аймгийн дулааны цахилгаан станцын туслах аж ахуйд агрономичаар ажиллаж байсан.  Хөлөө олсон залуус унасан газар, угаасан усаа зориод ирж байгаад нь олзуурхан баярламаар.  Холын хүнээс үг сонс гэдэг. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Яриагаа шуудхан эхэлье. Төмрөө одоо ямар ажил эрхэлж байна?  
-Сайн байна уу? Намайг урьсан танай сонины хамт олонд баярлалаа. Би Хэттрик групп  компанийн захирлаар ажилладаг.  Манай компани 72 ажилтантай, улс хоорондын ачаа тээвэр,  Олон услын тээвэр зууч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Манай аав тээврийн жолооч хүн. Жолоочийн хүүхэд болохоор багаасаа л автомашин сонирхох болж тэр хоббигоороо тээврийн бизнес эрхлэх болсон гэх үү дээ. Бусдын адилаар бизнесээ нэг машинтай эхэлж байлаа. 
-Ардчилсан намд хэзээнээс ажиллах болов? 
-2012 оноос. Одоогоор Ардчилсан Намын Залуучуудын Холбооны Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байна.
-Намын залуусыг хэний хүн бэ гэж л асуудаг ш дээ? 
-Би 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын дарга Норовын Алтанхуягийн багт ажилласан. Монгол Улсын Ерөнхий Сайд болоход туслах нь байлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн олон амжилттай төсөл дээр хамт ажиллаж байсан болохоор намайг Н.Алтанхуягийн хүн гэж хардаг биз. Тэр он жилүүд урт биш ч төрийн ажлын дөр сууж, миний хувьд сайхан туршлага болсон. 
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

-Энэ цаг үед Ардчилсан намыг сонгож ирсэн нь улс төрийн карьер хөөсөн хүнд эрсдэлтэй юм шиг ээ? 
-Нэгдүгээрт, Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлал миний хувь хүний үнэт зүйлтэй нийцдэг. Хоёрт, улс төрийн албан тушаалд амар хялбар аргаар хурдан очих нь надад ерөөсөө ч чухал биш. Гуравт, Дорнод нутаг минь хөгжөөсөй гэсэн сэтгэлээр ирсэн. Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ хамт аймгийн хөгжлийг хурдасгах хүч нь болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. 
-Ардчилсан нам хэд ч хуваагдчихаад байгаа юм, жирийн иргэд учрыг нь олоход бэрх байх шиг. Танай нам одоо ямар байдалтай байна вэ? Олон нийтэд яаж ойлгуулахыг хүсч байна?
-Өнөөгийн нөхцөл байдал ерөөсөө МАН-ын захиалгаар явагдаж байгаа нь илэрхий зүйл. С.Эрдэнэ гэдэг хүн энэ намыг үймүүлж байгааг улс даяараа харж байна.  С.Эрдэнэ 2020 оны сонгуульд намаа ялагдуулсан, өөрөө УИХ-ын гишүүн болж чадаагүй. Ардчилсан намын дүрмээр бол сонгуульд ялагдуулсан дарга  хариуцлагаа хүлээж ажлаа өгөх зохицуулалттай.  Тэр хүн тамгаа өгснөөс хойш  зургаан сарын дараа буюу ковидын үед Ардчилсан нам дараагийн намын даргаа сонгож амжаагүй байхад гэнэт гарч ирээд намын тамгаа гээчихсэн гээд улсын бүртгэлээс шинэ намын тамга хийлгээд авчихсан. Ийм хөгийн ажил эрх баригч Монгол Ардын Намаас л гарах зүйл. Яагаад гэвэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын  тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлэхгүйн тулд МАН өөртэй нь өрсөлдөх С.Эрдэнийг тамгатай нь захиалж л дээ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ гурван нэр дэвшигчийн сүүл мушгиж цагаан хуудасны ард орсон. Энэ бол Ардчиллын түүхэнд хар мөр үлдээсэн үйл явдал. Дараа нь шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад хоёр удаагийн Улсын Их Хурлын нөхөн сонгууль, орон нутгийн нөхөн сонгуульд хуурамч тамгаараа оролцож ахин ялагдуулсан.  С.Эрдэнэ гэдэг хүн Ардчилсан намыг үймүүлээд байгаа нь хэн хүнд маш тодорхой байгаа биз дээ. Түүнээс биш Х.Баттулга даргатай Ардчилсан нам үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Нийгмийн хандлага, намын гишүүдийн уур амьсгалыг харахад 98 хувь нь Х.Баттулга даргатай үндсэн нам дээрээ үйл ажиллагаагаа явуулсаар  байна. С.Эрдэнэ гэдэг хүнд  хилийн хориг тавигдаж. 2 хавтаст хэрэг үүсчихсэн байгаа. Ардчилсан намын хуурамч тамга атгаж Ардчилсан намыг хоёр хуваагдсан мэтээр харагдуулж байгаа нь өөрийгөө л аварч буй хэрэг болохоос ардчиллаа бодсон хэрэг огтоос биш. 
-Танай намын аль тамга нь жинхэнэ юм бэ? 
-Ардчилсан намын албан ёсны тамга Х.Баттулга даргад бий. Ардчилсан нам шүүхэд хандсан.  Шүүхийн процесс үргэлжилж л байна. 
-Аймгийн намын хувьд аль талд нь байна?
-Дорнод аймгийн Ардчилсан нам нэгдмэл байгаа. Намын гишүүд дэмжигчид маань санаа зовох зүйлгүй. Бид аль ч цаг үед эв нэгдлээ ханган ажиллана. Ардчилсан намд нэг үе солигдож байгаа ч бид ахмадуудынхаа үгийг сонсож, тэднийхээ туршлагад тулгуурлан хамтдаа зүтгэнэ. 
Нам гэдэг төрийн бус байгууллагын эцсийн зорилго нь улс төрийн сонгуульд ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх. 2024 оны сонгуульд Ардчилсан намыг ялуулахын төлөө бид бүгдээрээ хичээх хэрэгтэй. Нутаг орныхоо хөгжлийн шинэ концепцийг оруулж ирнэ. Ардчилсан нам шинийг эрэлхийлэгч шинэ боломжийг нээгч нам. Ийм намыг босгож ялалтанд хүргэхэд мянга мянган гишүүдтэйгээ мөр зэрэгцэн хамт явах болно. Дорнод аймаг Ардчиллын өлгий нутаг.  Ардчиллын салхи энэ нутгаас л сэвэлзэх учиртай. 
-Саяхан Х.Баттулга дарга Дорнод аймагт ажиллаж Дашбалбар суманд Удирдах ажилтнуудын зөвлөгөөн хийсэн юм билээ. Та энэ үйл ажиллагаанд оролцсон уу? 
-Дорнод аймгийн Дашбалбар сум Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн уугуул нутаг. Ардчилсан намын дарга Х.Баттулга, аймгийн намын удирдах ажилтнууд Санжаасүрэнгийн Зоригийн нэрэмжит сумын сургуультай танилцаж, сургалт зохион байгуулж,  сургалтын тоног төхөөрөмж бэлэглэн, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлсэн.   Дашбалбар суманд 1992 оноос 2020 хүртэл аль ч шатны сонгуульд Ардчилсан нам ялагдаж үзээгүй. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам оролцож чадаагүй. Аймгийн Сонгуулийн хороо албан ёсны тамгатай Баттулга даргатай Дашбалбар сумын Ардчилсан намыг сонгуульд бүртгээгүй. Аймгийн намын хорооноос Дашбалбар суманд Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулсан нь намын гишүүд, дэмжигчдээ дэмжиж хөгжүүлэх, итгэл үнэмшлийг нь нэмэгдүүлэх  ач холбогдолтой байсан. Энэ үйл ажиллагаанд оролцсон. Нам сонгууль болохоор гишүүдээ мэддэг биш, гишүүд, дэмжигчдээ үргэлж хөгжүүлж, ардчиллын  үнэт зүйлийг бэхжүүлж байх ёстой. 
-Танд Дорнодын хөгжил хэрхэн харагдаж байна? 
-Монгол улсын хэмжээнд аймгийн төвдөө дулааны цахилгаан станцтай гуравхан газар бий.  Манай станц 36 мвт байсан бол 50мвт-аар нэмэгдэж 86 мвт болох өргөтгөл хийгдэж байна. Ингэхээр дулаан, цахилгааны хүрэлцээ нэмэгдэж бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих боломжтой болно. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн төв нь Дорнод аймаг байх боломж бий.  Зах зээлийг орон нутгаар хязгаарлаж болохгүй. Бидэнд 1,5 сая хүнтэй нийслэл хотын зах зээл ч нээлттэй, дэлхийн зах зээл ч нээлттэй.  Бидэнд дэд бүтэц, цахилгаан, дулаан байна гэдэг үйлдвэрлэл хөгжих том өгөгдөл. Үүнээс гадна манай аймаг ХАА, газар тариалангийн нөөц сайтай нутаг. Энэхүү нөөц дээр томоохон үйлдвэрүүд авч ирэхэд л ажлын байр нэмэгдээд явчихна. Ажилтай орлоготой иргэд аймгийн хөгжлийн үндэс. ЖДҮ-ийн зээлийг улс төрчид нь авчихдаг биш ЖДҮ-ийн зээлийг орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчид нь авах ёстой. Хувиараа бизнес эрхэлдэг хүний хувьд хэлэхэд төрийн оролцоо бизнест хамгийн их саад болдог.  Төр хяналт тавьж, зөвшөөрөл олгохдоо авилгалын сүлжээнүүд бий болгодог. Төр дэмжихгүй юмаа гэхэд оролцохгүй байхад л уг нь бизнесүүд толгой даагаад явчихаар байгаа юм.
-Энэ тал дээр танай нам юу хийж байна?  
-Манай нам одоогоор эрх барихгүй байгаа ч зүгээр суухгүй байгаа.  Бид аймгийн хөгжлийн шинэ хөтөлбөрийг боловсруулж байна. Аливаа зүйл удахаараа нэгэн хэвийн болдог. Өөр өнцгөөс харж чадахаа больж вакумждаг нь эрх баригч аймгийн МАН-аас бэлээхэн харагдаж л байна. Ажил хийхгүй бол алдаа гарахгүй. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй л суугаа хүмүүс. Тэгж суугаа болохоор ард түмний амьдрал арав хорин жилийн өмнөх янзаараа. Гэтэл хөрш аймгууд маань хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хөгжлийн замдаа орж, тэнд шинэ үйлдвэрлэл үйлчилгээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.  Энэ нь тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд нь аймаг орон нутгийн удирдлагуудтай хэл амаа сайн ололцож,  улсын төсвийн хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна. Орон нутгийн удирдлагууд нь хувийн хэвшлээ дэмжин хамтран ажиллаж байна. Ердөө л энэ шүү дээ. 
-Ер нь яагаад Ардчилсан намыг, тэр дундаа Дорнод аймгийн Ардчилсан намыг дэмжих ёстой юм бэ? 
-За би ганцхан жишээгээр хариулъя. Ардчилсан нам 90 оноос хойш буюу сүүлийн 32 жилийн хугацааны есөн сонгуульд хоёр л удаа ялж засагласан. 1996-2000 оны хугацаанд жишээ нь хувийн өмчийг баталгаажуулж,  малыг малчдад, орон сууцыг иргэддээ хувьчилсан. 2012-2016 онд 3000 км авто зам тавьж 21 аймаг нийслэл хоттойгоо холбогдсон. Үүнд манай аймаг ч багтаж байгаа. Гэтэл МАН сүүлийн 6 жил Дарханы 200км замтайгаа ноцолдсоор л сууна. Манай Дорнод аймгийн хувьд ардчилал ялсанаас хойшхи 32 жилийн хугацаанд 1996-2000 оны дөрвөн жилд л засагласан. Ингээд харвал засагласан, эрх барьсан хугацаа ямар харьцангуй зөрүүтэй байгааг та бүхэн дор бүрнээ тооцоод үзээрэй. 28:4 ийм харьцаа гарч ирнэ. Дорнод аймгийн иргэдэд өөр сонголт хийх, энэ бүхнийг өөрчлөх эрх нь байгаа. Тэр эрхийг ардчилсан сонгууль бидэнд олгодог. 2024 оны сонгуулийн ялалтыг Дорнод аймгийн иргэд Ардчилсан намд өгөх чухал цаг мөч ирээд байна. 

 

Ярилцлагын төгсгөлд түүнээс Улаанбатар хотод суугаа нутгийнхантайгаа уулзаж байна уу? гэвэл “Дорнодынхон бол  хотод очсон хотын хүүхдүүд.  Дорнодын залуус Улаанбаатарт зовхи нь өөдөө явдаг. Ажил амьдрал нь амжилттай яваа хүмүүстэй уулзаж  орон нутгийнхаа төлөө хамтарч ажиллах нь манай намын бас нэг ажил. Нутаг усаараа уулзаж хөгжил ярих нь жалга довны үзэл биш ээ.  Намын зүгээс Дорнодын угшилтай залуучуудын уулзалтуудыг үе үе  зохион байгуулдаг.  “АН-ын Дорнод”, “МАН-ын Дорнод” гэж байхгүй ш дээ. Бид намаас үл хамаарч Дорнод нутгийнхаа хөгжлийн төлөө нэгдэхийг л хүсэж байна” гэсэн юм.
 

  • Туяа
  • 603
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313