“Наадмын сайхан шагай шатар, найрын сайхан дуу хуур” гэдэгчлэн Хөлөнбуйр хотын “Аугаа хундагат” шагайн уралдаан Хайлар хотод явагдаж өнгөрлөө.
Шагай наадгай нь оюуныг хурцлан ухааныг тэлж байдгаараа найман настайгаас наян настай буурайчууд хүртэл тоглох дуртай наадгай билээ. Тус уралдаан нь бага нас, идэрчүүд, ахмад гэсэн гурван насны төрлөөр зохион байгуулагдсан. Багачуудын баг шагай няслах, дөрвөн бэрх, шагай сумлах, дуугүй долоо, халз харвах төрлөөр уралдаж, идэрчүүдийн баг шагай няслах, мянгат, гурван даваа, шагай сумлах, халз харвах төрлөөр уралдсан бол ахмаддын баг шагай няслах, дөрвөн бэрх, шагай сумлах, дуугүй долоо, халз харвах төрлөөр тус тус хурц, мэргэнээ сорилоо. Уралдаанд нийт 240 гаруй хүн оролцож, өөрийн ур чадвараа гарган ширүүхэн өрсөлдөж цэц, манлайгаа булаалдан хөөрөлдөв.
Уралдаанд баг болгоны түрүү найман нэрийг шагнахын сацуу азын одонг сонгон шалгарууллаа. Багачуудын багт Хуучин барга хошууны Цайлас 48 хувиар түрүүлж, Эвэнки хошууны Асхан 45 хувиар дэдэлж, Хайлар тойрогийн Нараншагай 34 хувиар гуравдугаар байранд тодорч, Хайлар тойргийн Нараншагай азын одноор сонгогдов.
Идэрчүүдийн багт Шинэ барга зүүн хошууны Сайханцэцэг 122 хувиар нэгдүгээр байранд тодорч, Шинэ барга зүүн хошууны Оюунбилэг 97 хувиар дэд байр эзэлж, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Соёлт 90 хувиар гуравдугаар байр, Хайлар тойргийн Уранмандах тус тус азын одноор сонгогдов.
Харин ахмадын багт Эвэнки хошууны Балжинням 56 хувиар түрүүлж, Шинэ барга баруун хошууны Оюун 53 хувиар дэд байранд орж, Шинэ барга зүүн хошууны Жинхуар адил 53 хувиар гуравдугаар байр эзэлсэн бол Шинэ барга баруун хошууны Сэндээбазар азын одноор сонгогджээ. Үүнээс гадна, буга наадамд Шинэ барга баруун хошууны Бархасбад, Шилийн гол аймгийн Авга хошууны Зоригт болон Болдбаатар, Шинэ барга баруун хошууны Сэрэндорж тус тус түрүү дөрвөн нэрсэд тодорлоо.
Тус удаагийн уралдаанд Шилийн гол аймаг, Улаанхад хот, Хянган аймаг зэрэг аймаг хотын шагайн наадгай сонирхдогчид оролцож, Гансу муж, Хөхнуур мужаас уралдаанд өндөр амжилт хүсч баярын цахилгаан илгээсэн юм. Мөн шагайн уламжлалт соёлоо дээдлэн хайралдаг хүмүүсээс шагайн олбог зэрэг сайхан бэлэгтэй хүрэлцэн иржээ. Энэхүү арга хэмжээг Хөлөнбуйр хотын Биеийн тамирын товчоогоос санаачлан, хөлөнбуйр хотын “Аугаа” шагайн соёлын нийгэмлэгээс зохион байгуулж, Хөлөнбуйрын дурсамж соёл хөгжилтийн хязгаар компани хамтран ажиллалаа.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй