Барга хурим нь эрт дээд үеэс уламжлагдсан, цэгц журам, чин бат сэтгэлгээгээ цэнгэл баяраар илтгэж, ураг төрлийн барилдлагыг өвөрмөц онцлогтой.
Манай редакцын хамт олонд Барга хуримыг сурвалжлах ховорхон боломж олдож малчин айлыг зорьлоо. Замын турш Өвөрбулаг нутагтай Содоогийн наран зүгийн Өвөрбулаг нутгийн тухай сонирхолтой яриаг шимтэн сонсож, замын холыг үл ажран, нэг л мэдэхэд зорьсон газар Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумны жишээч малчин На. Жамбалжав настаны отгон хүү Өлзийбаярын хуриманд хүрэлцэн ирлээ.
Шинэ хүргэн Өлзийбаярын нутгийн дүү Баянбатын монгол гэрт орход Баянбатын ээж саяхан хонины махаа чанаж эхэлжээ. Зоог дэлгэн ширээ тойрон сууж, цагаан идээ, ааруул хурууднаас ам хүрч, цайлах зуур Баянбат бидэнд хуримын гучин монгол гэрийн тухай эхлэн ярьж өглөө. Хуримд уригдаж байгаа төрөл садан найз нөхөд нь бүгд өөрсдийн монгол гэрээ тээж авчран, гэрийн эзний монгол гэрийг гол дунд нь босгоод баруун талаас эхлэн нагац нар, зүүн талаар нь авга нар, цаашлаад залуус гэрээ барьж, айл болгон идээ, шүүсээр гийчнээ дайлах ажээ. Ийнхүү гэрийн эзэгтэйд дэм болох үүднээс, хурим найрын дараах гурван өдөр бэрээ эргэх эргэлт дууссаны дараа монгол гэрээ тээж буцацгаадаг заншилтай.
Тэр шөнийн сар нь хүртэл тансаг хурим болохыг мэдсэн юм шиг хурцаар гэрэлтэж, хуримын урьд оройн сарны мөнгөн туяанд зочид, гийчдээ угтан, шөнөжин найр, наадам тэмдэглэдэг.
Өглөө эртлэн үүрийн 3 цагт шинэ хүргэн бэрээ тосохоор мордов. Үе үе бороо шивэрч, 7 цагийн үед шинэ бэрээ ирэхийг хүлээн зогсох зуур монгол дээл, хувцасаараа гоёсон хүмүүс олны харааг булааж байлаа. Эрэгтэйчүүдийн олонхи нь цагаан малгай өмсөж, бүсгүйчүүд нь цагаан дурдан алчуураар толгойгоо ороож, энгэрийн товч, гүрмэл гэзгэнийхээ үзүүрийг мөнгөн заслаар чимжээ.
Олны уухайлах дуунаар зүүн өмнө зүгт, өнгийн цэцэг алагласан ногоон талд омголон морьтонгууд тодрон харагдана. Адилхан зүсмийн ганган хөлгийн нуруун дээр шинэ хос түрүүлэн явж хот хүүрээгээ гурав эргэж морин зэл дээр бууж, гэрийнхээ гал голомтыг залгамжлан мөргөв. Монгол гэр дэх хуримын ёслол дууссны хойно шинэ хос барга дээлээ сольж өмсөн, үсээ хагалан сүлжин засаж чимэглээд найрын талбай зүг алхлав.
Барга хурим нь зууч хүнийг явуулж бэр эрэх, тахил бэлэг хүргэх, тохом эгшээхайлтгал мэдүүлэг хий, шинэ гэр барих, бэрээ гуйх, бараа хураах, бэр, хүргэн хүү гэртээ ирэх, зочдын мэндчилгээ, гал тахилга, бэрийн мөргөл, хүргэний гадаах хүрээний найр, эргэлтийн гурван хоног, охин сараа гаргаж төрхөмдөө айлчлах зэрэг арван дөрвөн агуулга алхмаар явагдана. Үүнд баргачууд "Амны хишгээс ашдын бэлгэ" хэмээн бэлэгшээдэг учраас ерөөл магтаалыг тун хүндэтгэн үздэг. Энэхүү барга хуримын алхам ёс бүхэнд ерөөл магтаалын бадаг байдгаараа бусад монгол орон нутгийн найр хуримын дуу аялгуу, зан үйлээс онцлогтой.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа