Монакогийн Төрийн тэргүүн, ханхүү Альберт II: Ши Жиньпин дарга болон Хятадын найзууд “эв нэгдэл” гэсэн уриаг бодит ажил болгож байна.
Бээжингийн 2022 оны өвлийн олимпод оролцохоор ирсэн Монакогийн ханхүү Альберт II Синьхуа агентлагийн сурвалжлагчид тусгайлан ярилцлага өгөхдөө "Ши Жиньпин дарга болон Хятадын найзууд “эв нэгдэл” гэсэн олимпын шинэ уриаг бодит ажил болгож байна" гэжээ.
- Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол нь “эв нэгдэл” гэсэн олимпын уриаг жинхэнэ утгаар нь харуулж, Хятадын соёл, технологийг бүрэн харуулж чадсан бөгөөд олимпын үзэл санааг Хятад болон дэлхийн хүн бүрд ямар утга учиртай болохыг гайхалтай тайлбарласан гэсэн байна. 1985 оноос хойш Олон улсын олимпын хорооны гишүүн болсон ханхүү Альберт II 07-ны орой ярилцлага өгөхдөө, биднийг эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн Ши Жиньпин дарга болон Хятад, Бээжин дэх бүх найз нартаа баярлалаа гэж илэрхийлсэн байна.
Ханхүү Альберт II цагаан сарын шинийн 05-ны өдөр Ардын их хурлын танхимд болсон цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэнд зочилж, Хятадын уламжлалт соёл болон олимпын элементүүдийг хослуулсан дурсгалын бараа бүтээгдэхүүнийг ихэд сонирхсон байна. Мөн тэрээр өөрийн ихэр хүүхдэд зориулж гурилан “Бин Дуньдунь”-ийг хийсэн байлаа.
Ханхүү Альберт II Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулснаараа Хятад улсын “300 сая иргэдээ мөс, цасны спортод оролцуулсан” амжилтыг өндрөөр үнэлэв.- Ийнхүү дэлхийн мөс, цасны хөдөлгөөний эргэлтийн цэгийг эхлүүлэх болно. Энэ нь дэлхий даяар мөс,цасны спортыг хөгжүүлэх, хүмүүст өвлийн янз бүрийн спортоор хичээллэх боломжийг олгохын зэрэгцээ эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх болно. Энэ нь олимпын хөдөлгөөнд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн мөс,цасны спорт ч мөн чухал ач холбогдолтой юм гэжээ.
Ханхүү Альберт II Бээжингийн олимпыг илүү ногоон, тогтвортой, нүүрстөрөгч багатай буюу байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулах зорилтоо зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, зохион байгуулагдах газруудын зохистой төлөвлөлтөд төдийгүй харин “300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулах” замаар Бээжин, Хятадад оруулсан өөрчлөлтүүдэд байгаа юм гэж үзсэн байна.
Тэрээр хэлэхдээ "Бээжин дэлхийн анхны “хос олимпын хот” болсны хувьд "Олимп 2020+5 хөтөлбөр"-ийг бүрэн хэрэгжүүлж, өв соёл, тогтвортой байдлыг өвлийн олимпын бэлтгэлийн гол цөм болгож байна.2008 оны олимпын байгууламж “Усны шоо”-ыг “Мөсөн шоо” болгон ашигласан зэрэг туршлага нь ирээдүйн олимпын хороо, олимпыг зохион байгуулагч газруудыг хуучин байгууламжуудаа илүү сайн ашиглахад түлхэц өгөх болно" гэжээ.
Ханхүү Альберт II хэлэхдээ "Монако болон Хятад улс эдийн засаг, соёл, байгаль орчин, спорт, боловсролын салбарт олон хамтын ажиллагаатай бөгөөд энэ нь харилцан ашигтай байдаг. Эдгээр хамтын ажиллагаа нь бидний хоёр талд тун чухал үйлдэлтэй төдийгүй дэлхийн бусад орнуудад ч маш чухал ач холбогдолтой юм. Бид цаашид энэхүү түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно" гэжээ. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Хятад улс Бээжингийн 2008 оны зуны олимпын наадам, Наньжингийн 2014 оны залуучуудын олимпын наадам, Бээжингийн 2022 оны өвлийн олимпын наадмуудыг дараалан зохион байгуулсан бөгөөд эдгээр гурван наадмын нээлтийн ёслолд ханхүү Альберт II оролцсон юм.
Тэрээр хэлэхдээ "2008 оны Бээжингийн олимпын наадмын цар хүрээ, талбайн хувьд надад гүн сэтгэгдэл үлдээж, тэр үеийн нээлтийн ёслол ч Хятад улсыг дэлхий дахинд танилцуулж чадсан юм. 2014 оны Залуучуудын олимпын наадам энэ үйл явдлыг шинэ шатанд гаргаж, олон залуусыг спортоор хичээллэх боломжийг олгосон. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадам Бээжин хотыг дэлхийн анхны “хос олимпын хот” болгоод зогсохгүй, Хятад улс ногоон, байгальд ээлтэй олимпын наадмыг зохион байгуулж чадна гэдгийг дэлхий нийтэд харуулсан" гэсэн байна.
Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Цэнгэл