“ААВ АА, ШИНЭ БАЙРАНДАА ХЭЗЭЭ ОРОХ ЮМ БЭ” ГЭХЭД НЬ ХЭЛЭХ ҮГ үнэндээ ОЛДООГҮЙ

2022 оны 10-р сарын 11 өдөр

Зэвсэгт хүчний 327-р ангийн ахлагч, Монголын Хэт холын марафон гүйлтийн Холбооны шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Цэрэгжилтийн гимнастикийн мастер Соёл-Эрдэнийн Батцэнгэл

Дэлхийн хамгийн дээд амжилтыг хэмжиж болохуйц бүхий л төрлөөр бүртгэдэг Геннисийн номд Монгол улсын нэрийг нэгээр нэмсэн Зэвсэгт хүчний 327-р ангийн ахлагч, Монголын Хэт холын марафон гүйлтийн Холбооны шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Цэрэгжилтийн гимнастикийн мастер С.Батцэнгэлийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 2.8 метрийн өндөртэй турник дээр гурван минутад 100, 35 минутад 1111 удаа сонс эргэж Геннисийн шинэ рекордыг тогтоосон юм.

-Сайн байна уу? Дэлхийн түүхэнд тодоор бичигдэх таны амжилтаас хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Эхлээд өөрийгөө танилцуулаач?
-Намайг Соёл-Эрдэнийн Батцэнгэл гэдэг. Айлын ганц хүү. 1996 онд Хэрлэн суманд төрсөн. Гурван нас хүртлээ эцэг эхийн гар дээр байсан. Цэцэрлэг, сургуулийн насаа ах эгч дээрээ өнгөрүүлж, зуны амралтаар л гэртээ очдог байлаа. 2013  онд Улсын тэргүүний 5-р сургуулийг төгсөж, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн Ахлагчийн сургуульд элсэж Наводчик мэргэжлээр төгссөн. 2014 оноос Зэвсэгт хүчний 327-р ангид томилогдон ажиллаж байна. Эхнэр, гурван хүүхэдтэй, жирийн сайхан амьдарч байна даа. 
-Дэлхийн дээд амжилтыг эвдэхэд танд юу нөлөөлөв. Хэзээнээс бэлтгэл сургуулилтаа эхэлсэн бэ?
-Монгол цэргийн  ур чадварыг, монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулах л анхны зорилго  байсан. Эмээгээрээ тэтгэврийн зээл авахуулж, хэдэн найзууд маань мөнгө цуглуулж гараашаа барьж байсан. Тэр үеэс л бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж эхэлсэн дээ. Сүүлд Үндэсний Батлан хамгаалахын Их сургуульд очиж өөрийн дасгалжуулагчтай болсон. Би чинь мэргэжлийн гимнастикч биш шүү дээ. Сонирхлоороо гудамжны турникээс эхэлж, армид ирснээр тэмцээн уралдаануудад орж эхэлсэн. Анх 2016 онд Зэвсэгт хүчний Цэрэгжилтийн гимнастикийн Аварга шалгаруулах тэмцээний бэлдэх сорилд 100 удаа эргэж түрүүлсэн. Ингээд дараагийн тэмцээнд 463 удаа эргэж алтан медаль хүртсэн. Үүнээс хойш 2018-2020 он хүртэл аваргын амжилтаа алдалгүй “би үүнээс илүү юу хийж болох вэ” гэж бодох болсон. Улсын чанартай уралдаануудад сонс эргэх төрөл байхгүй байсан учраас “Геннис”-ийн амжилтыг эвдэхээр судалж, 2021 оноос бэлтгэлдээ эрчимтэй орсон.  Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяраар 1101 удаа эргэсэн бол 6-р сарын 30-ны өдөр үндсэн бичлэгтээ орж 1111 удаа эргэж Дэлхийн дээд амжилтыг  тогтоож чадсан. 
-Цэргийн албан хаагчийн давуу тал байгаа л байх.  Хүмүүс тэсвэр хатуужилтай, бие бялдрын хувьд чанга хатуу болдог гэдэг? 
-Цэргийн албанд ажиллах байгаа маань мэдээж нөлөөлөлгүй яахав. Аав, ээж маань хүүхэд ахуйгаас хатуужилтай өсгөсөн. Зорьсондоо хүрдэг, эхэлснээ заавал дуусгадаг зан чанарыг  надад суулгасан. Аав, ээж хоёр маань Баянтүмэн суманд мал маллан амьдарч байна. Би багаасаа л мал дээр өссөн. Хонь эргүүлж, адуу мал хариулж, хурдан морь унадаг уралдаанч хүүхэд байлаа.Энэ нь тамирчин болоход хүргэсэн байх.
-Сонс эргэлтийн техникийг хэнээс сурав?
-Анхны зорилго маань 1206 удаа эргэх байсан. Эргэлтийн явцад бэхэлгээ маань суларч, бүр мултрахад хүрсэн учраас дөрвөн нэг дээр зогсооё гэж шийдээд 1111 эргэсэн. Мэдээж, энэ амжилтад хүрэхэд өөртөө том зорилго тавьсан. Өвдөж байсан ч өвдөөгүй юм шиг, ядарч байсан ч ядраагүй юм шиг байсан ч түүний цаана асар их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж таарна. Гар цуцаж тулж чадахгүйд хүрэх ч аюул тулгарч байсан. Спорт хувь хүнээс эрсдэл үргэлж шаарддаг. Мөн сэтгэл зүйгээ өдөр бүр бэлтгэж байсан. Эргэлт хийж байх үедээ анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй байх нь хамгийн чухал. За тэгээд хүчээ маш сайн зөв хуваарилж, амьсгаагаа зохицуулах хэрэгтэй. Сонс эргэх үед биеийн бүх булчин ажиллаж, чангардаг. Хөлийнхөө өлмийгөөс савалт авахаас эхлээд анхнаасаа зөв техник шаардлагатай. Гэдэсний таталт, гар суниалт, мөр нурууны дасгалаас эхлээд амьсгаагаа задлахын тулд гүйх гэх мэт өдөр тутмын тасралтгүй  бэлтгэл сургуулилтын хүчинд тэр бүх техникийг эзэмшинэ. Сонс эргэлт нь булчин зөв хөгжиж, бие бялдаржих олон давуу талтай. 
-Цаашдын зорилт тань юу вэ? Өөр төрлөөр хичээллэж Геннист бүртгүүлэх бодол байна уу? Таны энэ рекорд эвдэгдвэл...?
-Мэдээж, дахин эвдэнэ гэж л үзнэ шүү дээ. Яагаад гэвэл, надад тэр хэрийн боломж, нөөц байна. Нас залуу байна. Геннисийн амжилтыг өөр төрлөөр эвдэх боломж олон байгаа. Одоогоор бодсон юм алга. Гэхдээ турникны төрлөөр  хойшоо эргэж болно, эсвэл гудамжны турниканд минуттай эргэж болно, суниаж болно. 24 цагийн суниалтыг л илүүтэй сонирхож байгаа. Энэ хугацаанд илүү олон суниасан нь дэлхийн дээд амжилтыг тогтоодог.  Рекорд нь хэдэн жилийн өмнө 5800 байсан, одоо 7780-д хүрсэн. Энэ амжилтыг эвдэхийн тулд бас л хэдэн жилийн бэлтгэл шаардагдана. Монголын марафон гүйлтийн 100 км-т рекорд эзэмшиж байсан ч одоогоор хоёрт эрэмбэлэгдэж байна. Тэр амжилтаа ахиулж дахин рекорд эвдэж 50,100 км-ын дэлхийн аваргад, цаашлаад Олимпод оролцохыг зорьж байна.
-Хувийн зүгээс амьдралдаа баримталдаг зарчим?
-Шударга байхыг хичээдэг. Бусдад саад болохгүй аль болох өөрийнхөө чадах хэмжээнд тус хүргэчих юмсан гэж боддог. Нэг удаа хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, будаж янзлаад, эвдэрснийг нь засч сэлбээд хүүхдүүд тоглох боломжтой болгосон. Ингэхдээ цэргийн найз нөхдийн хүрээнд чалэнж эхлүүлж энэ ажлыг хийсэн. Багагүй хугацаанд үргэлжилсэн шүү. Жишээ нь нэг сагсны багийг урьж Цаг уурын тоглоомын талбайг мөн  2-р байшингийн баруун талын талбайг янзалж засаад эргээд ашиглах боломжтой болгосон. Ер нь аль болох нийгэмд зөв үлгэр дууриал үзүүлж эерэг байхыг хичээдэг. Эхнэр бид хоёр сүүлийн үед “Тарифгүй үсчин”-г аймагтаа нээж ажиллуулах талаар ярьж байгаа. Ямар ч насны хэн ч ирээд хүссэн төлбөрөөрөө үсээ засуулах боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ ажил одоогоор мөрөөдөл төдий л байна даа. 
-Монголоос Геннист бүртгэгдсэн олон тохиолдол байгаа. Цаашид таныхаар Монголын хувьд дэлхийн хэмжээний амжилтуудыг гаргах боломж, нөөц хэр байна гэж харж байна?
-Монгол хүн ам цөөнтэй тэр хэрээр спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо ч бас харьцангуй цөөн байдаг. Спортын зарим төрөл манайд сүүлд орж ирсэн. Жудо, чөлөөт бөх, боксын төрлийг нэлээд сайн дэмждэг хэр нь бусад спортыг орхигдуулаад байх шиг санагддаг. Төр засаг нь спорт сонирхогчдоо илүү сайн дэмжээд өгөх юм бол манай тамирчдын хувьд хүрэхгүй амжилт байхгүй. Тамирчин хүн чинь ар гэртээ анхаарал тавих цагаа спортод зориулж, улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд гаргахын төлөө хамаг л хөлс хөдөлмөрөө зориулж яваа улс. Жишээ нь Хятад улс гэхэд тамирчдаа бага наснаас нь бэлтгэж эхэлдэг. Бэлтгэл сургуулилтаа хангах орчин нөхцөл, дасгалжуулагчаар бүрэн хангадаг. Дээрээс нь ар гэрийг нь төр засаг нь бүрэн анхаарч харж үздэг. Монголд энэ л дутагдаад байгаагаас бусдаар бол дэлхийд өрсөлдөх нөөц хангалттай байгаа. 
-Спорт сонирхдог, өөртөө зорилго тавьсан тань шиг Генниссийн рекорд тогтоохыг хүсч байгаа залууст хандаж юу хэлэхсэн бол?  
-Нэг чадварыг өөрийнхөө хэмжээнд тултал нь хөгжүүлж байж дэлхийд цор ганц гэдгээ баталж чадна. Хамгийн чухал нь хэн ч юу ч хийдэг байсан түүнийгээ хамгийн төгс сайнаар хийх хэрэгтэй. Тэгвэл аяндаа амжилт, нэр хүнд дагаад ирдэг болов уу гэж боддог. 
-Эхнэр, хүүгийнхээ хамт манай редакцад зочилсонд баярлалаа. Яг энэ мөчид эхнэртээ хандаж юу хэлэхсэн бол?
-Сайн яваа эр хүний ард ямагт сайн хань байдаг. Миний хувьд бэлтгэл сургуулилттай гээд л яваад өгнө. Ямартаа л эхнэр маань гурван хүүхдээ төрүүлэхэд хажууд нь байж чадаагүй байхав дээ. Наанадаж төрөөд сар болсных нь дараа л ирдэг байсан. Энэ гэрийг авч явж байгаа ганц хүн нь эхнэр маань. Тэглээ гээд хэзээ ч бухимдаж, надад гомдоллож үзээгүй. Бүхий л зүйл дээр намайг дэмжиж хаана ч явсан надаар хамгийн их бахархдаг. Бэлтгэл сургуулилтыг маань тасралтгүй хийлгэж байсан ханьдаа баярлалаа. Энэ бол миний амжилт биш, гэр бүлийн маань амжилт. 
-Ингэхэд Геннисийн амжилтыг ямар шагнал дагалддаг юм бол? 
-Геннисийн амжилтыг мөнгөн шагнал дагалддаггүй. Сар бүрийн тэтгэлэг ч гэж байхгүй. Нэр хүнд, хувийн амжилтын хувьд л том өөрчлөлт гарсан. Аймгийн зүгээс Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан. Ангийн захирагч маань өөрийнхөө хэмжээнд ахлагч цол нэмж, цалингийн нэмэгдэл олгож даага бэлэглэсэн.
-Бэлтгэл сургуулилтдаа хэр хэмжээний зарлага гаргав? Спорт хорооноос дэмжлэг авсан уу?
-Спорт хорооноос эхлээд багийн дарга хүртэл олон газраар явсан ч ивээн тэтгэх, дэмжих газар олдоогүй. Чамгүй зардал гардаг юм билээ. Геннисийн хураамж  1450 доллар буюу төгрөгөөр таван сая гаруй төгрөг. Шилжүүлгийн олон улсын гүйлгээ 100 доллар, эрүүл мэндийн витамин, унаа тэрэгний зардал гэх мэтийг оруулаад 8 сая гаруй төгрөг болсон.
-Энэ хүртэл шантарч байсан үе бий юу?
-Яахав, хэцүү зүйл бол байсан. Бэлтгэл сургуулилттай гэрээсээ хол, ялангуяа Улаанбаатарт удаан хугацаанд байхад зардал ихтэй, автобусны мөнгөгүй болох ч үе байсан. Гэхдээ энэ бол шантрах шалтгаан биш юм. Ер нь шантарч байгаагүй ээ. Харин рекорд эвдсэний дараагаас сэтгэлээр жаахан унасан. Дахин тэмцээн уралдаанд орохгүй тухай ч бодогдсон. Хүү маань нэг өглөө “ааваа шинэ байрандаа хэзээ орох юм бэ” гээд хөл хөөр болсон. Надад хэлэх үг үнэндээ олдоогүй. Ний нуугүй хэлэхэд наадамд тав давсан бөхөөс ч доогуур үнэлэгдсэнд урам хугарсан. Геннист бүртгүүлэхээсээ өмнө улсаас ямар нэгэн тэтгэмж өгдөггүй гэдгийг мэдэж байсан. Тиймдээ ч  шагнал урамшилд нэг их ач холбогдол өгөөгүй. Зорилгодоо хүрэх л чухал байсан. Гэтэл яг тэр амжилтанд хүрснийхээ дараа хүн төр засгаа хардаг л юм билээ. Яагаад гэвэл, тэр номонд Монгол улс гэж бүртгэгдсэн шүү дээ. Сошиал дахь хүмүүсийн хандлага сонин санагдсан. “Хэн нэгний охин кофе асгаж гэнэ” гээд л шуурцгаадаг. Иймэрхүү спортын амжилт тэр хэмжээнд олонд түгдэггүй юм билээ. 
-Ярилцлага маань өндөрлөх тийшээ хандаж байна. Сүүлийн хормыг танд үлдээе.
-Төр засгаас залуучууд, тамирчдыгаа дэмжээсэй л гэж хүсэх байна. Бөхийг болохоор манайхан сайн дэмждэг шүү дээ. Гэтэл тэр бөхийг улсын наадамд 5 давсныг дэлхий мэдэхгүй. Спортод ялгавартай ханддаг энэ байдлыг болимоор юм. Тамирчдаа жигд дэмжээд өгвөл ямар ч төрөлд амжилтаа улам ахиулахын тулд хичээж таарна. Энэтхэг Геннисийн амжилтыг хамгийн их эвдсэн улс. Яагаад гэвэл, Энэтхэг Геннисийн амжилт эвдсэн хүндээ 100,000 долларын урамшуулал олгодог. Өөрийнхөө амжилтыг эвдвэл дахиад өгнө. Миний хувьд Зэвсэгт хүчнийхээ болон улсынхаа нэр хүндийг дэлхийд гаргахын тулд ухарч, няцсангүй. Зорилгодоо хүрсэндээ баяртай байна.  
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, таны ажил амьдралд сайхан бүхнийг хүсье.
 

  • Туяа
  • 2592
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

Ganerdene [64.119.23.222] 2022-10-16 14:01:08

Mundag shv minii on jaw

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313