Тэнэгэр

2022 оны 6-р сарын 23 өдөр

Энгийн атлаа эгэлгүй сайн хүү болж өсөж ториноорой.

Аав хүн ямар байх ёстой вэ? Энэ асуулт хүн хүнд өөр өөрөөр бууна. Зарим хүн аавыгаа “Хал нь гаднаа хайр нь дотроо“ гэж бодох бол зарим хүнд аав нь хүрэшгүй өндөр оргил мэт харин заримд нь хамгийн сайн анд, нөхөр мэт санагдана. Гэхдээ бүх л аав үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, өнгөтэй өөдтэй амьдруулахыг хүсэж, бүх зүрх сэтгэлээ зориулдаг билээ. Аавуудын баярыг угтаж бид нэгэн сайхан аавыг редакцынхаа хойморт хүндэтгэн урилаа. 

Тэр бол ӨМ-ын Хөлөнбуйр хотын зэрэглэлийн “Барга мөнгөн эдлэл”-ийн өвлөн уламжлагч, Хөлөнбуйр хотын Үйлдвэр худалдааны холбоот хурлын гүйцэтгэх гишүүн, Шинэ барга баруун хошууны Үйлдвэр худалдааны холбоот хурлын орлогч тэргүүлэгч, Хөлөнбуйр хотын Ардын урчуудын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Шинэ барга баруун хошууны Ардын урчуудын нийгэмлэгийн тэргүүн Тэнэгэр юм. Тэрбээо Шинэ барга баруун хошууны хуучин Адуунчулуу сумын уугуул бөгөөд Хайларын монгол үндэстний багшийн сургуулийн дүрслэх урлагийнн мэргэжлээр төгсөж, найман жил багшаар ажиллажээ. Харин 1994 оноос хадам аавынхаа шавь нь болж, алт мөнгөний дархны ажлыг хийж эхэлсэн. 

“Одоо ч өвгөн дарханы тоонд орж байна даа“ гэсэн түүний үгнээс ажлын туршлага, хичээл зүтгэл нь мэдрэгдэх биз ээ. Тэнэгэр дүрслэх урлагийн суурь мэдлэгтэй, өөрийн гэсэн онцлогтой болохоор хэрэглэгчдийнхээ магтаал, таашаал хүндэтгэлийг олон ч удаа сонссон. 

  --- Монгол дархдын урлалд эмэгтэй хүний толгойн засал хавчиг татуурга, мөнгөн аяга, мөнгөн хэт хутга, ээмэг, бөгж, үсний үзүүр гээд хийхгүй юм гэж үгүй. Дээр үеийн эмэгтэйчүүд 30 гаруй жингийн хавчиг татуургыг зүүдэг байсан бол одоо цаг үеийн хувирлаас болж 10 гаруй жингийн л хавчиг татуурга хийлгэдэг болжээ. Тиймээс Тэнэгэр одоо арван хэдэн жингийн хавчиг татуурга хийж байна. Мөнгө, шүр, оюугаар чимэглэвэл бараг 100 мянган юань орно. Хөдөлмөрийн хөлсийг нь бодохгүйгээр зөвхөн хэрэглэх материал нь шүү дээ. Засал дээрх хээ угалзыг нь шинээр зурж төсөвлөнө. Түний дүрслэх урлаг сурсан мэдлэг иймэрхүү урлал дээр л илүү дэм болдог аж. Зарим нарийн ширийн, жижигхэн зүйл дээр хээ угалз сийлнэ гэдэг маш их тэсвэр тэвчээр шаарддаг нарийн ажил. Бага гэж басаж болохгүй. Хавчигийг 7-9 цаг хийдэг болхоор хугацаа их орно. Өөр юу ч хийхгүй байгаа байдал доор нэг иж хавчиг татуургыг хийхэд хоёр сар орно гэсэн үг.  Тэнэгэрийн жилд хичнээн төрлийн урлал хийдгийг ч тоолж эс чадна. 

  Түүний хийсэн мөнгөн аягаар жишээ авахад л жилд наад зах нь арваад аяга хийдэг бөгөөд хийсэн аяганууд нь 7000-8000 юань бүр 10 мянга гаруйд ч хүрнэ. Тэр аягаа цалин цагаан мөнгөөр  зузаан хийдэг болхоор хамгийн хямддаа 3000 юаниас буудаггүй. Эмээлийн иж бүрэн тоноглол чимэглэлийг бол сар хийнэ гэх. Түүний ажлаар эмээлийн чимэглэлээ засаж сэлбүүлэх гэсэн хүмүүс тасардаггүй. Зураг гэдэг маш нарийн мэдрэмж шаардагддаг. Мөн ч далд онгод гэлтэй зүйл болхоор Тэнэгэр хийморь, найман тахил, дөрвөн хүчтэн, арван хоёр жил, цэцгэн хээ, хээ угалзыг хийх гэсэн зүйлээ онцлогт нь тохируулж, маш сайхан сийлдэг нь хол ойрдоо алдартай. 

  Баярт гэгч ардын багш аавтай, Сувд гэгч өгөөмөр сэтгэлт ээжтэй, тэрээр өөрөө хүү, охин хоёртой. 

   Хүүхдийг хүн болгож, жинхэнэ мэдлэгэтэй хүн болгох гэдэг шинжлэх ухааны ажлын дайтай. Хүүхдийг зөөлөн сайхан харцтай болгон сурган хүмүүжүүлэхэд их ухаан орно. Харц нь зөөлөн хүүхэд ямар ч том хүнтэй ярилцахад далидардагггүй. Бид орон нутгийнхаа атга шороог хүртэл зүрхэндээ нааж хайрлах тийм л хүнийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгээд дараа нь авьяас чадвар, эрдэм мэдлэг. Учир нь нийгэм дээр гараад итгэл дүүрэн явахад авъяас гэдэг зүйл их орон зайг дүүргэдэг. Сургуулиас хүүхэд сурах ёстой мэдлэгээ авч олдог бол дотроос нь ундрах авъяасыг нь аав хүн зааж, сургаж илрүүлэх хэрэгтэй гэж тэр боддог. Сургуульд эрэгтэй багш, эмэгтэй багшийн харьцаа тэнцүү буюу ойролцоо байх хэрэгтэй. Учир нь эрэгтэй хүүхэд эрэгтэй багшаасаа, эмэгтэй хүүхэд эмэгтэй багшаасаа үлгэр дууриалал авдаг. Хэрвээ энэ харьцаа нь алдагдвал хүүхдүүд дэндүү эршүүд юмуу дэндүү эмэгтэйлэг болох байдал илэрнэ. Ингэх нь нийгмийн хөгжил, зохицолд сөргөөр нөлөөлөх болох ажээ. Тиймээс үүнийг анхааралдаа авч байхад ер буруутахгүй ээ хэмээн тэр уламжиллаа. Тэнэгэр хүүхдээ эцэг, эхийгээ хүндэлдэг, түмэн олондоо тустай, хүмүүжил сайтай, ёс суртахуунтай, хүн шмг хүн болгож хүмүүжүүлэхийг зорьдог. Охиноо багш болоосой гэж нууцхан хүсдэг нь ч үүнтэй холбоотой. Учир нь багш хүн гэдэг хүнийг хүн болгон хүмүүжүүлэгч шүү дээ. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг холын замын гүйлттэй адил. Урт удаан хугацаа, тэсвэр шалгадаг зүйл болхоор хүүхдийг дургүй зүйлээр нь шахаж болохгүй. Харин дуртай зүйлд нь урамшуулан суралцуулах хэрэгтэй болдог. 

Тэрбээр ийнхүү хүүхдүүдийнхээ талаар бидэнтэй ярилцахдаа: 

  --Миний хүү 9 настайдаа Монгол улсын Улаанбаатар хотын Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулсан Дундад, Монгол, Тува, Халимаг, Орос, Америк зэрэг зургаан улсын хүүхдүүдийн уран бичлэг, уран зураг, бүтээлийн шалгаруултад улсаа төлөөлж оролцоод бага ангийн төрөлдөө хоёрдугаар байранд орсон. Ингэж бодхоор миний хүү Анужин уран зурагт авьяас нь байгаа юм байна. Харин охин Халиунаа маань дүрслэх урлагийг тусгай мэргэжилээр сураагүй боловч их эвлэг зурдаг. Одоо аспирантаа төгсчихөөд албан ажлын элсэлтэнд бэлтгээд байж байгаа. Миний охин ном сайн уншдаг. Охин маань надад “Аав аа. Нэг номыг уншиж дуусгавал нэг хотыг эзэлсэнтэй адил” гэж хэлсэн нь надад их сайхан санагдсан. Хүүхдүүдийг ном унш гэж шахах хэрэггүй, зүгээр номнуудыг нь төрөл төрлөөр нь аваад хажууд нь бэлэн тавиад өгчихвөл болчихно. Тэгэхэд л тэд нар чинь аяндаа ном унших сонирхолтой болчихно шүү дээ. Би өөрөө бас ном унших их дуртай гэсэн түүний итгэл дүүрэн яриагаар бид нарын ярилцлага дууслаа. 

Тэнэгэр ахынхаа гэр бүлд нь аз жаргал сайн сайхан, хүүхдүүдийнхэн нь ирээдүйн зам нь үргэлж гэрэл гялбаагаар гэрэлтэж явахын өлзийтэй сайхан ерөөлийг хүсье!

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Насанцэцэг, Бүрэнбаяр, Цэнгэл

  • Туяа
  • 273
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313