Бээжингийн өвлийн олимп дахь Хятад соёлын элементүүд

2022 оны 2-р сарын 23 өдөр

2022 оны Бээжингийн Өвлийн олимп ”Хятадын хэв маяг”-аар дүүрэн байна. Наадмын сүлд, бамбар, медалиуд, өлзийт амьтнаас тэмцээний талбарууд хүртэл Хятадын уламжлалт соёлын элментүүдийг шингээсэн байдаг.
Сэдвийн уриа: Ирээдүй зүг хамтдаа
2022 оны Бээжингийн Өвлийн олимп, Өвлийн Паралимп нь “Ирээдүй зүг хамтдаа” уриатай зохиогдсон /Англиар “Together for a Shared Future”/. Энэхүү уриа нь илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй, илүү эв нэгдэлтэй байх Олимпын урианы Хятадын хөтөлбөрийг тайлбарлаж, дэлхий нийтээрээ сайн сайхан ирээдүй рүү хамтдаа аялах хэрэгтэй гэсэн нийтлэг хүслийг илэрхийлж байна. “Хос олимпын хот” болсон Бээжин хот дахин нэг удаа олимпын наадамд мөрөө үлдээлээ.
Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй нөхцөл байдалд Бээжингийн Өвлийн олимп нь нэгдэх, хуваалцах, ирээдүй зүг хамтдаа урагшлах дуу хоолойг гаргасан юм. “Хамтдаа" гэдэг нь хүн төрөлхтний зовлон бэрхшээлийг даван туулах хүчтэй хандлагыг харуулж, бэрхшээлийг даван туулах, амжилттай ирээдүйг бүтээх арга замыг зааж өгсөн. “Ирээдүй зүг” гэдэг нь хүн төрөлхтний сайн сайхан маргаашийн төлөөх алсын харааг илэрхийлж, хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг төрүүлсэн. “Ирээдүй зүг хамтдаа” уриа бол хандлага, санаачилга, үйл ажиллагааны төлөвлөгөө бөгөөд эв нэгдэл, энх тайван, ахиц дэвшил, оролцоог эрхэмлэсэн хамтын зорилгод хүрэхийг уриалсан юм.
Өлзийт амьтан: Бин Дүнь Дүнь, Шюэ Рүн Рүн
Бин Дүнь Дүнь:
Утга: “Бин” буюу “Мөс” нь цэвэр ариун байдал, хүч чадлыг бэлгэддэг ба өвлийн олимпын наадмын онцлогийг тодруулсан. “Дүнь Дүнь” нь шударга, эрүүл, цог золбоотой, өхөөрдөм хөөрхөн утгыг илэрхийлдэг учраас панда баавгайн дүр төрхтэй тохирч, өвлийн олимпын тамирчдын эрүүл чийрэг бие, тэсвэр хатуужил, олимпын урам зоригийг бэлгэддэг байна.
Дүр төрхийн ирэлт: Панда бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын үндэсний эрдэнэ юм. Ойр дотно, өхөөрдөм хөөрхөн, гэнэн цайлган гадаад төрх нь дэлхийн олон улс орны ард түмэн, ялангуяа залуучууд багачуудын хайрыг татдаг. 3D загвараар бүтээгдсэн хүний төрхтэй панда баавгай нь хүн ба байгаль дэлхийн эв найртай зэрэгцэн орших үзэл баримтлалыг агуулсан байна.
Шюэ Рүн Рүн:
Утга: “Шюэ” буюу “Цас” нь цэвэр цагаан, гоо сайхныг бэлгэддэг ба мөс, цасны спортын онцлогийг тодруулсан юм. Эхний “Рүн” үсэг нь хүлээцтэй, багтаамжтай, харилцан суралцах гэсэн утга санааг илэрхийлдэг бол сүүлийн “Рүн” үсэг нь нэгдэл, халуун дулаан, харилцан ойлголцол гэсэн санааг илэрхийлсэн байна. “Рүн Рүн” гэдгээр дэлхийн соёл иргэншлүүд харилцан суралцаж, эв нэгтэй хөгжих үзэл баримтлалыг илэрхийлж, паралимп наадмаар дамжуулан илүү хүртээмжтэй ертөнцийг бий болгох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын ирээдүйг байгуулах сайн сайхан алсын харааг илэрхийлсэн байна.
Дүр төрхийн ирэлт: Хятадын соёлын өвөрмөц онцлогтой дэнлүү нь 2000 гаруй жилийн түүхтэй. Дэлхийд “Хятадын бэлгэ тэмдэг”-ээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь баяр баясгалантай уур амьсгал, бэлгэ дэмбэрэлтэй утга санааг төгс хослуулж, хамтын оролцоо, хамтын хүчин чармайлт, хамтдаа эдлэх Олимпын үзэл санааг илэрхийлж байна.

Сүлд: Эр зориг, хүсэл мөрөөдлийн бэлгэ тэмдэг Бээжингийн Өвлийн олимпын сүлд нь “Өвлийн мөрөөдөл” нэртэй, зураг төслийн хувьд Хятадын уламжлалт соёлыг олимпын элементтэй гайхалтай хослуулсан байна.  Дизайны хувьд “Өвөл” гэдэг хятад үсэгнээс санаа авсан ба дээд хэсэгт уран гулгагчийн хэлбэр дүрс, доод хэсэгт цаначны дүр дүрслэгдсэн байна. Дунд хэсэгт байрлах угалзалсан зурааснууд нь уул дов, уралдааны талбар, мөс цасан гулсуур, баярын өдрийн туузыг төлөөлж, сүлдэнд баярын уур амьсгал нэмсэн төдийгүй, Бээжингийн өвлийн олимп Хятадын сар шинийн баяраар болохыг илэрхийлсэн байна. Энэхүү сүлд нь Хятадын уран бичлэгийн урлагийн хэлбэрийг ашиглан дорно дахины соёлын өвийг олон улсын орчин үеийн хэв маягтай нэгтгэж, шинэ эриний Хятадын шинэ дүр төрх, шинэ мөрөөдлийг харуулсан байна. Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах, өвлийн олимпын мөрөөдлөө биелүүлэх, спортын их гүрэн болох мөрөөдлөө биелүүлэхийн төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргаж байна. “300 сая хүнийг мөс цасны спортод оролцуулах” зорилтыг биелүүлэн, дэлхийн мөс цасны спортын хөгжлийг дэмжиж, олон улсын олимпын наадамд шинэ хувь нэмэр оруулах бол Хятад улсын тууштай зорилго, хүсэл мөрөөдөл юм. “БЭЭЖИН 2022” тамга нь Хятадын уран бичлэг, цаасан хайчилбарын онцлогийг шингээж, үсэг дэх соёлын утга санаа, илэрхийллийн хүчийг нэмэгдүүлэн, сүлдтэйгээ маш сайхан зохицсон байна.


Бамбар: Бамбар байх газар болгонд гэрэл гэгээ байдаг.

Бээжингийн өвлийн олимп, паралимпын бамбар “Фэй Ян /дүүлэл/” албан ёсоор мэндэллээ. Бээжингийн өвлийн олимп, паралимп наадмын бамбарын загвар нь ерөнхий дүр төрх, гадаад үзэмжийн дизайнтай нягт уялдсан байдаг.
“Фэй Ян” бамбарын ерөнхий дизайн нь “Бээжин 2008” олимпын наадмын нээлтийн ёслолын бамбарын гол цамхагийн хэлбэртэй уялдаатай байж, хошой олимпын хотын уламжлал, хөгжлийг илтгэсэн байна.
Доороос дээшээ явсан өлзий бэлгэтэй үүлний хээ нь цаасан хайчилбарын хэв маяг бүхий цасан ширхгийн хээ рүү аажмаар шилжиж, угалзлан дээшилж, эцэст нь дүрэлзэн буй галын дөл болон харагдана. Угалзан үүл нь өлзий бэлгэтэй утга учрыг илэрхийлэх бөгөөд “Бээжин 2008” олимпын наадмын үргэлжлэл гэдгийг илэрхийлэн, цасан ширхгүүд нь өвлийн олимпын онцлогийг тодруулж, “Бээжин 2022” өвлийн олимпын шинэлэг санааг харуулсан юм.
Бээжингийн Өвлийн олимпын бамбар нь улаан болон мөнгөн өнгийг уялдуулан ашигласан нь мөс, галын нэгдлийг илэрхийлдэг. Бээжингийн өвлийн паралимпын бамбар нь алт болон мөнгөн өнгөтэй, гэрэл гэгээ, хүсэл мөрөөдлийг илэрхийлдэг.
Энэхүү удаагийн Олимпын наадмын бамбарын загвар нь эко, тогтвортой байдлын үзэл баримтлалыг баримталж, уран сайхны дизайн, технологийн шинэчлэлийг нэгтгэхийг зорьсон. Тус бамбарын технологийн нэг онцлог нь устөрөгчийг түлш болгон ашигласан явдал юм. Тэр нь өвлийн олимпын түүхэнд бамбараас нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үүсгэсэнгүй дэлхийн анхны өндөр даралтын устөрөгчийн бамбар болжээ.
Бамбарын загвар нь Олимпын наадам бол спорт болон соёл, урлаг болон техник технологийн ухаалаг хослол гэдгийг дахин нотолсон бөгөөд соёлын өв, технологийн шинэчлэлийн хослол нь Хятадын соёл урлагийг төгс харуулж байна. Мөн олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулсан хотын онцлогийг илэрхийлээд зогсохгүй олимпын наадмын үзэл баримтлалыг илэрхийлж чадсан.
“Дүүлэлт” хэмээх бамбар нь хүн төрөлхтөнд илүү их гэрэл гэгээ, итгэл найдварыг бадраах нь гарцаагүй.


Медаль: Ирээдүйн төлөөх “ижил зүрх”

“Бээжин 2008” олимпын наадмын “хаш шигтгээтэй алт” нь олимпын түүхэнд сонгодог болон үлдсэн. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтээс 100 хоногийн өмнө “хаш шигтгээтэй алт” нь “өвлөн залгамжлагч”-аа угтан авав.
Хятадын соёлыг илэрхийлсэн 5 цагариг бүхий эртний Хятадын хаш чулуун дугуй унжлага дээр суурилсан бөгж, голоос бүрддэг уг загвар нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг цуглуулж, наадамд оролцох Олимпын сүнсийг бэлгэдэж байгаа аж. Энэ медаль дээр Хятадын уламжлалт гүн ухааны тэнгэр, газар, хүний зүрх сэтгэлийн холбоог илтгэсэн 5 тойргийг ийнхүү дүрсэлсэн нь мөн олимпын 5 цагаригийг бэлгэдэж байгаа аж.
Ар талд Бээжингийн олимпын эмблем, тойруулаад наадмын албан ёсны нэрийг хятадаар бичсэн байна. Эмблемийг хүрээлсэн 5 тойрогт одод дүрслэгдсэн нь хүн, байгалийн хэлхээ холбоог харуулахаас гадна тамирчид олимпод од адил гялалзахыг бэлгэдсэн утгатай. 
Спортын төрөл бүрийн нэрийг медалийн ар талын хамгийн гадна талын цагариг дээр сийлсэн ба цагариг дээр эртний одон орны газрын зурагтай адил 24 цэг, нум сийлсэн байна. Энэ нь одот тэнгэр, хүн төрөлхтөн ба байгаль хоёрын зохицол, тамирчдын наадмын үеэр хурд, эрч хүчнийхээ оргилд хүрэх хүсэл эрмэлзлийг бэлгэддэг юм байна.
Медалийн туузыг уламжлалт ялам торгоны аргаар нэхэж хийжээ. Мөс, цасны хээг өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдэг, “Бээжин-2022” гэсэн бичиг болон бусад элементүүдээр хэвлэсэн байна. Улаан тууз нь Хятадын хаврын баярын онцлогийг илэрхийлж, тамирчдад баярын халуун мэндчилгээ илэрхийлж байгаа аж.
Мөн дизайны сонирхолтой нэг тал нь зуны олимпын наадамтай харьцуулахад өвлийн олимпын медалийн хэмжээ ерөнхийдөө том байдгийн учир нь өвлийн олимпын тамирчид зузаан хувцас өмсөх учраас медаль нь хэтэрхий жижиг байвал олны анхаарлыг татахгүй гэж үзсэн байна. Ийнхүү дизайны багийнхан олон удаа харьцуулсны эцэст медалийн диаметрийг 8.7 см гэж тогтоосон байна.
“Ижил зүрх” хэмээх медалийн ерөнхий хэлбэр нь маш энгийн бөгөөд товч дөхөм болсон нь өвлийн олимпын “Энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм” гэсэн шаардлагыг тусгасан. 2008 оны Бээжингийн зуны олимпын наадмын хаш чулуун шигтгээтэй медалийг давтаж, олимп, паралимпын наадмыг зуны болон өвлийн улиралд зохион байгуулдаг анхны “Хос олимпын хот” болох Бээжинг улам батлан харуулж өгсөн байна.
Медаль бол Олимпын оюун санааны хүндэтгэл бөгөөд тамирчдын алдар сууг бэлгэддэг эрхэм зүйл юм.

Эх сурвалж: Солонго сэтгүүл, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл

  • Туяа
  • 253
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313